• Өнөөдөр 2024-04-20

БОЛГАРЫН ТЭНГЭРТ МАНДСАН “МОНГОЛ ОД”

2021-06-23,   1927

-БОЛГАРЫН ТЭНГЭРТ МАНДСАН “МОНГОЛ ОД”-

       “Чөлөөтийн жижиг Мөеө” гэж олонд танигдсан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч О.Мөнхбатыг Эргэлт.мн мэдээллийн сайт онцолж байна. Түүний хувьд Болгарын Софи хотын Биеийн тамирын дээд сургуулийг чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн анхны дасгалжуулагч юм. Тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан олон сайхан бөхөд багшилж, өөрийн арга, ухаанаа зааж, сургасан тэрбээр амьдралдаа чөлөөт бөхийн дасгалжуулагчаас өөр ажил хийж үзээгүй гэсэн юм. “Ахыг нь хүмүүс “Чөлөөтийн жижиг Мөеө” гэж хочилдог. Харин чи ахыгаа “Чөлөөтийн хар Мөеө” гэж бичээрэй” хэмээн ярьсаар, бидний яриа эхэлсэн юм.

-СЭХЭЭТЭН АЙЛЫН СЭРГЭЛЭН ХҮҮ-

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч О.Мөнхбат 1964 онд Улаанбаатар хотод төрж, өссөн. Түүний аав, ээж эмч мэргэжилтэй, сэхээтэн хүмүүс. Гэвч тэрбээр хүүхэд байхаасаа л бөхийн спортод элэгтэй, сайн бөх болох л хүсэлтэй байжээ.  “Чөлөөт цагаараа аль нэг дугуйланд заавал хичээллэх ёстой” гэсэн социализмын жишгээр тэр бөхийн секцэд бүртгүүлсэн ч бие жижиг учир тэнцэж чадалгүй, найрал дууны дугуйланд явж байсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Намайг хүүхэд байхад бөхийн ганцхан дугуйлан байдаг. Тэр дугуйлан намайг жижиг биетэй гэж голоод, авдаггүй. Гудамжны найзууд маань бүгд дугуйланд яваад байхаар нь найрал дууны дугуйланд явж “Хар ус нуурын шагшуурга” дууг дуулаад, зогсож байхад аав хараад, их сэтгэлээр унасан гэсэн. Тэгээд аав минь Гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва багштай уулзаж, намайг шавь оруулж байлаа. Би дугуйландаа хамгийн жижиг биетэй нь хэрнээ их сэргэлэн хүүхэд байсан. 1980 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул, хоёр ихэр бөх н.Ихбаяр, н.Эрхбаяр нарыг ялж, Улсын аварга болж байсан. Тэр л миний бөхийн оргил үе байсан болов уу. Удалгүй Болгарын Софи хотын Биеийн тамирын дээд сургуульд чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр сурахаар явсан”  хэмээн хуучилж суулаа.

-БОЛГАРЫН ТЭНГЭРТ МАНДСАН “МОНГОЛ ОД”-

Социализмын үед их сургуульд тэнцэнэ гэдэг амаргүй даваа. Мөеө ах тэр үед Болгарын Софи хотын Биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ангид тэнцжээ. “Спортоор хичээллэдэг хүн сурлага муутай байдаг гэсэн. Харин надад их аз таарсан. Би тийм ч сурлага сайтай байгаагүй. Байнгын тэмцээн, уралдаан, бэлтгэл” гээд явчихдаг хүн яаж онц сурах вэ дээ. Ганц нэг орос үгтэй байсан минь намайг сургуульд тэнцэхэд нөлөөлсөн болов уу. Надтай хамт П.Ганхуяг гээд найз минь явсан. Бид одоо ч найз. Даанч найз минь гурван жил сураад, төгсөж чадаагүй юм.

Миний өмнө тав, зургаан хүн явсан гэнэ лээ. Нэг нь ч төгсөж чадаагүй. Миний хойно ч олон хүн явсан бас л төгсөж чадаагүй. Их сонин, Монголын чөлөөт бөхийн анхны мэргэжлийн дасгалжуулагч нь би шүү дээ. Оюутан байхдаа Болгар Улсын чөлөөт бөхийн Улсын аваргад орж, түрүүлж байлаа. Мөн Болгарын Спортын мастер. Тэгж л ах нь Болгарт мандаж явсан хүн дээ.

