• Өнөөдөр 2024-04-24

ЦАС, АМЬДРАЛЫН ЗУДАН ДУНДУУР-II

2020-12-17,   12800

-Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн Бага булан хэмээх буйдхан газар амьдардаг Ж.Оюунбат гуай сүүлийн 10 жил сумын төв ороогүй гэлээ-

          Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Тэшиг сумыг өглөө эртлэн зорьлоо. Идэр есийн хүйтэн жавар тас нясхийн  шилбүүрдэн тачигнах аж. Биднийг нутгийн дээс алхах үеэр цас хялмаалж, гүн их ой угтлаа. Сумын төв ойртох тусам цасны зузаан нэмэгдэж байв. Хутаг-Өндөр сум морины тушихаар цастай байсан бол Тэшиг сум бодын гэдсээр татах хэмжээний цастай байлаа. Замд тааралдах айлын өвөлжөөний ойр орчимд бог мал тусгайлан гаргасан жимээр ар араасаа бөөцийн цуварна. Энэ их цасан дундаас мал өвс олж идэх ямар ч боломж алга. Тэшиг сумын нутагт өдөртөө -40 хэмийн хүйтэн тачигнаж, шөнөдөө -55 давж байна. Гэхдээ энэ нь нутгийнхны хувьд дандаа л болдог өвөл нь аж. Энэ ч үүднээс өөр аймаг, сум руу малынхаа аяыг дагаж одсон малчин цөөн бололтой. Булган аймгийн Онцгой байдлын газрынхан цас их орсны дараа сумд руу хүрэх замын цасыг зайлуулж, тэгшилдэгийн тусаар замын саад бараг л байсангүй.

        713 дахь километр. Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн Бага булан хэмээх газарт орших уулсын өвөрт хоорондоо зайтайхан чандмалан буусан гурван гэр, хэчнээн арван оны өмнө барьсан уу гэмээр дүнзэн байшингийн гадаа ирлээ. Байшингаас 185 сантиметр элбэг хүрэх өндөр, 60 орчим насны эрэгтэй биднийг угтахаар гарч ирсэн нь Ж.Оюунбат гуай байв. Улаанбаатараас өөрийг нь зорьж ирснийг мэдсэн тэрбээр “Хэлж ярилгүй ирдэг яасан сонин хүүхдүүд вэ. Ядаж мах чанаад хүлээж байх байлаа. Улаанзагалмайнхны сайн үйлст хил хязгаар гэж байдаггүй гэдэг үнэн юм байна. Монголын хамгийн хойт мухарт байгаа бид хоёрыг хаа байгаа тэндээс зориод ирж байдаг” гэсээр биднийг гэртээ орууллаа. Хойморын орон дээр 70 орчим насны эмэгтэй сууж байсан нь Оюунбат гуайн эгч аж.

      Өмнөх таван жилийн өвөлтэй харьцуулахад тачигнасан жавар ихтэй, цас бударч орох нь илүү байгаа гэнэ. Шуурахаасаа будрах нь цасны зузааныг нийт нутгаар жигд нэмж, дагтаршихад гол нөлөө болдог учир хор хөнөөл нь илүү аж. Цас эрт орсноос малын бэлчээр муудаж, малчид чадлынхаа хэрээр бэлтгэсэн өвс, тэжээлээрээ бордож байгаа ч энэ жил гарз ихтэй байхаар байгааг 40 гаруй жил мал малласан туршлагаасаа харж байгаагаа тэрбээр ярьсан юм. Түүнчлэн “Зурагтаар яриад байгаа зуд, хүндрэл одоохондоо Монголын аль ч нутагт болоогүй байна. Ирэх сарын дундаас л өвөлжилтийн хүндрэл эхэлнэ. Цас ханзарлаа ч дор нь өвсгүй учраас байдал хүндрэх байх. Хаварт найдаад цасны бараанаар хамаг өвсөө малдаа өгөөд байвал ирэх хавар байгаагаа тавиад туучихна гэж залуу малчдад сануулмаар санагдах юм” гэв.

      Тэр төрсөн цагаасаа хойш энэ буйдхан хөндийд амьдарч байгаа хоёрхон хүний нэг нь. Нөгөө нь түүний эгч Ж.Даваа. Түүнээс хамгийн сүүлд хэзээ Улаанбаатар орсон бэ гэж асууснаар энэ тухай мэдсэн юм. Тэрбээр “Манайхаас сумын төв хүрэхэд 31-хэн километр зай бий. Гэхдээ ах нь сумын төв ороогүй 10 жил болчихлоо. Ирэх дөрөвдүгээр сард 11 жил болно. Залуудаа улсынхаа нийслэлийг үзэх юмсан гэж бодож, мөрөөдөж явсан ч амжаагүй. Гэхдээ би эгчийнхээ дэргэд сум, орон нутаг үзсэн хүн. Эгч сумын төв битгий хэл урд даваа ч давж үзэлгүй өдий хүрлээ дээ” гэв. Тэдний энэ хөндийд төрсөнөөсөө өнөөг хүртэл амьдарч буйн шалтгаан нь төрөлхийн хөлний үе мултрал, гажигтай төрсөн Даваа гуайг асарч буйтай холбоотой гэнэ. Энэ талаар “Бид эхээс дөрвүүлээ. Хоёр дүүгийн нэг нь Тэшиг суманд, нөгөө нь өөр газар амьдарч байна. Эгч бид хоёр ирэхдээ л энд дуусах хувьтай төрсөн шиг байгаа юм. Эгч төрөлхийн хөлний гажигтай. Үүнийг нь эмчлүүлж, эдгээх гэж аав, ээж хоёр минь их үзсэн ч чадаагүй. Ээжээс хойш миний гарыг харж амьдарч байна. Эгчийгээ асрах, хэдэн малаа харах ажлын дороос босож чадахгүй байсаар сумын төв орох ч завгүй 10 жил өнгөрсөн байна. Аав, ээжийгээ байхад би Закаменскт руу гарч жижиг сажиг ажил хийдэг, ойрын хэдэн сумаар бас явж үзсэн. Түүнээс өөр газар үзээгүй гэж болно” гээд инээвхийлэв.

       Тэгснээ "Хүн явснаараа биш харж, сонсож, уншсанаараа дэлхийг таньж болно. Энэ зурагтыг хэдэн жилийн өмнө бага дүү авчирч өгсөн юм. Бидний ертөнцийг харах цонх энэ болоод удаж байна. Би Өвөрмонгол, Буриад, Бээжингийн цаг агаарыг хардаг юм. Ирэх хавар тэгтэл хүйтрэхгүй. Харин өнгөрсөн зун гантай байсны зуд л болохоор байгаа. Ойн тухай хуулийг хэчнээн удаа өөрчилж, янз янз болгов. Ой мэдэхгүй, мод мэдэхгүй, ойд ирж үзээгүй хэдэн хүн албан тасалгаанд сууж байгаад л Ойн тухай хууль баталчихаж байна. Шинэ хуулиар иргэд ойгоос мод бэлтгэж болохгүй болсон. Гал түлэх модоо бэлтгэхийн тулд сум, орон нутгаас зөвшөөрөл авна. Тэгээд мэргэжлийн мод бэлтгэдэг хүн хөлсөлж, модоо хөрөөдүүлнэ. Унанги мод байсан ч авах эрхгүй болсон. Үүнийг та нар мэдэж байгаа байлгүй дээ, эрхбиш” гээд зурагтныхаа дууг чангалав. Дугуй төмөр хайрцагт хийсэн дүнсэн тамхиа гаргаж, бор цаасанд ороон асаах зуураа “Нутгийн иргэд модоо хайрлаад унанги түүж байхад хажуу сум, өөр газраас ирж байгаа нөхөд хайр найргүй хөрөөдөөд аваад явчих юм. Модны зөвшөөрөл гэж гоё нэртэй, айхтар юм байна. Байгалиа сүйтгэх зөвшөөрөл гэсэн үг шүү дээ, уг нь” гээд тамхиа баагиулан суув.

