• Өнөөдөр 2024-04-27

Д.ТАНГАД: Монголчуудын соёл аугаа учир хөрш улсууддаа уусах боломжгүй

2021-07-07,   880

-ХҮН ЯЗГУУР СОЁЛОО МЭДЭЭД ИРЭХ ЮМ БОЛ ХӨДӨӨНИЙХӨН ХОТОД СУУРЬШИХ ГЭЖ ЯАРАХГҮЙ-

       Эргэлт.мн мэдээллийн сайт “Энэ цагийн эзэд” буландаа монголчуудын уламжлалт ёс заншил, ахуй соёл, малч ухааныг судалж, түгээн дэлгэрүүлж буй Угсаатан зүй судлаач Д.Тангад гуайг урилаа. Түүний хувьд зураач мэргэжилтэй бөгөөд угсаатан зүй судлалын зургийг анх зурж, энэ салбарт оржээ. Өнөөдрийг хүртэл 40 гаруй жил монгол орноо бүтэн тойрч,  ахуй соёл, ёс заншлаа судалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүний хөдөлмөрийг төр үнэлж, хэдхэн хоногийн өмнө Алтангадас одонгоор шагнасан билээ. “Ах нь малчин айлын хүүхэд учир Угсаатан зүй судлал руу баяртайгаар орсон” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.

-Таныг зураач мэргэжилтэй гэж дуулсан?

                 -Тийм ээ, би Алтан Москвад  зураач мэргэжлээр суралцаж, төгссөн.

-Зураач мэргэжилтэй хүн хэрхэн угсаатан зүй судлалын багт орсон бэ?

   -Сургуулиа төгсөж ирээд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ажиллаж байлаа. Тэгсэн Монголын угсаатан зүйн судалгаа хийхэд зураг хадгалах шаардлагатай болоод, тухайн үед фото аппарат ховор байсан болохоор гар зурагчдыг багтаа авсан. Тэгж л анх угсаатан зүй судлал руу орсон доо. Би малчин айлын хүүхэд болохоор надад их дөхөм байсан. Мал ахуй, аав, ээжийн хүмүүжлээ мэднэ. Тиймээс угсаатан зүй судлалын багтаа таван жил зураг зурж байгаад их л баяртай Монголын угсаатан зүй судлалын багт орсон. Өөрөөр хэлбэл миний хамгийн дуртай ажил угсаатан зүй болж хувирсан. Айлын хойморт сууж, тэдэнтэй хууч хөөрч, гэр барих, мал маллах ухаан, амьдрал ахуй, соёл, ёс заншлыг нь судална гэдэг чинь угсаатан зүй судлаачийн жаргал байдаг. Тийм учраас ах нь 20 гаруй наснаасаа өнөөдрийг хүртэл 40 гаруй жил монголын угсаатан зүйг судалж ирлээ. Цаашид ч судалсаар л, суралцсаар л байна.

-Таны ахуйтай их ойр байжээ?

                 -Тэгэлгүй яах вэ. Миний бахархаж ярих дуртай зүйл бол намайг мэдээ орох үед манайх ил галтай байсан. Зуух, тулга бий болоогүй байхад тулгын гурван чулуутай байлаа. Түүний дараа “сагсан тулга” гэж тотгогүй гурван цагираг хэрэглэж байсан. Сүүлд та нарын мэдэх тулгыг хэрэглэх болсон.

1940 оны үед ОХУ-аас манай соёлыг бүдгэрүүлэх зорилгоор “Соёлын довтолгоо” бий болсон л доо.

Айл бүр цагаан хэрэглэл, гэрийн бүрээстэй болж одоогийн хэрэглэж буй зуух бий болсон юм. Энэ бүгдийг мэддэг учраас угсаатан зүй судалгаанд оролцохоос өөр аргагүй болсон билээ.

-Хэдхэн хоногийн өмнө Алтангадас одонгоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Д.Тангад ах шагнал урамшууллын талаар ямар бодолтой байдаг вэ?

