• Өнөөдөр 2024-04-24

Аймгийн гоц мэргэн Д.ОРОЛЗОД: Сурагч байхдаа Б.Содномпунцаг багшийг шагай харвахад “Сумыг нь зөөгөөд өгчих юм сан” гэж их боддог байлаа

2021-07-11,   1855

            Дэлхийн өөр хаана ч байхгүй соёлын биет болон биет бус өвөөрөө монголчууд баялаг. Тэдний нэг нь бол Үндэсний шагайн харваа юм. Цаг үеийн нөхцөл байдал, цар тахлын тархалтаас үүдэн Үндэсний их баяр наадам хойшилсон ч Эргэлт.мн мэдээллийн сайт та бүхэнд баяр наадмын дугаараа зориулж буй билээ. Энэ удаад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Үндэсний шагайн харвааны Аймгийн гоц мэргэн Д.Оролзодтой хуучиллаа. 
-Та сайхан зусаж байна уу. Оноо мэргэн, хараа хурц, уухай цээл байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 
 
     -Баярлалаа. Юуны өмнө элэг нэгт монголчууддаа Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Намайг Дорждэрэмийн Оролзод гэдэг. Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул хүн. Одоогоор Сайншанд суманд ажиллаж, амьдарч байна. 
 
-Анх хэзээ шагайн харваатай танилцаж байв? 
 
        -Хүүхэд байхаасаа л сонирхож эхэлсэн дээ. Би 1989 онд Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орсон юм. Тэр үед манай ангийн Б.Содномпунцаг багш маань хичээл орж байхдаа шагай харвадаг байлаа. Малын шагайгаар тоглож өссөн бид нарт тэр нь их л сонирхолтой, сайхан санагдана.  Багш маань дөрвөлжин хайрцаг угсарч, дээр нь зоос тавиад нясалж онодог байсан. Одоо бодох нь ээ аравч, зурхай, сэнтий байсан юм билээ. Багш “За миний хүүхдүүд ном оо уншаад, хичээлээ хийж бай” гэж хэлээд ширээ хоорондох зайд шагай няслаад суучихна. Хамгийн арын ширээнд суудаг хүүхэд сумыг нь авч өгдөг байсан юм. Би урд суудаг болохоор хойшоо харвал багшаар загнуулна гэж айгаад харж чадахгүй. Арын ширээнд суугаад сумыг нь зөөгөөд өгчих юм сан гэж их л боддог байлаа. 
 
 Багш маань дөрвөлжин хайрцаг угсарч, дээр нь зоос тавиад нясалж онодог байсан
 
-Ёстой л хар багаасаа шагайн харвааг сонирхож дээ. Тэгээд “Багшийнхаа сумыг ч болсон зөөх юм сан” гэж боддог хүү хэзээнээс өөрөө харваж эхэлсэн бэ? 
 
        -Багшийн тоглохоос гадна нутгийн ах нар, хөгшчүүдийг шагай харвахыг олон ч жил харсан даа. Шагайн харваанд орсон түүх маань их сонин. 2011 онд аймгийн төвд орших “Тавдугаар 58” гэдэг газар манайх орон сууц худалдаж авсан юм. Тэгээд намар орой ажлаасаа ирчихээд цонхоороо гадна орчныг их харна. Аймгийн гоц мэргэн Д.Аръяахүү гэдэг зүс таних ах маань орой бүр хашлага сумаа бариад алхдаг байлаа. Тагтан дээрээ зогсоод түүний ирж, очихыг харах их л сайхан санагддаг байсан. Очих юм сан, дагаад явчих юм сан гэж бодсон хэр нь бас л болж өгдөггүй. Ингээд тохироо нь бүрдэхгүй явсаар тэр жилийн арванхоёрдугаар сард хамт ажиллаж байсан Л.Наранхүү гэдэг найз маань намайг нэг газраар хамт орчихоод гаръя гээд явтал шагай харваж буй хүмүүс дээр яваад орох нь тэр. Манай аймгийнхан “48” гэж мэддэг орон сууцанд шагайн харвааны бэлтгэлийн байр байдаг байсан. Тэнд шагайн харвааныхан цугладана. Найз маань уулзах хүнтэйгээ уулзчихаад явъя гэхэд нь би үлдэж хоцорсон. Зорьж ирье гээд ирж чаддаггүй хэр нь дуртай хүн чинь гацсан юм шиг хэдэн цаг хараад зогсчихдог юм байна лээ. 
 