1986 онд сургуулиа төгсөж ирээд Х.Баянмөнх гуайн туслах дасгалжуулагч болсон. Харин барилдаж болдоггүй. Шавьдаа ялагдчихвал тэр шавь тив, дэлхийн аваргад яаж барилдах юм” гэсэн сайд нарын зөвлөлөөс гаргасан шийдвэр байлаа” гэж ярих нь түүнийг барилдах чин хүсэлтэй байсныг илтгэж байх шиг.

-ХҮМҮҮС ДЭЭШЭЭ УРГАДАГ БОЛ БИ ДОТОГШОО УРГАДАГ-

Түүнийг найзууд нь “Чөлөөтийн жижиг Мөеө” гэж хочилдог. Нэрэндээ ч тохирсон жижиг биетэй Мөеө ах “Хүмүүс дээшээ ургадаг бол би дотогшоо ургадаг” хэмээн өөрийгөө тодорхойлж хэлсэн нь өмнө сонсож байсан зүйрлэлээс хамгийн сайхан нь санагдсан билээ. Тэрбээр 1986 онд төгсөж ирээд чөлөөт бөхийн дасгалжуулагчаас өөр ажил хийж үзээгүй гэнэ. 1990 оны хүнд цаг үед спортын найз, танил хүмүүс нь бүгд наймаа, панз хийж байхад хүртэл их спортдоо үнэнч үлджээ. Энэ тухайгаа “Би огт шуналгүй хүн юм шиг байгаа юм. Ганцхан бор дарсанд л шунаад байдаг юм. Надад мөнгө олох олон боломж байсан. Хятад, Тайван, Лаос, Улан-Үдэ зэрэг улсад дөрвөн жил урилгаар багшилсан. Энэ хугацаанд наймаа хийгээд хөрөнгө хураавал хураана шүү дээ. Гэтэл надад бөхөөс өөр ямар ч бодол байсангүй. Тэгээд “Шонхор”, “Есөн туг” клубээ байгуулж, 

Монголд спортын амжилт тасраад байхад манай клубийн тамирчид тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байлаа. Манай “Шонхор” клубийн тамирчдад сайн гэдэг үг багадна, “Улсын аваргын 10 жинд алтан медалийг “Шонхор” клубийн тамирчид авна. Харин мөнгөн медалийг хэн авах бол” гэж ярьдаг байлаа. Тийм сайхан бөхчүүд олон байлаа шүү дээ.

Монгол хүн төрсөн бөх байдаг. Түүнийг зөв л залах хэрэгтэй. Даан ч манайх эдийн засаг, дэмжлэг муугаас сайхан сайхан бөхчүүд өөр ажил хийж, спортоо орхилоо шүү дээ” хэмээн халаглаж, хайрлаж дурслаа.

-ГАВЬЯАТ ТАМИРЧИН ШАВЬТАЙ ХҮН ОНГИРОЛГҮЙ ЯАХ ВЭ-

Багш хүний хамгийн сайхан зүйл шавиараа бахархах байх. Мөеө ах  шавиараа бахархах их дуртай. Түүний шавь О.Пүрэвбаатар нь 16 жил тасраад байсан дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчрахад хамгийн их баярласан гэнэ.

“Тэр жилийн  дэлхийн аваргад би хамт явсан. Үнэндээ барилдааныг нь хараад буланд суух хэцүү. Уг нь бол түрүүлсэн юм. Даан ч тухайн үеийн нөхцөл байдлаас болоод мөнгөн медаль хүртсэн. Би сэтгэл хөдлөл ихтэй дэвжээн дээр хамт барилдаад, ялбал ялаад, ялагдвал ялагдаад дуусдаг. Тэр жилийн дэлхийн аварга Иран Улсад зохиогдсон юм. Тэгээд О.Пүрэвбаатар, Ираны бөх Тала хоёр аваргын төлөө барилдахаар болсон. Гэтэл Ираны бөх манай О.Пүрэвбаатарт 10 мянган ам.доллар амлаж, тохироо хийх гэж оролдлоо. Үнэндээ тэр үед их ядуу байлаа. Өөрт байгаа бүх мөнгөө шавь нартаа өгч, тэмцээнд нь явуулаад, өөрөө онгоцны буудал дээр хоцордог тийм л үе байсан. Даан ч тэр мөнгийг авах сэтгэл бид хоёрын хэнд ч байсангүй.  Өмнөхөн Азийн аварга дээр О.Пүрэвбаатар маань тэр Ираны бөхийг ялж, аварга болсон шүү дээ. Гэтэл Дэлхийн аварга дээр хожигдохоор хүмүүс юу гэж ойлгох уу. “Өө энэ Азийн аварга дээр ялсан хэрнээ Дэлхий аварга дээр хожигдчихлоо. Энэ мөнгийг нь аваад, ялагдаж өгч байна” гээд барьж иднэ биз дээ. Тэр үед 10 мянган ам.доллар их мөнгө шүү. Шинэ машин 1000 ам.доллар байсан үе шүү дээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр тамирчдын эх орондоо авч ирсэн медаль бүхэн тийм үнэ цэнэтэй. Шавьдаа одоо ч баярладаг юм.