                -Шагнал урамшуулалд төдийлөн ач холбогдол өгдөггүй ээ. Шагналд дургүй хүн гэж байдаг шүү дээ. Ямар хүн дургүй байдаг вэ гэхээр, өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж чаддаг хүн “Шагнал өгвөл өгнө биз дээ. Хүн ойлговол ойлгоно биз” гэж боддог хүн. Тэгэхээр ах нь бол сүрхийдээ авсан шагнал биш ээ. Цаашид сайн ажиллаарай л гэж өгсөн байх. Түүнээс ах нь хөөрхөн, сайхны тухай боддоггүй шүү дээ. Харин зарим шагнал эзнээ олоогүй бол очсон хойноо ичмээр л байдаг юм билээ.

-Та Угсаатан зүй судлалаас голчилж юу судалдаг байв?

                 -Ерөөсөө л монгол гэр. Гэр ахуйн соёл. Аав малаа хэрхэн маллаж байна. Ээж оёдол,  зүйдэл хэрхэн хийж байна, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж, юу идүүлж байна гээд тэр бүгдийг судалдаг байлаа. Монголын хамгийн язгуур соёл гэр дотор бий болсон.

       Манай монголчууд эртнээсээ муу юм хийдэггүй байсан. Дандаа сайн, сайхан үйл хийнэ. Тэр нь эргээд өвөрмөц, ёс заншил, соёл болж байгаа юм. Тийм сайхан соёлтой болохоор би том хариулт өгье. Манай монголчууд соёл нь аугаа учир урд, хойд хөршдөө дийлддэггүй юм. Өөрөөр хэлбэл, амьдрал нь өөр учраас энэ хоёр улсад уусах боломж байхгүй. 1980-аад онд Японы Оноко нэртэй эрдэмтэн надтай хамт судалгаа хийж байсан. Тэгээд төсөл дууссаны дараа надад “Танай улсын цагаан идээг сайн судаллаа. Би буцаж Япон Улсдаа очоод сайхан байгальд амьдарч, сүү хөөрүүлж, өрөм загсааж, тараг бүрнэ” гэж хэлж байсан. Тухайн үед би “Хэдий манай улсын цагаан идээг судлаад буцлаа ч гэсэн Япон Улсын уур амьсгалд манайх шиг өрөм, ааруул, уураг бий болох боломжгүй л дээ” гэж бодож байсан юм. Тиймээс монгол цагаан идээг тэнд дэлгэрүүлнэ гэдэг судлаачийн мөрөөдөл юм. Ийм болохоор бид ахуй, соёл, аав, ээжээ хүндэлж хайрлах учиртай.

-Та олон ястны соёлыг судалжээ. Тиймээс аль ястан ахуй соёлоо хадгалж, малаа сайхан маллаж байна вэ?

                   -Угсаатан зүйд ястан гэдэг үгийг хэрэглэхээ больсон. Угсаатны бүлгүүд гэж ярих нь ухаандаа зөв болох юм. Тэгвэл нөгөө Өөлд, Торгууд, Барга зэрэг олон ястнууд орно. Мал аж ахуйн судалгаа бол аймаг болгондоо онцлог, өөр байдаг. Өөр байхаас аргагүй. Говьд бол тэмээ, үхэр, адуу элбэг. Хангайд тэмээ гарах боломжгүй учир сарлаг ихтэй. Монголын газар нутгийг Хангай, Говь, Завсрын гэж гурав хуваадаг л даа. Энэ бүсүүдэд аж төрж буй угсаатны бүлгүүд өөр өөрсдийн нутгийн онцлогт тохируулан таван хошуу малаа өсгөж, аж төрдөг. Хурдан морь уядаг уяачдын соёл мөн өөр өөр байдаг. Ухаандаа Хангайн морийг Говьд уралдуулах дургүй байдаг. Учир нь, Хангайн морины чац урт, говийнх богино байдаг. Тэгсэн хэрнээ уртаар харайхаар говийн морь илүү харайдаг. Тийм сонин содон онцлогууд бий л дээ. Би сүүлийн үеийн эм тарианы морийг морины уралдаан гэж хэлэхийг хүсдэггүй. Адууг нь монгол адуу ч гэж хэлмээргүй байна.

            Ахуйн хувьд мөн л тэр сайхан, энэ сайхан гэх зүйлгүй. Тайгад бол цаа нь дээрээ ачаалаад урцаа нүүлгэнэ. Говьд бол тэмээн тэргэн дээрээ ачна. Завсрын бүсэд бол сарлаг, адуун дээрээ ачаалж нүүдэг. Тэнгэр, газрын хооронд амьдардаг, адилхан монгол мал өсгөдөг хэрнээ ахуйн хувьд жаахан өөр өөр байдаг. Энэ нь нутаг нутгийн байгалийн онцлогт ард түмэн, мал хуй дасаж амьдардгийг харуулж байгаа юм. Тэр болгоныг нутаг болгонд нь очиж судлахгүй бол нэг нутагт очиж судлаад “гэх мэт” гэж болохгүй  л дээ. Энэ бол доромжлол.