-Нөхрийн хэргийг бүтээх гэж яваад хүсэл мөрөөдлийнхөө хаалгаар яваад оржээ дээ? 
 
         -Тийм шүү. Хачирхаад хараад зогсоод байтал олны дундаас нэг хүн “Энэ хүүхэд сонирхоод байх шиг байна. Сум тавьж үзэх үү” гэж байна. Би ч хачин их баярлаад “Тэгье л гэлээ”. Нөгөө хүн миний хурууг боож өгөөд найман тохой газраас сум тавиуллаа. Тэр хүн бол одоо Монголын шагайн харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Дорноговь аймгийн шагайн харвааны салбар холбооны тэргүүний алба хашдаг, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ах. Ш.Отгонбаяр ах сум тавихыг маань харчихаад “Их сайн сум тавилаа” гэж хэлж байсныг нь мартдаггүй юм. Хажууд нь суусан Монгол Улсын гарамгай мэргэн Д.Түвшиндэлгэр ах “Мөн ч сайхан байна. Эв байна шүү” гэж мөн урам өгч байлаа. Ш.Отгонбаяр ах надад сум өгөөд, бэлтгэлд нь ирж байхыг зөвшөөрсөн юм. Ингэж л анхны хичээлдээ орж байлаа. Маргааш нь 19:00 цаг болохыг тэсэн ядан хүлээж байгаад л цагаасаа өмнө давхиад очиж билээ. 
Хажууд нь суусан Монгол Улсын гарамгай мэргэн Д.Түвшиндэлгэр ах “Мөн ч сайхан байна. Эв байна шүү” гэж мөн урам өгч байлаа.
-Нэртэй, цолтой сайхан хүнээс сум бэлгэнд авч ээ. Анх удаа өөрийн гэсэн сумтай болсон нь тэр үү? 
 
         -Миний хэрэглэсэн анхны, харин хадгалсан хоёр дахь сум. Юу гэсэн үг вэ гэхээр Г.Галбадрах гэдэг шагай харвадаг ах маань намайг хоёрдугаар ангид ордог жил ёотонгийн талтай ижил хэмжээтэй сум хийж өгч байсан юм. Ээж тэр сумыг хадгалж байгаад өнгөрсөн жил гэртээ очиход өгсөн. Миний хувьд 30 гаруй жил хадгалсан хамгийн нандин сум даа. Анх бол шууд өөрийн гэсэн хэрэглэлтэй болчихоогүй. Шагай харваачдын хамгийн сайхан зан чанар бол тусархуу болоод халамжтай. Дээр хэлсэнчлэн Ш.Отгонбаяр ах хуруу боож, сум бэлэглэхээс эхлээд шинэ залуу үеэ бэлтгэж, сургахад их анхаарна. Тухайн үед Зүүнбаянд ажиллаж байсан Ц.Оргилсайхан гэдэг залуу надад хашлага өгч байсан. Мөн “Та даавууг нь оёж, засаад сандал болгож аваарай” гээд гагнасан төмөр өгсөн. Миний анхны эдлэл хэрэгсэл ингэж л цугларч байлаа. Явцын дунд хашлага, сумаа сайжруулсан. Анх тоглож эхэлсэн үеийн сандал, сум хоёр маань бий. Багшийнхаа өгсөн сумыг ахынхаа бэлэглэсэн сумтай хоймрынхоо авдарт хадгалдаг юм. 
 
-Соёлын биет биш өв, язгуур урлагийн эд эс болсон “Уухай” нь шагайн харваатай салшгүй холбоотой. Ер нь Дорноговьчууд аль төрлийн “Уухай” дууддаг вэ? 
 
         -Манай ахмад харваачдынхаар уухайг үндсэн дөрвөн хэсэгт хувааж, авч үздэг юм байна лээ. Тухайлбал, Төв халхын угалз уухай, Боржигон, Зуутын, Баруун Монгол буюу дархад уухай гэсэн үндсэн дөрвөн ангилал байгаа юм. Манай аймгийн хувьд “Боржигон уухай”-гаар уухайлна. Улсдаа цуутай уухайч нар манай аймагт бий.  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Ч.Дорждэрэм гэж мундаг сайхан уухайлдаг хүн байлаа. Энэ хүний шавь, миний багш Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ах маань сайхан уухайлж байна. Өсвөр залуу үеэс гэвэл Ш.Отгонбаяр ахын хүү О.Баярсүрэн гэдэг залуу их сайхан уухайлна. Ер нь манай шагайн харваа ч тэр, уухай ч тэр удам дамжин өвлөгдсөн тохиолдол элбэг байдаг. Нэг бол үр хүүхэд нь, аль эсвэл ах дүүсийнх нь хүүхэд шагайн харваанд ордог. Одоо ховордоод буй “Зуутын уухай”-г манай аймгийн Айраг сумын харъяат н.Сүрэнхор гэдэг хүн сайхан уухайлна даа. 
 
