• Өнөөдөр 2024-04-24

СҮХБААТАРЫН ТЕНДЕРИЙН “МАФИ” БУЮУ Н.ГАНИБАЛЫН БАГИЙН НАЙЗ, БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ Г.ЭРДЭНЭЦОГТ 2021 ОНООС ХОЙШ 179 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

2023-06-05,   1519

      Төрийн түшээд тойрогтоо сургууль, цэцэрлэгийн барилга барих, авто зам тавих нэрээр төсөвт мөнгө суулгуулж, тэр мөнгөө хамаарал бүхий этгээдүүрээ дамжуулан тендер нэрээр төсвөөс авч “халаасалдаг” технологитой болоод удаж буй. Өөрөөр бол, түшээдийн түрийвчээ түнтийлгэдэг шалгарсан аргуудын нэг. Хамгийн наад захын жишээ нь, Х.Баделханыг УИХ-ын гишүүн болсноос хойш тойргийнх нь буюу Баян-Өлгий аймгийн авто замын бүх тендерийг төрсөн хүү Б.Көксеген нь “Жол” ХХК-аараа тоншиж, түүсээр толгой баячуудын тоонд орсон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибал ч яг ийм технологиор буюу Сүхбаатар аймгийнхаа тендерүүдийг “түүж” түрийвчээ түнтийлгэдэг байж болзошгүй баримтыг дэлгэж байна. 
       УИХ-ын гишүүн Н.Ганибал Гөлгөөгийн Эрдэнэцогт гэгчтэй “Мосмеп” ХХК-ийг 50, 50 хувиар хамтран эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлдэг. Судалж үзвэл, “Мосмеп” ХХК-ийг хамтран эзэмшигч Г.Эрдэнэцогт нь түүний багийн найз нь ажээ. Тодруулбал, Н.Ганибал, Г.Эрдэнэцогт нар 1992 онд Сүхбаатар аймгийн Баруун-урт хотын I сургуулийг хамт төгсжээ. Мөн Н.Ганибал, Г.Эрдэнэцогт нар Сүхбаатар аймгийн Сагсан бөмбөгийн шигшээ багт хамт тоглодог, салж хагацдаггүй сайн найзууд байж иржээ. 2020 оны УИХ-ын сонгуульд Н.Ганибалыг нэр дэвшихэд түүний сурталчилгаанд Г.Эрдэнэцогт хамгийн идэвхтэй ажилласан бөгөөд санхүүжилтийг нь ч босголцжээ. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Монсеп" ХХК-ийг хамтран эзэмшигч Г.Эрдэнэцогт нар, 1989 он. 
Тайлбар: Н.Ганибал, Г.Эрдэнэцогт нар, 2014 он.
Тайлбар: Н.Ганибал, Г.Эрдэнэцогт нар, 2019 он.
Тайлбар: Н.Ганибал, Г.Эрдэнэцогт нар, 2022 он.
      Хамгийн ноцтой нь, Г.Эрдэнэцогт нь өөрийн төрсөн эгч Г.Чимгээгийн нөхөр буюу хүргэн Б.Цогтсэргэлэнтэйгээ “Монголзам групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тендерийн цахим санд бүртгэгдсэнээр “Монголзам групп” ХХК нь Н.Ганибалыг УИХ-ын гишүүн болсны дараагаас буюу 2021 оноос эхлэн авто замын бүхий л том тендерүүдийг “ногоон гэрэл”-ээр түүдэг болжээ. Тус компанийн 2021 оноос хойш шалгарсан тендерүүдийн дүнг нэгтгэхэд 179 тэрбум төгрөгийн тендер авсан тооцоо гарч байна. Тэр тусмаа, Сүхбаатар аймагт төсвийн хөрөнгөөр барих авто замын тендерүүдийг алдалгүй авдаг юм байна. Жишээ нь, 2022 онд “Монголзам групп” ХХК төсвийн хөрөнгөөр авто зам барих есөн тендерт оролцож шалгарсны долоо нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зам барих тендер байжээ. Товчхондоо, Сүхбаатар аймгийн хаана, хэдэн төгрөгөөр авто зам барихыг болон санхүүжилтийг нь төсөвт суулгах ажлыг УИХ-ын гишүүн Н.Ганибал хөөцөлдөж, харин авто зам барих ажлыг нь   багийн найз, бизнесийн хамтрагч Г.Эрдэнэцогт нь “Монголзам групп” ХХК-аараа гүйцэтгэдэг гэж харагдаж байгаа юм. 
Тухайлбал, “Монголзам групп” ХХК нь: 
 