-Соёлын хувьсгалын олон цаг үеүдэд та судалгаагаа хийсээр иржээ. Тэгэхээр бидний мэдэхгүй үеийн малчин айлын соёл, одоогийн малчин айлын соёл дунд их ялгаа бий болсон байх. Адаглаад хониндоо мориор биш мотоциклоор явж байна шүү дээ?

                -Энэ их том асуулт шүү. Энэ ярилцлагаас бүр тусад нь ярих зүйл. Бид шинэ залуу судлаачдаа “Одоогийн соёлыг шинэ үүссэн соёл гэнэ шүү” гэж захиж хэлдэг. Өөрөөр хэлбэл морины ногт, чөдөр, хазаарыг малын өөрийнх нь гаралтай арьс, ширээр хийдэг байсан бол одоо хиймэл мяндсаар чөдөр хийж байна. Уурганыхаа цээжийг бөгсөнд нь залгахдаа тагнай гаргаж, тэр тагнайгаа нарын сураар боодог байлаа. Одоо бол скочоор боогоод, хэрэглэж байна. Үүнийг тоохгүй байж болохгүй л дээ. Хүмүүс дэвшил гэж ойлгоод хэрэглэж байгаа шинэ соёлыг “Болохгүй, уламжлалт соёлоо дага” гэж үгүйсгээд хэрэггүй. Аяндаа хүмүүс ойлгоно. Одоо мяндсаар хийсэн чөдөр нь адууных нь гурван хөлийг гэмтээж, тэмээнийх нь хамрыг шархлуулахад ухаандаа “бидний уламжлалт соёл л зөв юм байна” гэдгийг ухаарна. Тэр болтол шинэ соёлыг үгүйсгэж болохгүй.

                 Одоо айлын гадна аргал түүгээд явж байгаа хүн ховордсон л байна. Монголчууд байгалиа хайрласандаа л малын аргал түүж, түлшиндээ хэрэглэдэг байсан шүү дээ. Энэ нь эргээд уламжлалт эмчилгээ, дархлааны гол суурь болж ирсэн. Хүн язгуур соёлоо мэдээд ирэх юм бол хөдөөнийхөн хотод суурьших гэж яарахгүй. Чи санадаг уу, төмрөөр иш хийгээд хутга болдоггүй шүү дээ. Заавал модон иш хийж, урд талын ирлэж байж хутга болдог. Түүн шиг уламжлалт соёл гэдэг бол хуучирсан үнэн юмыг хэлнэ. Хуучин хүүхдийг хөлд оруулахын өмнөхөн хэдэн сар уядаг байсан. Тэр уяанд байгаа хүүхдэд ямар их соёлын суурь тавигдаж байсан гэдгийг мэдсээр байж одоо мэдэхгүй царайлж уламжлалаа гээж байна.

Угаасаа аливаа юмны философи, логик өөрийгөө гээж, устгаж байж үнэн юмыг олж авдаг. Тэр л жамаар явж байгаа. Ухаандаа хүүхэд эргэж уяандаа орно л гэсэн үг.

Одоо бол хүүхдийн эрх гэж ярьдаг болсон байна лээ. Гэхдээ монгол хүүхэд эрхээ зөв эдэлж эхэлдэг. Уяанд байхдаа их юм боддог. Бөхчүүдийг судалсан хүний бүтээлээс харахад хамгийн энгийнээр уяанд байсан хүүхэд зогсолт сайтай, хөл чангатай болдог юм билээ. Энэ бол маш их ухаан шүү. Энэ зүй тогтлыг нүүдлийн соёлоос л олж авдаг юм. Суурин соёлоос хэзээ ч ийм ухаан олж авахгүй.

-Ярилцсанд баярлалаа.


Д.ТАНГАД: Монголчуудын соёл аугаа учир хөрш улсууддаа уусах боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-07 15:20:02
    Зочин: Сайн дурын судлаачид худлаа ярьна шуудээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188