• Өнөөдөр 2024-04-16

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг прокурорт шилжүүлжээ

2020-09-09,   2226

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад удаж байгаа билээ. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх  үндэслэлээр дөрвөн хэрэгт  буруутган  шалгасан байдаг.
 
Тэгвэл албаны эх сурвалжаас авсан мэдээллээр  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна. Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор танилцуулах гэсэн боловч Ц.Элбэгдорж гадаад улс руу явснаар арга мухардсан удаатай. 

Ц.Элбэгдоржийн шалгагдаж байсан хэргүүд... 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэгт түүнийг буруутган шалгаж байгаа. Мөн “Эрдэнэт” үйлдвэрээс их хэмжээний ашиг хууль бусаар  хүртсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй.
 
“Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн,  багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Ингээд зогсохгүй ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэгт мөн л холбогдуулан шалгаж байгаа юм. 
 
Түүнчлэн 2012 ондП.Цагааны хамт БНСУ-ыниргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргээр шалгагдаж байсан. Тэгвэл он удаан жил шалгагдсан эдгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг эх сурвалж батлан хэлж байна. АТГ-ынхан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг хэрхэн шалгасан нь удахгүй тодорхой болно. 
Хууль хяналтынхны хэлж буйгаар Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүд нотлох баримтаар тогтоогдсон гэнэ. Тиймээс Монгол Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч хорих ялаар шийтгүүлэх магадлал өндөр байгаа юм. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг прокурорт шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188