2021 онд
  • Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд 5.6 км хатуу хучилттай авто зам барих 3.9 тэрбум төгрөгийн тендер
  • Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын I багийн нутагт 3.0 км хатуу хучилттай авто зам барих 2.8 тэрбум төгрөгийн тендер буюу нийт 6.7 тэрбум төгрөгийн тендер авсан байна. 
2022 онд
  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцол барих 84.3 тэрбум төгрөгийн тендер
  • Хэнтий аймгийн Хэнтий аймгийн Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул сум хүртэл 71 км автозам барих 66.7 тэрбум төгрөгийн тендер
  • Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд Соёл амралтын хүрээлэн байгуулах 9.3 тэрбум төгрөгийн тендер
  • Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд хатуу хучилттай авто зам барих 1.2 тэрбум төгрөгийн тендер
  • Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын төвийн наадмын талбай хүртэлх 1.5 км хатуу хучилттай авто замын 3.0 тэрбум төгрөгийн тендер 
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс Зэвсэгт хүчний 338-р анги хүртэл хатуу хучилттай авто зам барих 404 сая төгрөгийн тендерт буюу нийт 164 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарчээ. 
     Харин 2023 онд буюу өнгөрөгч хоёрдугаар сард Хэнтий аймгийн Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул сум хүртэлх хатуу хучилттай замын нэмэлт 8.3 тэрбум төгрөгийн тендерийг аваад буй ажээ. 
 
Дээрх баримтаас үзвэл, Г.Эрдэнэцогтын “Монголзам групп” ХХК нь 2021 оноос хойш Улаанбаатар хот болон Хэнтий, Дорнод аймгийн хамгийн өндөр санхүүжилттэй тендерүүдийг сорчлон тоншиж, харин Сүхбаатар аймгийн авто замын тендерүүдийг бүгдийг нь түүжээ. Хоржоонтой нь,  УИХ-ын гишүүн Н.Ганибал багийн найз, бизнесийн хамтрагч Г.Эрдэнэцогтынхаа “Монголзам групп” ХХК-ийн барьсан авто замын нээлтүүдэд очиж, тууз хайчилдаг аж. Жишээ нь, “Монголзам групп” ХХК 2021 оны арваннэгдүгээр сарын 19-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын V тойргийн авто замыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгөхөд нээлтэд нь УИХ-ын гишүүн Н.Ганибал оролцжээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Ганибал “Бүхэл бүтэн Засгийн газар Дарханы замыг барьж чадахгүй байна. Харин бид төсвийн мөнгөөр ямар зам барьж чаддагийг харууллаа” хэмээн сайшааж, сайрхсан ажээ. 
 

СҮХБААТАРЫН ТЕНДЕРИЙН “МАФИ” БУЮУ Н.ГАНИБАЛЫН БАГИЙН НАЙЗ, БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ Г.ЭРДЭНЭЦОГТ 2021 ОНООС ХОЙШ 179 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 06:16:06
    Ө: Өө нөгөө архичин ганибал ч бас хулгайч байж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-05 13:53:07
    Зочин: Хийсэн ажлынх нь чанарын талаар бичнэ үү. Сайн ажил хийдэг бол ажил өгнө ш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188