• Өнөөдөр 2024-04-26

Төрд зоорь “шахсан” гэх “ОСМ агро трейдинг” ХХК-ийн ард Сангийн сайд Б.Жавхлан байна гэв үү

2022-05-16,   1271

     Төрд 25 тэрбум төгрөгийн зоорь “шахсан” гэх “ОСМ агро трейдинг” ХХК Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэрийн компанийн хаяг дээр бүртгэлтэй байна

 
      Чингис хаан банк улсад 280 орчим тэрбум төгрөгийн өртэй. Тэр дундаа Нийгмийн даатгалын санд 99 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банк өрөө төлөхгүй гурван жил гаруй гүрийж, гэдийсний эцэст эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зоорь өгөхөөр болсныг НДЕГ-ын дарга Д.Зоригт зарласан. Өрөндөө өгөх болсон тэр зоорь нь 600 хүүхдийн сургуулийн дайтай хэмжээтэй, зургаан тэрбум орчим төгрөгийн бодит үнэлгээтэй гэх атал 25 тэрбум төгрөгөөр үнэлж, төрд өгөхөөр болсон нь шүүмжлэл дагуулж буй. Хамгийн гол нь, “Чингис хаан банкны хэтийдсэн үнэтэй энэ “шахаа”-г хэн төрд оруулж ирж, дэмжүүлэв” гэдэг нь хариултгүй асуулт болоод буй юм.
 
Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Чингис хаан банкны төрд учруулсан өрөндөө “шахсан” 25 тэрбум төгрөгийн үнэтэй гэх агуулах нь Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай хэд хэдэн сэжмээр холбоотой болохыг баримтаар дэлгэж байна. 

ТӨРД 25 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗООРЬ “ШАХСАН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ОХИН КОМПАНИ “ОСМ АГРО ТРЕЙДИНГ” ХХК НЬ САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР А.СОЁЛМААГИЙН “НЬЮГОБИ ГЕЙТ” ХХК-ИЙН ХАЯГ ДЭЭР ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ БАЙДАГ

         Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр Амийль овогтой Соёлмаа нь Будням овогтой Батхүүтэй хамт “Ньюгоби гейт” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл “Ньюгоби гейт” ХХК нь төрд 280 орчим тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банктай гарцаагүй гурван сэжмээр холбогддог ажээ. 
 
1. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай хамт “Ньюгоби гейт” ХХК-ийг эзэмшигч Буднямын Батхүү нь Чингис хаан банкны 23 хувийн хувьцааг эзэмшигч Цэдэн-Иш овогтой Баярсайханы нөхөр. Өөрөөр бол, Б.Батхүү нь Чингис хаан банкны хувьцааг эхнэр Ц.Баярсайханаараа дамжуулан эзэмшдэг. Дээрээс нь А.Соёлмаа, Ц.Баярсайхан нар нь ч дотно найзууд юм билээ.  
 
2. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаагийн “Ньюгоби гейт” ХХК нь “Хан-Уул, 11-р хороо, С-17 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ хаяг дээр “ОСМ агро трейдинг” ХХК, “Органик солюшнс монголия агро” ХХК гэх хоёр компани давхар бүртгэлтэй байна.
 
 
     Тэгвэл “ОСМ агро трейдинг” ХХК-ийг Чингис хаан банк эзэмшдэг бөгөөд Хашчулуун овогтой Шижир-Эрдэнэ гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. “ОСМ агро трейдинг” ХХК нь Чингис хаан банкны газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний салбарын бизнес хариуцдаг компани. Тодруулбал, тус компани Сонгинохайрхан дүүрэгт 14 мянган тонн хүнсний ногоо хадгалах багтаамжтай зоорь барьж, ашиглалтад оруулсан бөгөөд өдгөө тэр зоорио Нийгмийн даатгалын ерөнхий газарт 25 тэрбум төгрөгөөр үнэлж, өрөндөө өгөхөөр гэрээ байгуулаад буй. Өөрөөр хэлбэл, сүүлийн өдрүүдэд хэл аманд өртөөд буй 25 тэрбум төгрөгийн үнэтэй “шахаа”-ны зоорь нь Чингис хаан банкны охин компани болох “ОСМ агро трейдинг” ХХК-ийнх юм. 
 
3. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаагийн “Ньюгоби гейт” ХХК-ийн хаяг дээр давхар бүртгэлтэй “Органик солюшнс монголия агро” ХХК-ийг Санжаа овогтой Будням эзэмшдэг. С.Будням нь Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай “Ньюгоби гейт” ХХК-ийг хамтран эзэмшдэг Б.Батхүүгийн төрсөн аав. Өөрөөр хэлбэл, Чингис хаан банкны 23 хувийн хувьцааг эзэмшдэг Ц.Баярсайханы хадам аав гэсэн үг. 

       Сонирхуулахад, С.Будням нь Сангийн сайд Б.Жавхланг 1993-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагчаар суралцаж байх үед тус сургуульд багшилж байсны сацуу Математикийн хүрээлэнгийн анхны эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар нь ажиллаж байсан, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Чухамдаа багш шавь байсан аж. 

       Түүнчлэн, С.Будням гурван хүүтэй бөгөөд том хүү Б.Инжиннаш нь Нийслэлийн агаарын чанарын албаны дарга, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн дарга байсан. Удаах хүү Б.Батхүү нь дээр дурдсанчлан Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай хамт “Ньюгоби гейт” ХХК-ийг эзэмшдэг, Чингис хаан банкны 23 хувийн хувьцааг эхнэр Ц.Баярсайханаараа дамжуулан эзэмшдэг. Бага хүү Б.Буяннэмэх нь газар тариалангийн бизнес эрхэлдэг, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Монгол Улсын Манлай уяач ажээ.

      Энэ бол Сангийн сайд Б.Жавхлан болон түүний эхнэр А.Соёлмаа нар “Ньюгоби гейт” ХХК-аар дамжуулан Чингис хаан банктай гарцаагүй холбогдож буй гурван сэжүүр. Товчхондоо, Нийгмийн даатгалын сангийн 99 тэрбум төгрөгийн өрөндөө 25 тэрбум төгрөгийн зоорь “шахах”-аар зориглосон Чингис хаан банкийг төрд хэн төлөөлдөг нь тодорхой харагдаж байгаа биз ээ. 

ТАЙЛБАР: С.БУДНЯМ ХӨВГҮҮД БОЛОН БЭРҮҮДИЙН ХАМТ
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.УЯНГЫН “ГУРВАН ОРГИЛ ТАУН” ХХК НЬ САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨН ХАНДИВ ӨГЧ БАЙЖЭЭ

         Түүнчлэн, Чингис хаан банк нь Хөгжлийн банканд 37.5 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн өр, 1.1 тэрбум төгрөгийн Арьс шир боловсруулах үйлдвэрийн дамжуулан зээлийн өр төлбөртэй буюу найдваргүй зээлдэгчдийн нэг. Тэгвэл Чингис хаан банктай дээр дурдсанаар тун ойр холбоотой Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банктай хэд хэдэн сэжимээр холбогдог ажээ. Түүний Хөгжлийн банктай холбогдох сэжүүрүүдээс нэгэн жишээг дурдъя. Сангийн сайд Б.Жавхлангийн 2020 оны УИХ-ын сонгуулийн зардлын тайлангаас үзвэл, түүний сонгуулийн сурталчилгаанд зориулж 76 иргэн, таван аж ахуйн нэгж 271 сая төгрөгийн мөнгөн хандив өгчээ. Б.Жавхлангийн сонгуулийн сурталчилгаанд зориулж хандив өгсөн таван компанийн нэг нь “Гурван оргил таун” ХХК. Тэгвэл “Гурван оргил таун” ХХК-ийг Балжинням овогтой Болормаа эзэмшдэг бол эцсийн эзэмшигч нь Баяраа овогтой Уянга гэх эмэгтэй ажээ. Сонирхолтой нь, Чингис хаан Банкийг Хөгжлийн банкнаас зээл авах үед Баяраа овогтой Уянгаа нь Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн зээлийн газрын Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан аж. Дэлгэрэнгүйг бид дараагийн дугаартаа хүргэх болно. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

Төрд зоорь “шахсан” гэх “ОСМ агро трейдинг” ХХК-ийн ард Сангийн сайд Б.Жавхлан байна гэв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-16 15:37:05
    Us: Баяраа овогтой Уянга гэдэг нь Жавхлан сайдын нууц амраг, залуу эхнэр нь шүү дээ. Хорвоо жоохон, бодол нь богино юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188