-Сэтгэлзүй, төвлөрөл гээд олон л зүйл сонсож байлаа. Шагай харвахад анхаарах ёстой хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ?
 
      -Захиргаадалтын үед “Шагайн харваа бол цаг нөхцөөсөн, хийх ажилгүй хүний оролддог зүйл” гэж үздэг байсан юм билээ. Тэр бүү хэл “Шагай хөөж, ажил алдууллаа” гэсэн шалтгаанаар хоригдож байсан ч түүх сонссон. Үндсэндээ шагайн харваа маань хавчигдаж явж байгаад Ардчилал гарсны хойно сэргэсэн гэдэг. Хөндлөнгөөс харахад зүгээр суугаад байгаа мэт санагддаг байхыг үгүйсгэхгүй. Яг дотор нь орж, тоглож байгаа хүнд бол тэс өөр ертөнц. Шагайн харваа нь хүнд өөрийгөө төвлөрүүлэх, ухаан санаагаа тогтвортой байлгах, сэтгэл зүйгээ удирдаж сурах гээд олон талын үр өгөөжтэй. Дотооддоо бясалгадаг иогийн нэг хэлбэр гэж болно. Энгийнээр бодоход хоёр милметр хүрэхтэй, үгүйтэй нимгэхэн зоосыг өөрийн биеэ удирдаж ононо гэдэг нь харааны хурц, сэтгэл зүйн бэлтгэл маш их шаардана. 
 
Шагайн харваа нь хүнд өөрийгөө төвлөрүүлэх, ухаан санаагаа тогтвортой байлгах, сэтгэл зүйгээ удирдаж сурах гээд олон талын үр өгөөжтэй
 
-Угтаа бол шагай харваж байх мөчид түүндээ төвлөрөх ёстой. Гэтэл хүн л юм чинь баяр гуниг, зовлон жаргал гээд олон ч зүйлийн тухай эргэцүүлж амждаг болов уу? 
 
          -Аливаа уралдаан, тэмцээнд шагай харвадаг хүн мэдээж онохыг бодож л очно. Хамгийн чухал нь эсрэг багийн уухай, хөгжөөн дэмжигчдийн сайшаах болоох шар малтах зэргээс бүрэн тусгаарлагдах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн үед байгаль цаг уур ямар ч байсан зөвхөн өөрийнхөө яаж суух, юу хийх ёстойгоо бодож төвлөрөх нь хамгийн чухал. Ер нь шагайн харваа сууж сурахаас л эхэлнэ. 
 
-Д.Оролзод гэдэг хүнд өнгөрсөн есөн жилийн хугацаанд шагайн харваа юу өгч, ямар өөрчлөлт авчирсан бэ? 
 
        -Бахархмаар зүйл олон доо. 2015 онд шагайн харваа “Соёлын биет бус өв” хэмээх ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, Монголын шагайн харвааны биет бус өвийг өвлөн тээгч хүн гэж хаана ч явахдаа бардам хэлж болох болсонд нь бахархдаг. Нөгөө талаараа миний ажил алба өдий зэрэгтэй амжилттай яваа нь энэ олон сайхан эрчүүдийн уухайн дунд явдагтай холбоотой байх гэж итгэдэг. Хаана ч очсон хашлага, сумны “хамаатан”-гууд байж байна. 
 
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Удахгүй улсын цолоор залаагаа мялаах болтугай.
 
       -Ерөөл бат оршиг ээ. Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа элэг нэгт монголчууддаа, соёлын биет бус өвийг өвлөн тээгч шагайн харваачдадаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэнд дэвшүүлье. Эрхэм харваачдадаа оноо мэргэн, хараа хурц, уухай цээл байхын ерөөлийг өргөе. Та биднийг болон монгол түмнийг маань Үндэсний шагайн харвааны уухайн түрлэг өнөд ивээж явах болтугай. 
 
 
 
 

Аймгийн гоц мэргэн Д.ОРОЛЗОД: Сурагч байхдаа Б.Содномпунцаг багшийг шагай харвахад “Сумыг нь зөөгөөд өгчих юм сан” гэж их боддог байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-11 12:13:58
    Undrakh: Amjilt husei.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188