“Эргэлт” сэтгүүл “Захидлаар ярилцъя” булангийнхаа анхны зочноор Франц Улсад ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч Б.Эрдэнэсолонгыг урилаа. Тэрбээр “Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэг”-ийн тэргүүн бөгөөд “Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг”, “Ирээдүйн дурсамж” хэмээх яруу найргийн, “Ихэл хатны найман цагаан домог” нэртэй туульсын ном бичиж, уншигчдын хүртээл болгосон Монголын шинэ үеийн яруу найргийн томоохон төлөөлөгчдийн нэг билээ.
-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Захидлаар ярилцах эхний захиа маань танд хүрэх өдрийн мэнд хүргэе. Одоо энд нэгдүгээр сарын 17-ны 00:40 цаг болж байна. Идэр дөрвөн ес хаяанд ирсэн энэ үед Улаанбаатарт хэдийнэ хаврын урь орчихсон, дулаахан гэж жигтэйхэн өдөр өнгөрлөө. "Дөрвөн есийн хүйтэнд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө" гэдэг сэн. Одоо ч идэр есийн хүйтэн гэж үхэр доромжилсон л юм болж" гэж шагшицгааж байна. Харин Улаанбаатараас хэдэн мянган километр хол Францад суугаа таныг хэрхэн өвөлжиж байгаа вэ гэж сонирхож байна. Өнцөг булан бүрдээ гайхам хайрын түүх, хосуудад зориулсан газартай гэгддэг Францад амьдрах сайхан уу. Танайхан болон танай хүн сайн байгаа биз ээ.
Холын нутагт суугаа тантай захидлаар ярилцлага хийх болсон түүхийн маань эхлэл их сонин. Арван жилийн сурагч байхдаа би тантай таны “Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг” яруу найргийн номоор “танилцаж”, номын тань хуудсуудыг хэдэн хэсэг болтол нь дахин дахин “үнгэсэн”. Тэр цагаас Б.Эрдэнэсолонго гэх яруу найрагч миний хувьд хэзээний танил шиг ойр дотно санагдах болсон. Тэгээд ч зөвхөн яруу найраг гэлтгүй Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг төгссөн, үг үсэг холбож, шүлэг бичиж, сэтгүүлчээр ажиллаж байсан гээд бидний түүх цөөнгүй зүйлээр давхцаж байгаад урамшин тантай захидлаар ярилцлага хийхийг хүссэн юм. Тиймээс ч яруу найраг, сэтгүүл зүй, эсээ өгүүллэгийн энэ замыг хэдийнэ гаталж, туулж үзсэн танаас бичлэгийн олон төрлөөр бичих нь үгийн хүнд хэр чухал ажил, дадал, туршлага болдог вэ гэж асуумаар байна.
Бас аль эртийн “Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг” түүврээ одоо эргэж харахад юу бодогддог вэ?
Таны яруу найргийн хоёр түүвэр дэх шүлгүүдээс цөөнгүй нь дууны үг болсон. Тэдэн дундаас өдгөө урсгал, түүхээрээ хэдийнэ хүндэтгэл хүлээсэн “Нисванис” хамтлагийн дуу болсон нь олон. Зөвхөн “Нисванис”-аар зогсохгүй амьд хөгжмийн хэд хэдэн уран бүтээлч, хамтлаг таны шүлгээр дуу бүтээсэн. Тиймийн учир танаас яруу найргийн мөн чанарын тухай болоод яруу найраг, хөгжим хоёрын холбоо, тэд танд хэр чухал вэ гэдгийг онцгойлон асууя.
Таны хэвлэлд өгч байсан хэд хэдэн ярилцлагыг уншсан. Гэхдээ бага насны түүх, багадаа ямар хүү байсан талаараа төдийлөн яриагүй байна лээ. Ер нь ч таны шүлгүүдийг уншиж байхад багын дурсамжаас ганц, нэг зурсхийхээс ном, бүтээлдээ ч багын түүх, намтар, дурсамжаа оруулдаггүй шиг санагддаг. Тиймээс таныг бага насныхаа тэр гэрэлт (гэгээгүй ч байж мэдэх) түүхээсээ хариу захидалд хуваалцана гэж найдъя.
Дөнгөж анхны захидлаа илгээх гэж байж арай их асуулт “тулгачихав” уу гэж эмээж байна. Тан руу дараа гэгээтэйд захидал бичнэ ээ, түр баяртай.
Улаанбаатар хот, Ардын эрхийн байр (2025.01.17)
-Сайн байна уу. “Дугтуй дүүрэн өвөл” (Д.Урианхай) гэдэг шиг захиа авах сонин бас содон санагдлаа. Одоо хүмүүс тэр бүр захидал бичихээ больсон шүү дээ. Энд нэгдүгээр сарын 19-ний 20:20 цаг. Эндэхийн өвөл дулаахан. Гадаа ногооноороо, яг одоо бороотой л байна. Бид цөм сайн, бусдын адилаар тус тусын сургууль ном, ажил төрөлдөө явцгааж байна. Хүн энэ бөөрөнхий дэлхийн хаана оршин суух нь тийм ч чухал биш бөгөөд хэнтэй хамт юу хийж, хүний энэхэн чөлөөг хэрхэн барж туулах вэ гэдэг л их нандин агуулга юм байна. Тиймээс яг одоо ханьтайгаа, хамтрагчтайгаа (амьдрал бас уран бүтээлийн) хамт суугаад нэгэн шинэ дуун дээр ажиллаж байна. Бидэнд бусадтай адилгүй нэг зүйл байдаг. Тэр нь бидний оюун санаа. Тэр оюун санааныхаа эрх чөлөөг ханатал эдлээд л сууж байна даа. Та ч мөн надтай адилгүй, ахин давтагдашгүй хувь хүн гэдэгт итгэлтэй байна. Бидний ажиллаж байгаа дуу “Амьдрал гэдэг” гэдэг нэртэй. Үгийг нь хань минь бичсэн.
