• Өнөөдөр 2024-04-20

Б.БААСАНСҮРЭН: Хөвсгөл нуурын 14 км-ийн гүнд үүссэн хагарал битүүрсэн үед газар хөдлөлт намдана гэсэн

2021-01-26,   1089

Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-ноос хойш 12575 гаруй удаа газар хөдөлсөн гэж мэдээлсэн байна. Одоогийн нөхцөл байдлын талаар Ханх сумын ЗДТГ-ын дарга Б.Баасансүрэнгээс тодрууллаа.

-Өнөөдөр ч гэсэн танай суманд газар хөдөлсөөр байна уу?

-Өнөөдөр бага үдийн үед 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ сарын 12-ны 05:32 цаг 56 секундэд 6.8 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Түүнээс хойш 3.5 магнитудаас дээш хүчтэй 100 гаруй удаа газар хөдөлж, 8000 гаруй удаагийн чичирхийлэл газар хөдлөлтийн станцад бүртгэгдсэн.  Эхний газар хөдлөлт сумын төвөөс баруун урд зүгт 28 км-ийн зайд мэдрэгдсэн. Сүүлийн үед газар хөдлөлт сумын төв рүү ойртож, 10 гаруй км-ийн зайтай мэдрэгдэж байна.

-Газар хөдлөлт, чичирхийлэл багасах урьдчилсан тооцоо гарсан уу?

-Хөвсгөл нуурын ёроолд 14 км-ийн дор хагарал үүссэн. Тус хагарал элс, шавар, шороогоор дүүрч, битүүрсэн тохиолдолд хэвийн байдалд орно гэж мэргэжлийн хүмүүс хэлсэн. Одоогийн газар хөдлөлт аюул багатай, цаашдаа хүч нь буурна гэсэн мэдээлэл байна. Хагарал битүүртэл газар хөдөлнө гэсэн үг.

-Хөвсгөл нуурын  доорх хагарал хэдий хугацаанд битүүрч, хэвийн болно гэж үзэж байна вэ?

-Манай сум Байгаль нуурын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг. Хүчтэй газар хөдлөлт 30 жилийн дараа давтагдаж байна гэж ярьсан. Гэхдээ жилд 200-300 удаагийн чичирхийлэлт мэдрэгддэг. Үүнийг иргэд мэдэрдэггүй. Дэлхий нийтэд газар хөдлөлтийн талаарх судалгаа хийдэг судлаачдын тооцооллоор 45 хоног буюу сар гаруй хугацаанд үргэлжлэх магадлалтай гэсэн. Дахин хохирол учрах хэмжээнд газар хөдлөхгүй. Гэхдээ байгалийн аюултай үзэгдэл учир гэнэт хүчтэй газар хөдлөх магадлалтай.

-Сумын иргэд айж сандрах нь багассан уу. Иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн үү?  

-Газар хөдөлсөн эхний өдөр иргэд их айдас, түгшүүртэй байсан. Газар хөдлөх, аливаа зүйл дуугарах тохиолдолд цочиж, айж сандардаг байв. "Та бүхэн тайван байх хэрэгтэй. Хэрвээ айж сандарч байхдаа буруу шийдвэр гаргаж юманд цохиулж гэмтэж, бэртэх эрсдэлтэй" гэдгийг анхааруулсан. Сумын Онцгой комисс, холбогдох албан тушаалтнууд айл, өрхүүдээр орж зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Мөн иргэд цахимаар мэдээлэл авч байгаа. Одоо манай сумын иргэд анхан шатны түргэн тусламжийн мэдлэгтэй болсон.

-Газар хөдлөлтийн улмаас хэдий хэмжээний  хохирол учирсан бэ?

-68 өрх болон сумын төвийн албан газар болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргааны хана, багана, шал, таазанд цууралт үүссэн. Эдгээр барилга нь  анхан шатны мэргэжлийн хяналтын үзлэгээр цаашид ашиглах боломжгүй гэх үнэлгээтэй гарсан. Манай сумын хэмжээнд 96.5 сая төгрөгийн хохирол учирсан.  Сумын онцгой комисс холбогдох байгууллага болон ард иргэдийн хохирлыг барагдуулна.


Б.БААСАНСҮРЭН: Хөвсгөл нуурын 14 км-ийн гүнд үүссэн хагарал битүүрсэн үед газар хөдлөлт намдана гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188