       Миний “Та огт гэрлээгүй юм уу” гэсэн асуултыг сонсоогүйдээ ч юм уу, эсвэл хариулахыг хүссэнгүй юү “Бидний амьдарч байгаа энэ газрыг нутгийнхан Давааны ар гэдэг юм. Тэшиг сумын хойд давааны ард байдаг суурин гэсэн үг. Биднийг багад энд сумын дайтай айл өрх, буриад түмэн амьдардаг байлаа. Он жил өнгөрөх тусам хүмүүсийн тоо цөөрсөөр уугуул гэж хэлж болохоор цөөхөн айл үлдээд байна. Тэдний нэг нь манайх. Урд харагдаж байгаа гурван гэрт бас хөгшчүүл амьдардаг. Өглөө босоод яндангаас нь утаа гарч байвал “Өнөө хэд сайн хоножээ” гэж боддог болж. Тэр хэдийн хэн нэг нь манайд ирэхээрээ “Өглөө танай яндангаас утаа гарч байна уу” гэж хамгийн түрүүнд хардаг гэдэг юм. Давааны арын уугуул иргэд бие биеэ амьд эсэхийг яндангийнхаа утаагаар мэдсэн шиг амьдарч байна” гэв. Тэдний өрхийн орлого гэвэл эгчид нь улсаас сар бүр 128 мянган төгрөгийг группын мөнгө гэж өгдөг бол Оюунбат гуайд эгчийгээ асарсаны төлбөр гэж 58 мянган төгрөг олгодог аж. Энэ мөнгөн тэтгэмжийг сумын төвд амьдарч байгаа дүү нь итгэмжлэхээр аваад хоол, хүнсийг нь сар сард нь базаагаад өгчихдөг аж.

       Гэр дулаацахад амар гээд ханан пийшингээ ил зуухаар солиод хэдэн жил болж байгаа гэнэ. Бид мод оруулахаар гарах замаараа малын саравчийг сонирхохоор очлоо. 20-иод ямаа, саалийн гурван үнээндээ хэтэрхий томдсон өвөлжөөнийхөө үүдэнд зогсоод тэрбээр “Хэдхэн жилийн өмнө өвөлжөөгөө даруй томруулахгүй бол багтахгүй тооны малтай байлаа. Үлдээгээд байгаа нь энэ хэд. Эднээс илүү тоотой бол бие дийлэхгүй, хөл гүйцэхгүй болох шинжтэй. Байгаа хэд маань энэ хавьдаа чанартайд нь орно шүү. Энэ өвлийг өлхөн давна” гээд инээвхийлэв. Тэгснээ “Ямар ч хүйтэн өвлийг дундуур идэш, дулаан хэвтрээр давдаг юм. Гол нь малчны хөдөлмөр, ухаан хэрэгтэй. Бидний багад гэрийн хаалга давсан их цас ганцхан шөнийн дотор л орчихсон байдаг байлаа. Нимгэн газраараа морины гэдэс хүрдэг байсан санагддаг юм. Тэр үед бидний ээж, аав хотоо харлуулалгүй л хаврын сүүлч сартай золгодог байсан. Хэн их хөдөлмөрлөнө, тэр л үр шимээ хүртэнэ гэдэг үг мал маллахтай л холбоотой гарсан үг байх” гэж хэлээд малын сарааныхаа дээврийг хүртэл шахуу өрсөн хагалж, бэлтгэсэн модноос хормойлоод эргэв. Гал өрдөхийг нь харах зуураа “Танайд хоол, хүнсний юу юу байгааг үзэж болох уу” гэхэд “Мах голдуу л юм байгаа даа. Бид хоёрын иддэг, хийж чаддаг хоол гэвэл хар шөл, бантан л байна. Өөр бас дүүгийн авчирсан хэдэн чихэр бий. Бид хоёрт түүнээс илүү юмны ч хэрэг байхгүй дээ. Зуны цагт сүү, цагаагаараа болгочихдог” гэлээ. Түүнээс “Та ядаж сумын төвийнхөө хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг хармааргүй байна уу” гэхэд “Их сайхан болсон гэсэн. Хамгийн сүүлд очиход Улаан булангийн дэлгүүрт аймгийн төвөөс янз янзын бараа ирсэн байсан. Өөртөө нэг цамц, эгчид одоо би тамхиа хийчихээд байгаа төмөр хайрцагтай чихрийг худалдаж авч байлаа. Ирэх хавраас сумын төв ормоор ч санагдаад явчих чинь. Хотоос ялгарах юмгүй, бүх л үйлчилгээ ирсэн гэдэг” гэснээс өөрийг ярьсангүй.

