• Өнөөдөр 2024-04-25

Хилд үл торон инээд бэлэглэгч

2020-09-24,   866

...Тэр хоёр давхар автобусанд амьдарч эхнэр, охидтойгоо амьдардаг. Хоёр морьтой, Гус нэртэй хэрээтэй. Хагацал, гамшигтай нүүр тулсан дүрвэгсдийн хуаранд очиж үзүүлбэр үзүүлж, сэтгэл санаанд дэм хайрлаж, инээд бэлэглэхийг  танхим дүүрэн үзэгч, алга ташилт, аятай тохилог орчноос илүүд үзсэн циркчин Блай Матеу Триас Барселоноос гаралтай. “Улаан хамарт” хэмээн нэрд гарсан алдарт алиалагч  Хауме Матеугийн хүү. Матеу Триас 16 настайдаа циркийн сургуульд элссэн гэдэг. Аав Ахуме нь Франкогийн засаглалын үед каталон хэлийг сургуульд заахыг хориглосныг эрс шүүмжлэн алиалдгаараа нэрд гарсан нэгэн байж. Шательрогийн циркийн сургуулийн босгоор алхсаныхаа дараа  Матеу ирээдүйн эхнэр Камиль Декортьетэйгээ танилцаж, хамтлаг байгуулжээ.

Хоёр морь худалдан авч, Бонито ба Шенго хэмээн нэрлэж, 25 насныхаа төрсөн өдрөөр ааваасаа бэлгэнд авсан Лондоны хуучин автобусыг гэр болгон тохижуулж, хоёр охиноо аван зөрчилтэй, үймээнтэй бүсийг зорих болсон шалтгаанаа тэрбээр “Инээд, баяр хөөр хүнд ус, агаар, хоол, хувцас шиг л хэрэгтэй. Хаа нэгтээ баяр хөөр дутагдаж байгаа. Би тэнд байхыг хүссэн” гэж тайлбарлажээ. 

“Bestias” циркийн хөтөлбөрт хошин шог, илбэ, амьтадтай үзүүлбэр  багтахаас гадна үлгэр домог, аман зохиолын агуулга ч бий . Тэдний морьд эзнийхээ дохиогоор майхан тойрон давхиж, газарт хэвтэж, испани алхаагаар алхаж чадна. Гус нэртэй африк хэрээ нь хошин үзүүлбэрт голчлон оролцдог. Эхнэр, охид нь аялан тоглолтоор үргэлж хамт явж, зарим үзүүлбэрт нь оролцдог.

Матеу Триас “Хүмүүс бүхнийг тодорхойлох дуртай. Францчууд тийм, испаничууд ийм гээд л... Гэхдээ хүн гэдэг л хамгаас чухал” гэж  ярьжээ. 

1993 онд Матеу Триас анх удаа эцэг, эхтэйгээ хамт Югославын дүрвэгсдийн хуаранд очсон гэдэг. Дайн байлдаантай газраас дүрвэж, овоохой, майхан босгон толгой хоргодож, ус, хүнс гачигдсан орчинд амьдарч буй хүмүүс, хүүхдүүдэд тоглолтоо хүргэх “Хил хязгааргүй алиалагч нар” олон нийтийн байгууллага төдөлгүй байгуулагдаж, Матеу гишүүн нь болов. Тэрбээр багийн хамт Сахарын цөлөөс Колумб, Бангладешээс Босни хүртэл улс орон, тив алгасан тоглосоор өнөөг хүрчээ. 

Циркийн багийнхан НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан газар, буяны сан, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тоглохын зэрэгцээ эрүүл мэнд, боловсрол, хүний эрхийн талаар суртал ухуулгын ажил хийдэг. 

“Хэдийгээр ажилдаа дуртай ч сэтгэл эмзэглүүлсэн, хүнд нөхцөлд аж төрж буй хүмүүсийг харна гэдэг хэцүү. Эр зориг хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн асуудлыг би шийдэж чадахгүй. Тоглолт, лекцийн дараа бид машиндаа суугаад дараачийн газар руу хөдөлнө. Харин саяхан л инээж, алга ташиж суусан хүүхэд багачууд мөнөөх л хэцүү хүнд нөхцөлдөө, боловсрол олж авах, эрүүл энх амьдрах боломж хомс байдалдаа үлдэнэ” гэж Матеу Триас ярьдаг.

Түүнээс  гадна хэзээ ч амь насанд нь гэмт этгээдүүд халдаж мэднэ. Машин техник нь эвдэрч болно. Төөрч магадгүй. Товчхондоо эрсдэлтэй, аюултай аялал. Гэвч инээд хөөр, баяр баясал, урлаг бүгдэд хэрэгтэй.


Хилд үл торон инээд бэлэглэгч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188