• Өнөөдөр 2024-04-26

Б.Мэргэн: Гэр бүлийн хүчирхийлэл зөрчлийн хэрэгт хамаардаг учраас зорчих эрхийг хязгаарлах ял гэж байхгүй

2020-09-17,   677

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан. Тогтоол батлагдсанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, цахимаар хянах боломжтой болж байгаа юм. Гэвч гэмт хэрэг үйлдэгсдийг сул чөлөөтэй, дахин хэрэг үйлдэх боломжоор хангаж байна гэх ойлголт нийгмийн дунд үүсээд байна. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.

-Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр болж байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн. Гэтэл нийгмийн дунд ял шийтгэлээ эдлэх хүмүүс гэртээ сул чөлөөтэй байх нь. Нөгөө талдаа шоронд сууж байгаа хөнгөн ялтай хүмүүс чөлөөлөгдөх нь гэх ойлголт үүсээд байна. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-УИХ-аар 2015 онд баталж, 2017 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн Эрүүгийн тухай хуульд ялын таван төрлийг тусгасан.  Тодруулбал, торгох, нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах гэж бий. Өмнө нь зорчих эрхийг хязгаарлах ял гэж байгаагүй. Ихэвчлэн хорих ял ногдуулдаг байсан. Тэгэхээр хорих ялаар шийтгүүлсэн хүний тоо маш их болж, манайд 100 мянган хүн тутамд ногдох хоригдлын тоогоор Азид хоёр бичигддэг. Хоригдол олноороо байна гэдэг нь байр, сууц, хоол, ундны зардлаас эхлээд улсын төсвөөс маш их зардал гарна. Мөн хоригдсон хүмүүс нийгэмшихгүй, гэр бүл салалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байгаа юм.

Тэгэхээр хүний заавал хорих ялаар шийтгэх албагүй гэж үзээд Эрүүгийн хуулиар шийтгэх болсон. Энэ хуулийн гол зорилго нь  хүнийг засаж хүмүүжүүлэх. Иймд ялын төрлийг сонголттой болгох хэрэгтэй гэж үзээд үйлдсэн гэмт хэрэг нь тохирсон ял ногдуулахаар болсон. Үүний нэг нь зорчих эрхийг хязгаарлах ял. Харин өөр ялаар шийтгүүлсэн хүний ялыг солино гэсэн ойлголт байхгүй. Анх шүүхээс  тухайн хүнийг ямар ялаар шийтгэсэн энэ ялаа л эдэлнэ.

-Ямар тохиолдолд хүний ялыг тэгшитгэж, сулладаг юм бэ?

-Эрүүгийн хууль шинэчлэгдэж, өмнө нь авсан ялыг нь шинэ хуулиар багасгасан бол энэ хэмжээгээр ялыг нь багасгана. Эсвэл өмнөх хуулиар гэмт хэрэгт тооцоод шинэ хуулиар үүнийг гэмт хэрэг биш гэж үзвэл ялаас чөлөөлөгдөнө. Ийм тохиолдолд ялыг багасгах, суллах талаар ярина уу гэхээс ялын төрөл нэмэгдлээ гээд тухайн хүний ял өөрчлөгдөх боломжгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2015 онд Эрүүгийн хуульд тусгачихсан байсан. Гэхдээ энэ ялыг хэрэглэхийн тулд тусгай зориулалтын тоног төхөөрөмж шаардлагатай. Энэ тоног төхөөрөмжийг  авах мөнгийг төсөвлөөгүй байсан. Тиймээс энэ ялыг хэрэглэдэггүй байв. Цахим гавыг нэвтрүүлснээр ийм ялын шийтгэл ногдуулж болно гэсэн үг.  

-Хөнгөн ялаар шийтгүүлэгчид ялын энэ төрлийг хэрэглэнэ гэж байгаа. Тухайлбал, ямар төрлийн хэрэгт холбогдсон хүн ийм ялаар шийтгүүлэх вэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүс энэ ялаар шийтгүүлээд дахин хүчирхийлэл үйлдэх юм биш үү?

-Гэр бүлийн хүчирхийлэл эхний шинжээрээ зөрчлийн хэрэгт холбогддог. Ийм хэрэгт 7-30 хоногийн баривчлах ял ногдуулдаг. Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж байгаа учраас энэ хуульд зорчих эрхийг хязгаарлах ял гэж байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 2-3 удаа давтагдвал үйлдэл бүрт нь хариуцлага тооцно. Зорчих эрхийг нь хязгаарлалаа гээд гэртээ хүчирхийлэл үйлдээд байна гэсэн ойлголт байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол хохирогчийг хамгаалах арга хэмжээ гэж бий.

-Худал мэдээлэл түгээх гэдгийг Зөрчлийн тухай хуулиар Эрүүгийн хуульд шилжүүлсэн. Тэгэхээр худал мэдээлэл түгээвэл зорчих эрхээ хязгаарлуулна гэсэн үг үү?

-Тухайн хэрэгт ямар ял ногдуулах вэ гэдгийг нь зааж өгдөг. Худал мэдээлэл тараавал 1-3 сар зорчих эрхийг нь хязгаарлах 450 мянгаас нэг сая 350 мянган төгрөгөөр торгох, эсвэл 247-720 цаг хүртэл хорих ялаар шийтгэнэ. Аль тохиромжтойг нь ногдуулна.

-Авлига албан тушаалын хэрэгт зорчих эрхийг хязгаарлах заалт бий юү?

-Ийм төрлийн гэмт хэрэгт 1-5 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах зохицуулалт бий. Эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ. Мөн 10-40 хүртэлх сая төгрөгөөр торгож болно. Шүүгч тухайн гэмт хэрэгтэн эдгээрээс алийг нь эдлүүлэх боломжтой юм бэ гэдгийг сонгоно гэсэн үг. Учир нь, төлбөрийн чадамжгүй хүнд торгох ял ногдуулж болохгүй. Эсвэл хөдөлмөрийн чадваргүй хүнийг нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй. Гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж, ялын төрлийг сонгоно гэсэн үг.
 
 
 


Б.Мэргэн: Гэр бүлийн хүчирхийлэл зөрчлийн хэрэгт хамаардаг учраас зорчих эрхийг хязгаарлах ял гэж байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188