• Өнөөдөр 2024-04-19

Жолоочоо хүн гэж тоодоггүй “Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг гэж хэн бэ

2020-10-19,   1694

“Тэнүүн-Огоо” ХХК-ийг үүсгэн байгуулагч, одоогийн ерөнхий захирал А.Ганхуяг нь анх такси үйлчилгээнээс бизнесийн гараагаа эхлүүлж, хожим автобус бааз болтол нь өргөжүүлсэн түүхтэй аж. Өөрөө засварын инженер мэргэжилтэй учраас түүнд энэ салбарт хөлөө олох нь хялбар байсан биз. “Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийнэ” гэж анх компани байгуулж байхдаа зоригтой дуугарсан ч, нийтийн тээвэр шинэчлэгдэх нь бүү хэл уналтад орж, өөрөө өөрийгөө шинэчлэн өнгө, зүсээ хувиргасан байгаа юм.

Тэрбээр 2015 онд нийтийн тээвэрт улсаас олгодог нөхөн олговрыг завшсан хэргээр шалгагдаж байв. Хэргийг тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад МТ-150 маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг байв. Гэтэл нэр бүхий аж ахуйн нэгжийнхэн явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж, хувийнхаа суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлэн, нөхөн олговор авч байсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлсэн байдаг. Тухайн үед “Тэнүүн-Огоо” болон түүний охин компани “Тулга-Огоо”-ийнхон нийслэлийн Тээврийн газраас тавьж өгсөн төхөөрөмжийг нь салгаж, оронд нь нэг мэт харагдавч хоёр ч автобусны цагийг бүртгүүлчихдэг төхөөрөмж суурилуулсан зөрчил илэрч байжээ. Ингээд 2015 оны эхний улиралд “Тэнүүн-Огоо” компани улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн урьдчилсан тооцоо гарсан байдаг.

Мөн тэрбээр 2017 онд хүн зодсон хэрэгт холбогдож, олны анхаарлыг татсан түүхтэй. Тухайн үед “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нь хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан Нийслэлийн Тээврийн газрын дарга асан Д.Отгонбаатарыг зодсон хэрэг цагдаагийн рапортод бүртгэгдсэн гэдэг. Хамгийн ойрын эх сурвалжуудын мэдээлснээр автобус компаниудад олгодог төсөв, нөхөн олговрын асуудлаар маргаж, төрийн алба хаагчийн шанаа, хөмсөг, уруул, хамрынх нь зөөлөн эдийг гэмтээж, хэдэн сар эмнэлгээр явуулсан гэдэг. Энэ мэт түүний нэр холбогдсон хэрэг цөөнгүй.

Гэвч түүний холбогдсон хэргүүд нийгмийг хэсэг шуугиулж байгаад л нам жим болдог нь хачирхалтай. Уул уурхайн томоохон компанид хувьцаа эзэмшдэг түүнийг цагдаа, шүүхийн байгууллагад танил тал ихтэй гэдэг юм билээ. Үүндээ бардаж, томордог гэх яриа ч олны дунд бий. Энэ бүхнийг дурдах болсон шалтгаан нь А.Ганхуягийн удирддаг “Тэнүүн-Огоо” компанийн жолооч Э.Буянхишиг өнгөрсөн зургадугаар сард тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж осолд орж, өнөөдрийг хүртэл эмнэлгийн орон дээр ухаангүй шахам хэвтэж буй. Гэвч тэрбээр жолооч эмэгтэйн буруугаас болж осол болсон мэтээр хууль хяналтын байгууллагад мэдээлж, ослын улмаас баруун гар нь хоёр удаа, зүүн гар нь нэг, хөл нь хугаралттайгаас гадна 24 хавирганых нь 22 нь хугарсан, уушги нь бяцарч, тархиндаа цус харвасан жолоочид “Бид ашгийн төлөөх байгууллага биш, улсын даалгаврыг биелүүлж байгаа. Нөхөн төлбөр олгох боломжгүй” хэмээгээд өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй байна. Осол болсны дараахан биднийг тус автобус баазын удирдлагуудтай хэргийн талаар тодруулахаар холбогдоход “Хүнээ эрүүл болгохын төлөө бид бүхнийг хийнэ” хэмээж байсан ч хэдхэн хоноод үгнээсээ буцсан нь энэ. Ингээд зогсохгүй ослын талаар болоод нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснуудынх нь техник, эд ангийн бүрэн бус, засвар үйлчилгээнийх нь дутуу дулимаг байдлын талаар бодит мэдээлэл өгсөн жолооч, ажилчдаа шахаж, дарамталж байгааг эх сурвалжууд бидэнд баримттайгаар мэдээлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн-Огоо” хэмээх компанийн эзэн А.Ганхуяг гэгч удаа дараа хэрэгт холбогддог ч тэгсхийгээд “салчихдаг”, компанийнх нь нэр дээрх автобуснууд эвдвэл жолооч нараараа төлүүлчихдэг, бүрэн бус тээврийн хэрэгслээс нь болж осол гарвал жолоочийн хариуцлагагүйнх болгочихдогийн цаана ямар учир байна вэ. Түүнд болон түүний тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийдэг, хяналт тавьдаг албатуудад Монголын хууль үйлчилдэггүй хэрэг үү.

Үргэлжлэл бий. 

 

 


Жолоочоо хүн гэж тоодоггүй “Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188