• Өнөөдөр 2023-02-01

ТЭР ТУНАРЧ МЭЛМЭРСЭН ТУНГАЛАГ ХАРЦ

2022-10-21,   402

         Түүний тунарч мэлмэрсэн тунгалаг харц, зүүн нүднийх нь доод талын дусал хар мэнгэ, намирсан урт үс, өндөр нуруу, яралзсан цагаан шүдтэй танхи төрх монгол киноны хальсад Индиан бүсгүй, Сүрэн, Солонго, Нарангаравын дүрээр мөн ч гайхам буусан сан. Зоригт дайчин индиан бүсгүй, даруухан мөртлөө шийдэмгий оюутан, хилийн заставт дулаахан инээмсэглэх сурвалжлагч эмэгтэй, цэл залуухан үзэсгэлэн төгөлдөр Нарангарав бол монголчуудын зүрх сэтгэлийн соронз болсон дүрүүд.

     Алс бөглүү уулын энгэрт торойх ганц гэрт үстэй дээлтэй, сүлжсэн урт гэзгээ арагш унжуулж, лоовуузан малгай өмсөж, дүрлэгэр алаг нүд эргэлдүүлэн охиноо тэврэн суух хэлгүй эмэгтэй, хотод очоод дугуй бүрх малгай өмсөж, үе, үе хошуугаа өмөлзүүлдэг Жинжиймаагийн дүр яагаа вэ гэж уншигч та гайхан байна уу. Мэдээж юу гэж мартах билээ. Хөдөөгийн эгэл даруухан бүсгүйн дүрээс хотын дэгжин эмэгтэй болж хувирсан түүний эл дүрийг үзэгчид бодит амьдралд тохиосон мэтээр сэтгэлдээ төсөөлөх нь бий.  Иймдээ ч түүнийг Н.Батцэцэг гэхээс илүүтэй Жинжиймаа гэвэл таних биз ээ. Тэр үзэгчдийн харцыг, сэтгэлийг ингэж л булаасан нэгэн.  Одоо ч Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг гэхээр юуг ч юм өгүүлэх тунарч мэлмэрсэн том алаг нүд өөдөөс ширтэх шиг санагддаг.

       Хэлгүй эмэгтэй дүрд чадварлаг гэгч нь тоглосон түүний “Сийлэн бөөр” киноны Сийлэн, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” киноны ээжийн дүрийг ч дурдахгүй байхын аргагүй. Ингээд харахаар түүний дүрүүд хүний зүрх сэтгэлийн “хальс”-нд буусан гэвэл илүүтэй онох юм байна. Эд бол түүний кино урлагийн ертөнцөд орсноос хойших тоглосон бүтээлүүд. Анхлан харин Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч түүнийг "Их бүрдийн домог" киноны Нарангаравын дүрд сонгосноор Н.Батцэцэг гэх ийм нэгэн уран бүтээлчтэй үзэгчид танил болж, үзэх дуртай болсон гэдэг. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал түүнийг анх хараад "Ийм сайхан охин гэж бас байдаг аа" хэмээн уулга алдаж байсан гэх нь бий. Тэр урлагт тийм л сайхан харц, үзэсгэлэн гоо, намба төрхөөрөө алхаж чадсан уран бүтээлч. Магадгүй түүнд зохисон хамгийн донжтой хэр нь хариуцлагатай дүр нь Цагаан сүүний домог уран сайхны киноны хатны дүр биз ээ. Эх хүний хатуужилтай хийгээд намбалаг дүрийг тэр эл дүрээрээ тов тод өгүүлсэн.

-ТОДРУУЛАГЧ НЬ О.МАШБАТ НАЙРУУЛАГЧ-

        Н.Батцэцэгийг "Суварган цэнхэр уулс", "Гэрлэж амжаагүй явна", "Их бүрдийн домог уран бүтээлээр урлагт хөтөлсөн бол цааш илүү тодруулж түүнд тохирсон, тун сайхан зохисон бүтээлийн дүрийг оноосон хүн бол түүний нөхөр найруулагч О.Машбат. Тэрээр “Монголжин” студийг нээж, олон сайхан зохиол бичиж, кино болгон найруулсан нь Н.Батцэцэгийн тоглосон дээрх бүтээлүүд. Үндсэндээ найруулагч дүрээ олж, дүр нь бүтээлээ олж байсан он жилүүд тэднийх. Өнөө дэлгэцэд хэзээ ч үзсэн амт нь буурашгүй уран бүтээлийг Н.Батцэцэг жүжигчний залуу сайхан насыг тэр чигээр нь буулгасан гавьяа бол О.Машбат найруулагчийнх. Тэрээр эхнэртээ зориулж,

Хармаар сайхан гэлцээд байхаар нь

Харах л гэж сураглаж очсон юм аа

Эрдэнийн хэлтэрхийг элгэнд тэврүүлсэн

Эхийн тэнгэр чамайгаа олсон юм аа... гэж бичсэн байдаг. Ёстой л хармаар, хайрламаар сайхан эмэгтэй тэр мөн. Түүнийг нь ч О.Машбат найруулагч харамгүй сайхан илэрхийлж, хэн бүхний үзэх дуртай уран бүтээлийн санд үлдээсэн. Одоо ч хүмүүс "Гэрлэж амжаагүй явна" киноны оюутан охин Сүрэн, "Суварган цэнхэр уулс" киноны сэтгүүлч эмэгтэйн дүрд хайртай. Нэг тийм зөөлөн дөлгөөн, цаанаа нэг дулаахан дүрээр хүний зүрх сэтгэл, тэр дундаа цэрэг болон уурхайчин хүний хайр сэтгэлийг илэрхийлсэн уянгын киноны хөг хэмнэл, төрхөд тун зохицсон сэтгэлд дотно дүрүүд. Түүний дүр ярихаасаа илүү харцаараа өгүүлж, харц нь өмнөөс нь бүхнийг өгүүлж байдаг. 

   -ААВЫН ХАЙРТАЙ ОХИН БОЛОХООР ӨӨРТЭЙ ИТГЭЛТЭЙ ӨССӨН-

          Харахад, даруу дөлгөөн, тайван, их сайхан уянгалаг хоолойтой тэрбээр багадаа сахилгагүй, их хөдөлгөөнтэй охин байж. Тэрбээр энэ тухай "Би багадаа эрэгтэй хүүхэдтэй их тоглодог, эрэмгий, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Цана тэшүүрээр гулгаж, хөл бөмбөг тоглодог халимаг үстэй охин байлаа. Аавын хайртай охин болохоор хэнээс ч айхгүй хэлэх гэсэн үгээ зоригтой хэлдэг, юманд ер эргэлздэггүй, эр хүчтэй, өөртөө итгэлтэй өссөн. Багаасаа кино их үздэг, жүжигчдийг их таньдаг, дотроо нууцхан жүжигчин болох хүсэл тээдэг охин байв. Тэгж явсаар дээд сургуульд орлоо. Нэгдүгээр курсэд нэг өдөр хичээл тараад байж байтал Ц.Цэрэндорж, МУГЖ М.Бадамгарав хоёр ангид ороод ирэв. Тэгэхэд М.Бадамгарав гуай надаас их олон зүйл асуусан, би ч сандраад. Хожим намайг Кино үйлдвэрт жүжигчнээр ороход Бадамгарав гуай тэтгэвэртээ гарч, би оронд нь орж байсан сонин түүхтэй. Тэр үед кинонд тоглоход их олон сорилт давдаг байлаа. Фото сорилд орно, хоёр дахь шатанд киноны сонгон шалгаруулалтад орох зэрэг гурав дөрвөн шатыг давж тэнцдэг байв. Ингэж л кино урлагт алхаж орсон түүхтэй" хэмээн ярьсан. Түүний эрх танхи, өөрийнхөөрөө, хэнд ч баригддаггүй, урсгал ус шиг зоргоороо зан чанар нь цөм ааваас улбаатай аж. Аавын ирлэж, хурцалсан ийм л зан чанар түүнийг урлагт өдгөө хүртэл амжилттай яваад нөлөөлсөн байх. Нөгөө талаар алтан үеийн чанга уран бүтээлчдийн гарт орж, "шүүсээ шахуулж" явсан болохоор авьяас, мэдрэмж, жүжигчний өгөө, аваатай уран бүтээлч.

          Түүний тоглосон дүрүүд  ихэд гуниглангуй, үргэлж бодолд дараатай явна. Эсвэл дотоод ертөнцөөрөө тоглоно. Н.Батцэцэгийнхээ хувьд тэр харин багийн зан шигээ дэггүй нэгэн биш. Нэг тийм зөөлөн мөртлөө хөнгөн гунигтай, намс хөдөлгөөнтэй. Хоолой нь ч их содон. Тэр өөрийн тоглодог уран бүтээлийн хилийн цэнхэр хязгаар шиг аниргүй, дотогш гүн нэгэн. Тэгснээ галт тэргэнд сайн болсон хэндээ ч сэтгэлээ илэрхийлчих хачин шийдмэг зан цухалзана. Хунгийн дууг дуулдаг шигээ нүүрэмгий, өөртөө итгэлтэй ч байх. Хамгийн гол нь тэр сайхан харц, дулаан инээмсэглэл, наргианч зан төрх харчуудын дундуур туучиж явсан. Хамгийн харцыг татаж явахын жаргал, зовлонг хоёуланг нь тэр мэдэрсэн. Гэхдээ харьж буцашгүй мэт үзэсгэлэн гоо төрхөө хамаг залуудаа харамгүй олон бүтээлд үлдээж, өдгөө эргээд харахад уянгын киног бол ёстой хашрааж явж. Түүний тоглосон бидний үзэх дуртай хуучны кинонуудад хэрэв өөр хүн тоглосон бол түүн шиг дотроосоо, харцаараа тоглолт хийж, өгүүлж чадах байсан болов уу. Мэдэхгүй л юм. Гэхдээ О.Машбат найруулагч түүнийг хараад л хүний сэтгэлийн утсыг хөндөх сайхан бүтээлүүдийнхээ санааг олсон байх даа гэж боддог юм. Хэчнээн хүн түүний тоглосон бүтээлийг үзэж, уйлж, уярч, догдолсон бол. Хэчнээн хүний зүрх сэтгэлд Жинжиймаа, Сүрэн, Солонгын дүр амьдарч, дурсах тутам дотно байгаа бол.

 

   Ийм л нэг зөөлөн, даруу, хайр татам эгэл төрх өдгөө ч бидний дунд бүтээлээ туурвисаар буй. Түүнийг үргэлж уран бүтээлийн халуун тулганд "дүрэлзүүлж" явсан нөхөр нь, хайртай найруулагч нь байхгүй болсноос хойш уран бүтээлийнх нь илч буурав уу гэж таадаг. Өдгөө бол тэр намдуу, дотогш, зөөлнөөс зөөлөн болсон шиг санагддаг.          Тэр бол О.Машбат найруулагчийн олж харж, Монголын урлагт  буулгасан эгэл даруу гоо үзэсгэлэн. Мөнхүү эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх дуу хоолой. Хорь гаруйхан настай жаахан охин байхаасаа л урлагт дурлаж,  жүжигчин гэх энэ гайхам мэргэжлийг сонгож алхсан. Тийм сайхан ховор монгол төрх, үзэсгэлэн, чин сэтгэлийн инээмсэглэлийн хажуугаар өнгөрөхгүй найруулагч, эр хүн гэж үгүй. Ёстой л харчуулын халуун гол шиг харцан дундуур туучиж л явсан.  

        Тийм ээ, Н.Батцэцэг бол өрнө зүгээс үлээж буй зөөлөн салхи. Авьяас болоод мэдрэмжийн торгон утас. Зовлон, жаргал хоёрыг тэнцүү хуваан амсаж яваа эмэгтэй.

        25 дугаар суваг телевизийн "Танай хоноё" нэвтрүүлгийн багийнхан гэрт нь очиход ганцаараа тулганыхаа өмнө суугаад ганцаардлын тухай ярьж суусныг уншигч, үзэгч та санаж байгаа болов уу. Залуудаа хамаг бүхний өмнө гайхуулам сайхан, олонтой, сайн нөхрийн нөмрийг түшиж явсан тэрбээр өдгөө гэрийнхээ "буйдхан" өрөөнд суугаад л амьдралаа, залуу насныхаа хайр сэтгэл, дэлгэцэд үлдээсэн өөрийн залуу насаа харж суугаа. Үүгээрээ тэр харин насны оройд хачин ганцаардаж буй. Нэвтрүүлэг хийж, кинонд тоглох гээд дэлгэцийн бүхий л төрөлд өөрийгөө сорьж алхсаар эргээд харахад үзэгчдийн хайртай , зүрх сэтгэл нь хоногшсон хамгийн сайхан дүрүүдийг үлдээжээ. Ийм нэгэн тунгалаг харц, дусал хар мэнгэ, намирсан урт үс, яралзсан цагаан шүдтэй танхи төрх Монгол киноны хальсанд үлдэж, хүний зүрх сэтгэлд тэр л хэвээрээ оршсоор байна. 

 

 


ТЭР ТУНАРЧ МЭЛМЭРСЭН ТУНГАЛАГ ХАРЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-21 07:26:39
    үзэгч: за яршигаа! зүний оронд о.оюунд шавъяат өгчихдөгүй юм байхдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188