• Өнөөдөр 2024-04-19

САНТА КЛАУС: Надад ирдэг хамгийн сайхан бэлэг бол хүүхдүүдийн аз жаргал, инээд

2022-12-31,   1447

       Өвлийн улирал хаяанд ирэхэд хүүхэд бүр шинэ жилийн тухай ярианд автаж, Санта Клауст сүү, жигнэмэг, амттан тавьж, түүний бэлгийг хүсэн хүлээдэг. Хүүхэд бүрд Санта Клаустай уулзахаараа түүнээс асуух, ярих олон зүйл байдаг болов уу. Тэгвэл Их Британийн есөн настай Эдлинн хүүд Санта Клаустай уулзаж, мэдэхийг хүссэн зүйлсээ асууж, ярилцах боломж тохиосон аж. Жирийн нэгэн европ хүүгийн Санта Клаусаас сониучирхан асуусан асуултууд, түүний хариултыг хөрвүүлэн хүргэж байна.

            -Сайн байна уу Санта өвөө, та одоо хэдэн настай вэ. Жинхэнэ насаа надад хэлэхгүй юү?

-Хо хо хо, Сайн байна уу, хүү минь. Миний насыг тоолбол барагдашгүй юм болно. Гэхдээ Финландын ойролцоох Лапланд дахь Корватунтури ууланд байрласнаас хойш 364 жил өнгөрчээ.

            -Өвөө та гэр бүлтэй юү. Гэр бүлийнхээ тухай ярьж өгөөч?

-Мэдээж хэрэг, гэр бүлтэй байлгүй яах вэ. Энэ дэлхийн бүх хүн миний гэр бүл.

            -Финландын ойролцоох Корватунтурид байрлах таны гэрт хүн зочилж очдог уу?

-Корватунтурид хэрхэн очихоо мэддэг бол над дээр зочлон ирж болно шүү дээ. Гэвч гэрт минь ирэх аялал маш хол бөгөөд хэцүү байх болно гэдгийг дуулгахад харамсалтай байна, хүү минь.

            -Энэ жил таны бие тэнхээ данги байв уу. Ямар нэгэн асуудал тулгараагүй биз?

-Санта Клаус үргэлж сайн, сайхан байдаг. Байх ч ёстой. Зарим тохиолдолд Санта уурлаж, гуниглаж, гомддог ч үргэлж эрч хүчтэй, хүчирхэг хэвээр байх болно. Харин үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй эцэг, эхийн тухай сонсвол би хэзээ ч зүгээр суухгүй шүү.

            -Та яагаад зөвхөн Есүс Христийн мэндэлсэн өдөр бэлэг тараадаг юм бэ. Өөр өдөр бэлэг тарааж болохгүй гэж үү?

-Ямарваа нэгэн соёл, урлаг, иргэншил бүр өөр өөрийн дагах, баримтлах ёс заншилтай байдаг юм, хүү минь. Есүс Христийн төрсөн өдрөөр бэлэг тараах нь миний үндсэн ажил. Би бэлэг тараах ажлаа энэ өдөр хийсээр ирсэн. Хийсээр ч байх болно.

-Та бидэнтэй адил хүүхэд байсан биз дээ. Сургуульд сурч үзсэн үү. Хэрэв тийм бол сургуульд сурахад ямар байсан бэ?

-Хүүхэд, залуучууд та бүхний мэдэх Санта Клаус одоог хүртэл хүүхэд хэвээрээ л байгаа. Амьдрал бол миний урт удаан хугацааны маш өндөр боловсрол юм. Мэдээж би сургуульд суралцаж, сургуулийн боловсролоо бүрэн дүүрэн эзэмшсэн. Хүүхдүүд та нар ч мөн сургуулиасаа хоцролгүй илүү шинийг мэдэж, түүн рүү тэмүүлж байх ёстой юм шүү.

            -Таны өндөр хэдэн сантиметр вэ?