“Өнөөдрийн нарны туяа нь болбол
Маргаашийн үүлэн цаана нуугдана
Амьдрал гэдэг нь шүүдэр мэт гялалзаад
Ай, ууршин одох дуслын адил билээ “
Хөгжмийг нь AI (хиймэл оюун ухаан) платформ дээр хийж байгаа юм. Шинэ ном бичих, дуу зохиох, жүжиг, кино зохиол бичих, гадаад, дотоод хамтрагчидтай ажиллах гэх мэтээр өнгөрсөн жил, тэрний өмнөх жилүүд бүгд л ер завгүй бужигнаад өнгөрлөө. Ирэх жилүүд ч энэ мэтээр хөврөх байх. Анхнаасаа хань бид хоёр шинэ бөгөөд сонин зүйлийг бүтээх нь, түүний төлөө зорьж тэмүүлэх нь бидний амьдрах хэв маяг байх болно гэдгээ мэдэж байсан. Тэр дагуу л бүх зүйл болж өнгөрч байна.
Шашны агуулгаараа шүтэн барилдлага гэх үү. Энгийн ойлголтоор бол учрал тохиол гэх үү. Юутай ч чиний явсан зам минийхтэй төстэй, зарим талаараа адил байгаа нь сэтгэл хөдөлгөж байна. Тиймээс би чиний ярих бас яриагүй зүйлсийн тухай бага сага гадарлана гэсэн үг.
“Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг” яруу найргийн түүврүүддээ одоо ч хайртай. Учир нь, тэр хоёр номд миний хамаг залуу нас, эрч хүч шингэсэн юм. Ялангуяа “Гүзээлзгэний амьдрал” номонд аравдугаар ангид байхад мөн Багшийн дээдийн (хуучнаар) оюутны эхний жилүүдэд бичсэн шүлгүүд голлон орсон. Сүүлд яг энэ нэрээрээ дуу болсон шүү дээ. Ном хэвлэгдсэнээс 10 жилийн дараа атлаа яг л түүнийг бичиж байсан үеийн надтай адил залуу хөвгүүний сэтгэл зүрхэнд анхны номын шүлгүүд маань өөрийн гэсэн байр сууриа эзэлж, түүнд нөлөөлнө гэдэг өөрөө бас сэтгэл хөдөлмөөр юм аа.
Бичдэг хүн сэтгэл зүйн янз бүрийн зам туулдаг. Уналт босолт гээд л... Хэрвээ нэг ч гэсэн хүн миний бичсэн зүйлээс урам зориг, санаа сэдэл авсан бол миний бичиж байсны, хичээн зүтгэсний, унаж боссоны хэрэг гарлаа гэсэн үг шүү дээ. Тиймээс урамтай байна. Хүмүүс ном бичлээ гэж ярьдаг. Мөн дуу зохиолоо гэдэг. Үнэн хэрэгтээ өөрийгөө бичиж байгаа юм шүү дээ. Бичиж байгаа зүйлээрээ дамжуулаад өөрийгөө илэрхийлж гаргадаг. Миний хувьд сэтгүүл зүй ажил байсан. Шүлэг, яруу найраг бол миний тайтгарал. Харин эсээ, өгүүлэл бодол минь юм. Бичгийн ажлыг нэг төрлийн хоол гэж бодъё л доо. Харин сэтгүүл зүй бол өглөө эртлэн босоод талх худалдан авахаар дугаарлан зогсохтой төстэй ажил. Яруу найрагчийн ажил бол тэр талхыг зүсэж, цөцгийн тосоо түрхээд, цонхны цаана бороо орж байгааг ажингаа идэх шиг амттай. Харин эсээ бичнэ гэдэг бол “Яах гэж би энэ талхыг идээд байгаа юм бэ” гэж өөрөөсөө асуухтай адил юм. Нэг төрлөөр дагнан бичих нь ухаан суулгадаг. Харин төрөл бүрээр бичих гэж оролдож үзэх нь амьдралыг илүү баяр баясгалантай болгодог байх. Бичих болгоны цаана өөрийгөө олох аялал явдаг учраас би ингэж хэлж байна л даа.
Асуултуудад нь дэс дарааллаар нь аль болох товч хариулахыг хичээе. За байз, яруу найраг, хөгжим хоёрын тухайд би юу мэдэх билээ. Юуны өмнө яруу найраг бол үгийн урлаг. Харин хөгжим бол дуу чимээний урлаг. Шүлэг, хөгжим хоёулаа мэдрэмжийн ертөнц рүү хөтөлдөг. Энэ хоёр хүчтэй зүйл нийлэхээрээ цөмийн бөмбөг болно биз дээ. Гэхдээ зөвхөн зөв хоршил нь ийм хүчтэй. Хөгжим өөрөө ер бусын хүчтэй. Үггүй ч сэтгэлийг хөдөлгөж чадна. Яруу найргийн мөн чанарын тухайд гэвэл, бидний сэтгэлийн хамгийн гүнээс гарч буй үнэн мэдрэмжийн илэрхийлэл. Заримдаа энэ үнэн нь шивнэсэн мэт зөөлөн, заримдаа хашхирсан мэт хүчтэй байдаг. Хөгжим энэ хашхиралтыг дуурьсгах ч, шивнээг зөөлрүүлэх ч чадалтай. Надад дууны үг онцгой санагддаг. Учир нь, тэд зүгээр нэг үгийн цуглуулга биш, харин хүмүүсийн зүрхэнд хүрэх дуу болж амьдардаг. “Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзлээ” гэж Б.Явуухулан гуай бичсэн. Дуунд үнэхээр тийм хүч байдаг гэж боддог. Дууны найрлагад асар хүчтэй бие даасан хоёр төрөл нэгдэж нийлдэг учраас тэр. Нэг найз маань “Чиний тэр шүлгээр бүтээгдсэн дууг сонсоод уйлсан” гэж хэлсэн. Би дотроо “Тэр миний үгийг биш, өөрийнхөө доторх сэтгэлийг сонсоод л уйлсан юм” гэж бодсон. Шүлэг, хөгжим хоёр хүний дотоод ертөнцийг илүү хүчтэй, илүү гүнзгий илэрхийлэх боломж олгодог гэж боддог оо.