Би их сэтгэл хөдлөлтэй Шавь нараа хожигдвол шууд цохиод, унагаачихдаг. Тийм л  сэтгэл хөдлөл ихтэй хүн байгаа юм. Ямар сайн даа л манай шавь нар “Би хожигдохоос айдаггүй, харин багшид яаж зодуулна гэхээс айгаад ялчихдаг” гэж ярьдаг. Миний шавь нар хүн чанарын дээд юм шүү дээ. Би шавь нартаа “Ялбал онгирч сур, Ялагдвал гар барьж сур” гэж заасан. Энэ л миний философи” гэж Мөеө ах сэтгэл хөдлөлөө нууж чадалгүй ар араас нь олон сайхан дурсамж хөврүүллээ.

-АРВАН ЖИЛИЙН АНГИЙН ОХИНТОЙГОО АМЬДРАЛАА ХОЛБОЖЭЭ-

“Спортын хүний гэргий болох их хэцүү. Тэмцээн болгонд хамт сандарч, хамт догдолно шүү дээ. Сэтгэлээр унавал өргөж босгоно, ялбал хамт онгирно” гэж ярих түүний ханийг М.Ганчимэг гэдэг. Инженер мэргэжилтэй. Тэд арван жилийн нэг ангийн хүүхэд. Сургуулиа төгсөөд Мөеө ах Болгар харин түүний эхнэр Унгар Улс руу сургуульд явжээ. Тэд хэзээ хойно Москвад уулзсан гэдэг. Түүнээс хойш 30 гаруй жилийг хамтдаа өнгөрөөж, гурван хүүхдийн ээж, аав болцгоожээ.  

 

-АВДАГ Л ЮМ БАЙНА-

1986 оноос өнөөдрийг хүртэл чөлөөт бөхөд оруулсан түүний хувь нэмрийг төр үнэлж, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнасан. Түүнээс хэдхэн хоногийн өмнө түүний ээж тэнгэрт дэвшсэн юм. “Их өндөр үнээр олдсон шагнал даа. Надад өгөлгүй их удсан. Аль хорин жилийн өмнө, үгүй ядахдаа О.Пүрэвбаатарыг Гавьяат тамирчин болоход хамт өгөх болов уу гэж их хүлээсэн. Намайг шагналаа аваад гараад ирэхэд сурвалжлагч “Танд ямар сэтгэгдэл төрж байна” гэж асуусан. Би “Авдаг л юм байна” гэж ганц өгүүлбэр л хэлсэн. Хэлэх хэлэхдээ ханатал хэлсэн. Өгөх л байсан юм бол хэдхэн хоногийн өмнө өгчихгүй дээ. Тэгсэн бол ээж минь хүүгээрээ бахархаад буцах байсан даа” хэмээн мэгших Мөеө ахаас илүү түүний ээж энэ шагналыг их хүлээсэн болов уу.


БОЛГАРЫН ТЭНГЭРТ МАНДСАН “МОНГОЛ ОД”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-23 14:20:17
    Баяраа: Бид гавьяатай хүмүүсдээ эртхэн өгдөг юмийн өгчих хэрэгтэй.Тэд авчил таарна цаг хугацааны асуудал.Ялангуяа бүх төрлийн спортын хүмүүс эх орныхоо төлөө төрийн далбаагаа мандуулах гэж чармайж зүтгэдэг.Тэднийг бид мартах ёсгүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-23 10:32:49
    Ochiroo: Багшдаа баярлаж бахархаж явдаг.Таньдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188