• Өнөөдөр 2024-04-20

УЛААН ТАВАН ХОШУУТАЙ ШИНЭ ЖИЛ

2023-12-31,   1121

   Цаа буга хөллөсөн сүйх тэрэгтэй урт цагаан сахалтай өвлийн өвгөн, цаасан ууттай бэлэгтэй шинэ жил бидний багад болдог байлаа. Ерөөс шинэ жилээр үлдсэн дурсамжинд минь дээрх зүйлс бүгд багтаж, тэртээ үлдсэн шинэ жилийн баяраа нэхэн бодно. Он цаг ерөөс урагшилахын хэрээр сайнаасаа муу руу явж, юмс зузаанаасаа нимгэрч байх шиг. Хэрэв цаг хугацааг одоо цагаас өнгөрсөн рүү очихоор тааруулсан бол муу нь сайн руугаа, нимгэн нь алгуур зузаарах байсан байх. Гэвч он цаг хэдийн гараанаасаа гарчихсан.

  Харин өнгөрснийг эргүүлэн авчрах ганц боломж нь дурсамжаа уудалж буулгах. Дотор минь түмэн янзаараа овоорсон олон өнгийн дурсамжаа эмхлэн цэгцэлж, эгнүүлэн өрөх шаардлагагүй. Тэднийг зүгээр л тэр цагт нь дурсаж, санаж баймаар. Тэгээд богцлон хадгалж, цааш олон дурсамжаар дүүргэмээр. Үүнийг өгүүлэхийн учир уншигч тантай өөрийн дурсамжийн богцоос нэгийг задлахыг зэхэв.

-ӨВЛИЙН ӨВӨӨГӨӨС БЭЛЭГ АВАХ БОЛСОН МИНЬ-

 Би тэр үед тавдугаар ангийн сурагч байв. Хоёр салаа үстэй, ангийнхнаасаа биеэр жижиг болохоор хамгийн урд сууна. Багшийн ширээтэй ойр эхний салааны хамгийн урд талын ширээ бол миний хэн ч маргашгүй, халдашгүй суудал. Ерөөс би тэр суудал дээр ахлах ангиа төгстөл суусан. Шинэ оноос хориод хоногийн өмнө багш уламжлал ёсоор бидний нэрстэй урт цагаан ватум цаас самбарын хажууд наагаад, улаан таван хошуугаар өрсөлдүүлнэ. Хамгийн их таван хошуу авсан нь өвлийн өвгөн ааваас бэлэг авах юм. Шалгуур нь гэрийн даалгавраа хийсэн байх, анги дээр үзсэн хичээлийн нэмэлт даалгавар, шүлэг цээжлэх, хуулан бичлэг хийх, алдаагүй цээжээр бичих, таван бодлого бодох. 

   Заасан хугацаанд ерөөс дээрх зүйлсийг хийснээр таван хошуу авч, өвөөгөөс бэлэг авах. Тэгээд бүр ангиас нэг л хүүхэд. Хурдхан шинэ жил болж, багш уралдаанаа зарлахыг хүлээж байсан миний хувьд "Одоо л яг авья" гэсэн бодол төрж, хэрэндээ хичээнэ. Багшийн уралдаан зарласан долоо хоногт байн байн хананд наасан цагаан цаас руу гүйж очин хэн илүү таван хошуу авсныг бүртгэнэ, өөрийнхөөгөө тоолно. Тэгээд л тоондоо алдсандаа харамсаж, "За яг маргааш л авна даа" гэж бодсоор дуусгадаг байв. Ингэж би дөрвөн жил хоцорч, таван хошууны оноо дутсаар тав дахь жилдээ арван таван хошуугаар илүү гарч хүсэн хүлээсэн өвлийн өвгөн ааваас бэлэг авах боллоо. Хүссэндээ хүрсэндээ ихэд баяр хөөр болж, тэр үедээ л ниссэн байх.

Багшийн уралдаан зарласан долоон хоногт байн байн цагаан цаас руу гүйн очиж хэн илүү таван хошуу авсаныг бүртгэнэ

 Шинэ жил болохын урьд шөнө нь маргааш өвлийн өвгөнөөр нэрээ дуудуулж, алиалагчаар хүргүүлэн бэлэг авна гэхээс нойр үл хүрнэ. Шөнөжин тооноор тусах сарны гэрэл рүү ширтэж, өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа өөрийгөө төсөөлнө. Тэгснээ гэнэт өөр хэн нэгэн бэлгийг маань авчих вий гэж айна. Ингэсээр нэг л мэдэхэд унтаж, ээжтэй зэрэгцэн хамгийн хурднаараа босно. Өнөө өглөө бүр ээжээр дуудуулж, нойрмоглон босдог би эл өглөө харин хамгийн сэргэлэн, цовоогоороо босож ирсэн юм. Ээж ч "Миний охин өнөөдөр өвлийн өвгөнөөс бэлэг авна" гэж намайг хөөргөнө. Одоо бодоход бараг төрийн шагнал хүртэж байгаа аятай л тэр өглөөг угтаж билээ. 

-УЛААН ХАЦАРТАЙ, УЛААН ЦАМЦАТ-

 Сургуулийн шинэ жил ч товлосон цагтаа боллоо. Энэ өглөө би сурсан дадлаараа ээжээрээ хоёр үсээ сүлжүүлээд, улаан цамц, жинсэн өмд өмдөөр гангарав. Ээж үсийг минь сүлжихдээ ус амандаа хийж байгаад үс рүү минь цацна. Тэгэхэд би мөрөө хавчиж, норсон болжмор шиг болдог сон. Тэгээд духны хоёр талыг хойш нь татан, мөлчийтөл нь самнана. Энэ дагуу тэр өглөө ч мөн урьдын адил үсээ самнуулаад гарлаа. Шинэ, хуучин хоёр он болсон дунд ангийн хоёр хүүхэд шинэ жилийн арга хэмжээг эхлүүлж, араас нь бүжиг, дуу явсаар. Өнөө бэлгээ өгөх мөч нь болдоггүй. Би ч хүлээж байгаад хэсэг унтсан байв. Тэгтэл гэнэт "5 б Бямбасүрэн" гэсэн дуу хадаж, өвлийн өвөө намайг дуудаж байв.

Би сурсан дадлаараа ээжээрээ хоёр үсээ сүлжүүлээд, улаан цамц, жинсэн өмдөөр гангарав.

  Урьд шөнө нь бэлгээ бодсоор нойргүй хоносон би гэдэг өнөө бодож, хүсэж, мөрөөдсөн бэлгээ жаахан нойрмог, ув улаан хацартай, улаан цамцтай очиж авч билээ. Тэгэхэд л би өвлийн өвөөгөөс анх удаа онц сурч, бэлэг авсан юм. Түүнээс хойш би ахлах ангид орсноос улаан таван хошуугаар өрсөлдөхөө больсон юм. Гэсэн ч догдлол, хүлээлт, аз жаргал дүүрэн улаан таван хошуутай тэр шинэ жил санаанд гацуур модны тоглоом шиг өлгөөтэй байх бөгөөд хааяахан түүнийг би барьж, эргүүлэн тойруулж, шинэ жилээр санан дурсдаг юм. Тэгээд л шинэ жил гэхээр надад нэн түрүүд таван хошуу бодогдож, тэртээд авсан бэлгээ үгүйлдэг юм.


 


УЛААН ТАВАН ХОШУУТАЙ ШИНЭ ЖИЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188