• Өнөөдөр 2024-03-28

Я.ЭРДЭНЭСАЙХАН: Цар тахлын үед программ хангамж, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ амжилттай ажиллаж байна

2020-12-01,   1478

-ЖДҮХС-гаас 64 төсөл 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон-

 
ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.
 
-Сайн байна уу. Коронавирусийн халдвар дотоодод тархсан нь илэрснээр нийгэм, эдийн засагт маш том хүндрэл гарч байна. Тэр тусмаа ЖДҮ-ийн хувьд энэ нь том цохилт болохоор байна. ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийн олонхийнх нь орлого тасалдаад эхэллээ. Энэ тал дээр танайхаас тодорхой судалгаа гаргасан уу?
 
-Манай орны хувьд COVID-19 цар тахлын улмаас хөл хорионы арга хэмжээ авсан нь хүнс, эрүүл мэндээс бусад чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа бүрмөсөн зогссон байдалтай буюу зах зээлийн эрэлтийг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас үүдэн санхүүгийн дарамтанд оруулж, олон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эрсдэл улам  нэмэгдэж байна.  МҮХАҮТ-аас энэ сарын 23-25-нд нийт 3530 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс “Хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгаа”, Зээлийн батлан даалтын сангаас 420 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс “ЖДҮ500” тандалт судалгаа авсан.
 
Судалгааны дүнг танилцуулбал: 
  • Халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ нь бизнест их хэмжээгээр нөлөөлсөн гэж судалгаанд оролцогчдын 94-96 хувь,

  • Хөл хорионы үед үйл ажиллагаа нь бүрэн зогссон гэж 66-69 хувь, 

  • Судалгаанд оролцогсдын 72 хувь нь бизнесийн зээлтэй,

  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй, 

2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 тоот тогтоолд тусгасан арга хэмжээний дэмжлэг болсон байдал
 
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацаанд өөрчлөлт оруулах 50%
  • Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, түгээлт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулахад чиглэсэн арга хэмжээ 29%
  • Хилийн боомтуудыг халдвар, хамгааллын онцгой дэглэм, горимд бүрэн хүчин чадлаар ажиллуулах 24%
  • Аж ахуйн нэгжийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор бэлэн байдал зарласан хугацаанд хүлээн авах бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг сунгах 15%
  • Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд идэвхжүүлэх 14%
  • Татвар төлөгчийн улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад илүү төлөлтийг татварын өрөнд суутгах 12%
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дотоодын барааг худалдан авах 11%
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний төлбөрийг түргэн шуурхай барагдуулж ажиллах 11%
  • Импортын оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 9%
  • 41 хувь нь Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар ч нөлөө үзүүлэхгүй, 45 хувь нь зарим талаараа нөлөө үзүүлнэ,
  • Бизнес эрхлэгчдийн 58 хувь нь Бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгохыг хүсэж байна.
  • 95 хувь нь үүсээд буй хүндрэл бэрхшээлийг туулахад нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн судалгаа гарчээ.
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд ЖДҮ-д шууд чиглэсэн дэмжлэг тааруу байсан 
-Цар тахлын үед аль чиглэлийн салбарт илүү сөрөг нөлөө гарч байна вэ?
 
-Цар тахлын нөлөөлөлд аялал жуулчлалын салбарын 63 хувь, боловсруулах үйлдвэрийн 61 хувь, үйлчилгээний салбарын 59 хувь, худалдааны 53 хувь нь өртсөн байна.
 
-Мөн эсрэгээрээ энэ үед ашигтай ажиллаж байгаа салбаруудын талаар талаарх судалгаа бий юү?
 
-Энэ үед программ хангамжийн үйлдвэрлэл, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ амжилттай ажиллаж, ачааллаа дийлэхгүй байна.
 
-Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ЖДҮ эрхлэгчдэд чиглэсэн, аж ахуйн нэгжид дэмжлэг болж чадахаар арга хэмжээ байсан уу? 
 
-Шууд чиглэсэн дэмжлэг тааруу байсан.
 
-ЖДҮХС-гаас зээл олгох тал дээр өмнө нь маш том асуудлууд гарч байсан. Одоо яг энэ зээл олголт ашиг сонирхлын зөрчилгүй, жинхэнэ үйлдвэрлэгчдэд хүрч чадаж байгаа юу. Хэн хяналт тавьж байна вэ?
 
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны хөнгөлөлттэй зээл хүссэн төслөөс шаардлага хангасан 112 төслийн сонгон шалгаруулалтын сүүлийн шатны арга хэмжээг 2020 оны арваннэгдүгээр сарын 27-29-нд анх удаа цахим хэлбэрээр хэлэлцүүлэн шалгаруулж, 64 төслийг 9.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх шийдвэр гарлаа.
 
-Үйлдвэрлэгчдэд ямар бодит дэмжлэг хэрэгтэй байна вэ?
 
-Одоогийн нөхцөл байдалд ЖДҮ эрхлэгчдэд,
 
Нэгдүгээрт: Үндэсний хэмжээнд эсвэл байгууллагын түвшинд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зай барьж зарим үйлдвэр үйлчилгээний байгууллагыг ажиллуулах, ажиллах нөхцөл бололцоог хангах, ажлын цагийг уян хатан зохион байгуулах зэрэг арга хэмжээ авах.
 