Манайхаас сумын төв хүрэхэд 31-хэн километр зай бий. Гэхдээ ах нь сумын төв ороогүй 10 жил болчихлоо. Ирэх дөрөвдүгээр сард 11 жил болно. Залуудаа улсынхаа нийслэлийг үзэх юм сан гэж бодож, мөрөөдөж явсан ч амжаагүй. Гэхдээ би эгчийнхээ дэргэд сум, орон нутаг үзсэн хүн. Эгч сумын төв битгий хэл урд даваа ч давж үзэлгүй өдий хүрлээ дээ

          713 километр зам туулан байж түүнд өгөхөөр авчирсан Хүнс, ариун цэврийг багцаа гардуулахад “Сэтгэл багадна гэж байдаггүй юм. Энэ уулын бөглүү аманд эгчийг харж, хэдэн малаа бараадаж 20-иод жилийг өнгөрүүлсэн ч улс намайг мартаагүй юм байна гэж ойлголоо” гэв. Холдох тусам жижгэрэх дүнзэн байшинд үлдсэн хоёр хөгшний тухай бид хэсэгтээ л ярив. “Хэн нэгэн бүсгүйтэй гэр бүл болохоор гэртээ авчирсан ч байнгын асаргаатай эгч, хүний бараа тэр бүр харагддаггүй бөглүү суурин хоёроос нь болоод тогтож үлдээгүй ч байж мэднэ” гэж хүртэл ярив. Мод хормойлоод гэр рүүгээ буцаж явахад нь би түүнээс “Та эгчийгээ аваад ядаж сумын төв орж амьдарч болдоггүй юм уу” гэхэд “Залуудаа яваагүй байж одоо юу хийх вэ. Шөнө орой болсон ч хаана бүдрэхээр, ямар чулуу байдгаа мэддэг болтлоо дассанаараа эндээ байсан нь дээрээ” гэснийг саналаа.

        Тэндээсээ бид сумын төв рүү буцлаа. Тэшиг суманд өдгөө  буриад, халх үндэстэй 3500 гаруй хүн амьдарч байна. Тус сум нь Монгол орны төвийн бүсийн хамгийн хойт хэсэгт оршдог бөгөөд 771.9 мянган га газарт нутагтай. Түүний 87 хувийг ой мод эзэлдэг. ОХУ-тай 140, баруун талаараа Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган сумтай 130 км, өмнө талаараа Хутаг-Өндөр сумтай 80 км, зүүн талаараа Сэлэнгэ сумтай 77 км газар нутгаар хиллэдэг аж. Бид Тэшиг сумын төв дээр ирээд Ж.Оюунбат гуайн ярьж байсан Улаан булангийн дэлгүүр хаана байгааг сураглахад “Тэр дэлгүүр байхгүй болсон. Газар дээр нь шинэ барилга бариад удаж байна” гэлээ.

Нутгийн иргэд модоо хайрлаад унанги түүж байхад хажуу сум, өөр газраас ирж байгаа нөхөд хайр найргүй хөрөөдөөд аваад явчих юм. Модны зөвшөөрөл гэж гоё нэртэй, айхтар юм байна. Байгалиа сүйтгэх зөвшөөрөл гэсэн үг шүү дээ


