• Өнөөдөр 2024-04-20

Залуу удирдагчдын "парад"

2020-10-09,   889

 “Хүйтэн дайн” дуусаж, ЗХУ-ын задрал дуншиж, Холливудад блокбастеруудын эрин ид цэцэглэж байсан 1980-аад онд өнөөгийн дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд цоо шинэ уур амьсгалыг авчирч буй шинэ залуу удирдагчид хорвоод мэндэлж байв. Ази, Европ, Ойрхи Дорнод, Скандинавт өдгөө 30, 40 насны манлайлагчдын эрин эхэлж, тэдний зарим нь Засгийн газар толгойлж эхэллээ. Тэд хэн бэ? 

Санна Марин  \Финляндын Ерөнхий сайд\


Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд Санна Марин 27 настайдаа улс төрийн замналаа эхэлсэн. Санна Мирелла Марин Финляндын нийслэл Хельсинкид 1985 онд төрсөн бөгөөд Тампере хотын их сургуулийг 2012 онд захиргаа, удирдлагын чиглэлээр төгссөн юм. Анх 27 насандаа тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдож, улмаар 2014 оноос Социал ардчилсан намын даргын хоёрдугаар орлогчоор ажиллаж,  2015 онд Парламентын гишүүн болж, 2019 оны зургадугаар сараас Зам тээврийг сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн билээ.
2019 оны зургадугаар сараас Засгийн эрхийг барьсан Социал ардчилсан намын тэргүүн Антти Ринне 2015 оноос Парламентыг тэргүүлсэн Финландын төв намын Юху Сипилягийн халааг авч байлаа. Олон жил төрийн алба хашсан туршлагатай улстөрч Антти Ринне орон даяар өрнөсөн ажил хаялтын улмаас судлаасаа бууж, парламент 34 настай Санна Мариныг сонгосон.
Улс төрийн карьераа эхлээд төдий л удаагүй ч  асар хариуцлагатай, хүндтэй албан тушаалд сонгогдсон Санна Марин ижил хүйстэн хосын охин юм. 

Жасинда Ардерн /Шинэ Зеландын Ерөнхий сайд/


Шинэ Зеландын Лейборист намын дарга Жасинда Кейт Лорелл Ардерн  1980 онд төрсөн бөгөөд Финляндын шинэ Ерөнхий сайдаас өмнөх хамгийн залуу, эмэгтэй Ерөнхий сайд байлаа. 2017 оноос Шинэ Зеландын Засгийн газрын тэргүүний албыг хашиж буй тэрбээр 2008 онд анх бүх нийтийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж, 2017 оноос Маунт-Альбертын тойргийг Парламентад төлөөлж эхэлсэн. 
Христийн шашны мормон урсгалыг дагагч, цагдаагийн гэр бүлд төрсөн тэрбээр лейбористуудыг дэмжигч, улс төрийн идэвхтэн нагац эгчийгээ шахалтаар анх энэ ертөнцөд хөл тавьсан гэдэг. Уаикатогийн их сургуулийг улс төрийн харилцаа мэргэжлээр төгссөнийхөө дараа  Парламентын гишүүн Фил Гоффын багт орж ажиллан, улмаар  Ерөнхий сайд Хелен Кларкийн Тамгын газарт зүтгэж эхэлсэн аж.  Туршлагатай улстөрчид, тэр дундаа Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэрийн ч  арын албанд ажиллаж, туршлага хуримтлуулсан Жасинда Ардерн 2008 онд Олон улсын социалист залуусын холбооны ерөнхийлөгчөөр ажиллахдаа  Алжир, Иордан, Израиль, Хятадад  очиж байв. 
Одоогоос хоёр жилийн өмнө Жасинда Лейборист намын тэргүүн Аннет Кингийн орлогчоор сонгогдон, тухайн үед түүхэн доод хэмжээнд унаад байсан намынхаа нэр хүнд, рейтингийг өсгөхийн төлөө ажилласныхаа дүнд намын даргаар сонгогджээ. Хувийн амьдрал, царай төрхтэй нь холбоотой олон дайралт, шүүмжлэлийг үл тоон, сонгуулийн сурталчилгааны ажлаа явуулж, 12 жилийн турш өрсөлдөгч нь байсан Үндэсний намыг нэр хүндээрээ давж гарсныг улс төр судлаач, ажиглагчид “Жасиндагийн нөлөөлөл” хэмээн тухайн үед онцолж байлаа. Лейборист намын сонгуулийн кампанит ажилдаа зориулан явуулсан хандив, хөрөнгө татах аян өмнө байгаагүйгээр амжилт олж, улмаар ялалт байгуулснаар 37 настай залуу улс төрч Жасинда  Засгийн эрхэнд гарсан билээ. 
Феминист үзэлт, өөрчлөлт хөгжлийг дэмжигч, социал демкрат үзэл баримтлалтай Жасинда Ардерн бүгд найрамдах засаглалыг дагагч. Засгийн газрыг тэргүүлснээс  хойш нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх, ядуурлыг бууруулах, орлого багатай иргэдэд сууц олгох ажлыг хөнгөвчлөх зэрэг олон зоригтой өөрчлөлтийг эхлүүлэхийн зэрэгцээ 2018 онд найз залуу Кларк Гейфордтойгоо сүй тавьж, ууган охиноо төрүүлэн юм. 

