• Өнөөдөр 2023-06-03

БОЛДОГ СОН БОЛ УТААТАЙ ӨВЛИЙГ БААВГАЙ ШИГ ИЧЭЭНДЭЭ ӨНГӨРҮҮЛЭХ СЭН...

2023-05-28,   5039

              Адтай, сэргэлэн, эмэгтэй юм аа, тэр. Хэзээний л шуугиулж байсан тэр хэд хоногийн өмнө “Баавгай болох сон” киноныхоо баг хамт олонтой Францын Каннын кино наадмын улаан хивсэн дээр алхаж, дэлхийн үзэгчдийн өмнө бүтээлээ нээлээ. Зорьж, зорсон зорилгоо давуулан биелүүлсэн түүнд баяр хүргэе. Өөрийн амьдралын жишээн дээр тулгуурлан өнөөгийн нийгмийн гол тулгамдаж байгаа асуудлын нэгийг барьж авч кино хийсэн нь түүнийг Канн хүртэл алхуулж чадлаа. Анх 2017 онд болсон утааны эсрэг жагсаал дээр анх эл бүтээлийнхээ санааг олсон гэдэг.

         “Баавгай болох сон” киноныхоо талаар тэрбээр  “Би өөрөө гэр хороололд өссөн. Утаа манай улсад тулгамдаж байгаа гол асуудал. Ингэхдээ гэр хорооллынхныг санаатайгаар нүүрс түлж, хотоо хордуулж, утааг үүсгээд байгаа юм шиг ойлгож, ярьдаг. Энэ байдал миний эмзэглэлийг төрүүлсэн” гэв. Кинонд 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг бөгөөд хэдийгээр асар том мөрөөдөлтэй боловч өдөрт нэг шуудай нүүрсний төлөө хэрхэн хичээж зүтгэж байгаа тухай гардаг байна.  Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болох сон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлснээр энэ бүтээлийн урт зам эхэлжээ. Мэдээж бодож олсон санаа, бүтээлээ хүмүүст хүргэхийн тулд зохиолч, найруулагчийн өөрийн хичээл зүтгэл хамгаас чухал. Үүнийг Золоо найруулагч сайн мэдэх бөгөөд байнгын л эрэл хайгуул хийдэг, үргэлжийн тэмцэгч. Түүний энэ зогсошгүй зан чанар сайн сайхан хүмүүстэй уулзуулж, киногоо гаргах боломж бүрджээ. Ингэж эхэлсэн “Баавгай болох сон” киноны баг хамт олон өнөөдөр Каннын кино наадамд оролцож, баярыг мишээл татуулан алхлаа.  

-“БААВГАЙ БОЛОХ СОН” КИНОНЫ ХЭЛЭХ САНАА ХҮН БҮРИЙН ХҮСЭЛ-

          Золоо найруулагч ганцхан өөрийн хүсэл, санаа, зохиолыг хүргэх гэж зорьж яваа юм биш. Тийм дээ ч хандив босгох арга хэмжээ зохион байгуулж, гар бичвэрээ дуудлага худалдаагаар оруулаагүй. Тэр өнөөдөр Каннын наадамд нийслэлчүүд, тэр дундаа гэр хороололд амьдардаг хэн бүхний хүсэл мөрөөдлийг хүргэн зогсож байгаа. Хэлж ярьсаар улиг болчихсон л болохоос хэн бүхэн хүйтэн өвөл гал түлж, утаа униартай орчинд амьдрахыг хүсэхгүй байгаа. Энэ чин хүслийг тэр Канн хүртэл хөтлөн алхаж чадлаа. Одоо харин тэр өөрийн бүтээлийг монгол үзэгчиддээ хүргэх л үлдлээ.

-ТҮҮНИЙ ХАМТРАГЧИД-

                      Каннын кино наадмын улаан хивсэн дээр Каннын кино наадмын улаан хивсэн дээр алхах авьяаслаг хүүхдүүдийг уншигч та харсан биз ээ. Тэд бол “Баавгай болох сон” киноны жүжигчид бөгөөд Золоо найруулагчийн үнэнч хамтрагчид. Кино багийнхан анх гэр хорооллын амьдралыг бодитоор нь үзүүлэхийг зорьж, мод хагалж, худгаас ус түрчихдэг хүүхэд тоглуулахаар эрэлд гарчээ. Дүрээ сонгосон тухайгаа найруулагч “Эхний шатанд 200 гаруй хүүхэд бичлэгээ явуулснаас хэд хэдэн хүүхдийг сонгож уулзаад проб хийлээ. Тэдний дундаас Үүрцайхын Батцоож гэдэг хүүхдийг анх хараад миний киноны гол дүр яг мөн байна даа гэж бодсон. Дараа нь харин дүүд нь тоглох хүүхдийг хайж  “Ид шидийн орон” дээр нэг өдөр дүрийн сонгон шалгаруулалт авлаа. Тэгсэн нэг сэргэлэн хүүхэд надад хүүхэд олж өгөөд л тэр хавиар гүйгээд байна шүү. “Одоо чамайг сармагчин болгоно, одоо чамайг арслан болгоно” гээд гадаад хүлээж байгаа хүүхдүүдэд хэлээд байна. Тэгээд л тэр сэргэлэн хүүг сонгосон” гэнэ. Мөн тус киноны олны хэсэгт  Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүд, нийслэлийн 72-р сургууль, “Шинэ Монгол” сургуулийн хүүхдүүд тоглосон байна. “Баавгай болох сон” киноны гол дүрд тоглосон Ү.Батцоож Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч. Тэрбээр багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй, кинонд тоглохыг хүсдэг байсан нь энэ кинонд тоглосноор биелэж, жүжигчин мэргэжлээр сурах урам зориг нь улам нэмэгдсэн тухайгаа бидэнд онцлон ярьсан юм. Мөн энэ бүтээлд Золоо найруулагчтай хамтран ажилласан олон хүмүүс байгаа бөгөөд тэдгээрээс онцлон ко-продюсераар ажилласан С.Батхишиг, ерөнхий зураглаач Д.Давааням нарыг онцлохгүй өнгөрч болохгүй. За тэгээд хамтран ажилласан, киноны арын албанд ажилласан 40 гаруй хүн түүний хамтрагчид.

-КИНОГОО ХИЙХИЙН ТУЛД БАЙРАА ХҮРТЭЛ ЗАРЖ ЗЭЭЛ АВЧЭЭ-

Кино хийх хүсэлтэй хүн олон ч санхүүгийн хүндрэл бэршээл хамгийн хүнд. Золоо найруулагч энэ бэрхшээлийг мэдээж тооцоолсон нь лавтай. Тэрбээр киногоо хийхийн тулд кино төслөө олон тэтгэлэгт хамруулж. Түүнээс гадна хамтарч ажилласан Төрийн бус байгууллага болон Монголын хувийн компаниуд гээд дэмжиж, тусалж болох бүх л газарт хандсан гэдэг. Мөн байраа хүртэл зарж зээл авсан байна.

-НАЙРУУЛАГЧААР СУРАХААР АРЛЫН ОРНЫГ ЗОРЬСОН НЬ-

        П.Золжаргал хэрхэн найруулагч болсон, яагаад кино зохиол бичих болсон тухай энд өгүүлье. Цөмийн физикч болох мөрөөдөлтэй байсан  тэрбээр найруулагч мэргэжлийг сонгосон нь сонирхолтой юм билээ.

          Тэрбээр эхээс хоёулаа бөгөөд 2003 онд тэдний гэр бүл Зүүн салаа руу нүүснээр тэр гэр хорооллын хүнд нөхцөлд хүмүүс хэрхэн амьдардгийг өөрийн биеэр мэдэрчээ. Ээж нь дэлгүүр ажиллуулдаг байсан болохоор өр зээл тавих улс, хоногийн хоолтойгоо арай ядан хэрхэн залгадгийг ёстой л нэг харж өссөн байна. Тиймээс энэ ахуй орчноос гарах ганц зам сайн сурах хэмээн зүтгэж, өөрөө өөртөө зорилго тавьсан нь түүнийг арлын оронд найруулагчаар сурах боломж руу хөтөлжээ. Энэ тухай тэрбээр “Улсаас медаль авсан хүүхэд тэтгэлэгтэй сурдаг болохоор энэ сургуульд орж сайн суралцаад улсын олимпиадаас медаль авна гэдэг шинэ зорилго өөртөө тавилаа. Удаа ч үгүй “Шинэ Монгол” сургуулийн элсэлтийн зар гарч шалгалт өгтөл тэнцчихлээ шүү. Их сургуулийнхаа төлбөрөө өөрөө олно гэж ээждээ амласнаар их сургуулийн төлбөрт зориулахаар хадгалж байсан мөнгөөрөө хувийн сургуульд элсэв. Манай сургууль сургалт сайтайгаас гадна дугуйлан, секц олонтой. Миний нөгөө зориглож чаддаггүй байсан драмын дугуйлан хүртэл байгааг мэдээд тэнд явж эхэлсэн” гэнэ. Ингээд арван жилээ төгсөх дөхөж тэтгэлэгийн эрэлд гарч явахад нь сургууль нь  Японы Оберлин их сургууль манай сургуультай хамтарч ажиллахаар болжээ. Ингэж тэтгэлэгт сонгогдсон хоёр хүүхдийн нэг болон найруулагч мэргэжлээр сурахаар арлын орныг зорьж байсан байна.

-БУСАД БҮТЭЭЛ-

             Тэрбээр  “Нүцгэн гэрэл”, “Шат”, “Шар автобус” гээд өвөрмөц нэртэй, ондоо санаатай бүтээл түүнийх. Өөр байх гэж, өөрөөр сэтгэх гэж ямагт өөртэйгээ тэмцэж, өөрийгөө шахаж, оюун санаагаа нэрж суудаг түүний бүтээл бүхэн тодорхой амжилтыг гаргадаг. Тэрбээр “Нүцгэн гэрэл” кинондо анхлан багагүй бүтэлгүйтэж, “Шат” киногоороо шат ахисан. Одоо харин “Баавгай болох сон” киногоороо Каннын улаан хивсэн дээр алхаж явна. Түүнд болон түүний баг хамт олонд улам их амжилт хүсье.


БОЛДОГ СОН БОЛ УТААТАЙ ӨВЛИЙГ БААВГАЙ ШИГ ИЧЭЭНДЭЭ ӨНГӨРҮҮЛЭХ СЭН...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 04:32:00
    Ч цэнд: таалагдлаа амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188