• Өнөөдөр 2024-04-19

Б.БЯМБАБАЯР: Нэрт дууч Н.Төмөрхуягийн ач нараас нэг нь тодорч л таараа. Түүнд дуу бүтээж өгөөд, найзынхаа араас сэтгэл дүүрэн очно доо гэж боддог

2021-07-05,   8954

-Хүн их сайн нөхөртэй байгаад, түүнийхээ ард орох их хэцүү юм байна. Санаагаар болдог бол бурханд хэлээд зэрэг явчихдаг баймаар-         

         “Тэр том хүний ген үлддэг л байхгүй юу. Ач нараас нь тодордоггүй юм гэхэд, гуч дөчийнх нь дундаас төрмөл авьяастай нэгэн тодорч л таараа. Түүнд дуу бүтээж өгөөд, сэтгэл дүүрэн найзынхаа араас очно доо гэж боддог” хэмээн МУГЖ Намдагийн Төмөрхуяг гуайн үй зайгүй найз, үнэнч анд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяр гуайн ярихыг уяран хайлан басхүү бишрэн сонслоо.

      Сэтгэл эвдэж, болж өгвөл дөлж явмаар хүн байдаг даа. Түүний нөгөө талд өөрийн эрхгүй олноор хайрлуулж явдаг, уяран татагдмаар сайхан хүн байдаг. Н.Төмөрхуяг, Б.Бямбабаяр хоёр тийм л хүмүүс. Тэртээ 1989 онд Багшийн сургуулийн урлаг зааланд биесээ олж, “Гунигийн дуу”-гаар эхлүүлсэн нөхөрлөлийн зам мөр одоо ч үргэлжилсээр буй. Ингэж хэлэхийн учиг нь Н.Төмөрхуяг гуайг бурхны оронд заларснаас хойш Б.Бямбабаяр гуай түүнийг сэтгэлдээ нандигнан, тээсээр гурван цасан өнгөрчээ. Анд нөхрөө алдана гэдэг юутай уйтай. Н.Төмөрхуяг гуайг дуулсан дуу шигээ тийм гайхалтай хэрнээ урвагч аятай гэнэтхэн яваад өгөхийг яахин мэдэх билээ. Түүнээс хойш Б.Бямбабаяр гуай хэчнээн их хоосорсныг төсөөлшгүй. Тэдний хамтдаа бүтээсэн, одоо ч бүтээсээр буй 30 гаруй жилийн нөхөрлөлийн тухай Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяртай ярилцлаа. Уншигч та хүлээн авна уу.


-Н.Төмөрхуяг гуай бурханы оронд залраад гурван жил болж байна. Анд нөхрөө алдах амаргүй байсан байх?

        -Их хэцүү шүү дээ. Маш их хоосорно. Оюутан байхаасаа найзалсан Сайнцогийн Мөнхбат гэж бий. Энэ хоёроос хойш хорвоо ертөнц өнгөгүй, хар зураг шиг болчихсон. Сайн муугаа ярьдаг байсан дотны найзууд байхгүй болчихоор хүн их хэцүү болдог юм билээ Тэднийгээ үгүйлнэ, зүүдэлнэ, заримдаа толгойгоо цохиод авмаар болно. Их боддог, санадаг. Манай С.Мөнхбат “Жин таарахгүй нохойнууд” гэж хэлдэг байсан юм. (инээв) Ёстой тийм. Өөр хүмүүстэй ярихаар ярианы үзүүр нэг биш болохоор их сонин байдаг. Найзуудынхаа ард ганцаараа үлдэх ёстой муухай юм байна. Сэтгэл их хоосордог.

Би аавыгаа, сайхан эжийгээ ч бурханд үдэж байлаа. Тэгэхэд С.Мөнхбат, Төмөрөө хоёрыг алдсан шиг ингэж их хоосорч байгаагүй. Бид дууны нэг бадгийг ойлгох нь хүртэл адилхан. Бие биенийгээ жигтэйхэн нөхдөг байсан. Хүн их сайн нөхөртэй байгаад, түүнийхээ ард орох их хэцүү юм байна. Санаагаар болдог бол бурханд хэлээд зэрэг явчихдаг баймаар. Хөгшин нь хөгшдөөд, залуу нь залуудаад ярих амьтан олдохоо байж. С.Мөнхбатын хэлдгээр жин таарахгүй.

-Нэрт дууч МУГЖ Н.Төмөрхуяг гуайтай та анх хэзээ ямар учралаар анд нөхөр болсон юм бэ?

      -Нэрт дуучин Намдагийн Төмөрхуяг гэдэг хүнтэй би... Эхлээд Монголын радиогоор явж буй түүний дуутай танилцсан юм. 1987 оны хавар байх. Тэр үед бид чинь Монголын радиог л их сонсдог байлаа шүү дээ. Тэгтэл их эвтэйхэн хоолойтой нөхөр

Амьдрал хайр дээр тогтдог гээд

Алагхан хорвоо хэлээд байх юм аа ... гээд л тэр үгнүүдийн дикц зэргийг янзын гоё, өөрийнхөөрөө, зүрхнээсээ дуулаад байна аа. “Ямар хүн дуулаад байдаг юм бол оо” гэж бодоод орхичихсон юм. 1989 оны намар Багшийн сургууль дээр залуу багш нар “Морин хуур” наадамд оролцоно гээд шуугицгааж байлаа. Тэр үед хөгжмийн зохиолч Ёндонгийн Сүхбаатар, Сайнцогийн Мөнхбат, Бадарчийн Магсаржав гээд дандаа залуучууд дуу хийгээд л, би гэдэг хүн бас дуу хийж байв. Тэгтэл н.Чинзориг багш бас дуу хийчихсэн радиогийн бичлэгт оруулна гэсэн байх, гитар барьсан нэг нөхөр дагуулаад ирдэг юм байна. Гэтэл тэр залуу өнөөх Н.Төмөрхуяг байж таарлаа. Тэгэхэд саяхан төрийн шагнал хүртсэн С.Оюуны шүлэг

Хорвоод намар ирдгийг мартсан

Хонгор хүүгээ уучлаач ээжээ... гээд “Хорвоод ганцхан ээждээ” дууг радиод бичүүлсэн юм билээ. Б.Магсаржав, Ё.Сүхбаатар гээд надаас бусад нь аль хэдийн Н.Төмөрхуягтай  танилцчихаж. Ингээд намайг танилцууллаа. Бид хоёр ингэж л анх танилцаж байсан.

Н.Төмөрхуяг надад анх “Миний найз энэ шүлгэнд ая хийгээрэй” гээд Р.Чойномын “Гунигийн дуу” гэх жигтэйхэн урт шүлэг өгсөн. “Манай ээж Р.Чойном хоёр нэг ангийнх” гэж Н.Төмөрхуяг ярьдаг юм. Ээж нь театрт дуулдаг. Аав нь театрт байгаагүй ч уртын дууг их сайхан дуулдаг, тийм хүмүүс байсан. Ингээд би тэр шүлгэнд нь ая хийгээд, Төмөрөө дуулсан. Тэр үед Үлгэрийн танхим гэж байлаа. Талийгаач С.Цэрэнчимэд бид хэд нэг үеийн л залуус. “Бор торгон хантааз” зэрэг дууг жигтэйхэн дуулдаг нэрт дуучин байсан. Миний ая оруулсан “Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа, ээж минь дээ” гээд Тангадын Галсан гуайн шүлэг. Энэ дууг С.Цэрэнчимэд дуулж байлаа. Харин “Гунигийн дуу”-г анх Н.Төмөрхуяг, сүүлд Д.Сосорбарам гитардаж дуулаад, дундуур нь Р.Чойном гуайн

Зугаалж, цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа

Зуурдын зовлонд ойчиход зуух олон ноходтой боллоо” гэсэн шүлгийг оруулаад  дуултал хүмүүст “пиг” гээд л хүрчихсэн. Тэгээд л хүмүүс тэр дууг анх Д.Сосорбарам дуулсан гэж боддог байх. Угтаа бол Н.Төмөрхуяг захиалга өгөөд, анх дуулсан байх нь шүү дээ. Түүнийг нь хожим С.Цэрэнчимэд, Д.Сосорбарам хоёр дуулж байсан.

-Н.Төмөрхуяг гуайтай 1987 онд дуугаар нь анх танилцсан гэлээ. Та тэр үед юу хийдэг байсан бэ?

         -Монголын радио сонсдог байсан гэхээр ЗХУ-д нэг жил сураад, 1987 оны хавар нутагтаа ирээд байсан үе. Тэр үед телевиз гэж их цөөхөн, ФМ-ч байгаагүй байх. Ямартай ч Н.Төмөрхуягийн дууг Монголын радиогоор сонсож байсан юм даг. Тэр үед би “Ээжээс ерөөл хүсэх дуу” гээд ганцхан дуу хийсэн байсан. Сургууль, соёл гээд ганцхан дуу хийчихсэн, дахиад нэг сайхан дуу хийх юмсан гэх бодол тээгээд л явдаг байлаа. С.Цэрэнчимэдийн дуулж байхыг мөн л анх радиогоор сонссон. Тэр “Эмч хүн жаргалын ээж” гэх дууг дуулсан байсан. Тухайн үед “Энэ их эвтэйхэн хоолойтой залуу байна даа” гэж бодож байлаа. Дараа нь Н.Төмөрхуягийг радиогоор сонссон юм. Ер нь уран бүтээлч хүн сонсоод л мэднэ шүү дээ. Би С.Цэрэнчимэд, Н.Төмөрхуяг хоёрын дуулахыг сонсоод л “Энэ хоёр яалт ч үгүй дуучид байна. Хэзээ нэгэн цагт уулзана даа” гэж бодож байлаа. Тэгтэл хоёулантай нь уулзаад салахын аргагүй найзууд болсон.

1989 оны намар Н.Төмөрхуяг, С.Цэрэнчимэд, хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар, сэтгүүлч Ш.Гүрбазар бид тав “Таван хар” гээд хамтлаг болоод Ё.Сүхбаатарын найзынх нь урилгаар Салхит өртөөнд очиж, тоглолт хийлээ. Ё.Сүхбаатар “Хүн хүндээ хайртай явъя”, би “Ээжээс ерөөл хүсэх дуу” бас болоогүй ардын дуу дуулаад л. Нөгөө Ш.Гүрбазар чинь дундуур нь хөтлөөд л, бужигнасан тоглолт боллоо. Тэр яг ч тоглолт биш юмаа. Ойн арга хэмжээ л байсан байх. Бөх барилдаад, бидэнд шагнал гардуулаад л.. Тэгэхэд бид тав гал тэргэнд нааш цаашаа явахдаа бүр дотно найзууд болсон.

-“Гунигийн дуу”-наас цааш ямар уран бүтээлээр та хоёрын анд нөхөрлөлийн зам үргэлжлэв?

        -Би ерөөсөө л их авъяастай хүнийг олоод нөхөрлөчихсөн байдаг юм.  Н.Төмөрхуяг бид хоёрыг дуу хөгжим, түүнд сэтгэлээсээ ханддаг адил чанар л урт удаан нөхөрлүүлсэн байх. Түүнээс биш манай Н.Төмөрхуяг сайхан ааштай хүн биш шүү дээ. Хярвас хярвас хийгээд л. Аягүй бол хутга шиднэ, тэр. Жигтэйхэн муухай ааштай хүн. Би ч бас сайхан ааштай хүн биш. Ер нь урлагийнхан дотор намайг хямсгар, муухай ааштай гэдэг юм. Ийм л хоёр нөхөр тэгж удаан нөхөрлөнө гэдэг бол урлагийн, их сайхан дуун дээр  огтлолцсон учир тэр юм. Би их боддог. Яах вэ, хөгжим судлаачид өөр өөрөөр ярих байх. Би бол Н.Төмөрхуяг шиг байгалийн өгөгдөлтэй, сод дуучин дахин төрөхгүй гэж боддог.. Жинхэнэ төрмөл дуучин. Тэр дууг дуулж байгаа, хэрэгтэй үгийг яаж хэлж, хэрэггүй үгийг нь яаж залгиж байгаа, амьсгаагаа яаж авч байна вэ гээд, миний бодоход “Н.Төмөрхуягийн судлал” гэж дуулах арга барилын тухай судалгаа хиймээр байгаа юм. Зүгээр нэг дуучнаар “Намрын дурсамж”-ийг дуулуулаад үз л дээ. Чихэнд буух нь уу, буухгүй нь уу.

-Таныг Морин хуур наадмын олон удаагийн эзэн, дууны урлагт шинэчлэл хийсэн гэдэг. Энэ талаар яривал?

                -Манай Төмөрөө Морин хуур, Болор цом наадмуудыг алгасалгүй үздэг. Бас ч шүүмжилдэг хүн. Надтай дуу хөгжим, шүлгийн тухай байнга ярьж, инээлдэж, хүмүүсийг шоолж явсан нь намайг Морин хуур наадамд гурван ч удаа түрүүлж, 10 гаруй удаа шөвгөрч, мөн “Хязгааргүй” моно-опера, “Хүннү” дуурийг бүтээхэд асар их нөлөөлсөн гэж боддог. Нөхөрлөл гэдэг заавал өгч авсандаа биш байдаг юм шүү дээ.

-Н.Төмөрхуяг гуай дуулах урлагийг сургууль соёлоор заалгаагүй. Түүний төрмөл авьяас тийм гайхалтай аж.

       -Н.Төмөрхуягийн аав жигтэйхэн гоё дуулна. Ямар сайндаа л алдарт уртын дууч Сэсэржаагийн Дамчаа “Дарьгангын жаахан шаргыг Намдаг шиг уран гоё дуулдаг хүнийг би үзээгүй” гэж ярьсан байх вэ дээ. Н.Төмөрхуяг, жүжигчин Баатарцогт бид гурав залуу байхдаа Хэнтийд очиж тоглолт хийдэг байлаа. Тэр үед би сархад хүртдэг байсан. Харин Н.Төмөрхуяг уудаггүй байсан. Ерөөсөө амсахгүй. Ийш тийш нь няслаад, бараг л арван тэнгэртээ өргөдөг байх. Хундагатай архийг дундартал өргөнө. Тэгэхэд би аавтай нь нийлээд орой болгон уучихна. Тэгээд аав нь уртын дууг жигтэйхэн, янзын гоё дуулна. Яагаад аавыг нь ярьсан бэ гэхээр Н.Төмөрхуягийн төрмөл авьяас үүнтэй холбоотой юм. Аав, ээж хоёр нь хоёулаа их сайхан дуулна. Дээхэн үед Хөгжим, бүжиг юм уу, тэд дүгээр сургууль гэж байгаагүй. Найрын дуунуудыг боржигон юмуу, бандицагаан дэг зэрэг нутаг нутгийн дэгээр заадаг байсан байх нь. Үүн шиг Н.Төмөрхуяг эцэг эхээс өвлөгдсөн төрөлхийн авьяастай дуучин. Түүнээс биш Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватор зэрэг сургуулийн дуулаачийн ангид суралцаж, төгсөөгүй.

Төрөлхийн авьяасыг яаж ч болдоггүй. Н.Төмөрхуяг Монголд ганцхан тохиосон дуулах урлагийн мастер юм шүү дээ.

           Сүүлд элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр би оюутан авах гээд Хэнтийд очлоо. 93, 94 оны л үе байх. Онгоцноос буучихаад Н.Төмөрхуягийг хүнээс сураглатал “Тэр зүгт бий. Хүүхэд нь энэ цэцэрлэгт явдаг” гэдэг юм байна. Давхиж ороод хүүхдийг нь дагуулаад гэрт нь яваад очлоо. Тэгээд ажлын хажуугаар өдөржин ярьж суулаа. Тэр үед “Ундааны дээж архийг болвол хө” гээд нөгөө “Гунигийн дуу”-гаа зохиочихсон байсан. Дараа нь хоёр дахь удаагаа Хэнтий орлоо. Тоглолтоор явж байгаад, цаашаа Дорнод аймаг руу явсан билүү, яалаа. Тэр үед би 20-н хэдтэй, 30 дөхөж байгаа залуу байсан байх. Хичээлээ хийж байгаад Н.Төмөрхуягтайгаа дуу дуулах гээд чөлөө аваад л яваад өгдөг байсан. Нэг өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын н.Чинхуяг гээд жолооч “Замдаа сонсоодохъё. Хэдэн дуу дуулчих” гэж бид хоёрт хэлж байна. Тэгээд замдаа Залуучуудын соёлын төвд нэг хамтлагийнхан дээр очоод Төмөрөө дуулаад, би хөгжим тоглоод хэдэн дуу кассет дээр бичиж аваад явлаа. “Энэ хэсэг дээр нь ингэдэг байж" гээд замдаа мар мар хийж явсан. Тэгтэл тэр кассет олон жил зарагдсан. Дэнжийн мянгын захаар нэг тэр кассет. Зүгээр л замдаа сонсъё гээд бичсэнийг хүмүүс хувилаад зарж байсан. Дуулаачийн хувьд ямар ч алдаа байхгүй.

Би Н.Төмөрхуягийн эхнэр, бие хамгаалагч, ах, аав, найз нь болдог байлаа шүү дээ. Тоглолтод оролцуулах гээд хүн гуйхад “За тэдэн цагийн зайтай тэгнэ шүү, ингэнэ шүү” гээд бүх юмыг нь захиж өгдөг. Тэгж явуулахгүй бол бид хоёр чинь их муухай ааштай.

-Түүний амьдралын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

        -Нэг удаа бид хоёр Сэлэнгэ аймгийн Түнхэл явлаа. Тэнд цэргийн ангийнх нь нэг найз бий. Н.Түвдэн гэдэг байх. Тэднийд очиж сархад хүртээд, зүгээр л салхинд гарч явсан юм. Н.Төмөрхуяг тэнд цэргийн алба хаасан шүү дээ. Түнхэлийн тэр цэргийн анги чанга дэглэмтэй шорон л гэсэн үг. Сахилга алдсан офицерийг байлдагч болгоод, цолыг нь хурааж авдаг. Тэгээд хорьж, ажил хийлгэдэг байсан. Тийм ангид алба хаасан байдаг шүү дээ. Их сахилгагүй байсан. Тэгтэл цэргийн ангийн дарга нь гэртээ урьж байна гээд бид хоёр очлоо. Сууж байгаад “Архи энэ тэрээ гаргахгүй, ямар учиртай юм бол” гээд бодоод “Юм хумаа гаргаач ээ” гээд би чинь шууд л хэлчихэж байгаа юм. Тэгсэн чинь ханан пийшэн дээрээ өнөөх архинуудаа өрчихөж. “Энэ одоо ингэдэг нь яаж байгаа юм” гэтэл “Өө халааж байгаа юм. Манай Н.Төмөрхуяг халааж уудаг шүү дээ” гэж авдаг юм даа. Тийм сахилгагүй цэрэг, хөөе. Архи зүгээр уухгүй халааж байгаад шанагаар нь ууна. Ангийн дарга нь Н.Төмөрхуягт их сайн, гэртээ уриад хоол цай болоод архи халаачихсан сууж байгаа юм.

-Тийм сахилгагүй, эсэргүү хүн тэр чанга дэглэмтэй цэргийн ангид хэрхэн алба хаасан байдаг бол. Гурван жил алба хаасан шүү дээ?

       -Орчноо өөрөө бүрдүүлнэ шүү дээ. Сахилгагүй хүн гэдэг алдсан л хүн байгаа. Заавал тийм хүнд гарууд байхгүй. Манай хүн чинь цэрэгт очоод банзан гитар аваад ир гээд, дуугаа дуулаад л, урлаг хүнийг уяраана шүү дээ. Мөсийг ч хайлуулна. Цэргийн ангийнхаа даргыг лав уяраасан байсан. Төрсөн дүү, хүү шигээ хайрладаг. Он жавууд нь ч гэсэн миний мэдэхээр Н.Төмөрхуягтай байнга холбоотой байсан. Хэн, хэн ч билээ дээ, атаман нэртэй хүн олон бий.

Урлагийн хүн ерөөсөө ямар ч нөхцөлд дуугаа дуулаад л явж байвал жаргал. Дууны төлөө төрсөн хүн юм чинь. Н.Төмөрхуяг клубын эрхлэгч гэх хоёр сая төгрөгийн цалинтай ажил байна гээд хэн нэгэн санал тавибал хэзээ ч хийхгүй. 20 сая төгрөг гэсэн ч хийхгүй. Дуугаа л дуулна.

Би нэг л юмыг зоригтой хэлж чадна. Н.Төмөрхуяг намайг хөглөж явсан гайхамшигтай дуучин

-Хоёулаа өмнөх яриа руугаа оръё. Н.Төмөрхуяг гуай сархад хүртдэггүй байсан гэж та хэлсэн шүү дээ. Гэтэл цэргийн ангийн дарга нь бүр халааж өгсөн гэх. Хэзээнээс сархад амсдаг болчихов?

       -Үгүй, үгүй. Тэр үед Н.Төмөрхуяг архи уудаггүй байсан. Цэргийн ангийн дарга нь “Халааж уудаг” гэхээр нь “Би халааж уухгүй ээ. Наадахаа аваад ир. Н.Төмөрхуяг одоо уухгүй байгаа” гээд ууж билээ. Хүнд уух үе, уухгүй үе гэж байна.

Уран бүтээлч хүн ер нь архин дунд явдаг шүү дээ. Ард түмэн өөрсдөө “Миний Н.Төмөрхуяг сайн шүү, май. Чи ёстой мундаг дуучин шүү, май. Тоглолтын дараа манайд очъё” гээд л дувт архи. Бидний үед тийм л нийгэм байлаа. Одоогийнх шиг аливааг мөнгөөр хэмжихгүй. Сэтгэлээ дандаа архиар илчилнэ. Нийтээрээ Н.Төмөрхуяг гуай гэж хошуурч байгаад архинд оруулчихгүй юу. Гутлыг нь долоож явж байгаад сүүлдээ бие нь муудаад ирмэгц “архичин” гэж ярьж болохгүй биз дээ. Тэгж болохгүй. Би мундагтаа сэтгэл гаргаад 40, 50 хоног эмнэлэгт хамт хэвтэж, асраад л, хувийн эмнэлгүүдээр яваагүй юм. Би байхгүй байсан ч өөр хэн нэгэн нь тэгэх л байсан. Яагаад гэвэл Н.Төмөрхуяг монголын баялаг, цор ганц эрдэм байхгүй юу. Харин би хэн нэгнээс урьтаж асарч, найзласандаа баяртай байдаг. Найзыгаа тэргэнцэр дээр түрчихсэн, эмчилгээнд нь аваад явдаг байлаа. Гуравдугаар эмнэлэгт 40-н хэд хоног тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаад босгоод ирсэн. Тэгээд л нэг хэсэг  архи амсахгүй, сайхан явсан даа. Архи ууна гэдэг бол өөр зүйл шүү дээ. Миний ууж явсныг ярих юм бол үлгэр домог шиг юм болно. Хэдэн сараар ууна шүү дээ. Архинд донтох гэж нэг юм байдаг. Их уугаад байвал донтоно шүү дээ. Би архинаас холдож чадсаныгаа л гайхуулдаг. Дэлхийд гайхуулах ганцхан зүйл бол тэр.

Одооны хүүхдүүд архи уухаараа бизнес харж, наймаа хийх гэсэн эсвэл дарга даамалдаа долгинох гэдэг ч юмуу ашиг харсан уулт хийдэг болоод байна. Бид нарын үед цагаан сайхан уугаад л, цалин буувал хоёр хоноод дуусчихдаг байлаа.

-Н.Төмөрхуяг гуай нэгэн ярилцлагадаа “Би олон найзтай явсан. Тэднээс шувтарч үлдсэн нь хоёр, гуравхан” гэж ярьсан байдаг. Тэр гурван хүний нэгээр таны нэрийг Н.Төмөрхуяг гуай заавал хэлдэг.

         -Тийм. Нөгөө хоёр нь цэргийн шоронгийн найзууд нь байгаа юм. (инээв) Төмөрөө Таван шарын цаана 10 буудалд амьдардаг байсан. Тэгтэл тэр байраа нэг өдөр зараад, мөнгийг нь авч явж байгаад алдчихаж. Тэгэхэд би эмнэлэгт хэвтэж байсан юм. Дэвтрээ гаргаж тавьж байгаад Хэнтийн дуучдын нэрсийг жагсаагаад бүгд рүү нь утасдлаа. “За, Манай Төмөрөөд ийм зүйл боллоо. Чи тэдэн төгрөг өг” гээд л бүгдээс нь мөнгө хурааж авсан. Хэнтийн дуучид ёстой гоё шүү дээ. Тэгэхэд бүгд тусалсан. Ингээд 2013 онд Д.Балдантай хамтарч тоглолтыг нь хийсэн. Тэр их сайхан тоглолт болсон. Н.Төмөрхуяг дуртай юмаа хийхээрээ их жаргалтай. Өнөөх муухай зан нь хөдөлчихнө шүү дээ. Тэгж найзынхаа тоглолтыг нь хийлгэж өгсөн. Дараа нь нэг компани болон Хэнтий аймгийнхан туслаад нэг өрөө байртай болсон.

Ийм л байсан хоёр хүн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат жүжигчин цол авчихсан. Энэ бол ямар ч тохиолдолд мэргэжилдээ чин үнэнчээр ханддагтай холбоотой юм. Бид хоёрын авууштай зан чанар бол энэ.

-Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхэд та хэр их баярлаж байв?

        -Баярлалгүй яах вэ. Ийм цаг ирдэг л юм байна даа гээд л ёстой яаж баярласнаа мэдэхгүй байна. Төрийн ордноос гарч ирэхэд Соёлын төв өргөөний уран бүтээлчид хүлээж авлаа. Тэгээд л хүмүүсийг “Баяртай, баярлалаа” гээд бүгдийг нь хөөж явуулаад Н.Төмөрхуягийг Багануурын сувилалд хэвтүүлсэн. Тэр үед бие нь бага зэрэг тааруу байсан юм. 14 хоног сувилалд хэвтүүлж, хаана байгааг нь хэнд ч хэлээгүй.

     Баатарсүх, Төмөрөө бид гурав Өвөрхангай, Хужирт, Хархорин, хойшоо Булган, Эрдэнэтэд очиж тоглолт хийж байлаа. Тийм дэвэргэн, дуугаа дуулаад, хөгжимдөөд байж л байвал жаргал. Р.Чойномын шүлэгт “Хэдэн төгрөгөө найз нөхөдтэйгөө нийлээд 80, 90 шил архи болгоод наргиж суух сайхан” гэж байдаг даа. Юун амьдрал, аав ээж огт бодогдохгүй. Тийм оргилуун үе дээрээ бид найзлаж байлаа. Одоо бодоход 1989 онд Төмөрөөтэй танилцахаас өмнө найзалж байсан нь битгий хэл саяхан 90-н хэдэн онд танилцсан хүмүүс одоо сураггүй байна шүү дээ. Энэ бол нөхөрлөлийн мөн чанар хэр их холбогдсонтой хамааралтай юм. Н.Төмөрхуяг одоо ч, цаашид ч миний найз хэвээр байна. Би нэг л юмыг зоригтой хэлж чадна. Н.Төмөрхуяг намайг хөглөж явсан гайхамшигтай дуучин. Би хэлээд байгаа шүү дээ, “Н.Төмөрхуягийн дэг” гэдгийг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж ирэх ёстой.

-Та хоёр залуу насандаа хэр сахилгагүй, дүрсгүй байв?

       -Мэргэжилдээ шунасан, дууныхаа, хөгжмийнхөө төлөө гүрийсэн тийм нас байхгүй юу. Сахилгагүйтэх үе ховор байсан.

-Н.Төмөрхуяг гуай дуучин болох бодолгүй байсан гэдэг. Зураач болохыг хүсдэг, гоё ч зурдаг байсан юм билээ. Энэ тухайгаа таньд ярьж байв уу?

      -Их гоё зурж, бичнэ. Бид хөдөө тоглолтоор явахдаа ватом цаас авч явдаг байсан. Н.Төмөрхуяг гялс зарлалаа бичээд, цагаа тохироод наачихдаг байлаа. Янзын гоё бичнэ. Монголын радиогийн найруулагч Хаянхярваа Хэнтийд очоод, Н.Төмөрхуягийн “Амьдрал хайр дээр тогтдог”, “Халхын сайхан хүүхнүүд” гэсэн энэ хоёр дууг бичиж ирээд радиогоор цацахад л ард түмэн хүлээж авсан дуучин шүү дээ. Ер нь авьяас чадварыг ард түмэн хүлээж авна гэдэг маш том шагнал. Төмөрөө бид хоёрын “Гунигийн дуу” ямар ч клип, юу ч байхгүй. Гэхдээ бүх ард түмэн мэддэг. Энэ бол хамгийн том шагнал юм. Ерөөсөө Төмөрөөгийн дуунууд утга төгөлдөр. Тэр бол утга уянгын дууны мастер.

       Бид хоёр Ховд аймгийн харьяат Лувсангийн Дагвадорж яруу найрагчийг  дууны шүлгийн мастер гэж ярьдаг байсан юм. Тэр хүнтэй уулзаж, дууны шүлэг захиалж “Өр өвтгөх юм бүхнийг дуул” гэх дуу бүтсэн. Би ая хийгээд, Төмөрөө дуулж байлаа. Тэр дуу ард түмэнд их хүрсэн. Одоо дуулахад самсаа шархирна. Төмөрөө өөрөө шүлэг бичнэ. Заримдаа ая зохионо. Үгийн сонголт гэж айхтар.

-Түүний хүүхдүүд урлагийн замаар яваагүй. Та ач зээ нараас нь түүний төрмөл авьяасыг залгуулах хүн тодорно гэж их хүлээдэг үү?

       -Н.Төмөрхуягийн хүүхдүүд урлагийн замаар яваагүй. Өөр өөр мэргэжилтэй.  Амьдрал нь тэгш байгаад, арван жилийн сургуулиас нь урилгаар суралцуулсан бол яах ч байсан юм билээ. Тухайн хүнийг урлагийн орчинд нь байлгавал хөгжинө шүү дээ. Загасыг уснаас гаргавал үхнэ биз дээ. Усанд нь байлгаад байвал үржинэ. Үүнтэй адил урлагийн хүнийг тэр ертөнцөд нь байлгахгүй бол өөр ажил хийгээд явбал авьяас нь хөгжихгүй. Дээрээс нь сэтгэл нь

 юмаа хаячихсан юм шиг дундуур явдаг байх. Би Төмөрөөгийн гурван хүүг сайн мэднэ. Тэгдэг болов уу л гэж боддог. Түүнээс биш төрмөл авьяастай хүний ген хүүхдүүдэд нь байж л байгаа. Үүнийг би яагаад зоригтойгоор хэлж байна вэ гэвэл, хүн байгалийн бүтээгдэхүүн. Хүн эхийн хэвлийд байхаасаа л хөгждөг. Төмөрөөгийн гурван хүү өөрийг нь ид дуулж байх үед эхийнхээ хэвлийд бүрэлдсэн. Ураг хэдхэн долоо хоногтой байхдаа юм сонсож эхэлдэг. Ээж нь юу сонсож, үзэж байна тийм л хүүхэд гарна. Би энэ талаар төсөл бичээд шалгарсан. Гадаад, дотоодын маш олон судалгаагаар  батлагдсан байдаг

Нутгийн ая аялгуу, баатарлаг үйлс дээр нь үндэслэн телевизүүд ургийг эхээр нь дамжуулан хүмүүжүүлэх, энэ нь үндэсний бахархалтай өв соёлоо тээгч болгох нөлөөтэй талаар контент хийж, Ургийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ нь цаашид 1-3, 3-6 нас гэх мэтээр өргөжиж ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР  болох боломжтой гэж харж байгаа. Одоогоор манай улсад 0-9 сартай ургийн боловсролын хөтөлбөр байхгүй байна.

Миний аав Өвөрхангай аймгийн Соёлын хэлтэст нягтлан хийдэг байсан. Соёлын ордны хашаанд манайх өвөлждөг байлаа. Тэгэхэд би жүжигчдийн дуулах, бүжиглэх, найруулагчийн хашгирах, инээх гээд дуу хөгжмийг бүтэн есөн сар сонсож бойжсон. Тэгээд л би урлагийн хүн болсон. Энэ бол хөдөлшгүй баримт.  Тэгэхээр н.Төмөрхуягийн гурван хүүд авьяас байгаа. Хөгжүүлээгүйд нь л харамсдаг юм. Төмөрөөгийн дүү нар нь их авьяастай. Н.Төгсөө, Н.Цэцэгмаа, Н.Нэргүй, Н.Гэрэлмаа гэж бий. Дүү нар нь бүгд хөгжмийн урлагийнх. Тэгэхээр тэдний дундаас мэдрэмжтэй хүүхэд тодорно гэдэгт би итгэлтэй байдаг.


Б.БЯМБАБАЯР: Нэрт дууч Н.Төмөрхуягийн ач нараас нэг нь тодорч л таараа. Түүнд дуу бүтээж өгөөд, найзынхаа араас сэтгэл дүүрэн очно доо гэж боддог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-09 18:05:03
    Л.Нарантуяа: Бямбабаяр багш бол надад тагөлдөр хуур хөгжмийг таниулсан авьяаслаг багш.Жинхэн эр хүний ноён нуруутай сайхан нөхөрлөлөө дурсан ярьж бөйгааг дүгнэн танаараа бахархах сэтгэл төрж ба.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-09 10:40:24
    Ж.Уламбаяр: Та бол мундаг зохиолч шүү тэр дууч бурханы орноос үргэлж харж хамт яваа байх. Түүний дууг хэн сайн дуулах вэ уралдаан зохиогоод ард түмнээ ч гэсэн баярлуулаарай гэж хүсий. Би таны ч юм уу Талыгаачын ч юм уу холын ч гэсэн хамаатан байсан бол гэж харамсан байна. Гэхдээ та хоёрын дуунд дуртай хайртай энгийн л нэгэн бүсгүй байна. Урт наслаарай та минь. Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-08 17:36:18
    Банзрагч: Ямар гоё нөхөрлөл, ямар гоё хүндлэл, ямар гоё хүн чанар, ямар гоё илэрхийлэл вэ? Нийтлэлийг таалан , таалан уншлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-06 14:00:31
    zochin: saihan duuchin bsan shv hvvhed bhdaa sonsoj osloo do saihan ch naizuudtai bjee tand gej helehed araas ni bitgii ywchaarai bee bodooroi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-06 14:00:31
    zochin: saihan duuchin bsan shv hvvhed bhdaa sonsoj osloo do saihan ch naizuudtai bjee tand gej helehed araas ni bitgii ywchaarai bee bodooroi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-05 16:05:52
    Өвөө: Naiziigaa dursii gewel ingej hairlii gewel ingej. L hairaldag baihdaa hoinoos ochihgej bitgii yaraarai horwoo ertonts hoosrono hezee hegen odor gej l baidag
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188