Алексей  Гончарук \Украины Ерөнхий сайд\ 


Украины Засгийн газрын түүхэн дэх хамгийн залуу тэргүүн гэгдээд буй Алексей Валерьевич Гончарук 2019 оны наймдугаар сараас дээрх албан тушаалыг хашиж эхэлжээ. Хүний нөөцийн удирдлага чиглэлээр Владимир Вангийн нэрэмжит Бүсийн эрхзүйн их сургуулийг дүүргэсэн тэрбээр  тус улсын Төрийн удирдлагын үндэсний академид магистр зэрэг хамгаалсан аж. Оюутан байхаасаа хуулийн туслахаар ажиллаж, 2006 оноос Киевийн “PRIOR-Invest” хөрөнгө оруулалтын компанийн хуулийн хэлтсийг ахалж ирсэн Алексей  Гончарук 2009, 2010 оноос олон нийтийн ажилд идэвхтэй оролцож эхэлжээ. Одоогоос таван жилийн өмнө улс төрд хөл тавьж, Парламентын ээлжит бус сонгуульд нэр дэвшсэн саналын босгыг давж чадаагүй. 
Төдөлгүй Украины Экологи, байгалийн нөөцийн сайд Игорь Шевченкогийн туслахаар ажиллаж, барууны либерал үзэлт “Хүмүүс чухал” хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг болов. 2019 онд В.Зеленскийн фракцад нэгдсэн гэж улс төр судлаачид онцолж байсан агаад Алексей Гончарук өөрөө “Сүүлийн үед Владимир Зеленскийн багт орж ажиллах саналыг цөөнгүй удаа тавьсан. Улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах, евроинтеграцид түлхэц үзүүлэх хүнийг хайж байгаа бололтой” гэж “бөөрөнхийлж” байсан удаатай. Төдөлгүй 2019 оны долдугаар сараас Засгийн газрыг тэргүүлж, яаралтай шийдэх олон чухал асуудлыг онцлон мэдэгдэл хийсэн. 
Тухайлбал, улс орон даяар хувьчлал хийх, эдийн засгийг хөгжүүлэх, ядуурал, авлигыг бууруулах зэрэг олон асуудлыг шийднэ хэмээн мэдэгдэж буй Алексей  Гончарук цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай гэж ажиглагчид таамаглаж буй. 

Ким Жөн Ун \БНАСАУ-ын удирдагч\


1980-аад онд төрсөн залуу удирдагчдын дундаас хамгийн их анхаарал татдаг, олон улсын сонирхлын төвд байдаг эрхэм бол БНАСАУ-ын тэргүүн Ким Жөн Ун. Ардчилсан тогтолцооот улс орнуудын залуу удирдагчид улс төрийн карьер хөөж, сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулан гарч ирсэн бол түүний түүх арай өөр. Манай дэлхийн хамгийн хаагдмал, нууцлаг орныг түүний өвөө, аав нь удирдаж ирсэн бөгөөд эцэг нь нас барсны дараа 2012 оноос хойш Улсын батлах хамгаалах зөвлөлийн тэргүүн дарга, Солонгосын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга,  Ардын цэргийн ерөнхий командлагч, Цэргийн төв зөвлөлийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байна.
Хойд Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ирийн гуравдугаар, отгон хүү  Ким Жон Ун 1983 онд Пхенъянд төрсөн,  эхнэр Ри Солжү, хоёр охины хамт амьдардаг. Баруунд боловсрол эзэмшиж, улс төр, эдийн зааг, цэргийн эрдэмд суралцан бэлтгэгдсэн хэмээн албан эх сурвалжуудад онцолдог Ким Жөн Ун одоогоос 10 жилийн өмнө Хойд Солонгосын нууцлаг өв залгамжлагч, битүү таамаг, олон оньсого дагуулсан эрхэм байсан бол одоо удирдагчийн хувиар, тэрбээр эцгийн орыг залгаснаас хойш  аав, өвөөгийнхөө чандлан нууцалж байсан зарим бодлогын алдааг ил тод хүлээн зөвшөөрч, БНАСАУ-ын имижийг өөрчлөх тактик баримталж, олон улс, тэр дундаа АНУ тэргүүтэй их гүрнүүдтэй харилцаагаа тодорхой хэмжээгээр ахиулсаар яваа удирдагч болж байна. 


 


Залуу удирдагчдын "парад"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188