• Өнөөдөр 2024-03-29

"ЭМЧ" ХАВАР

2024-03-09,   1421

           Харь эртийн дурсамж сэтгэлийн дотроос ургаж, гэгээн бодол тээж явах шиг сайхан зүйл үгүй. Ерөөс хавар бол уртаас урт бодол. Хөнгөн, зөөлөн, аниргүй, гэгээн, гуниг амтагдам бодлуудыг хавар л тээж явах хамгийн сайхан. Хавар бол бусдаас болоод өөрөө өөрөөсөө чөлөөлөгдөж, хаашаа ч хамаагүй гүймээр эрх чөлөөг бүтээгч. Хязгааргүй тэмүүллийг "нэрэгч". Түүнд шинэ зүйл гэж үгүй. Магад хаврыг шинэ гэж боддогт л хамаг учир бий. Түүнээс мянган жилийн өмнө, өнөөдөр ч хавар гэдэг адил зүйл. Гагцхүү урин цагийн мөн чанар л өөрөө бусдад шинэ мэт, шинэ амьдрал ирж буй мэт мэдрэмжийг өгдөг.

         Алив зүйл угтаа ямар шинж чанартай, өгөгдөлтэйгээсээ шалтгаалж, түүгээрээ оршин тогтнох, ойлгогдох тохиолдол бий. Яруу найрагч Д.Нацагддорж "Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд, эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ" хэмээн бичсэн нь дээрх утгыг илтгэж буй. Хаврын төрөлх шинж нь өөрөө таатай мэдрэмжийг өгч, далд бүхнийг ил болгодгоороо өвөрмөц. Ихээ орооцолдсон бодлоо хөвөрдөж, нэг нэгээр нь нэхэн санаж, гуниг баяраа тоолж суух нь ирж буй цаг. Нөгөө талаар бид хэтэрхий нэг талыг харж түүнд хандах аргагүй. Гараад л алхахад өвгөрсөн модод, гудамжны хаа нэгтээ амь тавьж буй навчис, оройгоосоо даарсан уулс гээд л үгүйрч, доройтож, уйтгарлаж буй бүхэн бишгүй олон бий. Тэднийг анагааж, амийг нь аврагч нь хавар. Ийм л нэг анагаагч, аврагч чанартай. Зүйрлэвээс хаврын улирал сэтгэл заслын эмч юм уу даа. Тэнгэрийн тунгалаг өнгө, шувуудын уянгат жиргээ,   уулсын наахнаар хүүшлэн татсан манан, хөвөн шиг цагаан үүлс гэнэт л бараан хараар солигдож цас юм уу бороо орно. За тэгээд сэвэлзүүр салхи, нүүр нүдгүй "балбах" шороон шуурга гээд хаварт байгалийн үзэгдэл цөм бий. Тэгэхээр юмс цөм хаварт оршиж, хүний сэтгэл тэр бүхэнд сүлэгдэж, зан чанар аясаар дагадаг болов уу. Хаврын өглөө эртийн тунамал сайхан агшин бол хэний ч өвдсөн, шархалсан, гунигласан сэтгэлийг эдгээж, "Урин цаг ч сайхан шүү" гэж тайтгаруулж, тайвшруулдаг гэмээр. 
Үүндээ л тэр "эмч хавар юм. Хүнээр ярьвал өөрт орших бүх мөн чанар, алсуур уриад буй дулаан улирлаараа тэр хөлдүү бүхнийг гэсгээж, зөөллөж, урсгаж, уяраадаг. 
             Цаашлаад бусдыг тэтгэж, дэмнэж, цэцэглүүлдэг хавар шиг хүн ч байж болох. Хүн болоод юмсын шинж чанар, төрх байдал угтаа нэг. Цэцэг услах, цэнгэг горхи хоржигнон урсах, газрын хэвлийд нялх ногоо цухуйх, зөөлөн бороо ганц нэгээр тусах бүгдээр таатай мэдрэмж. Ёстой даянч хүмүүн цөмийг нь харж баясаж, сэтгэлийн доторх гуниг бүхэн цэлмэмээр таатай. Хүн бүр энэ хорвоо дээр даянчилж яваа. Хаврын улирал харин нэгэн өртөө нь. Гэхдээ хамгийн сайхнаар эдгээдэг өртөө. Хөр цастай хөхөө өвлийн хүйтнийг давахдаа хаварт л хүрчихвэл учир бий гэж тийш тэмүүлж, хүнд өгдөг түмэн гайхамшигт нь автсаар л. Ингэж баяр жаргал, хүлээлт дүүрэн ирэх хавар надад Д.Нямсүрэн найрагчийн 
 
Бороо ганц нэг дусах сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр рүү орох сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах сайхан... гэх догдлом болоод бахархалт мөчүүд санаанд бууж, эрхгүй сайхан бүхэн рүү зорьж яваа мэт итгэл төрдөг.
 
         Ингэж л сэтгэлээрээ бүрэн эмчлэгддэг болохоор хаврын улирлыг "эмч" гэж оноогоод байгаа юм. Яг одоо болжмор жиргэж, модод нахиалахаа хүлээн намбайж, тэнгэр цас, бороо аль нэгийг нь унагахаар бүүдийж байна. Одоо сэтгэл минь зундаа, намартаа, за ерөөс хэсэгтээ л нам сайхан "цэлмэлээ". Хүний сэтгэлийн халгиа хаврын цас шиг, хамаг бүхэн хайлах шиг хавар л цалгин урсдаг юм байна. Дахиад ийм хавар энэ амьдралд олон гэхээр эрхгүй сэтгэлийн жавар бүрмөсөн арилж цөм дотор минь цэцэглэн, жиргэх шиг л санагдана. Хүндэт "эмч" хаварт мэхийе.

"ЭМЧ" ХАВАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188