ЦАС, АМЬДРАЛЫН ЗУДАН ДУНДУУР-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-21 23:45:23
    зочин: Харин ч энэ нутагтаа болж бүтээд амьдарч байгаа нь амар жимэр сайхан юм бн. Хотод бол 128+58=286 мянган төгрөгөөр хотод амьдрах бүү хэл түлээ нүүрс нь хэд билээ дээ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-19 13:38:10
    Зочин: Хуучнаар Хантай сумын 7-р баг өнөөгийн Тэшиг сумын Хужрын баг өвөг дээдсийн минь төрж өссөн нутаг. Эмээ минь үймээний жил буриадууд их орж ирсэн гэж ярьдаг байж билээ. Уугуул ард түмэн нь халх ястангууд байгаа юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-09 22:13:20
    Batxishig: Dawaanii ar gej estoil bitvv mod sxan gazar daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-21 07:49:30
    Зочин: энэ хүнтэй нилээд олон жил зэргэлдээ хадлан хийж байлаа, эгч нь бас л хэцүү харагддаг, ах л асарч байгаа шүү дээ, цаашид эрүүл энхийг хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-19 12:14:14
    Зочин: Улаан загалмайнхан суумгай эмээд тэргэнцэр өгөх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-19 00:08:53
    Зочин: Ёстой амар амгалан амьдарч байгаа хүмүүс байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-18 13:48:47
    Zayaa: Goy goy tvvh ,sonin hachin ih yaridag mundag owoo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-18 11:01:53
    Зочин: 70 давхарт амьдардаг Зомбинууд 2 хөгшинөөс их юм сураасай ажилгүй мэдлэг боловсролгүй хорооноос тэтгэмж аваад хүүхдийн мөнгөөрөө архиддаг хөдөө аж ахуйд ажиллаж амьдрах үнэн дургүй хот бузарласан хүн сүргүүдыг хүчээр тараагаад ойд хаячих юмсаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-18 07:48:58
    dygar bolormaa: huuhed baihdaa jijig jaamaa ahiindaa ochij zusdag bailaa maanitad zusdag bailaa jigmud guaig mudnuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-18 05:51:14
    Нутгийн хүн: Нутгийн 2.тоо эрүүл энхийг хүсьe. 20.ooд жилийн өмнө нутгаар очиход ээж нь Жигмэд гуай гэж хөгшин 80 гарсан хирнээ нуруу нь цэх өндөр сайхан хөгшин ухаан нь цэв цэлмэг намайг таниад бидний сурагч байсан үeийг дурсаж охиноо асраад амьдарч байна даа гээж сууж байсан. Энэ сайхан баян хангайдаа сэтгэлийн зовлонгүй эрүүл биeтэй саруул ухаантай илүүд шунахгүй дутууд гутрахгүй харинч жаргалтай амьдарч байгаа буянтай буурлууддаа энэ 2 маань. Давааны ар ч хүн зоны хөл хөдөлгөөн ихтэй нутаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-18 00:06:14
    Tsolmon: Ervvl enh urt udaan naslaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 23:57:45
    Zochin: Ene 2 hogshin 2uulahnaa hunii gar haralgui amidardag yum bilee. Ongorson ovol 2 sard ochihod 2 arviin huvin modon damnuurgand hiij uureed usand yvaad irj bsan. Ih ondor nuruutai, ih ch medee medeeleltei hun bn lee. Oin tuhai bol bur ch ihiig meddeg lekts unshuulaad garsandaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 23:57:23
    Zochin: Ene 2 hogshin 2uulahnaa hunii gar haralgui amidardag yum bilee. Ongorson ovol 2 sard ochihod 2 arviin huvin modon damnuurgand hiij uureed usand yvaad irj bsan. Ih ondor nuruutai, ih ch medee medeeleltei hun bn lee. Oin tuhai bol bur ch ihiig meddeg lekts unshuulaad garsandaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 23:02:19
    Oktyabri: 1999 ond ene nutagt ajillaj amidraad 6 jil bolson yum ter ued ax ch zaluu baij dee saixan nutag zon olon ch saixan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 21:34:48
    Amarjargal : Bi ene nutagiin hun yag manaihtai ail baisan humuus ene bol ymarch hetruuleggui unen bn manai aav yrij baisan Oyun bat oiriin 10 jil sum oroogui gej baisan bi huuhed baihdaa ene ailiihaar orj garch baidag baisan Davaa guai talhaa zuuraad barichihdag galaa tuleed bj baidag baisan mulhuud ger dotorhoo bolgood baidag bn odoo nas ni undur bolson bolhoor hiij chadahgui bolson baih daa huurhii nutagiin hoer hugshchuud dee eruul enhiig husei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 21:18:58
    Баярлалаа: Сайхан бичжээ, сурвалжилга ч юм шиг, тэмдэглэл ч юм шиг, хүүрнэл ч юм шиг, өгүүллэг ч юм шиг. Сайхан хүмүүс хөдөөдөө, буйддаа жаргалтай амьдарсан нь дээр дээ. Хот руу, төв газар руу явахын ч хэрэг алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 20:45:29
    ner: Saihan amidarch baigaam bainaa. Hotiin zahad ideh hool ch gui guigachin shig amidarch baigaa humuusees l deer bas uursdiin gesen heden maltai, maliinhaa ur shimeer amidarchihdag, harj uzeh ah duutei humuus yum baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 18:55:08
    Irgen: Arai l hetruulchij naad ailiin chini urduur hiliin tseregiinhen yavdag tuv zam baidag bas deesh doosh ailuud ruu yavah hudulguun ihtei shuu. Olniihoo buyangaar bolgood baidag yum ene 2 hugshin. Ter sum orj uzeegui gedeg n oorsdiinh n shiidel baih.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 16:04:59
    Зочин: Энэ хүмүүс их буйд хэцүү амьдардаг юм бна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 15:53:39
    зочин: Шимтэн сонирхож уншлаа. Өгүүлэл энгийн мөртөө уран яруу бичигджээ.Ойрд ийм гое бичлэг уншаагүй.Зохиогчид баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188