• Өнөөдөр 2024-03-29

Стрийт арт бүтээлчид: Хотоо, гэр хорооллоо өнгөлөг болгохыг хүссэн

2021-05-20,   1627

 “Ногоонбаатар” төслийн хүрээнд гэр хорооллын хашаанд “Хивс” стрийт бүтээлийг туурвисан С.Батсайхан, Ц.Түвшинжаргал нартай уран бүтээлийнх нь талаар хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Таны хашаан дээр зурсан стрийт арт зураг олон нийтийн сайшаалыг нэлээд хүртэж байна. Гэр хорооллын гудамжны хашаанд дээр "хивс тохох" санааг хэзээ хэрхэн олсон бэ?

          С.Б: -Сайн байна уу. Намайг С.Батсайхан гэдэг. Энэхүү “Хивс” нэртэй стрийт арт уран бүтээлийн санааг анх уран бүтээлч Ц.Түвшинжаргалтай ярилцаж, мөн тус үйл ажиллагааг зохион байгуулж буй куратортайгаа олон санаа гарган ярилцаж,  хэлэлцсэний үндсэнд бүтээлээ туурвисан.    

         Уг бүтээлээ “Хивс” гэж нэрлэсний учир нь социалист нийгмийн үед хулгай, зэлгий бага байсан болохоор айлууд хивсээ хашаан дээрээ дэлгэж тавьчихаад, тоос шороогоо гөвдөг байсан шүү дээ. Мөн зах зээлийн үед дэнжийн мянгын зах дээр зарах хивсээ хашаан дээрээ дэлгээд тавьчихдаг байлаа. Үүнээс улбаалан санаа авч бүтээлээ хийсэн.  

Энэ санаагаараа хөршийн сайхан харилцаа буцаад сэргээсэй гэж хүссэн юм. Хөршийн харилцаа сайжирснаар манай гэр хорооллын амьдрал илүү сайн сайхан болно шүү гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон.

-Тус бүтээлүүдийг хэзээ бүтээв. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

         Ц.Т: “Ногоонбаатар” төслийн хугацаанд бүтээлээ хийж дуусгасан. Гуравдугаар сарын сүүлчээс тавдугаар сарын эхэн хүртэл хугацаанд бүтээсэн. Хөл хорионы улмаас дунд нь хэсэг хугацаанд завсарласан ч бүтээлээ дуусгаж чадсан. Миний хувьд бүтээх явц маш сонирхолтой байсан. Цаг агаарын хувьд ч тэр, Монголын хавар ямар байдаг билээ дээ. Энэхүү стрийт арт маань паблик урлаг учир хүмүүстэй амьд харилцаа үүсгэх боломжтой гоё орчин бүрдсэн байсан.

Хүмүүс ч нааштай хүлээж авч, бүгд л өөрсдийн хашаан дээр зуруулахыг хүсч байсан. Хотын зах гэлтгүй хотын төвд ч мөн урлаг гэдэг зүйл маш дутагдалтай байгаа харагддаг. Хотын төвд ийм байгаа юм чинь хотын захад урлаг маш “шаардлагатай” байгаа гэж ажиглагдсан.

-Стрийт арт бүтээл тань цааш үргэлжлэх үү?

         С.Б: Бидний хувьд цаашдаа стрийт арт чиглэлээр бүтээлүүдээ туурвина. Ирээдүйн зорилго маань стрийт арт гэдэг чиглэлээр явж байна. Цааш цаашдаа олон бүтээлүүд хийхийг зорьж байна. Мөн олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаад явах байх. Бидний үйл ажиллагааг зохион байгуулсан кураторууд маань бас олон стрийт арт бүтээлийг туурвина гэж найдаж байна. Гэр хорооллыг өнгөтэй болгох, Улаанбаатарчууддаа гэр хорооллыг эсрэг бус эерэг утгаар нь танилцуулахын тулд, бүх дэлхийд мэдрүүлэхийн тулд энэ ажиллагааг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаанд олон уран бүтээлч оролцоосой гэж хүсэж байна. Бид ч мөн хамтарч, уран бүтээлээ туурвихыг зорьж байна.

