• Өнөөдөр 2024-03-29

“Зангууны хүүхэд”

2020-09-24,   997

Америкт төрсөн хүүхэд тэндхийн иргэн болдог хуулийг бараг хүн болгон мэднэ. Эцэг эхийнх нь иргэншлээс үл хамаараад АНУ-ын газар нутагт төрсөн хүүхэд иргэншилтэй болох эрхтэй. Харин энэ хуулийг бизнесийн болон өөр зорилгоор ашиглах явдал газар авч байгаа тул өөрчлөлт оруулах саналыг Бүгд найрамдах намынхан гаргаж байсан  удаатай.

1886 онд оруулсан хуулийн энэхүү заалт нь иргэний дайны дараа эрх чөлөөтэй болсон боолуудын үр удмын эрхийг хамгаалахад чиглэж байсан ч цагаачлал,  даяаршлын үед хуулийн цоорхой болоход хүрээд байна гэж судлаачид  үзэж буй юм. “Jus soli” буюу ийм хууль олон үндэстэнтэй 35 оронд үйлчилж буй.

Ерөөс  Америкийн мужуудад хачин гэж хэлэхэд ч багадах хууль цөөнгүй бий. Тухайлбал, зочид буудлын хоёрдугаар давхраас бух буудахыг хориглосон хуулийг хэн нэгэн нь ийм зүйл хийгээд, түүнээс болж хүн, өмч хөрөнгө хохирсны дараа баталчих нь бий. Гэтэл өнөөг хүртэл энэ хууль үйлчилсээр байдаг. Америкийн газар нутагт төрсөн хүүхдэд иргэншил олгодог хуулийг үүнтэй жишин шүүмжлэх хүн олон агаад энэ нь ч өөрийн гэсэн шалтгаантай билээ.

Ийм хуультай орнуудад очиж хүүхдээ төрүүлж буй эхчүүдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйгаас birth tourism (төрөлтийн аялал жуулчлал), anchor baby (зангууны хүүхэд) maternity hotels (Эх нялхсын зочид буудал) зэрэг нэршил ч буй болов.  Өмнө нь төлөвлөн сонгосон орондоо очиж хүүхэд төрүүлэх, хүүхдээ ашиглан оршин суух зөвшөөрөл авдаг иргэд, ингэхэд нь туслах үйлчилгээ үзүүлдэг хүмүүс гээд зохион байгуулалттай бизнес болж амжив. “Зангууны хүүхдүүд” Америкт амьдрах, дунд ба их сургууль, коллежид суралцах, хөнгөлөлт эдлэх эрхтэй болох бөгөөд насанд хүрсэн хойноо эцэг эхдээ оршин суух зөвшөөрөл хүсэж болно.

Калифорни мужийн улс төрийн идэвхтэн Барбара Коугийн хэлснээр, цагаачлалын бодлогыг эргэн харсан ч энэ хуулийг өөрчлөхгүй бол нэмэргүй гэж үзэж байна. Хүүхдээ Америкт төрүүлж буй эхчүүдийн дунд хятад бүсгүйчүүд чамгүй хувийг эзэлнэ. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” бодлогын улмаас олон хүүхэдтэй болохыг хүссэн чинээлэг гэр бүл ихэвчлэн АНУ, Канадыг зорьдог байна. Гэхдээ Хятадын хүн амын бодлого, төрүүлэх хүүхдийн тооны хязгаарлалтаас ч бус, ирээдүйд эрх чөлөөний оронд бусдын адил тэгш эрхтэйгээр ажиллаж, амьдрах боломж нь шинэ хятадуудын хувьд үр хойчдоо оруулж буй том хөрөнгө оруулалт аж.

Хэдийгээр төрөлтийн бизнес хууль бус ч бас баривчлах, хариуцлага тооцох үндэслэл бага. Эхчүүд төрөх эмнэлгийн үйлчилгээний хөлсөө өөрсдөө төлдөг, бас жирэмсэн эмэгтэйг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн хуулийн заалт  үгүй. Төрөхөд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний хөлс дунджаар 2300-4600 ам.доллар, түүнээс дээш байдаг.

Ази болон Ойрхи Дорнодын бүсгүйчүүд виза авах, онгоцоор нисэх зэрэг зардал гаргадаг бол Латин Америкийн орнууд, тэр дундаа Мексикийн хувьд тийм биш. Орос, Зүүн Европын орнуудын чинээлэг иргэд ч АНУ-ын визатай хүүхэдтэй болохыг хүсдэг. Үйл явдал хэрхэн өрнөж, амьдралын чиг хаашаа ч хэлбийсэн үр хүүхэд нь насан хүрээд АНУ-ын иргэн болох боломжтой нөхцөлд хэдхэн мянган ам.доллар төлөх нь тэдний хувьд одоогоор асуудал биш.

Хэрэгцээ байгаа газар үйлчилгээ байдаг зарчмаар Америкт хүүхэд төрүүлэх эхэд орон сууц түрээслэх, аюулгүй байдлыг нь хамгаалдаг хүмүүс гарч ирэв. Зочид буудал олох, орчуулгын үйлчилгээ, эмнэлгээ сонгоход нь мэргэшсэн хүмүүс тусална. “Америк” хүүхэд төрүүлэхийн тулд дунджаар 20 мянга орчим ам.доллар шаардлагатай бөгөөд цахим хуудас, мэргэшсэн хүмүүс, агентлагуудыг интернэтээр олж болно.

Мексиктэй хиллэдэг мужуудын эмнэлэгт сонирхолтой үйлчилгээ үзүүлдэг. Төрөхөд үзүүлэх эмнэлгийн тусламж, зөвлөгөө, байрлах зочид буудлыг багтаасан үйлчилгээний багцыг хэрэглэгчдэд санал болгодог агаад хямд үнэ, олон талыг бодолцсон үйлчилгээ, аюулгүй байдлыг амлах энэ саналыг дуртайяа хүлээн авах эхчүүд олон. Хувийн эмнэлгүүд ч бизнесийн байгууллага тул тэдэнд ийм үйлчилгээ үзүүлж буйн төлөө хариуцлага тооцох, ял тулгах үндэслэлгүй.

Цагаачлалын албаныхны баримжаалж буйгаар, жилд  Америкт 40 мянга орчим “зангууны хүүхэд” төрдөг бөгөөд үүн дээр транзит визтэй жуулчид, гадаад оюутнууд, гэрээт ажилчдын төрүүлсэн хүүхдүүдийг нэмбэл 200 мянга гарна. Тэгэхээр АНУ одоо биш ч хожмын нэгэн өдөр асран халамжилж, хөнгөлөлт үзүүлэх, эрхийг нь хамгаалах, эцэг эхэд нь виз олгох хүүхдийг жилд 300 мянга орчмоор нь “үйлдвэрлэж” байна гэсэн үг.


“Зангууны хүүхэд”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188