• Өнөөдөр 2024-04-25

Алга болсон гэх 268 мянган тонн нүүрсний хэрэг хаана замхарсан бэ

2020-10-13,   626

268 мянган тонн нүүрс хулгайлж, хил давуулсан байж болзошгүй гэх хэрэг хоёр жилийн өмнө сөхөгдөж, нийгэм даяар шуугиан тарьсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д айлчлал хийсэн. Тэрбээр айлчлал хийгээд буцахдаа Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор дайрч, Ханбогд, Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. Гашуунсухайт боомт дээр болсон уулзалтын үеэр 268 мянган тонн нүүрс хулгайн гараар орж, хил давсан талаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд мэдээлсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайдыг хууль цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийн гараар орж, ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой. Зарим нь ч явж байгаа” хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 268 мянган тонн нүүрс төрийн өмчит ямар уурхайгаас алга болсон, 20 гаруй сая ам.долларын өртөг бүхий нүүрсийг ямар эрх дархтай албан тушаалтнууд хил давуулан зарсан, хил гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн бэ, 268 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын ямар компанид өгсөн байж болох вэ, 20 сая ам.доллар хэн хэний халаасанд орсон бэ гээд хариулт нэхсэн олон асуулт хөвөрсөн. Нүүрс алга болсон гэх асуудлыг АТГ, Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтарсан баг шалгаж эхэлсэн байдаг.

Тухайлбал, АТГ-ын алба хаагчид хоёр уурхайг бүхэлд нь шалгаж эхэлсэн юм. Ашигт малтмалын газраас жил бүр баталдаг уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж байна уу, уурхайн ашиглалтын талбайн аль хэсгээс нүүрс олборлосон, жилд хэдэн тонн нүүрс олборлосон, ямар компаниудад хэдэн сая тонн нүүрс нийлүүлээд байгаа, БНХАУ болон бусад гэрээтэй компаниас “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дансанд орсон мөнгөн дүн зэргийг нарийвчлан шалгасан байдаг. Мөн тус хоёр компанийн уурхайгаас гарч, хилээр давсан нүүрсний хэмжээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагын тайлан тооцоотой таарч байгаа эсэхийг хүртэл шалгаж байлаа.

Түүнчлэн БНХАУ-ын хил гаалийнхан ч компани тус бүрийн хилээр гаргасан нүүрсний хэмжээг гаргаж, манай улсын холбогдох албан тушаалтнуудтай хамтран тулгалт хийсэн байна. Үүний үр дүнд Монгол Улсын хилээр гарсан, Хятадын хилээр орсон нүүрсний хэмжээ яг таг таарчээ. Өөрөөр хэлбэл, хил гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр хилээр хулгайн нүүрс гараагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Үүнээс гадна хоёр компанийн дансанд орсон мөнгө, зарлага, 2010 оноос хойш “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг удирдаж байсан хүмүүсийн данс, холбоотой байж болзошгүй компаниудыг шалгах ажиллагаа хийж байсан юм. Харин АТГ-аас шалгаж эхэлсэнээс хойш энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Хэрэг ямар шатанд явж байгаа, үнэхээр 268 мянган тонн нүүрс алга болсон уу, хил даваагүй бол хаачсан зэрэг олон асуултын хариу өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа аж. Хэрэв УИХ-ын гишүүн асан Л.Энхболд тухайн үед хуурамч мэдээлэл түгээсэн бол ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой биш үү. Үнэн бол Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг юу хийж байна вэ. Энэ нүүрсний хэрэг хаана замхарсан бэ. Холбогдох хууль хяналтын байгууллага юу хийж байгаа талаараа яагаад мэдээлэл өгөхгүй байна вэ. 


Алга болсон гэх 268 мянган тонн нүүрсний хэрэг хаана замхарсан бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188