• Өнөөдөр 2024-04-20

“Ийнгаа миний хээр тал”-аас олсон миний хээр тал

2021-07-14,   2492

Анар бугуйн цагныхаа зайг авч, цаг хугацаанаас хамааралгүй болсон мөчөөс эхэлсэн хээр талаас олсон Анар, эрх чөлөө, буй бүхнийг хайрлах сэтгэл. Энэ уншигч надад ч хамаатай эрх чөлөө байсан. 

СГЗ, профессор, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаярын хайр, эрх чөлөө, бусдад сэтгэлийн их амар амгалан, сайн сайхны ундарга бүхнийг бэлэглэхийн их тэмүүлэл, хүмүүний өөртөө хийгээд өрөөлд үнэн байхын жаргалыг мэдрүүлдэг нэгэн сайхан бүтээлээс төрсөн сэтгэгдлээ хуваалцах гэж зориглолоо. 

       Эрдэм шинжилгээний ажилдаа дарагдсан Анар өөрөө хайрлаж, өөрийг нь хайрлах эмэгтэйг битүүхэн эрэвч, санаанд нийцэх нь үл олдоно. Гэхдээ энэ эрэлдээ цаг зав зарцуулахгүй байгаа нь түүний сэтгэл атраарааг илтгэх шиг. Түүний сэтгэл зүрхээ зориулан, дурладаг зүйлсийн нэг нь морь унах. Энэ нь магадгүй түүний сэтгэл зүрхээ зориулж, үнэн сэтгэлээсээ хийдэг цөөхөн зүйлсийн нэг байсан биз. Тиймдээ ч хүсэлдээ хөтлөгдөн наадмын морьд харахаар, болвол морь унахаар Хүй долоон худгийг зорьдог. Дуртай зүйлдээ хөтлөгдөн очсон Анар морь унасан бүсгүйтэй танилцсанаар түүний хувьд өөрийн хийгээд амьдралынхаа хээр талыг нээх боломж эхэлдэг.

      Гэхдээ мэдээж тэр боломжийг Анар болоод Ийнгаа хэрхэн таамаглах билээ. Анар, Ийнгаа хоёр бол уншигч таныг дотоод сэтгэлийн хийгээд бусдад бэлэглэх эрх чөлөө рүү хөтлөгчид. Үүний эхлэлийг дөнгөж танилцсан Анарт Ийнгаа унаж явсан морио өгч, хүссэн зүгтээ давхихыг зөвшөөрснөөр тавьдаг.

Ийнгаагийн Анарт морио өгч, өчнөөн хол давхисан ч үл зовних сэтгэл, танилцаж амжаагүй шахам байж түүнд дуртай зүйлээ ийн хийх эрх чөлөөг өмнө нь хэн ч өгч байгаагүйгээр олгосон нь Анарыг түүнтэй дахин уулзах, бүр гэрт нь очно гэж эрхгүй амлахад хүргэнэ. Морио унуулсных нь хариуд, өөртэй нь сайхан харилцсанд ч бус тэр эрхгүй л сарын дараа гэрийг нь олоод очно хэмээн амласан биз ээ. 

   Дотны найзаасаа зөрж, өдөр шөнөгүй хийсэн эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг хүлээлгүй Ийнгаад амласан амлалтаа л биелүүлэхийн төлөө Анар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Дун уулын Талим өвгөнийхийг, үнэндээ бол Ийнгааг зорино. Өөрийг нь танихгүй байхвий гэхээс эмээж зогссон Анарыг удтал хүлээсэн Ийнгаа угтана.

Ийнхүү Анар монгол ахуй амьдрал, зан үйл, хүндлэл, тайлбарын хэрэггүй олон зуун өгөгдөл, төв суурин, хот газраас олддоггүй харилцаа, итгэл, үнэмшил, хэн ч хүүхдээрээ үлдэж болохын нууц, суурин иргэншлийнхний гээсэн үнэт зүйлс, эрх чөлөө хийгээд өөрийн дотоод хөгжлийг нээх үүдээр алхан оров оо. Уг нь бол Анар Ийнгааг дагуулаад хот руугаа буцахаар л ирсэн билээ. 

     Ирснийх нь маргааш өглөө Талим өвгөн наадмаар Ийнгаагийн унаж явсан харлаг морийг Анарт “Бэлэглэж байгаа юм биш шүү. Өгч байгаа юм” гээд өгнө. Морио унаад бүсгүйг аваад буцахад бэлэн болсон гэсэн үг. “Явах хүн бол яваг, үлдэх хүн бол аандаа танигдана биз” гэх Талим өвгөний хүн таних нэг арга байсан биз гэж уншигч би таасан. Үүнийг нь гадарлаа ч үгүй Анар нэг удаа “Бурханд тус болох юмсан” гэж боддогоо Талимтай хуваалцсанаар дун мэт дотогшоо өвгөний гүн их амьдралын далайгаас хүртэх боломжоо нээнэ.

“Хүн хайрлана гэдэг чинь маш анхааралтай байж, хүсэл сэтгэлийг нь биелүүлнэ гэсэн үг”

Бурханд тус болохыг хүснэ гэдэг чухам Талим өвгөний хийгээд зохиогчийн бусдыг хайрлах, өөрөөсөө гэгээрлийг эрэх, олох  хүсэлтэй агаар нэг юм. Тиймдээ ч хааяа нэг үг солилцохдоо амьдралын нарийн ширийний учгыг тайлж өгөх нь Анарт тэдний гэрт удах нэг шалтаг болдог. Гэхдээ хамгийн эрхэм шалтгаан нь Ийнгаа билээ. Магадгүй 30 гарсан эр амьдралыг шинээр нээсэндээ баяртай байгаагаа найздаа захидал болгон бичиж, энд нэлээд удахаа ч дуулгана. 