-Миний өндрийг мэдэхийн тулд гүн бодолд автаж, аль эсвэл жимсний мөчрүүдийг хараа салгалгүй ажиглаж, тэнгэрийн хаяаг сайтар харах хэрэгтэй. Тэгснээр Лапландад орших хамгийн хөгшин, хамгийн үлэмж гацуур мод үнэн хэрэгтээ надаас хэчнээн намхан болохыг ойлгоно шүү дээ.

            -Та ямар хоббитой вэ?

-Би маш олон төрлийн хоббитой. Түүндээ ч цаг үргэлж дуртай байдаг. Тэдэн дундаасаа Финляндын утаат саунд орох хамгийн дуртай. Харин цаг зав гарвал унтах нь надад хамгийн тус, дэмтэй байдаг.

            -Та үнэхээр Финляндын Корватунтурид амьдардаг юм уу?

-Би үргэлж Корватунтурид байрладаг. Корватунтури хэдий миний хамгийн хайртай газар боловч жил бүр дэлхийн өнцөг булан бүрээр аялж, өөр өөр газар зул сарын баяр тэмдэглэж, өнгөрөөдөг. Намайг сэтгэл хангалуун байлгаж чадаж л байвал тэрхүү газар бүхэн миний төрж, өссөн нутгаас ялгаагүй.

            -Таны жинхэнэ нэр хэн бэ?

-Дэлхийн улс, оронд бүрд намайг өөр өөрөөр нэрлэдэг. АНУ-д Санта Клаус хэмээн нэрийддэг бол Финляндад Жуулупукки гэдэг. Цаашлаад Германд Вейхначтсманн, харин Голландад Керстман хэмээх нь ч бий. Хэдий улс орон бүрд намайг өөр өөр нэрээр дууддаг ч би бүх нэрэндээ дуртай. Нэр бүхэнд маань үнэн сэтгэлийн хайр шингэсэн байдаг юм.

            -Корватунтурид таны хэдэн туслах эльф амьдардаг вэ?

-Бүгдийнх нь тоог сайн мэдэхгүй шүү дээ. Эльфүүд ямарваа нэгэн ажлыг гүйцэтгэхдээ түргэн, шаламгай бөгөөд нэг газартаа удаан тогтож чаддаггүй. Корватунтурид нар мандаж, ажлын цаг эхлэхэд өмнөх шөнийнх нь тэнгэрийн оддоос ч илүү элфүүд гарч ирэхийг үгүйсгэхгүй.

            -Эльфүүд таны хүүхдүүд үү?

-Би дэлхий дээрх хүүхэд бүрийн төлөө сайн үйлс хийдэг. Хүн, амьтны аль ч төрөл байсан дэлхий дээрх бүхий л бага, балчир амьд биетүүд бүгд миний хүүхэд.

            -Эльфүүд шинээр төрсөөр байгаа юу?

-Зул сарын баяраар эльфүүд хамгийн ихээр төрж, бүл нэмдэг. Үдшийн нарны сүүлийн туяа хойд зүгийн гэрэлтэй уулзаж, хойд зүгээс ирэх салхи оддыг олж, мөргөхөд эльфүүд төрж эхэлдэг.

            -Энгийн хүн эльфүүдийн нэг болох боломжтой юу?

-Бололгүй яах вэ. Эльфүүдийн нэг болж, цаашид ч эльф хэвээр үлдэж, амьдрах боломжтой. Дэлхий дээрх бага, сул доройг үргэлж хамгаалж байдаг эльфүүд бол хамгийн сайхан сэтгэлтэй амьд биет. Хэрэв хэн нэгнийг хамгаалж, халамжилж чадахгүйд хүрвэл тэдэнд бэлэг илгээж, цаг үргэлж санаа тавих нь тэдний хамгийн сайн чаддаг зүйл.

            -Та дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдээс ирсэн бүх захидлыг уншдаг уу?