Хоёрдугаарт: Хатуу хөл хорио сунгасан тохиолдолд эдийн засгийн болон экспортын гол салбаруудын үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах.
 
Гуравдугаарт: Ажлын байраа хадгалж буй бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх. Ингэхдээ:
  • Богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх

  • Цар тахлын нөлөө хүндээр туссан салбарын аж ахуйн нэгжүүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох

  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд  цалингийн зардалд татаас өгөх

  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлд татаас өгөх буюу чөлөөлөх

  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тогтмол зардлыг санхүүжүүлэх, ашиглалтын буюу урсгал зардалд дэмжлэг үзүүлэх (түрээс, цахилгаан, уур, ус, дулаан)

  • Арилжааны банкнаас бизнесийн зориулалтаар авсан ЖДҮ эрхлэгчийн зээлийн хүүгийн зөрүүд Зээлийн хүүгийн татаас олгох (зээлийн хүүгийн таван хувь орчимд татаас үзүүлэх)

Дөрөвдүгээрт: Үйл ажиллагаагаа өртгөтгөх зорилгоор импортоор оруулж буй жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх
 
Тавдугаарт: Ковидын нөхцөл байдлын улмаас ТБОНӨХБАҮХАТХ-ийн хүрээнд зохион байгуулах худалдан авалтыг хялбарчилсан горимоор зохион байгуулах шаардлагатай.
 
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг сунгах шийдвэр гарсан. Гэхдээ зээлээ хойшуулаад орлого олох боломжгүй бол тухайн бизнесийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй шүү дээ. Зээл хойшлуулах хүсэлтээ хүлээж авч эхэлсэн үү?
 
-Хүсэлтээ цахимаар хүлээн авах зохицуулалт хийсэн. Засгийн газрын 202 0 оны 183 дугаар тогтоолын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулах хүрээнд ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны “Зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А-373 дугаар  тушаалыг боловсруулан батлуулсан. Тушаалын хүрээнд хэвийн зээлдэгчийн үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн хугацааг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл сунгах, хэвийн бус зээлдэгч төлбөрөө барагдуулж хэвийн зээлийн ангилалд шилжсэн тохиолдолд дээрх хугацаагаар төлбөрийг хойшлуулж болохоор тусгасан.

Одоо зээлийн эргэлтэд яваа 2020-2025 онд төлөгдөх 262 тэрбум төгрөг байна

-Энэ онд нийт хэчнээн төгрөгийн эргэн төлөлт хийгдэх ёстой байв. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар дараагийн зээл авах аж ахуйн нэгж, иргэнд хүндрэл үүсэх үү?
 
-Ковид-19 халдварын улмаас улс оронд бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, үүссэн нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдалтай уялдуулан зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах болсон.
 
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2020 онд 50 тэрбум төгрөг, 2021 онд 34.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн орлогыг төвлөрүүлж, зээл олгох, 41.3 тэрбум төгрөгийн бондын төлбөрийг барагдуулах үүргийг Сангийн яамтай 2020 онд байгуулсан “Төлбөр барагдуулах тухай” 190412/08-100/35 гэрээгээр хүлээсэн.
 
Гэвч дээрх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан энэ онд 18.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, Сангийн хувьд  хөнгөлөлттэй зээл олгох, бондын өр төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд улс оронд үүсээд буй нөхцөл байдал,  Засгийн газрын дээрх шийдвэрийг харгалзан Засгийн газрын бондын өр барагдуулах хугацааг хойшлуулах саналыг Сангийн Сайдад хүргүүлсэн.
 
-ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжийн эргэн төлөлт цаг хугацаандаа хийгдэж чаддаг уу. Одоогоор буцаан төлөх ёстой хэдий хэмжээний өр хуримтлагдсан бол?
 
-Одоо зээлийн эргэлтэд яваа 2020-2025 онд төлөгдөх 262 тэрбум төгрөг байна.
 
-Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрд нэг сая төгрөг олгож, үүнийхээ 800 мянган төгрөгөөр нь үндэсний үйлдвэрлэлээс худалдан авалт хийх хэрэгтэй гэх санаачилга гаргасан. Энэ нь үйлдвэрлэгчид дэмжлэг болж чадах уу. Сангийн сайд үүнийг “Харин ч үндэсний үйлдвэрлэгчид хүндрэл учирна” гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Үүнийг өрхөд өгөхөөс гадна үйлдвэрийг дэмжих чиглэлээр олгоод эрэлт нийлүүлэлтийн сүлжээгээ тасралтгүй хангах боломж бүрдүүлсэн нь дээр гэж бодож байна. Хэчнээн худалдан авагч талд мөнгө өгөөд худалдан авах бараа нь эрэлтээ хангаж чадахгүй бол сүлжээ тасарна.
 

Я.ЭРДЭНЭСАЙХАН: Цар тахлын үед программ хангамж, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ амжилттай ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-15 06:20:02
    MARIA MONGOLIA NEWS: want to sell your kidney for $700,000usd contact [email protected]
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188