      Хөдөө нутгийн ахуй, байгаль, хүн зонын амьдрал хотын иргэдэд хэчнээн хахь хол болж, шинэ ертөнц нээсэн мэт шунан дурлахад хүргэж буйг уг зохиолын өрнөл бүрээс мэдрэх нь амттай. 

   Анарын хувьд эрх чөлөөг өөртөө нээсэн нэгэн томоохон үйл явдал Ийнгаагийн өдөр тутмын энгийн нэг дэггүйтэл байж таарна. Ийнгаа чулуун гэрээ үзүүлж, хүссэн цагтаа тоглодгоо жаахан охин шиг тоглож суухдаа ярьсан нь Анарт хийгээд олон зуун уншигч Анарт мартагдсан хийгээд байж боломжгүй эрх чөлөө, аз жаргал өгнө. Мөн Дун уулын өвөр дэх хүн төрөлхтний ч хүсэл, нууцыг хадгалж чадах чулуужсан дунгууд дунд авчирсан нь  Анарын хувьд өөр нэгэн  нээлт байв.

      Зохиолд Анарын энэ бол нээлт, тэр бол ололт хэмээн тунхагласан нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин зохиол цааш хөврөх тусам Анартай хамт уншигчийн дотоод ертөнц хөгжиж, амьдралаас үүссэн гав гинжийг тасчин хаядаг билээ. Тиймдээ ч тэр бугуйн цагныхаа зайг эргэлзэх юмгүй авч хаяад цаг хугацааг чөлөөлдөг. Бас өөрийгөө цаг хугацаанаас ангижруулдаг. Үүнийг уншсан хэн бүхэн цаг хугацаа хэмээх хүлээснээс өөрийгөө чөлөөлөхийг ямар нэгэн байдлаар оролддог биз ээ. 

      Их хотын дуу чимээ, чөлөө завгүй ажил, хэмнэлээс хэсэгтээ тасарч, цаг хугацааг чөлөөлсөн Анар гэнэтхэн буцахаар болно. Ийнгаа үлдээхийг хэчнээн хүсэж байсан ч явахад нь битгий гэж хэлэлгүй, үүц базааж өгөөд, үднэ. Магадгүй энэ л уужуу сэтгэл Анарыг энд анх авчирч, үүрд үлдэх шалтгаан болсон биз. Буцахаар гарсан ч явж чадаагүй Анар найздаа дахин захидал бичнэ. Тэр “Чи намайг том нээлт хийж дэлхийд данстай эрдэмтэн болохыг хүсдэг гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ түүнээс ч илүү бас нэгэн хүсэл байдаг маань бурхны төлөө ямар нэг үйл хийх юм. Гэхдээ энэ хугацаанд би хэрхэн яаж бурханд тус хүргэхээ мэддэггүй байсан. Яг одоо би хариултыг нь олчих шиг боллоо. Энэ бол хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах юм байна. Тиймээс би Ийнгааг бүх насаараа хайрлан хамгаалж, түүнийг аз жаргалтай байлгахын төлөө өөрийн зорилгоо хойш тавьж байна. Хоёул хамтдаа эрдэм шинжилгээ ажлаа хийнэ гэж ярьдаг байсан. Харин одоо миний найз цааш үргэлжлүүлээрэй” хэмээн бичнэ.

   Тэгээд тэр Ийнгаагийн буйраа сэлгэж буух юм сан гэх яриаг санана. Энэ нь Ийнгаагийн хувьд аз жаргал, баяр хөөр бэлэглэх үйлдэл гэдгийг ухаарч, Талим өвгөнтэй ярилцан хүслийг нь биелүүлэхээр болно. Учир нь, тэрбээр “Хүн хайрлана гэдэг чинь маш анхааралтай байж, хүсэл сэтгэлийг нь биелүүлнэ гэсэн үг” гэдгийг, хүн байх өөр олон зүйлийг ухаж олсон билээ. Тэд нүүдэл хийхэд бэлдэнэ.

       Энэ нь зөвхөн гэрийнхээ буйрыг сэлгэж, эсвэл хаа нэгтээ нүүдэллэх нүүдэл төдий зүйл биш юм. Энэ бол Анарын сэтгэл зүрх, дотоод мөн чанарын нүүдэл. Бэсрэг романыг уншигч бүхний нүүдэл. Гэхдээ энэ нь мэдээж уншигч таниас, эндээс нээсэн нээлтүүдээс тань хамаарах билээ. Үг, өгүүлбэр бүрт нь ухаарал, тэмүүлэл шингэсэн уг бүтээлээс миний дурдаагүй олон зүйл уншигч таныг хүлээж байгааг хэлэх нь зөв байх. 

       Шүр, сувдаас ч үнэтэй ухаарал, бясалгал, энэрэл, хайрласаар л дуусахын чин үнэн хүслэнг надад бэлэглэсэн энэхүү бэсрэг романыг уншаад та ч бас өөрийн тааллаараа ямар нэг ухаарлыг олох биз ээ.


“Би огт өөр гайхамшигийг эрнэм. Эрээд зогсохгүй түүнийг бүтээхийг хүснэм. Миний ухаарснаар гайхамшиг гэдэг бол гэгээн тунгалаг, чин үнэн, ариун сэтгэл”                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        ДАРМА БАТБАЯР


“Ийнгаа миний хээр тал”-аас олсон миний хээр тал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188