• Өнөөдөр 2024-04-19

С.БОЛД-ЭРДЭНЭ: “Гамлет”-д тоглосны дараа аав минь “Миний хүү, жүжигчин болжээ” гэж бахархсан харцаар харж байлаа

2021-06-15,   1636

         Жүжиг эхлэх гэж буйг мэдэгдэж, хонх гурвантаа дуугарахад хөшиг нээгдлээ. Үзэгчид нам гүмд автаж, тайз руу ширтэнэ. Нэгдүгээр үзэгдэл Данийн ван Клавдий, Гертруда нарын хуримын ёслолоор эхэлсэн юм. Удалгүй Гамлет ханхүү эцгийнхээ сүнстэй уулзаж буйгаар жүжиг үргэлжилнэ. Энэ бол дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, алдарт зохиолч Уильям Шекспирын “Гамлет” жүжгийг манай улс 33 жилийн дараа дахин амилуулж буй агшин юм. Энэ жүжгийн гол дүр болох ганцаардаж, шаналсан, галзуу солиотой, дайчин эрэмгий, хөгжөөн хөөртэй хунтайж Гамлетын дүрийг УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ "амилуулж" чадсан билээ. Энэ дүрээрээ тэр “Орчин цагийн Гамлет” хэмээх алдрыг үзэгчдээс хүртсэн юм. Магадгүй Гамлет түүний бүтээсэн дүрүүдийн ноён оргил нь байх. Энэ л дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хүрсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ. Эргэлт.мн мэдээллийн сайт шинэхэн гавьяатын баярыг хуваалцахын ялдамд урлагтай холбогдсон он жилүүд, жүжигчин мэргэжилд шунан дурласан хүсэл мөрөөдлийнх нь тухай ярилцсан юм. 

-УРЛАГИЙН ЯНЖИНЛХАМ БУРХАН ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙГ ИВЭЭЛДЭЭ АВСАН ГЭЛТЭЙ- 

Хүн хорвоод аав ээж, эх нутгаа сонгож төрдөггүй. Харин С.Болд-Эрдэнийн хувьд 1976 онд УГЗ, нэрт найруулагч С.Сугарын хүү болж төрсөн нь түүний бахархам хувь тавилангийн эхлэл байсан. Гэхдээ удам дамжсан авьяастай, ааваараа бахархдаг, жүжигчин мэргэжилд хайртай байсан ч урлагийн хүн болох тухай бодол хүүхэд ахуйд нь байгаагүй ажээ. Гагцхүү олон улсын харилцааны сургуульд элсэх л мөрөөдөлтэй байж. Арван жилээ төгсөөд олон улсын харилцааны ангид шалгалт өгсөн хэдий ч тэнцсэнгүй. Ингээд мөрөөдлийн сургуульд элсэх хүсэл нь талаар болсноор ээж нь түүнийг урлагийн сургуульд хөтөлж оруулсан түүхтэй. Улмаар СУИС-ийг аавынхаа удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсөж, урлагт эргэлт буцалтгүй хөл тавьжээ.

Түүний гэр бүлийнхэн урлагийн хүмүүс. Аав нь УГЗ, нэрт найруулагч С.Сугар, ээж нь орон нутгийн театр, соёлын ордонд найруулагчаар ажиллаж байсан, СТА  С.Нэргүй билээ. Харин түүний эгч “Содура”, “Хайрын эрэлд”, “Хөтөч” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээсэн СТА, жүжигчин С.Болормаа юм. Мөн түүний эгчийг чадварлаг жүжигчнээс гадна чамгүй сайн зохиолч гэдгийг түүний бичиж, найруулсан “Хөлтрөг”, “Торлогдсон хайр” зэрэг уран бүтээлүүдээс харж болно. С.Болд-Эрдэнэ “Би талийгаач Аси /Р.Алтансүх/ ахынхаа нэг кинонд эгчтэйгээ эхнэр, нөхөр болж тоглож байсан. Мартаж боломгүй сайхан дурсамж шүү” хэмээн ярьсан. С.Сугар гэх айлыг урлагийн Янжинлхам бурхан ивээлдээ авсан гэлтэй л.