Харин энэ 2025 онд миний үгийг нь бичсэн их олон дуу гарахаар байна. Хамгийн сүүлд гэхэд миний хань, миний 1993 онд бичсэн “Бороотой цамц” гэдэг үгийг AI платформ дээр дуу болголоо. Сэтгэл үнэхээр хөдөлсөн. Бараг би өөрөө уйлав уу даа. Одоогоос 32 жилийн өмнө 18-хан настай байхдаа бичсэн шүлэг маань дуу болж байна. Зүгээр ч нэг дуу биш үнэхээр сэтгэл хөдөлгөсөн бүтээл болж байна. Их ч олон юм бодогдож байна. 30 жил гэдэг хагас жаран гэсэн үг үү. Энэ хооронд олон зүйл өөрчлөгдлөө шүү. Хүмүүс, байшин барилга, хүмүүсийн амьдрал, амраг хос, анд нөхдийн харилцаа гээд л... “Нисванис” хамтлагт миний бичиж өгсөн ганц нэг дууны үг байдаг. Би энэ ганц нэг гэдэг үгийг хамтлагийн ахлагчийнх нь хэлснээр дамжуулж байна шүү. Би “Нисванис”-тай холбоотой дуу, дурсамж хоёроос нэрээ татаж байгаа гэдгээ гурван жилийн өмнө “Фэйсбүүк”-тээ зарласан. Тэгэхээр дахин ийм дэмий хоосон зүйлд үгээ үрж, цагаа бармааргүй байна.
Таны хэлсний адил хүүхэд насныхаа тухай би нэг их ярьж байгаагүй юм байна. Би дөрвөн хүүтэй айлын том нь. Миний удаах дүү гэхэд надаас яг нэг насаар дүү. Намайг дөрвөн сартай байхад аав, ээж хоёр намайг өвөө, эмээ хоёрт минь өгсөн. Би Булган аймгийн Бүрэгхангай суманд өвөө, эмээ хоёрынхоо өвөр дээр л хүн болсон доо. Хоёр хөгшин маань малчин хүмүүс. “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн” гэдэг чинь би юм шүү дээ. Тэр үед эхийн сүүг орлох тэжээл, “Nan” энэ тэр гэж байгаагүй. Тэгээд “Миний хүү чинь улаан үнээний сүү хөхөж хүн болсон юм аа” гэж миний эмээ хэлдэг байсан. Ухаан ороод эргэн тойрноо харахад нэг л их цэнхэр уулнууд, оройгоороо дүүрэн мөн цэнхэр моднуудтай. Манан дунд эмээ намайг хөтлөөд л алхаж байдаг сан. Мөөгөн хүрээ их гоё сар шиг байдаг юм. Тэр дундуур алхаж яваа тийм л дүр зураг надад үлдсэн байдаг. Миний бага нас тал, уул, гол, адуу малын дунд өнгөрсөн. Тэр үед интернэт, утас, зурагт гэж байсангүй. Харин оронд нь бороо, цас, салхи, адуу мал л байсан. Магадгүй тэр үед л байгаль миний анхны багш, анхны яруу найрагч байсан байх гэж санадаг. Өвөө, эмээ хоёр минь миний хорвоо байсан. Тэдний дунд би нэг л хөлгүй уудам тэнгэрийн доор эрхэлж, бас заримдаа амьдралын хатууг эрт мэдэрсэн хүүхэд байлаа.
Эмээ, өвөө хоёр маань цувраад бурхан болцгоосон. Өвөө, эмээгээсээ хойш би “өнчин” гэдэг мэдрэмжтэй үлдсэн. Гэхдээ энэ өнчирсөн мэдрэмж л намайг үгтэй ойртуулж, шүлгийн мөр бүрээр өөрийгөө засаж, эдгээх боломжийг өгсөн байх. Магад тэр бүхэн өнөөдрийн намайг бий болгосон. Би өөрийгөө "амьдралын хүүхэд" гэж хэлнэ. Учир нь, тэр бүх амт, амьдралын туршлага, бодол бүрийг өөртөө шингээж, тэрнээсээ шүлэг, бодол, амьдралын замаа бүтээсэн. Харин өнөөдөр эхнэр минь миний хамгийн том дэмжигч, бас хамтрагч. Тэр миний амьдралыг зөөллөж, “өнчирсөн” хэмээх гунигийг хуваалцаж, миний зүрхийг илүү гэрэлтэй болгож байна. Тиймээс миний бага нас хөдөөх амьдралаас эхэлж, өнөөдрийн амьдралын замд хүртэл үргэлжилсэн урт шүлэг юм шиг санагддаг. Сумын сургуульд анх орсон, тэгээд Булганы төвд аав, ээж, дүү нартайгаа хамт амьдарсан, Эрдэнэт хотод 10 жилээ төгссөн, Багшийн дээд төгссөн, одоо энд хаа холын Францад амьдарч байна гээд бодохоор үнэхээр нэг урт шүлэг шиг л санагдах юм даа.
Франц Улс, Турэйн муж (2025.01.26)
-Ээлжит захиа маань танд хүрэх бас нэгэн өдрийн мэнд хүргэе. Өмнөх захидалдаа “гэгээтэйд” бичих ам гарсан ч ажил, амьдрал гэсээр тавтай суух тух олдохгүй явсаар дахиад л шөнө дунд хүргэлээ. Таны хариу захидлыг аваад мөнхүү баярласандаа нээж үзэж зүрхлэхгүй догдлон явсаар тайвуухан үзлээ. Тэгээд захидлаа төгсгөхдөө өөрийн амьдралаа “Урт шүлэг шиг санагдаж байна” гэснийг тань гайхширч басхүү зөв ч онож хэлсэн юм уу гэсэн бодол зэрэгцэж байв. Амьдрал, яруу найраг хоёр нэг юмны хоёр тал гэж хүмүүс ярихыг бишгүй сонссон. Харин таны тэгж бичсэнийг уншаад сэрэх шиг л болж, нэгэнт шүлэг, амьдралын тухай бичээд эхэлсэн учир танаас шүлэг, амьдралын ялгаа, заагийн тухай асуумаар болов. Хэдий бичээчид, шүлэгчид амьдрал, яруу найраг хоёрыг тэс өөр зүйл мэтээр ярьж, нэг юмны хоёр зах болгож, бодон төсөөлж байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хүн шүлэг, найрагтаа өөрийгөө л бичиж, өөрийнхөө амьдрал, түүх, дурсамж, дурлалыг л бичдэгээс шүлэг нь ч бас амьдрал болохгүй гэж үү? Ер нь та ямар үед ихэвчлэн шүлэг бичиж, өөрийгөө “хөглөдөг” вэ. Ухаант амьдралынхаа багагүй хугацааг энэ зүйлд зориулсны хувьд та яруу найраг гэдэг зүйлийг юу гэж харж байна вэ?
Таныг шүлгүүдээ дуу болгож байгаа мэдээг дуулаад бас нэгэн баяр төрж, Х.Болор-Эрдэнэ эгчийн “Youtube” сувагт оруулсан байхыг нь олж сонслоо. Шинэ шүлэг биш ч дахин уран бүтээлийн замдаа орж, бас нэгэн уран бүтээл туурвиж байгааг тань дуулаад удахгүй шинэ ном гарч, гар дээр ирэх нь гэсэн бодол төрсөн шүү. Та ер нь Францад хэр бичиж байгаа вэ. Шүлэг, яруу найраг, өгүүллэг, эсээний ном гаргахаар зэхэж байгаа юу? Та л гадаадад сууж, эндэх явдлыг мэдэхгүй байгаагаас залуу бичээч, уншигчид дунд таны шинэ бүтээлийг хүлээж байгаа хүн цөөнгүй байгаа гэхэд хилсдэхгүй дээ..
Мартаж орхисноос, хариу захидлыг тань уншсан даруйдаа хиймэл оюунаар бүтсэн “Бороотой цамц” дууг тань сонссон. Дээр дурдсаны адил уран бүтээлийн замдаа эргэн орж байгаад чинь баяртай байсан ч дотор эмзэглэсэн бас нэгэн зүйл байлаа. Тэр нь хиймэл оюун ухаан... Саяхан цахим сүлжээгээр нэг хиймэл оюуны тухай хэлэлцүүлэг ч гэх үү, маргаан ч гэх үү зүйл өрнөсөн дөө. Зарим хүн хэдэн үг, сэдэв бичиж өгөөд шүлэг бичүүлж байгаа харагдана лээ. Үнэнийг хэлэхэд, хиймэл оюуны бичиж байгаа шүлгүүд манай олонх бичээч, шүлэгчээс илүү бичиж байх шиг санагдсаныг нуух юун. Харин танд ямар санагдсан бэ? Түүнээс хойш дотроо ганц эмзэглэж яваа зүйл нь “Хүмүүс бичиж, бүтээж, туурвихад амьдралаа зориулж, зорьж, мөрөөдөж яваа ч хиймэл оюуныг давахгүй бол яана” гэсэн бодол байлаа. Хиймэл оюуныг ашиглаж дуу бүтээж үзсэн хүний хувьд тэр технологийн шинэ бүтээлийг хэрхэн харж, дүгнэж байна вэ. Явсаар бараг хиймэл оюуны дээр гарахгүй нь их болж, хамаг л дуу, шүлэг, уран зохиол хиймэл оюунаар бүтдэг болчихвол яана аа..?
Улаанбаатар хот, Ардын эрхийн байр (2025.01.30)
-Шүлэг бол бодит амьдралын хэтрүүлэгтэй хэсэг нь юм. Их абсурд зүйл. Амьдрал бол харин шүлгийн бодит хувилбар байх боломжтой. Энэ хоёр хааяа зөрчилдөж, хааяа нийлж, биенээ үгүйсгэж байдаг. Энэ санааг нэр төртэй олон яруу найрагч, зохиолч хэлсэн байдаг. "Амьдрал урлагийг дуурайдаг, харин урлаг амьдралыг хуулбарладаггүй" гэдэг ч юм уу. Хүн амьдралд нэг удаа дурлахад шүлэгтээ 100 дахин дурлаж чадна. Амьдралд нэг өдөр уйлахад, шүлэгтээ бүхэл бүтэн дэлхийг уйлуулж чадна. Энэ ялгаа нь юм. Амьдрал заримдаа хатуу, шударга бус, хүнд хэцүү. Гэхдээ шүлэг тэр бүхнийг засаж, зөөллөж, заримдаа бүр орвонгоор нь эргүүлж чадна. Бодит амьдралд бууж өгдөг хүн шүлгэн дотор бол ялалт байгуулдаг. Амьдралд өөрийгөө нуудаг хүн шүлгэн дотроо бүхнийг нээлттэй хэлж чаддаг. Хамгийн сонирхолтой нь, шүлэг эцэстээ амьдрал руугаа буцдаг. Яагаад гэвэл, бидний бичсэн үгс эргээд хүмүүсийн сэтгэлд амьдарч, тэдний бодол, үйлдэл, амьдралын нэг хэсэг болж хувирдаг. Тэгэхээр шүлэг, амьдрал хоёр үнэндээ нэг ертөнцийн хоёр туйл юм. Тэд бие биенгүйгээр орших боломжгүй. Гэхдээ сайн анзаарч чадвал шүлэг амьдрал дотор оршдоггүй. Харин амьдрал шүлгэн дотор багтдаг болохыг ойлгоно.
Амьдрал үргэлж асуулт тавьдаг бол, шүлэг үргэлж хариулт хайдаг. Тиймээс бид шүлгийг бичиж дуусгасан ч амьдрал дуусаагүй л байдаг. Амьдрал шүлэг шиг үзэсгэлэнтэй байвал гоё л доо. Гэхдээ ихэнхдээ тийм байдаггүй. Харин шүлэг амьдрал шиг будлиантай, арзгар, адармаатай байвал жинхэнэ амьд мэдрэмж төрүүлдэг. Төгсгөлд нь нэг зүйл онцгойлон хэлье. Бусдын сайн сайхныг гайхуулж байгаа юм биш шүү, зөвөөр ойлгоорой. Манайд зарим тохиолдолд өөрийгөө яруу найрагч, зохиолч гэж бусдад танилцуулахад нэг л базаахгүй царайтай, нэг л тогтсон ажилгүй, хийцгүй нөхөр гэж хүлээж авах гээд байдаг талтай. Уг нь бол маш чухал, маш хэцүү, хүнд хүчир ажил, хөдөлмөр хийдэг хүн бол зохиолч. Аль ч цаг үед хөгжингүй орнуудад яруу найрагчид нь үгсийн сүм мэт үнэлэгддэг. Тэдний шүлэг нь зөвхөн номын тавиурт, элдэв шилдэг, сонгодог, алдаг талдаг гэсэн тодотголтой антологид үлддэггүй. Уран зохиол байнга эргэлтэд ордог. Ялангуяа яруу найраг нь нийгмийн сэтгэлгээ боловсрол, соёлын хөгжилд чухал үүрэгтэй хэвээр л байна.
Зүгээр л энд франц хэлний “А1” түвшний курст л гэхэд Шарль Бодлер мэтийн яруу найрагчдын шүлгүүдээс задлаад яриад эхэлдэг. Хачин байгаа биз дээ. Хэл сурах гэж байгаа хүний өөдөөс шүлэг уншуулаад байхаар гайхна биз. Энэ бүхнийг базаад хэлэхэд яруу найргийг, ерөөсөө урлагийг бодит амьдрал дээр хайр гамгүй хэрэглэ. Сартрын оршихуй, имперссион хөдөлгөөн ерөөсөө ХХ зууны сүүлийн хагасын урлаг соёлын модерн, пост хандлагууд бол яг одоо, өнөөгийн бидний амьдарч буй дэлхийн өнгө төрх юм. Тэгэхээр юуны өмнө “Урлаг бол агуу дээд зүйл. Агуу тэр. Агуу яадаг ийдэг... Энэ бол бурхан. Сонгомол, бараг цаанаасаа сонгогдсон хүмүүс л түүнийг бүтээдэг юм. Бусад нь бол нохойн баас” гэсэн академик маягийн айлган сүрдүүлэлт, тулган шаардалтад автахгүй байх хэрэгтэй. Оюун санааны хувьд бүтээдэг нь ч тэр, хүлээн авч байгаа хүмүүс нь ч тэр бараг мухар сүсэг шахуу юманд хүлээстэй. Харин ч бүр эсрэгээрээ урлагт ч, амьдралд ч энгийн чөлөөтэй, өөрийнхөөрөө орших хэрэгтэй.
Энд нэг бааранд орлоо гэж бодъё. Зүгээр л ажлаа хийж байгаа зөөгч залуу нь гэхэд дээд уруулдаа Дали маягийн эвэр сахалтай нөхөр инээгээд зогсож байдаг. Иймэрхүү сонин гаж нөхдийг энд хаана л бол хаана хэдэн зуугаар нь харж болно. Энэ бол зүгээр нэг маяг, маазрал огтоосоо биш, Сартр маягийн оршихуйн нэг хэлбэр гэж үзэх үндэстэй. Угаасаа оршихуй гэдэг үгийг манайхан бас их гоёчилж урлаглаг орчуулсан санагддаг. Тэнгэрлэг оршихуй энэ тэр гээд явж өгдөг. Зүгээр л байх, өөрийнхөөрөө байх гэсэн л үг. Тэгэхээр тухайн хүн язгуураасаа юу хүсдэг, юунд татагддаг юм. Тэр зүйл нь түүний илэрхийлэл болно, хэв маяг нь болно гэсэн үг л дээ. Гэх мэтээр яриад байвал нөгөө дуусахгүй яриа гэдэг болно.
Монголд байхдаа өвөл их бичдэг байсан. Зун нь хөдөө тэнэж алга болоод юун шүлэгтэй манатай. Би нээрээ ямар үедээ бичдэг юм бол оо. Сонин асуулт байна. Тодорхойлж боломгүй, тодорхойгүй юм. Сайн мэдэхгүй байна. Бичнэ гэдэг бол өмнө нь миний ажил байжээ. Одоо бол таашаал болсон. Сүүлийн үед дууны үг их бичиж байна. Монгол, франц хамтлагтай хамтарч ажилласан. Урт настай, удаан жаргалтай нэг роман нухаад л байна. Хоёр ч кино зохиол гараас гарсан. Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэгийнхээ ажлаар бол монгол уран зохиолоо сурталчлаад Европоор их тэнэсэн. Харин хиймэл оюуны тухайд хэлэхэд, Монголд анх интернэт нэвтрэхэд хүмүүс эвэртэй туулай үзсэн юм их сонин хүлээж авч байсан. Яг тийм мэдрэмж төрж байна. Хиймэл оюун ухааныг АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд түлхүү ашиглаад эхэлжээ. Хүнд зориулагдсан л зүйл. Зөвхөн урлаг ч биш, банк санхүү, эрүүл мэнд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт түлхүү ашиглаж байх шиг байна. Ойрын ирээдүйд 300 сая ажлын байрыг AI булаан авна гэсэн тооцоолол гарсан гэж “Eagle” телевизээр нэг мэдээ харсан. Айх биш, боломжийг давуу тал болгон ашиглаасай гэж хүснэ. Гэрэл зураг үүслээ гээд зураач гэдэг авьяас устаагүй. Гар утас гарсан ч хүмүүс нүүр тулж уулзахаа болиогүй. Машин тэрэг унадаг боллоо гээд морь малаа алж устгаагүй. Ерөөсөө дэлхий энэ зүйл рүү эрчтэй орж байна. Айдас бол өөртөө итгэлгүй сул доройн шинж. “Бороотой цамц” гэж одоогоос 33 жилийн өмнө бичсэн шүлэгтээ хиймэл оюун ашиглаж ая хийсэн. Мэдээж маш их сэтгэл хөдөлсөн. Үнэхээр сайн хөгжим бичсэн шүү, хиймэл оюун ухаан. Гоё дуугаралт, мөн сайн дуулалт гарсан.
Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлмээр санагдлаа. Хиймэл оюун гэхээр компьютерт нэг товч дараад л бүх зүйл бэлэн зэлэн гараад ирдэг гэж хүмүүс боддог. Тийм амархан функц AI-д бий. Харин миний хань энэ хиймэл оюун ухаан ялангуяа дуу, дүрс, зураг бүтээх тал дээр удаан хугацаанд суралцсан. Нэг ёсондоо энэ төрлөөр дагнан мэргэшиж байна гэхэд болно. Сүүлийн үеийн AI платформуудыг хэрхэн ашиглах, яаж хэрэглэх талаар их суралцсан. Тэр хэмжээгээрээ мөнгө төлсөн. Хөгжмийн программ дээр ажиллаж сурахын тулд нот сурсан. Төгөлдөр хуур хүртэл бүтэн жил заалгасан. Дуу ямар бүтэцтэй байдаг гэхчлэн өөрт хэрэгтэй онолын анхан шатны мэдлэгүүдээ авсан. Өөрийгөө яг энэ зүйлд зориулж, асар их хөгжүүлсэн. Тэгээд ажилладаг платформууд нь дандаа төлбөртэй. Маш уйгагүй, маш олон удаагийн зуу зуун оролдлого, цаг хугацаа шаардсан ажил юм билээ. Оролдлого болгон нь төлбөртэй. Мэдрэмж, салбартайгаа харьцсан туршлага, дуу хөгжмийн стиль, нэршил, хэв маяг, үүх түүхээс нь өгсүүлээд олон зүйл мэдэх шаардлага тулгарсан. Тэгээд эцэст нь яг өөрийн хэв маягийг бий болгосон. Шүлэг, яруу найраг зохиох тал дээр AI хэзээ ч хүний мэдрэмжийг гүйцэхгүй. Үүнийг бол баталгаатай хэлнэ.
Франц Улс, Турэйн муж (2025.02.01)
-Булганы нэгэн буйдхан суурингийн захад манан дунд хучигдсан мөнх цэнхэр моддыг харж өсөх бас л хүнд нэгийг бодуулж, хожим үг холбох шалтаг ч болсон юм болов уу. Нөгөөтээгүүр хар бага наснаасаа зовлон үзэж, амьдралыг таньсан хүн л уран бүтээлч болдог гэлцдэг. Өмнөх захидлаа тан руу явуулчихаад удаагүй байтал “Фэйсбүүк” зургаан жилийн өмнө миний хаяг дээрээ оруулж байсан таны нэгэн шүлгийг сануулж байна.
“Сэтгэл минь
Өндрөөс унаж
Хад мөргөсөн
Өрөвчхөн минь
Сэрээрэй!
Цөхөрч болно,
Гомдож болно,
Үхэж л болохгүй”
Хаа холын Францад байгаа тантай захидлын хуудсан дээр “учрах” заяа тохиож, хэдэн мянган километрийн алсаас үг солилцож байгаа энэ цагт таны шүлгийг нэгэнтээ оруулж байсан нь дахин гарч ирсэнд ихэд баярлав. Басхүү ярилцагч маань хэн гэдгийг надад дахин сануулах шиг боллоо! Харин удалгүй танаас хариу захиа ирэхэд “Бид шүлгийг бичиж дуусгасан ч, амьдрал дуусаагүй байдаг” гэх үг хамгийн их анхаарал татсан юм. Шүлгийг залуу насны урлаг гэдэг шүү дээ. Халгиж, цалгисан, хайрлаж, дурлаж, гомдож, гунисан залуу насандаа хүн өөртөө шинэ ертөнц нээж, үүгээрээ ч өөрийн ертөнцөө хүнд үзүүлж байдаг. Гэтэл зарим яруу найрагч нас ахиад ирэхээрээ аяндаа яруу найргаас холдчихдог, зарим тохиолдолд хөгширсөн ч бичсээр байдаг зүйл нь шүлэг хэвээрээ үлдээгүй, хиймэл, хуурамч байдаг. Харин та энэ тухай юу гэж боддог вэ?
Таны хариу захидлыг хүлээж аваад Сартрын оршихуйг хүлцэж, хүлээн зөвшөөрсөн нийгэм, олон нийт, Дали маягийн сахалтай эр жир нэг иргэн байдаг гэдгийг дуулаад амьхандаа баяр төрж суулаа. Урлаг, уран сайхан бараг л биеллээ олсон шиг тэр газарт байх ямар мэдрэмж төрүүлдэг юм бэ. Байгаа газрын тухай сайхан яриа дэлгэнэ гэж бодном. Ер нь анх тийш ямар шалтгаанаар явж, одоо танайхан юу хийцгээж байгааг сонирхон асуумаар санагдлаа. Бас ч гэж тэнд байх нь бичих урам, шалтаг болдог уу. Ер нь яруу найраг гээчийг яг тийм гэгэлзсэн хүсэл, сайхан сэтгэгдэл, урмаар бичдэг юм болов уу. Таны “таньсан” яруу найраг юу байсан бэ?
Улаанбаатар хот, Буянт-Ухаа 2 хороолол (2025.02.02)
-Их олон зүйл асуусан учраас их товч хариулах гэж оролдъё. Зовлон гэдэг өөрөө их харьцангуй ойлголт. Тухайлбал, Монголын уран зохиолд Дашдоржийн Нацагдорж болон Рэнчиний Чойном нарыг би ер бусын гашуун зовлон туулсан хүмүүс гэж боддог. Мэдээж хилсээр шийтгэгдэж, орон шоронд орж явсан өөр хүмүүс бий л дээ. Энэ гайхалтай авьяас билэгтэй, асар том хувь ертөнцтэй хүмүүсийг төрийн эсэргүү, гадаадын тагнуул, үндэсний үзэлтэн гэж барьж хорьж, бичих болон ахиж дэвших, ерөөсөө амьдрах бүх боломжийг нь хааж, өвтгөж зовоож, сэтгэлээр унагааж үхүүлсэн. Цагийн эргэлтэд нөгөө төр маань эргээд соёрхсон. Хүнийг зүүн гараараа боомилж хөнөөгөөд, баруун гараараа соёрхоно гэдэг төгс аллага биз дээ. Амьддаа ч үхсэн хойноо ч, өөрөө ч, бүтээл нь ч хэлмэгдсэн Дашдоржийн Нацагдорж гэдэг энэ гайхалтай хүний тухайд тусад нь нэг бичье гэж бодож байгаа.
Миний хувьд дороо гурван эрэгтэй дүүтэй, айлын том хүү. Өвөө, эмээ хоёр маань их ажилсаг, анхиатай улс байсан. Тэд анхны ач хүүгээ үнэхээр эрхлүүлсэн. Намайг таван настай байхад ач хүүдээ иж бүрэн хэрэгсэлтэй, таван ханатай шинэ гэр бэлдэж өгч, нижгэр найр хийж байлаа. Надад морь зүсэлж өгч, эмээл хазаар хүртэл зэхсэн байдаг юм. Хүүхдийн эмээл дээр суучихсан өвөөдөө хөтлүүлээд нэг их дэрстэй талаар хөтөлгөө морьтой алхуулж явсан маань тод санагддаг. Ингээд ярихаар их инээдтэй хөгшин хүний яриа шиг сонсогдож байна уу? Би эмээлдээ хөнгөдсөн байлгүй, морь тонгойж өвс хазлаад, газар хөрвөөх гэхэд нь би учиргүй айж, уйлж байсан тэр дүр зураг мартагддаггүй. Нээрэн би энэ тухай урьд өмнө огт ярьж байгаагүй юм байна. Өвөө, эмээ хоёроос хойш өмнө нь баяр жаргал цацруулаад явж байсан яг тэр замаараа сүүлд нэг явахад байсан юм бүхэн хэчнээн эрс тэс, ямар өөр болсныг мэдрэх их хэцүү санагдаж байлаа.
Яруу найраг залуу насных гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ залуу гэдэг ойлголт насны тоонд биш, сэтгэлийн гал дөлөөр хэмжигддэг шиг санагддаг. Хөгширсөн шүлэг гэж бол бий бий. Цэл залуу хэрнээ хөгшин хүн шиг аргал, хомоол бичээд яваа олон залуу байна. Нэг сонин жишээ хэлэх үү. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаа ах “Амьдрал аа, би чамд хайртай” гэдэг дууны үгээ 18 настайдаа бичсэн. Харин “Камертон” хамтлагийн “18 нас“ дууны үгийг 38-тай бичсэн гэдэг байх шүү. Сэтгүүл зүйн 100 жилийн ойн арга хэмжээний үеэр Дан.Нямаа ах бид нар энэ тухай яриад бөөн инээдэм болж байсан.
Байгаа газрынхаа тухай яриа дэлгээч гэжээ. Монгол Улсын иргэн би Үндсэн хуульдаа заасан оршин амьдрах газраа өөрөө сонгох эрхээ эдлээд гадаадад ажиллаж, амьдардаг олон зуун монголчуудынхаа нэгэн адил өөр оронд сурч, хөдөлмөрлөж байна. Амьдрал угаасаа аян зам юм байна. Хөдөө, сумын төвд төрж, Булганд аймагт дунд сургуульд сурч, Эрдэнэт хотод аравдугаар ангиа төгсөж, Улаанбаатарт дээд сургууль дүүргэж байсан бол одоо Францад амьдарч байна. Насаараа тэнэсэн байгаа биз дээ. Зарим шувуу дулаан орноос нисэж ирдэг. Зарим нь дулаан орныг хайж нисдэг. Тэгэхээр хүн ч бас тэр шувууд шиг үргэлж замд гардаг байгаа биз. Зарим нь шинэ газар нутгийг олж, нээхийн тулд, зарим нь өөрийгөө олохоор мөн өөрийгөө алдахаар явцгаадаг. Миний хувьд аль нь байсныг одоо ч бүрэн дүгнэж амжаагүй л явна. Гадагшаа гарна гэдэг газар өөрчлөх тухай биш, өөрийгөө өөрчлөх гэдгийг л харин ойлгох гэж байна. Франц бол урлаг соёл, түүхийн агуулгаасаа илүү өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор зэрэгцэн оршиж байгаа нүсэр том тайз шиг л санагддаг.
Хүмүүс Эйфелийн цамхаг, Луврын музей гээд л шагшицгаадаг. Тийм ээ, тэд бол хүний гараар бүтээсэн агуу зүйлс. Гэхдээ энд урлаг зөвхөн музейд байдаггүй. Хүмүүсийн алхалт, хоолны амт, амьсгалж байгаа агаар, хэл ярианд гээд бүх зүйлд шингэсэн байдаг. Тиймээс Парисын гудамж бүр нэг шүлэг, нэг роман шиг санагдана. Мэдээж ийм орчинд байх нь бичих бас нэг урам, шалтаг болно. Гэхдээ бичихийн хажуугаар бид бас амьдардаг гэдгийг мартаж болохгүй.
Эхнэр бид хоёулаа ажил хийдэг. Цалингаараа байр, тогны мөнгө, бусад зардал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлөөд үлдсэн жаахан мөнгөөр нь өөрсдийгөө аз жаргалтай болгодог зүйлсээ худалдаж авна. Кино үзнэ, хамт гадуур гарна, хоол иднэ. Бидний амьдрал их энгийн дээ. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүү Чехэд ажиллаж байгаа. Том охин их сургуульд сурахын хажуугаар Парист загварын агентлагт ажилладаг. Хоёр бага коллежид сурч байна. Хүүхдүүд багаасаа франц, англи, испани гээд хэд хэдэн унаган хэлтэй болцгоож байна. Гурав дахь хэлээ хүүхдүүд өөрсдийн сонголтоор сурсан. Мэдээж бас өдөр тутамдаа бид монголоороо ярьцгаана. Хэл бол чамирхал биш, хэрэглээ юм байна гэдгийг энд л ойлгож байна. Аливаа зүйлийн талаар илүү олон хэл, илүү олон эх сурвалжаас мэдээлэл авч сурцгаадаг нь хүүхдүүдийг илүү бие даасан, илүү тулхтай бие хүн болгодог юм болов уу гэж анзаарсан. Эхнэр бид хоёрын бага насанд бол ийм боломж, нөхцөл огт байсангүй. Гэсэн ч энэ их саван дотор хоолныхоо төлөө хэр чадлаараа дэлхийн хүмүүсээс дутахгүй сарвалзаад үзэлцэж л байна. Бусдын л адил ажил эрхэлж, бусдын л жишгээр цалин хөлсөө бодуулаад, илүү дутуу үзэгдсэн юмгүй амьдарч л байна даа.
Яруу найраг их олон талтай. Зөвхөн гэгэлзсэн, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд яруу найраг бичдэггүй. Их товчоор бол хүний сэтгэлийн бүх өнгө, гэрэл сүүдрийг хольсон урлаг гэж болно. Яг урлаг гэдэг нь ч юу л бол... Яруу найраг нь урлаг, гүн ухаан, танин мэдэхүй, гоо зүй гэх мэт олон ойлголттой шүргэлцэнэ. Шекспирээс хайр сэтгэл, гэгэлзсэн гуниг гоё чамин зүйл, Шарль Бодлероос гуниг зовлон, хүний сэтгэлийн ёроол, өвдөлт, чимээгүй хашхираан болон нулимсны чимээг мэдэрч болно.
Тиймээс яруу найргийг зөвхөн сэтгэлийн нэг л өнгөөр хэмжвэл өрөөсгөл болно. Яруу найргийг таних гэдэг асуултад хариулахад их урт яриа болох нь. Юуны өмнө яруу найраг бол субьектив ойлголт юм. Өөрөөр хэлбэл, таны зохиосон нэг шүлгийг сонссон гурван хүн гурван өөр янзаар ойлгоно бас тайлбарлана. Тэгэхээр энэ шүлэг уралдуулдаг наадам ямар утгагүй зүйл болох нь мэдрэгдэж байна уу? Яруу найргийг таних нь цаг хугацаа орчин нөхцөлөөс бас хамаарна. Тухайлбал, одоо бид Р.Фрост болон Дорждамбын Баттогтох нарын шүлгийг сонгодог гэж үзвэл, тухайн цаг үедээ тэднийг анх уншсан хүмүүс тийм ч амар хүлээж авдаггүй байсан байж болно. Цаг хугацаа, нийгмийн ойлголт өөрчлөгдөх тусам бид тэдний уран бүтээлийг шинээр таньж байдаг. Эцэст нь хэлэхэд, хүн шүлэг уншаад сэтгэл нь хөдөлж болно. Гэхдээ тэр шүлгийн жинхэнэ цаад санааг ойлгох нь тусдаа асуудал. Мөсөн уулын оройг нь харах уу, ёроолыг нь үзэх үү гэдгээс энэ таних гэдэг ойлголт гарч ирнэ. Яруу найраг бол сайхан үгсийн нийлэмж огт биш. Ялангуяа энэ тайзан дээр шүлэг уншихаар гарч ирээд толгой цээж хаялаад л, “дадаа- да- да дадаа- да-да -да” гэдэг зүйл бол огтоос биш ээ.
Франц Улс, Цамхгууд (2025.02.08)
Үргэлжлэл бий...
ЯРУУ НАЙРАГЧ Б.ЭРДЭНЭСОЛОНГО: МИНИЙ АМЬДРАЛ НЭГ ИХ УРТ ШҮЛЭГ ШИГ САНАГДДАГ |
|
2025-07-20 14:38:29
2025-07-20 14:23:21
2025-07-20 13:32:26
2025-07-20 12:32:14
2025-07-20 12:29:12
2025-07-20 12:20:03
2025-07-20 12:19:34
2025-07-20 12:17:29
2025-07-20 12:13:22
2025-07-20 12:11:13
2025-07-20 12:09:56
2025-07-20 11:58:58
2025-07-20 11:41:10
2025-07-20 11:39:51
2025-07-20 11:38:17
2025-07-20 09:52:12
2025-07-20 09:18:59
2025-07-20 09:11:26
2025-07-20 08:47:36
2025-07-20 08:27:00
2025-07-20 08:15:02
2025-07-20 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |