• Өнөөдөр 2024-04-25

Б.Энхбаатар: Уул уурхайн салбараа дэмжээд эдийн засгийн хямралыг сааруулах боломж бий

2020-09-24,   861

Монгол улс уул уурхайгаас хамааралтай болоод арав гаруй  жилийн нүүр үзэж байна. Цаашид ч арваад жил хараат байх тухай эдийн засагчид ярьдаг. Өнөөдөр цар тахлын улмаас  хилийн хориг тавигдснаар уул уурхайн салбар манай эдийн засагт ямар их нөлөөтэй нь тодорч байгаа гэнэ. Гэтэл Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй энэ салбараа төр, нийгэм хэрхэн сүйрүүлж байгаа тухай уул уурхайн инженер Б.Энхбаатар ярьж байна. Тэрээр АНУ-дӨмнөд Дакотагийн Уул уурхайн их сургуульд уул уурхайн технологийн чиглэлээр магистр зэрэг хамгаалж, олон улсын судалгааны чиглээр судалгаанд оролцсон ажлын туршлагатай аж.

- Өнөөдөр манай уул уурхайн салбар ямар байдалд байна?
- Маш хүнд гэж хэлж болно. Хэдийгээр өнөөгийн хүнд үед уул уурхайгаас гол ашгаа олж байгаач төр ухаантай бодлого барьж байсан бол эдийн засгийн хямрал бага байх боломж байсан. Энэ салбар төр, нийгмийн буруу сэтгэхүйгээс болж өнөөдөр Оюу толгой, Таван толгойгоос бусад ордын ашиглалт зогсчихоод байгаа.

- Юунаас болов?
- Та санаж байгаа бол 2011 онд Монгол улс дэлхийн бизнесийн анхааралд орж байлаа. Манай эдийн засаг 17 хувиар өсч, уул уурхайн акулуудын хараанд өртсөн. Оюу толгой ордын ашиглалт бизнесийн ертөнцийг тэр чигт нь Монгол руу хандуулсан. Энэ замаар өөр багагүй хөрөнгө оруулалт дагаж орсон. Маш их баялаг, маш том зах зээлийн дэргэд байгаа харагдсан. Өрсөлдөх чадвар их өндөр. Монголчууд баялгаа олборлоод, хашаагаа давуулаад шидчихэд л зах зээлд хүрнэ. Бизнесмэнүүдийн хувьд маш өндөр ашиг харагдсан. Ийм нөхцөлд л гаднаас хөрөнгө цутгадаг. Гэтэл манай УИХ гаднынтомоохон хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн эрхийг өөртөө авсан.

Энэ нь хөрөнгө оруулагчдыг гайхашруулаад зогсохгүй, зогсоосон. Гадныхан манай дотоод дахь албан тушаалтнуудын хүнд суртал, авлигын тухай маш сайн мэдээлэлтэй байдаг. Гэтэл дээр УИХ зөвшөөрөл олгоно гэдэг нь хэдэн зуун дамжлага, авлига нэмэгдэнэ гэдгийг тэд ойлгосон. Дээр 2012 оноос эхлээд дөрвөн жилийн турш уул уурхайн баялгийн үнэ унасан. Энэ хоёр хүчин зүйлээс хамаараад манайх руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт тэг болчихсон. Гаднын хөрөнгө оруулалт гэдэг нь үндсэндээ уул уурхайд л орж ирдэг шүү дээ.

- Төр, нийгмийн буруу сэтгэхүй гэдэг нь юу гэсэн үг вэ?
- Энэ салбарыг зохицуулах хуулиуд мэргэжлийн бус маш их зөрчилтэй гардаг. Нэг гишүүн өглөө орж ирээд л өчүүхэн эрх ашгийнхаа төлөө эдийн засгийг авч яваа салбарыг дээр нь гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоож байна. Төр уул уурхайн салбарыг зохицуулах биш хувийн эрх ашигт нийцүүлэн хууль гаргадаг. 

- Яагаад мэргэжлийн бус хувийн эрх ашигт нийцсэн хууль гарч байна гэж үзэж байна?
- Нэг гишүүн нэг өглөө чуулганд хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг УИХ олгох, нөгөө нь урт нэртэй хуулийг оруулаад баталчихаж байгаа юм. Гэтэл хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нэг өдөр шийддэггүй, урт удаан хугацааны судалгаа шаардагддаг. Тэрбүү хэл хууль гаргаж уриалж, их хэмжээний хөрөнгө оруулчихаад гэнэт урт нэртэй хуулийг баталсан нь хөрөнгө оруулагчдыг үнэхээр хохироосон.

- Нийгмийн сэтгэл зүй хөрөнгө оруулагчдыг хөөж гаргахад яаж нөлөөлсөн бэ?
- Төр нь хайгуул, ашиглалт, олборлолтын зөвшөөрөл өгнө. Дараа нь аймаг, сум, малчид, иргэний хөдөлгөөн гээд олон шатны саад үүснэ. Улмаар иргэний хөдөлгөөнүүд, орон нутгийн иргэд гэх мэтээр уул уурхайн хөрөнгө оруулагчдын дарамтлах бүхэл бүтэн сүлжээ үүссэн. Тэд нэг их эх орон газар шороогоо хайрласан уриатай. Үнэн хэрэгтээ өчүүхэн эрх ашгаа л бодсон үйлдлүүд.

- Энэ олон дарамтуудыг хуулиар зохицуулж болохгүй юу?
- Хууль өөрөө энэ олон дарамт бий болох орчныг бүрдүүлсэн. Нэг талдаа зөвшөөрөл өгөөд нөгөө талдаа эсэргүүцэх боломжийг нь олгочихсон. 

- Байгал орчин сүйтгэдэг хөрөнгө оруулагчид байдаг шүү дээ.
- Байгаа л даа. Гэхдээ сүйтгэдэг хэдийнх зургийг нь харуулаад л нийтээр харлуулдаг. Өнөөдөр нийгмийн 80 хувь нь уул уурхайд хөрөнгө оруулагчдыг Монголын баялгийг цөлмөгчид гэсэн сэтгэхүйтэй болчихсон. Уул уурхайн компанийн ажлыг ажлыг зогсоосон нь эх оронч болж харагдаж байгаа. Гэтэл өнөөгийн коронатай эдийн засгийн хүнд үед ч уул уурхайн орлого л аминд орж байгаа биз дээ.

- Түүнээс хойш манайхан багагүй арга хэмжээ авсан гэдэг.
- Бизнес гэдэг эрсдэл. Цаг хугацаа хамгийн үнэтэй. Хөрөнгө оруулагчид нэг л итгэл алдсан бол дахиад хууртах гээд ороод ирэх үү. Манай шийдвэр гаргагчид хөрөнгө оруулагчдыг жаахан хүүхэд хуурах чинээний л сэтгэхүйтэй.Олон сая долларын тухай яриа шүү дээ. 

Хуулийн дагуу хөрөнгөө оруулсан компани хохирчихоод байхад бусад компани хөрөнгө оруулах тухай сонсохыг ч хүсэхгүй. УИХ хөрөнгө оруулагчдад зөвшөөрөл олгох тухай хуулийг оруулсан хүн нь өнөөдөр УИХ-ын дарга болчихоод сууж байна. Зүй нь, хуулиар хөрөнгө оруулсан компаниудын хөрөнгө, бизнесийн орчинг төр бүрдүүлэх үүрэгтэй. Өнөөдөр хүртэл улам хавчих орчин бүрдүүлээд байна. Гаднын хөрөнгө оруулагчид бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид ч хүнд байдалд орж байна.

- Одоо бид яах ёстой вэ?
- Бид Дарханы зам ямар хүнд байгааг ярьдаг. Тэгвэл уул уурхайн салбар тэр замаас муу байна гэж үзэж болно. Маш их бартаатай замыг жижиг машинаар туулахад хэцүү. Харин том машинаар хурдан туулж болно. Тэр том машин нь уул уурхайн салбар л байхгүй юу. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалтыг хүлээхээс илүүтэйгээр дотоодын уул уурхайн компаниудаа тордох хэрэгтэй. Яаж ч мөрөөдсөн бид ойрын үед уул уурхайн салбараасаа л мөнгө олно. Хэрэв энэ салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулбал эдийн засаг тооцоолсноос богино хугацаанд сэргэнэ.

- Тийм боломж байгаа юу?
- Байгаа. Хууль зөрчсөн компаниудад хууль сахиулахыг шаардах ёстой байтал муу компанийн жишгийг мэдээлэл болгоод л нийт уул уурхайн компаниудыг дарамтлаад байна.

- Эхний ээлжинд юу хийх ёстой вэ?
- Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бэлтгэл ажил хийх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд манайд хайгуулын лиценз олгохоо зогсоосон. Хайгуулын лиценц олгохоо зарлах хэрэгтэй.Гаднынхныг урин дуудах эхний хонх нь хайгуул.

- Манайхан өөрсдөө хайгуул хийж чадах уу?
- Манайд хайгуул хийх хангалттай боловсон хүчин бий. Гэхдээ хайгуул хийнэ гэдэг маш их хөрөнгө шаарддаг ажил. Бидэнд хөрөнгө алга.

- Хэр үнэтэй байдаг вэ?
- Нэг өрөм тавихад сая, заримдаа хоёр сая доллар шаардлагатай. Ганц өрөм тавиад болчихдог бол ч яахав. Гэтэл хэдэн зуугаас эхлээд хэдэн мянга хүртэл өрөм тавьж байж том орд илрүүлнэ. Том ордууд газрын гүнд л байдаг.

- Баахан өрөм тавьчихдаг. Юу ч гарахгүй бол яахав?
- Уул уурхайн хамгийн том асуудал энэ л дээ. Бидэнд өрөм тавих мөнгө байхгүй. Өр тавьж, зээл аваад шатвал улсаараа сүйрнэ. Тийм учраас гаднынханд боломж олгох хэрэгтэй байгаа юм. Манайхан нийт нутгийнхаа 20 хүрэхгүй хувьд нь хайгуул хийсэн. Хайвал хэдэн арван Оюу толгой байгаа  гэж таамагладаг. Гэтэл хайгуул хийх бүсийг олон хуулиар хязгаарлачихсан. Ой, ус, тусгай хамгаалалт гэх мэтээр. Ингэхээр нийт нутгийнхаа 30 гаруйхан хувьд л хайгуул хийх боломжтой.

- “Акул”-ууд биднийг тоох уу?
- Тэд шууд орж ирэхгүй. Уул уурхайн дунд хэмжээний компаниуд байдаг. Тэд хайгуулд мөнгө гаргаад илрүүлсэн том ордоо том “акул”-уудад зардаг жишиг байдаг. Манай Оюу толгой ч ийм л замаар “Рио Тинто”-гийн хөрөнгө татаж чадсан шүү дээ. Өнөөдөр Оюу толгойн орд дэлхийн анхаарлын төвд байгаа. Энэ компанид хандах монголчуудын хандлага манай бизнесийн орчныг дэлхийд харуулна. Монголын компаниуд өөрсдөө ажиллах орчингүй байхад гадныхан орж ирэхгүй.

- Гаднын хөрөнгө оруулагчид өнөөдөр яг юу хүсч байгаа бол?
- Уул уурхайн хөрөнгө оруулалт өөрөө асар их эрсдэл дагуулдаг. Ялангуяа хайгуулд гаргах зардал. Гэхдээ энэ бол эрсдэл гэхээсээ илүү сайн дурын бооцоо. Хөрөнгө оруулагч алдах магадлалтай гэдгээ мэдээд зарцуулдаг хөрөнгө. Үүнээс аюултай эрсдэл нь улс төрийн эрсдэл. Хууль ойлгомжгүй, хэрэгжихдээ албан тушаалтны үзэмжээр хэрэгжинэ. Нэг гишүүн нэг өглөө хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагчдыг хайр найргүй шатаана. Эрдэнэтийн зэсээс авах татварыг нэмэх гээд алтыг хамруулчихсан. Тухайн үедээ Монголбанканд жилд 22 тонн алт тушаадаг байсан бол өнөөдөр 2-4 тонн болж буурсан.

- Төрийн Таван толгойн 30 хувийг олон улсын зах зарах нь зөв үү?
- Өнөөдөр биднийг тэжээж байгаа Оюу толгойн гэрээг байгуулсан хүмүүсийг шоронд хийсэн. Нийгэм чимээгүй л байна. Би бол энэ улсууд хэзээ нэгэн цагт гавьяа байгуулсанд тооцогдох байх гэж боддог. Өнөөдөр Таван толгойн гэрээг хийсэн улсуудыг маргааш шоронд хийхгүй гэсэн баталгаа байна уу. Эхний ээлжинд ийм асуудал байгаа. Зэсийн олборлолт маш өндөр технологи ашигладаг бол нүүрсийг монголчууд олборлодог туршлагатай. Манайхан уул уурхайн салбарыг Таван толгойгоор төсөөлөөд байгаа юм. Оюу толгойн технологи бол дэлхийн шилдэг технологи, тоног төхөөрөмж. Харин Таван толгойг ашиглах зарчим буруу.

-  Юу нь?
- Таван толгойг хоёр хуваагаад баруун хэсгийн 30 хувьд хувьцаа гаргах тухай ярьж байна. