• Өнөөдөр 2024-04-20

Б.Ойдовжамц: “Ханталст” компани хоёр хүүгийн минь амины хариуд дөрвөн сая төгрөг, эмгэнэлийн бичиг өгсөн

2020-10-14,   2554

Хөлбөмбөгийн талбайн хаалганд даруулж, цахилгаанд цохиулж, халуун усанд түлэгдэж, усанд живж, хүчирхийлэлд өртөж олон хүүхэд амиа алдсан. Мөн 11-15 настай дөрвөн хүү усанд осолдож, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан юм. Хөвгүүд Чингэлтэй дүүргийн XII хорооноос арвуулаа гараад дөрөв нь усанд живж, амиа алдсан юм. Хүүхдүүдийн осолдсон “Ханталст” компанийн хашаан дотор байрлах тогтоол усанд аврагчид ойролцоогоор таван метр орчим гүнд 12 удаа шумбаж, цогцсуудыг гаргаж авсан байдаг. "Хөөсөнцөр хөвүүлэн тоглож байтал хөмөрсөн" гэж тухайн үед хамт байсан хүүхдүүд нь хэлж байлаа. Тэгвэл энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар талийгаач 11 настай О, 14 настай Б нарын аав Б.Ойдовжамцтай ярилцлаа.

-Өдийгөөс бараг таван сарын өмнө таны хоёр хүү харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэг одоо хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Хоёр сайхан хүүгээ нэг л өдөр хэзээ ч уулзахгүйгээр явуулчихсандаа одоо ч итгэж чадахгүй явна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа гэж хэлсэн. Хэзээ, хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй, хэцүүхэн л байдалтай байна.

-Шүүх шинжилгээний хариу эцэслэгдэж гарсан уу. Тухайн үед шөрмөс нь татсанаас болж амиа алдсан гэж байсан шүү дээ?

-Би хоёр хүүгийнхээ шүүх шинжилгээний хариутай өөрөө танилцсан. Тэгэхэд шөрмөс нь татсан гэж огт бичээгүй байна лээ. Харин уушги нь бүхэлдээ усаар дүүрснээс болж амиа алдсан гэсэн байсан. Тэгэхээр шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт нь энэ мөн байх.

-Нийслэлийн удирдлага болон “Ханталст” компанийнхнаас та бүхэнтэй ирж уулзсан уу?

-Хэрэг гарсны дараа нийслэлийн удирдлагууд бидэнтэй ирж уулзаад, хэдэн төгрөг өгч, эмгэнэл илэрхийлээд явсан. Мөн “Ханталст” компаниас гурван эмэгтэй ирээд, эмгэнэлийн бичиг, хоёр сая төгрөг өгсөн байна лээ. Хоёр хүүхдийн минь амины хариуд дөрвөн сая төгрөг өгсөн гэсэн үг. Тэрнээс барилга барих гэж ухсан нүхэнд нь хөрсний ус хуримтлагдаж, үүнийгээ тойруулан хашлага, хаалт бариагүй, хариуцлагагүй “Ханталст” компанийн удирдлага бидэнтэй уулзаагүй. Манайд ирсэн гурван эмэгтэй тус компанийн ажилтан юм шиг байна лээ. Бусад хоёр айлд хоёр сая төгрөг л өгсөн байх. Хэдий мөнгө байгаад хоёрын хоёр хүүгээ алдчихсан бидэнд ямар олиг байх вэ дээ. Ээжийнх нь зүрх байнга өвдөж, нялх хүүхэд минь хоёр ахыгаа нэхэж уйлаад хэцүүхэн л байна. Бид хоёр хүүгээ амьд байхад Зайсангийн ойролцоо байранд жижүүр, үйлчлэгч хийж байсан юм. Харин хэрэг гарснаас хойш ажлаа хийгээгүй. Ажилдаа яваад ирэхэд үлдсэн хоёр хүүхэд минь байхгүй байх юм шиг санагдаад түгшүүртэй байгаа учраас ажлаа хийж чадахгүй байна.

-Цахим орчинд “Амиа алдсан дөрвөн хүүгийн ар гэрт "Ханталст" компани байр өгнө” гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэгэхээр энэ мэдээлэл худлаа гэсэн үг үү. Та бусад хүүхдийн ар гэртэй холбоотой байгаа юу?

-Нийслэлээс өгсөн хэдэн төгрөгөөр бид хашаандаа байшин барьж байгаа. Бидэнд байр өгөөгүй. Ирж ч уулзаагүй тэд юу гэж өгөх билээ дээ. Харин бид хэрэг явдал үнэн мөнөөр шийдэгдээсэй л гэж хүсэж байна. Миний хоёр хүүтэй цуг амиа алдсан хоёр хүүгийнх хуучин хашаанаасаа нүүсэн байна лээ. Нэг нь хуучин хашаатайгаа ойролцоо, өөр хашаанд нүүсэн гэсэн. Харин нөгөөх нь хаачсаныг мэдэхгүй. Том болсон хүүхдүүдээ алдсан хүмүүс хүүхэд нь эргээд хүрээд ирэх юм шиг санагдаад хэцүү байсан болохоор нүүсэн болов уу.

-Шүүх хурал товлогдоогүй байгаа юу?

-Үгүй. Хэргийн үйл явцын талаар хэн ч бидэнтэй яриагүй. Чухам юу болж байгаа талаарх мэдээлэл огт алга.


Б.Ойдовжамц: “Ханталст” компани хоёр хүүгийн минь амины хариуд дөрвөн сая төгрөг, эмгэнэлийн бичиг өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188