• Өнөөдөр 2024-03-28

Анна Каренина “Эргэх цэг хайр”

2020-10-13,   1563

Хорвоогийн хамгийн гашуун уй гунигуудын нэг бол цэл залуугаараа хорвоог орхих. Тиймээс ч бид Ромьёо Жульеттаг цэл залуугаар нь халаглан дурсдаг биз. Залуухан, гоо үзэсгэлэнтэй хэвээр хорвоог орхих нь цаанаа л нэг гунигтай. Магад Мэрилин Монрог бид залуухан, гоо үзэсгэлэнтэйгээр нь үдэж явуулсан болохоор л түүний дүр мөнхөрсөн ч юм бил үү. Анна Каренина ч залуухан, үзэсгэлэнтэй хэвээр галт тэрэгний доор орж төгсөх нь эмгэнэл мөн. Гэхдээ түүнд татах хүч бий. Хэний ч зүрхлээгүй үйлдлийг хийсэнд юм болов уу, эсвэл бид түүн шиг л хайрынхаа төлөө хүчтэй зогсдог байхыг хүсдэг юм болов уу. Гэтэл тэр нэр хүндгүй, очих газаргүй, бүхий л зүйлд хүчин мөхөстсөн эмэгтэй. Гэвч тэрбээр үхэхдээ ч, нэр төр нь шалдаа буухад ч хайрынхаа төлөө харц дээгүүр бардам, хүчтэй зогссон нь магад уг дүрийн татах хүч биз.

Анна Каренина гэдэг нэр нөхрийг нь, гэр бүлийг нь агуулж, бүхнээс зугтахыг хүсэх ч Каренинагаас “нүгэл” нь үл сална.  Энэ дүрийг бүтээх нь маш том зол, бас маш том хариуцлага аж. Учир нь хайр сэтгэл, ёс суртахуун гэсэн хоёр талыг энэ тэнцүү авч явах хэрэг гарна. Анна Каренинагийн дүрийг СТА Н.Баярмаа бүтээсэн билээ. Тэрбээр үнэн хайрын илэрхийлэл, хувь тавилангаасаа зугтах ч эргээд л хайр гэсэн цэг дээр хүрч ирэх бүсгүйн дүрийг чадамгай “урлажээ”. Тэгсэн хэдий ч зохиолч В.Набоковын хэлсэнчлэн “Анна бол ёс журмын илэрхийлэл болсон эмэгтэй. Түүний үйлдэл бүр чухал”. Харин тэр ёс журмын илэрхийллийг дур хүсэлдээ автсан эмэгтэй мэт тайзан дээр нүцгэлэх тийм ч таатай санаа байсангүй.

Түүний нөхөр Каренин нэр төрт, журамт нэгэн. Тэрбээр Каренинад хайр сэтгэлтэй ч хэр барагтаа илэрхийлдэггүй. Гэтэл тайзан дээр гарч ирэхдээ л хайраа зарлана. Анна, Вронский хоёрыг нийлэхэд Каренин газраар “хөрвөөнө”. Зүйрлэл хэдий ч Каренины дүрийн хатуу чанарыг үгүй хийх шиг л болов. Угтаа Каренина хайрлахыг хүснэ, хайрлуулахыг ч хүснэ. Урьд мэдрээгүй хайрыг Вронскийгоос мэдэрсэнд л бүхий л зүйлээ орхиж, түүнийг дагахад хүрэх нэгэн шалтгаан билээ. Хэрэв нөхрийнхөө хайрыг мэдэрсэн бол Каренина эцсээ хүртэл тэвчиж чадах ч байсан байж мэднэ. Гэтэл үгүй, нөхөр нь Каренинад хайр биш ёс суртахууныг л санал болгодог билээ.

Ардын жүжигчин Н.Сувдын бүтээсэн Аннагийн хувь заяа түүнд өөр сонголт өгнө. Каренина галт тэрэг доогуур хүн орж нас барахад л өөрийнхөө үхлийг зөгнөн мэддэг. Хувь тавилангаасаа хэзээ ч зугтахгүй гэдэг санааг жүжигт галт тэрэгний дуугаар илэрхийлсэн нь бодит болгож байв. Найруулагч Н.Наранбаатар өмнөх жүжгүүдийнхээ нүсэр тайзнаас зугтсан ч хэрэгцээгүй олон “масс” дүртэй байсан нь жүжигт анхаарах бус, харин ч сарниулах үүрэгтэй байв.

Уг жүжиг гурван гэр бүлийн зовлон, жаргал, шаналлыг харуулна.  Хайр дурлалынхаа төлөө гэр бүл, нэр хүнд бүхнээ золих Анна, нөхөр нь араар нь тавих ч хүлцэн тэвчих Долли, хайр дурлалаа даган энгийн л амьдралыг сонгох Киттигийн дүр. Тус бүрийн гэр бүлийн амьдралыг жаазтай зураг мэт илтгэж, жаазан дотроос жүжиглэж эхлэх нь энгийн хэр нь уран шийдэл байсныг дурдах хэрэгтэй болов уу. Гурван бүсгүй бүгд нэгнийхээ байранд сууж үзнэ. “Уйтгартай юм, аймшигтай, тэвчишгүй, сайхан хайрын түүх” зэрэг үгс хэлэх нь хүн бүр нэг л янзаар жаргаж, өөр өөрсдийнхөөрөө зовдог гэсэн санааг гол болгожээ.

Аннаг найруулагч залуугаар нь эмгэнэлтэйгээр хорвоог орхиулсангүй. Каренинтай амьдрах сонголтыг хийсэн, залуугийнх нь гал халуун хайр унтраагүй Анна түүний өмнөөс үхэл рүү явна. Тойрог эргээд л нэг цэгтээ. Магадгүй залуухан Аннаг галт тэргэн доогуур орох тэр мөчийг илүү зөөлрүүлэн найруулсан нь уран хэдий ч Аннагийн эгээ л шантарсан, цөхөрсөн, юу ч үгүй болсон сэтгэлийг нь уянгын болгон дарчих шиг болсныг нуух юун.


Анна Каренина “Эргэх цэг хайр”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 13:48:51
    Z: Khair l chuhal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 13:48:50
    Z: Khair l chuhal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 13:48:49
    Z: Khair l chuhal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 12:45:01
    Dolly: Bi Uidaj bn. Amidral mini uitgartai bn. Asaj uzmeer bn!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 12:40:23
    Anna: Annagiin hiisen songoltuud zuv ch yum shig sanagddag shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 12:36:30
    Zochin: love this wiring!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188