• Өнөөдөр 2024-04-27

"БОЛОР ЦОМ"-ЫН ЭЗЭН О.ЦЭНД-АЮУШ: АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР ГЭДЭГ ХҮН БИДНИЙ ЭЦЭГ БАЙСАН

2021-06-28,   2028

       “Болор цом”-38 яруу найргийн наадмын тэргүүн байрыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хүү О.Цэнд-Аюуш хүртлээ. Арван хоёр жилийн турш томчуудтай торойж үлддэг нь, асгарч шүлэглээд айрагддаг нь тэр байлаа. Тэгш их ой тохиосон өнөө жил тэр монгол түмнийхээ хүслийг гүйцээж, хүлээлтийг эцэслэж, эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагч болсон нь энэ. Уул шиг ханагар атлаа уян, зөөлөн зан нь эгээ л хүүхэд мэт энэ эрхэмтэй уншигч таныг уулзуулж байна.

О.ЦЭНД-АЮУШИЙН ХАШААН ДАХЬ ТӨГӨЛД ӨӨД БОЛООЧ БИЧГИЙН ХҮМҮҮС "ШИНЭС" БОЛЖ УРГАДАГ АЖЭЭ

-Зуслан тавлаг уу. “Болор цом”-ын эзэн болсонд нь уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Олон жил хүлээсэн ард түмэн ч “Аа, Аюуш ч авах ёстойгоо авлаа” гэж баярлаж байна. Анзаараад байхад түүний цаана өөр хүлээлт байх шиг?

       -Баярлалаа, миний дүү сайхан уу. Нутаг, усандаа нэг сайхан Янжинлхам аваачих гэж буйдаа баяртай байна. Түмэн олон минь намайг бага гэж гололгүй, дөмөгхөн бүтээл хийхийг хүлээдэг юм уу даа. Энэ их хайр хүндлэлийг даахыг л хичээнэ дээ. Сүүлд ном гаргаснаас хойш найман жил өнгөрчээ. Ирэх наймдугаар сардаа багтаж, хоёр ном хэвлүүлчих санаатай сууж байна. Нэг нь яруу найргийн, нөгөөх нь өгүүллэгийнх. Энүүхэндээ гэхэд өөрийгөө чамлалгүй өгүүллэг бичих гэж оролдоод байгаа.

-Олон ч жилийн “Болор цом”-д таны хань захыг тань мушгиж суусан. Харин энэ жил эзгүй байхад нь цомын эзэн боллоо. Баярт мөчөө дуулгахад хэрхэн хүлээж авсан бэ?

       -Манай гэр бүлийн хүнийг Гуулинтогоогийн Ганчимэг гэдэг. Чиний хэлдгээр яг эзгүй жил нь ийм зүйл болчихлоо. Бид гэр бүл болж байх үедээ нэг халбага ч байхгүйгээс амьдралын хатуу, зөөлнийг өдий болтол хамтдаа туулж ирсэн. Саяхан Бавуу ах маань Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. Тэр үед Бавуу ахын гэргий “Аюушаа, миний хүү сайн уралдаарай” гэсэн. Намайг "За, эгчээ" гэсэн чинь “Эгч нь ханийгаа уралдах бүрд юмыг яаж мэдэх вэ гээд хоёр жигнүүр бууз хийгээд хөлдөөчихдөг байсан. Арав гаруй жил ингэж хүлээсэн шүү” гэж хэлсэн. Миний хань яг л үүн шиг сайхан догдолж, баярлаж байна лээ.  

-“Болор цом” хүртсэн яруу найрагчдыг сайхан дээлээр мялаадаг. Харин таны дээл олон жил "эзнээ хүлээгээд" оодойчихсон юм уу даа?

           -Зарим хүнд утгагүй санагдаж магад юм. Цом гардаж байхад зүсэрч эхэлсэн бороо Эрдэнэхайрхан нутагт минь гурван цаг орсон гэнэ. Энэ надад их сайхан мэдээ. Лус савдаг минь баярласан юм болов уу даа. Ер нь эх оронд минь бороо орно гэдэг сайхан мэдээ.

Төвдүүд “Монголчууд яагаад өнөөг хүртэл ийм сайхан оршин тогтнодог юм бол оо” гайхдаг юм гэсэн. Тэнгэрээс ивээдэг болохоор л монголчууд сайхан амьдардаг болов уу гэж би боддог. Яг одоо монгол түмэндээ л эрүүл энхийг ерөөмөөр байна. Энэ дээл надад багадсан байж болно. Эдийн буян юм гэж нандигнаад хоёр сайхан хүүдээ хадгална даа аав нь. 

-Төрийн соёрхолт Ц.Бавуудорж ахыг МУСГЗ цол хүртсний дараахан “Отгонтэнгэр хайрхан нөмөр нөөлөг ихтэй уул даа” гээд хоёулаа ярьж байсан санагдана. Таныг “Болор цом” хүртээд энэ үгээ хэлэх болов уу гэж бодтол та “Эрдэнэхайрхандаа баярлалаа” гэж хэлсэн шүү?   

-Ах нь ямар амьтны манлай, бүхний дээд болчихоод байгаа биш. Улаагчны хар нуур, Мухартын гол, тэнгэрийн хаалга болсон цохио зэрэг сайхан нутаг ус, нуга хангай минь бий.

          Зүгээр л тэр тайзан дээрээс “Намайг тоссонд баярлалаа” гэж Эрдэнэхайрхандаа бахархан хэлмээр санагдсан юм.

Ер нь монгол хүн бүр унасан газар, угаасан усандаа баярлалаа гээд хэлчих хэрэгтэй гэж боддог. Бас хүн бүр тун чиг үзэсгэлэнтэй хөдөөг минь дураараа очиж үзэцгээ. Харин миний нутгийг эзэн шиг нь хайрлаарай.

-“Зээ хүүгээ арганд үүрч явсан эмээдээ баярлалаа” гэдэг үг тань олны сэтгэлийг их хөдөлгөх шиг болсон. Яс сайтай хөгшин байдаг шүү?

       -Миний хөгшин ээжийг Жаргал гэдэг. Одоо 90 хүрч яваа сайхан буурал бий. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мухартын голоор нутагтай. Манай нутгийнхан зундаа нэг салхинд гарна. Хэдэн зэрлэг сонгино зулгааж, хэсэг гоньд шувтраад  явцгаадгаа тэгж хэлж байгаа юм. Би 18 настай хүүхэд, хөгшин ээж маань 70 нас гарчихсан байсан үе. Хэдэн гоньдоо сугалах гээд Мухартын гол руугаа эмээлтэй нь эмээлтэй, тохомтой нь тохомтой, зарим нь зайдан явсан юм. Чи говийн хүүхэд мэдэх байх сайхан тал явж байгаад гэнэт доошоо орчихдог газрын онь гэж байдаг даа. Тийшээ давхиад ортол хоёр чоно дэрхийгээд л гараад давхичих нь тэр. Би ч хэдэн хүнтэй том чоныг нь элдээд давхичихлаа. Угтаа бол соёолон үрээ мориор боохой гүйцдэг л юм гэсэн. Би гүйцсэнгүй, хөгшин ээжийгээ яаж байгаа бол гээд хартал алчуур нь дэрвээд л жижиг чоныг нь хөөж байна. 70 нас хол давчихсан хүн шүү дээ.

          Хөгшин ээж сайхан цүдгэр хүрэн, нагац эгч маань аймагтаа шуугиулж байсан хурдан хээр морьтой явж байсан болохоор нөгөө боохойн яг ард нь л давхиад байна. Эмээ эгч рүү “Дөрөөгөө, дөрөөгөө гэм хүү минь. Буруу талынхаа дөрөөний оломыг суга татаад наадахынхаа сарьсан хоншоор дундуур буулгаад ав” гэж хашхирч байж билээ. Тэр үед өөрийн эрхгүй “Хүннү, Сүннүгийн охид л ийм явсан байхдаа” гэж бахархан харж байлаа.

-Та хүүхэд байхаасаа шүлэг бичсэн гэдэг. Чухам хэдэн настайгаа бичиж эхлэв, анх хэн гэдэг багшаар яруу найргийн замд хөтлүүлсэн бэ?

       -Долдугаар ангиасаа бичиж эхэлсэн гэх юм уу даа. Бас тийм ч эрт биш байгаа биз. Миний анхны багш н.Балт гэж сүрхий өвгөн байлаа. Одоо тэнгэртээ явчихсан даа, зайлуул. Уран зохиолын төдийгүй амьдралын минь багш байсан гэж боддог. Жаргал, зовлонтой дундуур намайг чирч явсан хүн. Тэртээ нэг он цагийн дундуур тэндээ үүрд үлдчихсэн, буурал багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ямар үед шүлэг бичдэг вэ. Үзэг, цаасаа зэхэж тавиад, тамхи сороод их л намжирддаг байх гэж таны тухай боддог?

        -Шөнө голдуу сууна шүү. Сэтгэлээ дүүрэн чөлөөлчихөөд сууж байх их сайхан. Айхтар тэгэж гуньж гутарсан эсвэл хөөрч, дэрвэсэн үедээ бичдэг гэхгүй ээ. Манай гэр бүлийн хүн үргэлж хэлдэг. Үүнийг хэлчихвэл уншигчид намайг шоолж магад юм. “Миний хань хармаар байгаагаа хараад, бичмээр байгаагаа бичихгүй юү дээ” гэнэ. Тэгээд яах вэ, сайхан гоо үзэсгэлэн ч юм уу, ертөнцийн нэг сайхан үзэгдэл ч юм уу нэг тийм ховор зүйлс хараад л бичихийг их боддог. Намайг мэдэх нь мэдэх байх аа.

-Та Монголын түүх сонирхож, судалдаг хүн. Олон зууны буурал түүхийн хуудсыг эргүүлж байхад хамгийн харамсмаар түүх аль хэсэгт тохиосн байна вэ?

-Үүнд чинь хариулахаасаа өмнө би эхлээд нэг хүний тухай яръя. Би археологич Д.Эрдэнэбаатарыг шүтдэг. Багш шавь болно гэж их боддог. Энэ намраас бараг болчих байх. Археологийн мэргэжлээр оройн ангид суръя гэсэн бодол ч бий. Монголын радиогийн буянаар долоо, найман жил Монголын түүхтэй зууралдах боломж олдсон. "Цэнд-Аюуш аа, чи энэ түүхийг уншихгүй бол талхны мөнгөгүй шүү" гэдэг үгийг энэ байгууллага надад хатуухан хэлсэн. Би ч их зууралдсан. Энэ том судлаач, эрдэмтдийг гүйцнэ гэж юу байх вэ, дүү минь. Гэхдээ хүний өмнүүр нь орж дүүхэлзээд байхгүй ч өөрийн бодолтой болсон.

МЭӨ 209 оноос эхлээд 1990 он хүртэлх Монголын түүхийг ямар нэгэн байдлаар гадарлахтайгаа боллоо доо. Хамгийн эмгэнэлтэй түүх гэвэл Хүннү гүрний түүх л байдаг юм даа. Их бадрангуй юм, жаахан гунигтай юм. Эхлээд баруун, зүүн, дараа нь хойд өмнөд болж хуваагдсан.

        Би чинь Г.Сүхбаатар гуайгаас эхлээд мундаг амьтдын номыг л уншсан хүн. Энэ талаар айхтар яриад байх гавьяатай, эрхтэй хүн биш шүү. Та бүхэн Хүннү гүрэн болон Сянби, Нирун, Түрэг, Уйгар, Хядан, Их Монгол Улсынхаа түүхийг сайхан уншиж судалж, ухаарч бодох байлгүй дээ.

-“Хүннү хүн” шүлгээрээ эрт дээдийн өвгөдийнхөө сүнсийг огшоож чадав уу?

           -Мэдэхгүй юм даа. Тэдний өмнө би өчүүхэн жижиг цэг. Түүх уншсан хүн үнэн, худлыг шүүх гээд тийм сонин болчихдог юм. Гэхдээ бид уншиж, судалж энийг даваад гарчих байх аа. Түүхэнд үнэн, худал зүйл гэж байдаг болохоор түүний зөв, үүний буруу гэсэн хачин ойлголттой болчихдог юм байна. Хүннү гэж Хани Улсыг донсолгож, түүнээс өмнө Цэн Улсыг сөхрүүлж байсан тэр аугаа нүүдэлчдийн үр удам юм шүү дээ. Тэр хүмүүс одоо булшин дотор байхгүй, тэдний яс, цус таны дотор бий. Сэтгэл нь таны дотор шаналж, нүд нь таны нүдээр харж байгаа шүү л гэж би хэлнэ.

-Энэ ямар мод вэ. Сайхан ургажээ?

         -Шинэс мод. Сүүлийн жилүүдэд ихэвчлэн шинэс тарьж байгаа. Энэ шинэсийг би Долгорын Нямаа ахад зориулж суулгасан юм. Ахыг тэнгэрийн орноо явчихаар нь би хоёр төө суулгац авчирч суулгаж байлаа. Одоо ийм сайхан ургачихсан байна.

Энэ хавиар дандаа л хүмүүст зориулсан суулгац бий. Ингэж л эгэл жирийн амьдардаг хүн дээ, би.

Энэ таван модыг Өвгөөдэйн Цэндийн Дамдинсүрэн гуайн хүү Д.Энхсайхан гэдэг хүн бэлэглэсэн юм. Харин энэ А.Эрдэнэ-Очир ахын мод.  

     Магад тэр өөд болоочдоосоо хагацаж чаддаггүйдээ тэднийг төлөөлүүлэн мод тарьдаг байх. Тэр моддоо үнэрлэж, төгөлдөр гоо ургаж буйг нь харан бахархаж, эгээ л хүнтэй ярьж буй мэт ярьж зогсохыг нь харахад анх удаа цэцэг үнэрлэж буй хүүхэд шиг харагдана. Түүний суулгасан бүхэн тэнгэрт дүүлж ургажээ. Харин А.Эрдэнэ-Очир ахад зориулж тарьсан шинэс мод нь үл мэдэг гудайсан байв. “Иш, та минь яагаа вэ” гэсээр салаа мөчир бүрийг нь илж буй түүнийг хараад асгартлаа уйлмаар санагдав. “Зүгээр дээ, тэр танд баяр хүргэж, мэхийн ёсолж байна” гэж хэлээд бид Зохиолчдын хороо зүг хөдөлцгөөв.

 

О.ЦЭНД-АЮУШ "БОЛОР ЦОМ"-ОО ТЭВЭРСЭЭР ЗОХИОЛЧДЫН ХОРООНД ИРЭВ. ТҮҮНИЙ ЗОРЬЖ ИРСЭН ХҮН ЭНД БАЙХГҮЙГ БИДНИЙ ХЭН ХЭН НЬ МЭДНЭ

        Бид явсаар Монголын зохиолчдын эвлэлийн гадаа ирлээ. О.Цэнд-Аюуш ах маань нэг цонх өөд ширтэж удаан зогсоод “Энэ цонхны гэрэл үргэлж асаалттай, үүд нь дандаа нээлттэй байдагбайлаа” гэж хэлээд гүн гэгч нь санаа алдав. Байсхийгээд л гар утас нь хангинаж, түүний баярт мөчийг хуваалцах хүн олон. Гэвч энэ сайхан үйл явдлыг өөрийн биеэр харж чадаагүй нэгнийг тэр дурсан санаж, сэтгэл нь нурж суугааг мэдэх хүн цөөхөн биз ээ. Бид үргэлжлүүлэн түүний сэтгэлийн хойморт бурхан адил завилсан тэр хүний талаар хэсэгхэн ярилцлаа.

-Хоёулаа МЗЭ-ийн байрны гурван давхарт, зураач, морины Мо буюу Г.Мөнхбаатар ахын урланд ярилцаад сууж байна. Хэрэвзээ А.Эрдэнэ-Очир ах бидний дунд байсан бол доод давхарт, түүний өрөөнд хуучилж суух байсан  байх. Яг одоо та Э ахыг үгүйлж байна уу?

       -Аугаа их А.Эрдэнэ-Очирын Монголын яруу найраг, утга зохиолд үлдээсэн үр хойч нь бид гэж боддог. Би биш, бид шүү. Очир ах маань Цэндсүрэн гэж хүнээс Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. Өнөөдөр би Цэндсүрэн гэдэг ээжид, гурван сайх Уулд нь, дүү нарт нь баярлалаа гэж хэлье. Бид айхтар хагацал үзсэн. Гэхдээ монгол түмэн минь ээ, догшин ноён хутагтын дараа Дорноговьд мэндэлсэн номхон ноён хутагт А.Эрдэнэ-Очирыг хайрлаж, дурсаж яваарай л гэж хүсье. Би биеэ бариад байх шиг байна. Үүнээс илүүг хэлж чадахгүй нь.

-“А.Эрдэнэ-Очир ах зүүдэнд минь ирээд явлаа” гэж олон ч дүүгээс нь сонсож байлаа. Таны зүүд зөнд ирж байв уу?

        -Яасан хүнд асуултууд вэ. Хоёр удаа зүүдэнд ирснийг нь санаж байна. Үгүй ээ, тэгээд хэвлэл мэдээллээр чин үнэнээ ярьчихаж болох юм уу даа. Амьтны дургүй хүрэх вий.

-Асуугаасай гэж надаас олон хүн бодсон байж мэдэх юм?

      -Чи үнэхээр сонирхож байвал сүүлийн зүүдээ яръя. Ах минь муу дүүдээ урам өгөх гэсэн юм уу даа, сонины хоёр нүүр дүүрэн юм биччихсэн, ийм зузаан мөнгө барьчихсан зүүдэнд ирэх юм.

Би мэл гайхаад “Гүй ээ та яах гэсэн юм, наадахаа цаашаа хий” гэх юм. Хөөрхий эхлээд сониныхоо нүүрийг надад бариад, дараа нь тэр их мөнгөө өгчихөөд явсан. Хүний биеийг төрүүлсэн, яс, цус дагасан эцэг, эх гэж байдаг. Гэхдээ би дандаа тийм байх ёсгүй гэж боддог. "Аугаа их А.Эрдэнэ-Очир бол бидний эцэг байсан шүү" л гэж хэлье.

Ингэж ярьж байгаадаа санаа зовж байна шүү. Буруу, зөрүү ярьсан бол та бүхэн уучлаарай.

-Энэ талаар олон хүн мэдэхгүй байх. А.Эрдэнэ-Очир ахыг эх байгалийн хэвлийд хөдөөлүүлэх агшинд тэнгэр тэр хүний дүртэй үүл гарсан гэж дүү нар нь ярьдаг. “Номхон хутагт” үнэхээр үүлэнд хувилав уу. Тэр мөчийг дурсаач?

        -Чи их л хэцүү юм асуугаад байна даа.

“Авсыг минь мөрлөх хөвгүүд

Эр ч тэгшрээгүй байна

Мөр ч тэгшрээгүй байна” гэж ах бичсэн байсан юм. Тэр их хүмүүнийг сүүлийн замд нь үдэж, мөрлөж явах амар, хялбар байгаагүй ээ. Цаашаа юм хэлэхгүй.

-Мэдрэмжгүй, хатуухан асууж байгаа бол уучлаарай. Магад та энэ хүний тухай одоо л ам нээж байгаа байх. “А.Эрдэнэ-Очирын тэжээсэн гөлөгнүүд” гэж адлуулж явсан хэдэн бор залуус түүний сэтгэлдээ тээж явсан тэмээн жинг нутагт нь хүргэсэн. Аавдаа үнсүүлсэн юм шиг сайхан байсан уу, тэр үед?

        -Бидний арван нөхөр ноён хутагтын Хамарын хийдээс ахынхаа төрж, өссөн Улаанбадрах хүртэл жин тээсэн. Амь ахуйдаа цуглуулсан олон сайхан номыг нь тэмээгээр нутагт нь хүргэлээ. "Цастай өвөл, цантай дарлага дарсан эр хүн ондоо шүү" гэж бодохоор сайхан болчихдог юм. Ах “Энэ хүүхдүүдэд сайхан дурсамж бүтээж өгье” гэж хэлж байсан. Тэр мөрөөдсөн, дүү нар нь биелүүлсэн. Юм бүхэнд нэрийг нь бамбай болгож, дайраагүй юм шүү. Дүү нар нь дурсаж явах ёстой л гэж боддог юм.

-“Болор цом” наадмын тайзан дээр “Та энд байгаа байх аа” гэж хэлэхийг тань сонслоо. Тэр хүн таны хувьд яг хаана оршдог юм бэ?

          -Миний биш, бидний тэргүүн дээр оршдог. Дүү нартаа хэлж байсан үг, захиж байсан сургаал, бодож байсан бодол нь одоо хүртэл толгойд байгаа учраас тэр. Үлдсэн бүх насанд минь А.Эрдэнэ-Очир ах та үргэлж дүү нарынхаа тархин дээр, зүрхэн дотор байх болно. За дуусгая.

                 Миний дуу хураагуур дээр дөрвөн цагийн ярилцлага бий. Бид сайн хүн, сайхан дурсамж, шүлэг яруу найраг, гоо үзэсгэлэн, ертөнцийн мөн чанарын талаар чамгүй ихийг хуучилжээ. Гэвч уулзахаар очих мөчөөсөө л асуух юм сан гэж бодсон цөөхөн асуултаа энэхүү яриандаа шигтгэлээ. Чухам О.Цэнд-Аюуш гэдэг хүнийг цоо шинээр нээхийг, танихгүй мэт асуухыг хүссэнгүй. Тэр залуу байгаа болохоор хөрөглөж, намтарчилж бичихийг ч яарсангүй. Харин түүний хүдэр чийрэг биедээ баймгүй өр зөөлөн, дэндүү уяхны учиг хаана вэ гэдгийг олох гэж л сэтгэлийнх нь дотоод руу өнгийн суулаа. Энэ хүний тухай ихийг мэдэх цаг хугацааг монголчуудад яруу найраг, утга уран зохиолын гэрэлт ертөнц олгох буй за. Түүний "Болор цом"-38 яруу найргийн наадамд уншсан "Хүннү хүн" шүлгээр ярилцлагаа өндөрлөе. 

ХҮННҮ ХҮН

Хүннү хүний яс

Булшин дотор байхгүй

Хүмүүн болж төрсөн

Бидний дотор байна

Энэ л алтанхан ясыг бид

Хугарахад нь дуу алдан харамсаж

Хавталзахад нь дуугаа хураан гэмшиж

Халахад нь инээд алдан баярлаж

Хөрөхөд нь эмгэнэн гашууддагаа

Хүннү хүний цус

Цагаан хэрмэн дээр байхгүй

Хүн болж төрсөн бидний

Улаан бие дотор байна

Энэ л ариухан цусыг бид

Асгарахад нь нүд хатиран шимширч

Урсахад нь шүд зуун тэсч

Буцлахад нь эрт урдын цаг шиг ээ болж

Бүлэгнэхэд нь эрт оройн дурсамж болдогоо

Хүннү хүний сэтгэл

Өөр хүнд үгүй ээ

Хүй цөглөж төрсөн бидний

Амин дотор байна

Энэ л сайхан сэтгэлийг бид

Гунихад нь нугаран унаж

Баярлахад нь сугаран ургаж

Асахад нь хүлэг мориндоо мордож

Амирлахад нь хөх тэргэндээ ачдагаа

Хүннү хүний зүрх

Хүний, хүний энгэрт байхгүй

Хүйтэн, халуунд дассан

Бидний цээжинд байна

Энэ л алагхан зүрхийг бид

Цохилоход нь ээжийдээ ирж

Цочиход нь аавыгаа алдаж

Булиглахад нь амрагаа олж

Бууралтахад нь хорвоогоос буцдагаа

Хүннү хүний дуу

Харийн хэлэнд байхгүй

Хүний л ээ үр болж төрсөн

Бидний л ээ хоолойд байна

Энэ л гунигтайхан дууг бид

Сонсохдоо зангиран хөндрүүрлэж

Аялахдаа ахыгаа санаж

Дуулахдаа алсыг харуулдаж

Дуусахад нь адуу тангаралдахыг үздэгээ

Хүннү хүний зовлон

Хан улсын шар сударт байхгүй ээ

Хүч чадлаа алдаж яваа бидний

Гашуун нулимсан дотор байна

Энэ л мөнхийн зовлонг бид

Мөрнөөсөө мөр дамжуулан үүрч

Гарнаасаа, гар дамжуулан дүүрч

Бөхийсөн эцгээсээ өвлөн авч

Бөгтийхөөрөө хүүдээ өгдөгөө

Ай Хүннү хүн

Алаг морьдоо

Алтайн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Хар морьдоо

Хангайн нуруунд орхисон

Ай, Хүннү хүн

Хээр морьдоо

Хэнтийн нуруунд орхисон

Ай Хүннү хүн

Алдар суугаа

Монголын нуруунд л орхисон


"БОЛОР ЦОМ"-ЫН ЭЗЭН О.ЦЭНД-АЮУШ: АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР ГЭДЭГ ХҮН БИДНИЙ ЭЦЭГ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188