• Өнөөдөр 2024-04-17

Пулитцерийн 2022 оны шилдэг нийтлэл: ҮЛ ҮЗЭГДЭГЧ ОХИН

2022-05-21,   761

Дэлхийн сэтгүүл зүйн шилдгийг шалгаруулах Пулитцерийн шагнал гардуулах хорооноос шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт Пулитцерийн 2022 оны шилдэг нийтлэлүүдийн нэг болох “Нью-Йорк Таймс” сонины Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Андреа Эллиоттын “Үл үзэгдэгч охин” нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

-ЯДУУСЫН “ШОРОН”-

                 Дасани өглөө амьсгалах чимээнээр сэрэв. Хажууд нь нимгэн хөнжил, өвлийн хүрэм нөмөрсөн хүүхдүүд хэвтэж байх аж. Харин аав, ээж хоёр нь түүнээс холгүйхэн байх бөгөөд аав нь ариун цэврийн өрөө цэвэрлэдэг шүүртэй хувингийн дэргэд унтдаг. Нью-Йорк хотууд харх, оготно сүрэглэсэн энэ газар хүүхдүүд хоёр, гурваараа нэг матрас хувааж, зарим нь картонон цаас дэвсээд хажуулдах юм байна. Эндээс тэнгэр баганадсан 100 давхар Эмпайр Стэйт Билдингийг томруун харж болно. Хана нь мөөгөнцөртөж, нийтийн 00-д нь бөөлжис, ялгадас бөглөрсөн энэ газар эцэг, эх нь хүүхдүүдээ харж, хандах бус, хүүхдүүд нь ганц бие ээжүүдээ хамгаалж байгаа мэт санагдах. Нийтлэлийн эхэнд дурдсан Дасани охин бол Нью-Йорк хотын 22 мянга гаруй орон гэргүй хүүхдүүдийн нэг бөгөөд тэрбээр хотын захиргаанаас гаргаж өгсөн хамгаалах байранд өөр 280 хүүхдийн хамт аж төрдөг.

Нэгдүгээр сарын хүйт даасан өглөө Дасани охины нэг өдөр бяцхан Лелег хувцаслахаас эхэллээ. Лаазалсан хятад хоолоор дүүргэсэн жижиг хөргөгч, хамгаалах байрнаас тараасан эм, тарианы хугацаа нь дуусаагүй эсэхийг шалгасныхаа дараа дүү нараа хооллоно. Харин хамгаалах байрнаас гарахдаа хамгаалагч, харуулаар дүүрэн харанхуй хонгилоор явж, металл илрүүлэгчийг давсаар ядуусын “шорон”-гоос Нью-Йорк хот руу дамжих юм. Түүний өмнө Миртлийн өргөн чөлөөний хуучин тоосгон байшингууд зурайна. Харин ядуусын хорооллоос ердөө гурван гудамжны цаана сая сая ам.долларын үнэтэй орон сууцнууд бий.

                 Өнөөгийн Нью-Йорк хотод нийт оршин суугчдынх нь тал хувь нь ядуурлын түвшин орчим болон түүнээс дор амьдарч байгаа буюу ядуу зэрэглэлд хамаарч байна. Амжиргааны баталгаажихуйц цалинтай боловсонд хүчинд зориулан бүтээсэн тэнгэр баганадсан барилгуудын “жинхэнэ” эзэд нь ийн ядууралд нэрвэгдээд байгаа юм.

                 Нью-Йоркийн ядуусын хороололд амьдарч, орох оронгүй хүүхдүүд шууд утгаараа ирээдүйд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ. Ядуусын хорооллоос гарсан хүүхдүүд хар тамхинд донтож, сэтгэл зүйн эмгэгтэй болж, шоронд орох магадлал өндөр байдаг аж. Харин Дасанид “хийсвэр” судалгааны үр дүн, аль эсвэл нотолгоо хэрэггүй. Түүний амьдарч байгаа орчин, нөхцөл, гэр оронгүй байгаа нь шууд түүний ирээдүйд нөлөөлж байгаа хэрэг л дээ. Нью-Йоркийн гэр оронгүй хүүхдүүдийн гуравны нэг нь эцэг, эх дээрээ байдаг, асран хамгаалах хүнтэй, асран хамгаалагч нь тогтмол орлоготой гэсэн судалгаа байдаг ч, Дасанигийн эцэг, эх ажилгүй, хорих ялаар шийтгүүлж байсан түүхтэй, хар тамхины донтой тэмцэж байгаа нь охиныхоо ирээдүйд доголдол үүсгэж байгаа гэж хэлж болно.
Дасани охины тулгарсан сорилт зөвхөн эцэг, эхтэй нь холбоотой бус. Цар тахлын үед бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, бага орлоготой хүмүүсийн цалин зогсонги байдалд орсноор Дасанигийн гэр бүл ядуусын “шорон”-д иржээ.

Өнгөрсөн наймдугаар сард Нью-Йорк хотын захиргааны алба хаагчид хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцахаар ирсэн байна. Байцаагчдыг өрөөнд орж ирэхэд шалаар тарсан оготно хэдэн тийш харайж, хананых нь цоорхой руу шургаад оржээ. Түүнийг нь харсан хотын захиргааны байцаагчид чадлаараа орилж, аврал эрж байсан нь Нью-Йорк хотын нийгмийн давхрааны ялгааг харуулах аж.

-ДАСАНИ ОХИНЫ ХУВЬД СУРГУУЛЬ БОЛ ХОРГОДОХ БАЙР-

                 Дасани бол 150 см орчим өндөртэй, “шар шувуу”-ных шиг нарийхан зууван нүүр, гэрэлтсэн бор нүдтэй охин. Тэрбээр энэ жил зургадугаар ангид орох гэж байгаа. Зургадугаар анги бол Америкт бага насныхаа нандин дурсамжуудыг бүтээх үе. Дэлхийн хамгийн том, чинээлэг Нью-Йорк хотод ядууралд нэрвэгдсэн Дасанигийн энэ нөхцөлөөс салах нэг арга нь дунд сургуулийн ангийн нөхөд нь байх болов уу. Гэсэн ч үнэнийг хэлэхэд, Дасани шиг хүүхдүүдэд сургууль боловсрол олж, сэтгэлгээгээ хөгжүүлэх газар бус хоргодох байр юм.

                 Тэр өөрт нь ямар ч брэнд таалагддаггүй гэж хэлдэг. Гэсэн ч сагсан бөмбөгч Майкл Жорданы брэндийн Эйр Жорданы шинэ пүүз гарах, түүнийг нь харах болгондоо баярладаг гэнэ. Өөртөө нь ганц ч байдаггүй Эйр Жорданы пүүзийг мөрөөдөх Дасани охин “Хэрэв би нэг Эйр Жордантай болчихвол зөвхөн дотор л өмсөж, ямар ч толбогүй, цэвэрхэн байлганаа” гээд л цолгиун хоолойгоор өөртэй итгэлтэй ярьж байх аж.

Цайны цаг болоход Дасани болон түүний дүү нар олон эгнээгээр зогссон хүмүүсийн араас оочерлон зогслоо. Цаг гаруй хүлээсний эцэст Дасанигаас эхлээд лаазалсан хүйтэн хоол авав. Гэсэн ч лаазалсан хоолоо идэхээс өмнө дахин богино долгионы зуухны өмнө оочерлох юм байна.

Үргэлжлэл бий...

 


Пулитцерийн 2022 оны шилдэг нийтлэл: ҮЛ ҮЗЭГДЭГЧ ОХИН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188