 

ТЭР ТАЙЗАН ДЭЭР 23 ЖИЛ “АМЬДАРЧ” БАЙНА

 

Орчин цагийн “Гамлет” С.Болд-Эрдэнэ одоогоос 23 жилийн өмнө цэл залуухан насандаа Улсын драмын эрдмийн театрт анх хөл тавьжээ. Залуу насны гэгээн дурсамжаа тэрбээр “Оюутан ахуй цагаасаа драмын театрт жүжиг үздэг байсан. Мэдээж оюутан хүнд заримдаа мөнгө олдохгүй. Тийм үед хулгайгаар орж жүжгийн хэсгээс ч болтугай үзнэ. 1999 онд СУИС-ийг төгсөөд эргэлзэх зүйлгүйгээр драмын театрт шалгалт өгч байлаа. Улсдаа ганц байдаг, босго өндөртэй драмын театрт дагалдан жүжигчнээр ороод, хийж болох бүх л хар ажлыг хийсэн. Тайз засна, жижиг хэрэглэл зөөнө. Тэгээд цалингүй шүү дээ. Гэхдээ алтан үеийн мундаг жүжигчидтэй хамт уран бүтээл туурвиж, үг сургаалийг нь сонсоно гэдэг мэргэжлээсээ авсан хамгийн том шагнал.Тэгж тэгж нэг дүр оногдсон нь Ч.Түвшин найруулагчийн “Зуны шөнийн зүүд” жүжгийн Намалдагийн дүр. 2000 онд тэр жүжиг тавигдаж байсан. Мэргэжлийн минь хүнд хэцүү, гоё сайхныг мэдрүүлсэн болохоор Намалдагийн дүрдээ учиргүй хайртай. Түүнээс хойш “Бардам туулай” жүжигт туулайн дүр бүтээхээс эхлээд эмэгтэй хүний дүр бүтээж байсан удаа ч бий шүү. Мөн найзуудтайгаа хамтарч “Надаар тоглосон хайр” драмын жүжиг тавьж, тухайн үедээ л залуусыг байлдан дагуулж байлаа. За тэгээд “Кармен хүүхэн”, “Гамлет”, “Фауст” зэрэг  жүжгүүдэд өөрийн чадах хэмжээгээр дүр бүтээж, энэ л тайзан дээр 23 жил амьдарч байна даа” хэмээн ярьсан.

ТЭР АЛЬ Ч ЦАГ ҮЕД ТАЙЗАА ОРХИСОНГҮЙ

Жүжигчдийн чансааг үнэлдэг Улсын драмын эрдмийн театр олон уран бүтээлчийг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Сургуулиа дөнгөж төгссөн “будаг нь ханхалсан” уран бүтээлчид ихэнхдээ драмын театрт шалгалт өгдөг. Тэднээс авьяас, чадвартай нь л босгыг нь давдаг. С.Болд-Эрдэнэ энэ босгыг итгэл төгс давсан тарчигхан цаг үеийн чадварлаг боловсон хүчин. Түүнийг сургуулиа дөнгөж төгсөөд байх үед манай улсын урлагийн салбар бүхэлдээ уналтад ороод байсан. Хүүхэд залуучуудын театр хувьчлагдаж, драмын театрт жүжиг үзэх хүн бараг үгүй болсон цаг үе. Уран бүтээлчдийн ихэнх нь ганзагын наймаа хийж, ахуй амьдралаа хөөж байлаа.