-Би дан ганц өөрийн хүчээр чадахгүй шүү дээ. Эльфүүд надад тэдгээр захиаг унших, цаашлаад бэлэг тараах томоохон ажил үйлсэд минь тус хүргэдэг. Гэхдээ зарим үед зул сарын баяр гэхээсээ илүүтэй Христийн мэндэлсэн өдрийг онцолсон захидлууд ирэх нь бий.

            -Эльфүүд бүгдээрээ өөр өөрийн гэсэн нэртэй байдаг уу?

-Тэдний нэр нь ямарваа нэгэн хочтой хамааралтай байдаг. Тариаланч эльф, малчин эльф гэх зэргээр тэдний нэрний цуваа цааш төгсгөлгүй үргэлжилнэ. Энэхүү нэршил, хочнуудад үргэлж тэдний давуу шинж, чанарыг илэрхийлсэн байдаг. Эльфүүд бол маш тусч, хамгийн ажилсаг үндэстэн.

            -Та болон таны туслах эльфүүд чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Эльфүүд олон төрлийн тоглоом тоглож, хөгжилтэй, баяр хөөртэй байхыг эрмэлздэг. Ялангуяа тэд задгай зуухны дэргэд дэлхийн сонин хачин зүйлсийн тухай ярьж, өдрийг өнгөрөөх дуртай.

            -Энгийн хүмүүс эльфүүдийг олж харж чадах уу?

-Олонх эльф гэтэх, нуугдах чадварыг сайтар эзэмшсэн байдаг тул тэднийг олж харах маш хэцүү. Харин хүүхдүүд та нар мөчир хөдлөх, цонхны цаана ямарваа нэгэн зүйл хөдлөхийг харж чадна. Ихэнх тохиолдолд эльфүүд өөрсдийгөө байсан гэдгийг мэдүүлэхийн тулд ямарваа нэгэн зүйлийг хөдөлгөж, тэмдэг тавих дуртай. Тийм ч учраас нэг талаараа эльфүүдийг харж чадна гэж хэлж болох юм.

            -Зул сарын бэлгүүд зөвхөн таны бус өөр хэн нэгний нэрээр хаяглагдаж хүүхдүүдэд очих боломжтой юу?

-Бололгүй яах вэ. Нэршлийг сольж илгээх уламжлалыг Финляндад тонту хэмээн нэрлэдэг бол Голланд хэлээр катубер, Англиар гном хэмээх нь бий. Өвөө нь цаг зав хүрэлцэхгүй үед өөрийн туслах эльфүүд, шидтэнүүдэд тэрхүү ажлаа даатгадаг юм.

            -Та хэрхэн дэлхийг тойрон нисэж аялдаг вэ?

-Маш олон арга зам бий. Ихэнх тохиолдолд нисдэг цаа бугануудынхаа хамтаар аялж, бэлгээ тараадаг боловч нохой, автомашин, онгоц, цасны машин, нисдэг тэрэг зэргийг ч ашиглаж болно. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн өдөр ямар тээврийн хэрэгсэл хэрэглэхээ шийддэг.

            -Зул сарын баяраар хүүхдүүдэд тараадаг бүх бэлгийг Корватунтурид хийдэг үү?

-Бүгдийг нь нэг дор хийж чадахгүй шүү дээ. Зарим бэлгийг эцэг, эхчүүд гэртээ бэлддэг бөгөөд тэрхүү бэлэг нь Корватунтурид үйлдвэрлэсэн бэлгээс ч илүү үнэ цэнтэй байдаг.

            -Зул сарын шөнө бүх хүүхдийн бэлгийг бүрэн гүйцэд тарааж чаддаг уу?

-Улс орны цагийн бүсийн ялгааг ашиглаж, бэлгээ тараадаг. Жишээ нь зул сарын өдөр Финляндад өглөө болж хүүхдүүд сэрж байхад Япон Улсад эсрэгээрээ шөнө болж, хүүхдүүд унтаж байдаг. Зарим нөхцөлд бэлгээ тараахын тулд ид шид ашиглах тохиолдол ч гарна. Санта Клауст бэлгээ тараах маш том үүрэг бий. Тэрхүү үүргээ биелүүлэхгүй л бол болохгүй.

            -Танд айлын яндангаар орж байхдаа гацаж байсан тохиолдол бий юү?

-Хэрэв ямар нэгэн айлын янданд гацвал дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдэд өгөх бэлэг маань цагтаа очиж чадахгүйд хүрнэ. Санта Клауст янданг ашиглаж бэлгээ тараах, түгээх олон төрлийн арга барил, ид шид байдаг. Тэр бүхнээ ашиглаж нэг шөнийн дотор дэлхийн бүх хүүхдэд бэлгээ хүргэж өгч чаддаг юм шүү дээ.

            -Хэн нэгэн хүүхэд тухайн жилдээ сайн хүүхэд байж чадаагүй ч бэлэг авч болох уу?

-Би бүх хүүхдийг сайн хүн болж, сайн сайхан ажил үйлсийг хийж, бүтээнэ гэж үргэлж итгэдэг. Зарим жилд хэн нэгэн хүүхэд сайнгүй байж, муудах тохиолдол гарч болно. Гэвч тэр болгонд өвөөгийнх нь урам хугардаггүй юм шүү дээ, хүү минь.

            -Та зул сарын баяраас өөр үед юу хийдэг вэ?

-Ойгоор алхаж, амьд байгалийн дуу хоолойг сонсож тайвшрах, түүнд автах дуртай. Түүнээс бусад ихэнх цагаар ном уншиж өнгөрөөдөг.

            -Та хэн нэгнээс бэлэг авч байсан уу?

-Би цаг үргэлж бэлэг авч байдаг. Надад ирдэг хамгийн сайхан бэлэг бол хүүхдүүдийн аз жаргал, баяр баясгалантай инээд юм шүү дээ.

            -Та хүүхдүүдийн бодлыг уншиж чаддаг уу?

-Яг ч бодлыг нь уншдаг гэж хэлж болохгүй. Харин юу хүсэж байгааг нь мэддэг. Ямар нэгэн тохиолоор хүүхдүүд надтай ойлголцох ид шидтэй байдаг.

            -Хүүхэд бүрт бэлэг тараахдаа тэдний хүссэн бэлгийг яаж мэддэг юм бэ

-Эльфүүд бүх хүүхдийг улс, орон нутгаар нь ялгаж, бүртгэдэг. Ийн бүрдсэн бүртгэлийн материалыг бэлэг тараахдаа түлхүү ашигладаг юм. Хаяглах, ялгах, бүртгэх салбарт нийт 284 гаруй эльф надад тусалж, хүүхдүүд та бүхний сайн сайхны төлөө ажилладаг юм шүү дээ.

            -Зул сарын баяр бүрээр бэлэг бэлдэх, түүнийгээ тараах тэр их хөрөнгө, мөнгийг та хаанаас олдог юм бэ?

-Чишшш! Бид энд мөнгө гэдэг үгийг ашигладаггүй юм. Өвөөд нь мөнгө хэрэглэх тохиолдол гардаггүй. Харин улс орон бүрээр аялж, бэлгээ тараахдаа цаа бугаа хөлөглөж, нислэгийнхээ турш аль болох унтаж, нойроо авч байж л бэлгээ хамгийн сайнаараа түгээж, хүүхэд бүрт хүргэж чаддаг юм шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа Санта өвөө, танд зул сарын баярын мэнд хүргэе.

-Хо хо хо, чамд ч гэсэн зул сарын баярын мэнд хүргэе, хүү минь.


САНТА КЛАУС: Надад ирдэг хамгийн сайхан бэлэг бол хүүхдүүдийн аз жаргал, инээд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188