-Монголд стрийт арт уран бүтээлч байх нь олон талын асуудал тулгардаг байх. Зарим хүн бүрэн ойлгохгүй байх ч тал бий. Стрийт арт бүтээхэд тулгарч байсан асуудал бий юү?

         Ц.Т: Бидний хувьд стрийт арт чиглэлийг дагнасан уран бүтээлчид биш. Янз бүрийн материалыг туршиж, янз бүрийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг хүмүүс. Энэ бүтээл бол бидний гудамжинд бүтээсэн анхны ажил байлаа. Энэ ажлынхаа үеэр стрийт арт төрөл Монголд хөгжих боломжтой, сонирхолтой төрөл юм байна гэдгийг олж харсан. Харин бүтээл зурах үед айхтар асуудал тулгараагүй. Бидний хувьд тус бүтээлийг хийхэд орон зай ихтэй нь сайхан байлаа. Гэхдээ томоор хийвэл, техник хэрэгслийн хувьд ч юм уу, санхүүгийн талаас ч асуудал тулгарахаар санагдсан.

-Хэзээнээс стрийт арт бүтээл сонирхож эхэлсэн юм бэ?

         С.Б: Миний хувьд стрийт артыг 2000-аад оны эхэн үеэс сонирхож эхэлсэн. Тухайн үедээ стрийт арт чиглэлээр олон талын зүйлийг сонирхож хийж байлаа. Оюутан ахуй цагтаа графит, гудамжны урлаг гэдгийг Монголд хип хоп үүсэж хөгжиж байсан үед  л сонирхож хийж байлаа. Тухайн үед бэрхшээлтэй асуудал олон л тулгарч байсан. Харин саяхан стрийт арт бүтээхэд асуудал харьцангуй бага болсон юм шиг санагдсан. Бараг хориод жилийн дараа стрийт арт чиглэлээр бүтээл туурвихад хүмүүсийн ойлгох хүрээ ч мөн өөр болсон байна лээ. Өмнө нь тийм байгаагүй. “Энэ ханан дээр юу эрээччихэв, ханан дээр яагаад ийм юм бичиж байгаа юм, сахилгагүй хүүхдүүд вэ” гээд л биднийг янз бүрээр загнадаг байлаа. Тэр бүх үзэл бодол өөрчлөгдөхөд тухайн үед бидний хийж бүтээсэн зүйл нөлөөлсөн байх. Монголд анхны хип хоп тоглолт болоход арын тайз, граж дээр нь янз бүрийн зүйл зурахаас эхлээд нэлээд ажиллаж үзсэн. Оюутан байхад олон бэрхшээл тулгардаг байсныг бодоход одоо харьцангуй өөр болсон. Харин улс төрийн өнгө аяс ороод ирвэл стрийт арт хийх хэцүү байх. 

-Энэ урсгал Монголд хөгжихөд тулгамдаж буй асуудал болон онцлогийн талаар бодлоо хуваалцаач?

        С.Б: Манайх нээлттэй, ардчилсан нийгэм гэдэг хэр нь шүүмжлэлт утгатай стрийт арт бүтээлийг хороо дүүргийн дарга нар ч гэдэг юм уу, улс төрийн хүмүүс бүтээлийг нь шууд дарчихдаг. Ийм асуудал ер нь их гардаг. Монголд одоохондоо улс төрийн өнгө аястай уран бүтээл хийхэд одоохондоо ойлгох болоогүй байгаагийн шинж юм болов уу гэж бодогдсон. Реклам, эсвэл хүүхдүүдийн сэдэвтэй зураг зурах ч юм уу стрийт артыг иймэрхүү тал дээр Монголчууд илүүтэй хүлээж авч байна. Хүнд сэдэвтэй, улс төрийн шүүмжлэлт бүтээлийг шүүмжлэх хандлага ихтэй байгаа учраас энэ тал дээр хөгжих арай болоогүй байгаа юм болов уу гэж харж байна.

        Ц. Т: Миний хувьд уран зураг, инстоляц, ланд арт чиглэлээр түлхүү ажилладаг уран бүтээлч. Стрийт артын онцлогийн хувьд Монгол ахуйн талаасаа уламжлалт эсвэл Монголд л буй онцлог шинжийн талаар бүтээл хийвэл илүү өөрийн гэсэн өнгө аятай болох болов уу гэж бодож байна.

         Энэ бүтээлээ хийхийн тулд гадаадын уран бүтээлчидтэй ярилцаж сууж, уран бүтээлийнх нь талаар үзэж, танилцаж, өөрийнхөө шугамаар судалгаа хийсэн. Тэгэхэд Монголынхоо онцлогийг барьж авч ажиллавал илүү дөхөм, ач холбогдолтой байх болов уу гэж надад ажиглагдсан.

-Танд ард иргэдийн хандлагаас ажиглагдаж байгаа зүйл юу байна вэ?

         С.Б: Манай ард иргэдэд гэр хороолол гэлтгүйгээр урлагийн бүтээл маш их үгүйлэгдэж байгаа юм байна гэдгийг анзаарсан.

Үүнээс улбаалан өшөө олон уран бүтээлчид маань энэ үйл ажиллагаанд нэгдээд, бүх хүмүүст урлагийг түгээж, эерэг сайхан зүйлийг энэ нийгэмд бүтээцгээе залуучуудаа гэж уриалмаар байна. 

          Ц.Т: Бидний оролцсон энэ “Ногоонбаатар” төслийн зорилго маань тодорхой хэмжээгээр биелж байна гэж харж байна. Энэ ажил маань миний бодож буйгаар олон нийтэд нөлөөлөх ажил болж байгаа болов уу. Жишээ нь биднийг бүтээлээ хийж, зургаа зурж байх үед гудамж их хогтой, бохир байсан бол бүтээсэн маань олон нийтэд хүрсний маргааш тэр хавийн гудамжийг маш сайхан цэвэрлэчихсэн байсан. Хөл хорионы үед энэ тэнд бүтээл урлаж, хашаагаа тохижуулах хүмүүс ч байсан. Үүнийг нэг нөлөөлөл нь болж байгаа юм болов уу.Энэ ажил маань цааш өргөжиж, Улаанбаатар хот, хөдөө орон нутаг маань сайхан, өнгө төрхтэй болбол сайхан байна даа гэж хэлмээр байна.


Стрийт арт бүтээлчид: Хотоо, гэр хорооллоо өнгөлөг болгохыг хүссэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-21 09:55:29
    Battsetseg: Mundag zaluustaa uran buteeliin amjilt husen eruue neg guilt gehuu sanal huselt bna odoo ued humuus ih alhdag boljee arslantai guurees doosh gol dagaad hun ihtei bh bolloo goliig dagasan 2zahiin betonon haaltan deer goe goe zurag zuraad ugch bolohu tegvel alhaj bga humuust shn setgegdel turuh bhaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-20 22:45:42
    Иргэн: Хашаа хороо цэвэр цэмцгэр байх нь тааламжтай сайхан шүү дээ. Бусдхд ч бас нөлөатэй. Эдгээр уран бүтээлчид маань сэтгэлээсээ ажиллаж хүмүүст их таалагдсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-20 22:45:41
    Иргэн: Хашаа хороо цэвэр цэмцгэр байх нь тааламжтай сайхан шүү дээ. Бусдхд ч бас нөлөатэй. Эдгээр уран бүтээлчид маань сэтгэлээсээ ажиллаж хүмүүст их таалагдсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-20 22:20:48
    Altangerel: mundag ah egch 2 t amjilt husey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-20 22:20:46
    Altangerel: mundag ah egch 2 t amjilt husey
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188