Тэр цагт УДЭТ-т Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр тайзыг хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Тэд “Драм дөрөв” хамтлаг байгуулж, өдөр нь драмын театртаа ажиллаж, оройн цагаар өөрсдийн уран бүтээлээ туурвиж байлаа. Төдийгөөс өдий хүртэл олон уран бүтээлч ахуй амьдралаа бодож драмын тайзыг орхисон ч С.Болд-Эрдэнэ өнөөдрийг хүртэл драмын театрын ягаан байшингаас холдсонгүй. Энэ жил 90 жилийнхээ ойг угтаж буй улсдаа ганц драмын театрын сүүлийн 23 жилийн түүхийг бичилцэж буй тэрбээр “Энэ л байшинд урлагийн хүн болж төлөвшсөн болохоор театраасаа холдох хэцүү байдаг юм” хэмээн ярьж суусан юм.

ГАМЛЕТЫН ТУХАЙ ГАМЛЕТ ИНГЭЖ ЯРЬЛАА

Драмын театрын давтагдашгүй нэг өнгө болтлоо хөдөлмөрлөсөн түүнийг үзэгчид “Орчин цагийн Гамлет” хэмээн нэрийддэг. Магад түүний бүтээж байсан дүрүүдийн ноён оргил нь Уильям Шекспирын “Гамлет” жүжгийн Гамлетын дүр байх. Хаан аавыгаа авга ах Клавдигийн гарт алдсан өрөвдөлтэй Гамлетын тухай “Гамлет” “Хүн өөрөөсөө тийм хол, тэс өөр дүр бүтээж чадахгүй болов уу. Тиймээс надад Гамлеттай адилхан дайчин, тууштай зан байсан байх. Мэдээж Гамлет бол драмын жүжгүүдийн оргил дүр. Анх Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай энэ тайзан дээр амилуулж байлаа. Тиймээс үзэгчид намайг Л.Жамсранжав гуайтай харьцуулж байсан удаатай. Жүжигчин хүн аливаа дүрийг “Би энэ дүрийг алаад өгнө” гэж бодож болохгүй. Энэ бол “конец” болчихсон хүний зан байх. Тиймээс би “Гамлет”-ийг бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн. Гамлет өөрөө маргаан дагуулдаг, сонирхолтой дүр.

Гамлет тэмцэгч баатар уу гэхээр биш. Аавыгаа алчихсан хүнийг тэмцэгч гэж болох уу. Эрх мэдэл, мөнгөний төлөө зүтгэж байгаа Гамлетыг алъя гэхээр бас болохгүй. Тиймээс Гамлет бол гэгээрэлд их ойртсон, юм бүхний үндэс, угийг олох гээд байгаа л хүн.

Бид хэчнээн хөрөнгө, эрх мэдэлтэй байлаа ч, ядуу гуйлгачин явлаа ч эцэстээ хохимой болж алгын чинээ газар л “шингэдэг”.  Энэ бүхнийг төсөөлж ажиллана гэхээр жүжигчин хүнээс асар их хөдөлмөр шаардана. Ялангуяа дотоод сэтгэлийн зөрчлийг гаргана гэдэг үнэхээр хэцүү байсан. Гамлет бол миний хүчийг нээж өгсөн маш том сорилт болсон” гэж ярих нь тухайн дүрээрээ өөрийгөө хүлээн зөвшөөрсөн мэт.

САЙН ЖҮЖИГЧИН ТАЙЗАН ДЭЭР Ч, КИНОНД Ч "АМЬДАРЧ" ЧАДНА

Урлагийн сургуулийн оюутнууд оюутан ахуй цагаасаа л кино уран бүтээлд туслахаар ажиллаж, мэргэжлийнхээ дадлагыг хийж эхэлдэг. Энэ л жишгээр С.Болд-Эрдэнэ оюутан ахуй цагтаа төрсөн эгч С.Болормаагийнхаа найруулсан “Торлогдсон хайр” киноны туслах найруулагчаар ажилласан. Эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж буй 16 настай Армангуль хэмээх казак охин, эрэгтэйчүүдийн хориход ял эдэлж буй Гэрэлтнаран нарын хайр сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн тус кино тухайн цаг үедээ шуугиан тарьж байлаа. Мөн тэд “Хөлтрөг” киног найруулж байв.

МУГЖ С.Болд-Эрдэнэ “Орхидос”, “Үл таних эмэгтэй”, “Ноён солиот”, “Нар сарны зааг” зэрэг дэлгэцийн томоохон бүтээлүүдэд гол дүр бүтээсэн. Өөрийгөө эвдэж, шинийг эрэлхийлдэг болох нь түүний бүтээсэн дүрүүдээс бэлхнээ харагдана. Дэлгэцийн уран бүтээлд ч тэр ноён оргил байсаар ирсэн. Түүний найз УДЭТ-ийн найруулагч Н.Наранбаатар нэг ярилцлагадаа “С.Болд-Эрдэнэ бол жүжиглэдэггүй. Тухайн дүрээрээ зүгээр л амьдардаг. Хэн тайзан дээр С.Болд-Эрдэнэ жүжиглэж байна гэх юм бэ, тэнд чинь Гамлет амьдарч байгаа байхгүй юу” хэмээн ярьсан удаатай. Харин тэр өөрийгөө “Надад инээдмийн жанрын дүр тохирдоггүй юм шиг ээ. Найруулагчдын шийдлээр хэд хэдэн кинонд тамхи ихээр татдаг дүр бүтээсэн. Одоо бол өөрөө иймэрхүү дүрээс зугтаж байна. Харин сүүлийн жилүүдэд найруулагчид эсрэг дүр их санал болгох  боллоо. Би өөрөө ч гайхаж байна. Кино урлаг гайхамшигтай  хэдий ч тайзан дээр гарахад төрдөг мэдрэмжийг гүйцэхгүй” хэмээн ярьсан. Нээрээ л тэр тайзан дээр ч, кино дэлгэцэд мөнхийн гэрэлтэх “од” байсаар л...

ААВААСАА ӨВЛӨЖ АВСАН ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ТҮҮНИЙ АВЬЯАС

 

“...Гамлетад тоглосны дараа аав минь над руу их бахархсан харцаар харсан. Гэхдээ ил цагаан “Чи сайн жүжигчин болсон байна” гэж хэлээгүй л дээ. Би тэр харцнаас л “Аав минь одоо л намайг тоож байна даа” гэж мэдэрсэн...” Түүнтэй ийнхүү ярилцаж суухдаа “Нээрээ л бид аав, ээжийнхээ бахархал болох хүсэл үргэлж тээж явдаг даа” хэмээн бодож амжлаа. “Сайн аавын хүү байх хэцүү. Нэрэнд нь сэв суулгачих вий гэж их эмээнэ. Хүмүүст “Аавынхаа нэрээр түрий барьж урлагт байраа олсон” гэж хэлүүлж л байсан. Гэхдээ урлагт арын хаалга байдаггүй байхгүй юу. Би жүжигчин хүний туулах ёстой замыг тойрч биш дайрч гарсан. Театрын тайз засахаас эхлээд гурван жил цалингүй дагалдан жүжигчин байлаа. Мэдээж аавын нөмөр нөөлөг бий. Би аавынхаа найруулах эрдмээс суралцсан, гарын шавь нь шүү дээ. Аав минь урлагийн хүнд байх бүх эрдэм мэдлэгийг зааж өгсөн болов уу.

Харин хүн байх тухайд “Магтаал, зэмлэл хоёрыг дааж яваарай” гэж захисан юм. Тэр үгийг би одоо ч боддог. Тиймдээ ч өнөөдөр С.Болд-Эрдэнэ С.Болд-Эрдэнээрээ  л байна шүү дээ. Миний аав хүнд долигонож мэддэггүй, их шударга хүн байсан. Тэр зан нь надад өвлөгдсөн юм шиг байгаа юм. Би худлаа сайхан, сайхан зүйл ярьж, хүний төлөө төрсөн юм шиг амьдарч чадахгүй. Хүн мэдээж л өөрийнхөө болоод гэр бүлийнхээ төлөө амьдардаг нь үнэн шүү дээ. Тэр үнэнийг гуйвуулж “Би хүний төлөө явдаг, сайн хүн” гэж яах юм.

Эцсийн эцэст хүнд төвөг удахгүй амьдарна, юмнаас нэрэлхэж сурна гэдэг л их том хүмүүжил юм даа” гэж ярих С.Болд-Эрдэнэ өөрийгөө одоо л бүрэн нээсэн мэт. Магтаал, зэмлэл, хайр... Үүнийг л тэнцүүлж, өөрийн доторх өөрийгөө гээчихгүй юм сан.

“ГЭГЭЭН МУЗА”-ГААС ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН БОЛЛОО

СТА С.Болд-Эрдэнэ Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ болох хүртлээ урт зам туулсан. Энэ зуурт олон ч шагналыг энгэртээ гялалзуулсан. 2004 онд “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Франсуа Перниний дүрээр “Гэгээн муза” наадмын шилдэг эрэгтэй гол дүр, 2006 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн нөхрийн дүрээр “Гэгээн муза” наадмын шилдэг эрэгтэй гол  дүр, 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элчийн дүрээр “Гэгээн Муза” наадмын шилдэг эрэгтэй туслах дүр, 2013 онд “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр “Гэгээн муза” наадмын шилдэг эрэгтэй гол дүр, 2013 онд Алтан гадас одон, 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан. Өөрийгөө хэр чансаатай, чадварлаг жүжигчин бэ гэдгийг жил жилийн “Гэгээн муза” наадамд нотлон харуулж байсан тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан.

 

“Юм хүлээн зөвшөөрөгдсөн цагтаа л үнэ цэнэтэй байдаг. Урлагийн гэр бүлд төрж, урваж, шарвалгүйгээр урлагт зүтгэсэн хөдөлмөрийг минь төр өнөөдөр үнэлж байна.  Төрийн ордон дотор аавынхаа нэрийг дуудуулна гэдэг үнэхээр их бахархал юм шүү. Даан ч хүний амьдрал баяр, гуниг ээлжилж байдаг хойно. Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан сайхан өдрийн дараа багын найз минь таалал төгссөн харамсалтай мэдээ дуулсан. Удалгүй драмын театрт хамт ажиллаж, үг бүрийг нь тогтоож сонсдог байсан гэгээн сайхан ах минь /Л.Дэмидбаатар/ тэнгэрт дэвшлээ. Тиймээс амьдрал гэдэг гуниг, баярын агшин бүрээс бүрддэг хэлхээ болов уу. Хүн аз жаргалтай байя гэвэл өнөөдрөөрөө амьдарч сурах хэрэгтэй” хэмээн ярих С.Болд-Эрдэний нүдэнд баяр, харууслын нулимс тодорч үзэгдсэн.

С.Болд-Эрдэнэ угтаа амьдралыг аль эрт таньж, баяр, гунигийн алинд ч сэтгэл хөдлөл нь нэг л хэмэндээ байх шиг. Ийм л энгийн хэрнээ гэрэлт хүмүүс бидний дунд оршиж буйд талархмаар...   

 


С.БОЛД-ЭРДЭНЭ: “Гамлет”-д тоглосны дараа аав минь “Миний хүү, жүжигчин болжээ” гэж бахархсан харцаар харж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 10:33:37
    Зочин : Сугар гэж бурхнаас заяасан их авьяастан, багш, найруулагч хүн байлаа. Охин Болормаа нь ч авьяастай. Болд-Эрдэнэ бол миний уран бүтээлийг нь шимтэн үздэг маш авьяастай, онгодтой жүжигчин. Нээрээ л энд бичсэнээр Сугар хэмээх эрхэмийн гэр бүлийг урлагийн бурхан Янжинлхам ивээж дээ. Болд-Эрдэнэ шагналыг яг авбал зохих үедээ авч байна. Хийсэн сайн бүтээлтэй, хийх сайн бүтээлтэй хүнийг шагнах зөв. Хэт хөгшин, хэт залуу, нэг бол аль эрт хийдгээ хийсэн хүнийг оройтож шагнах, эсвэл гавьтай юм хийгээгүй хүнийг эрт шагнах буруу байдаг.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188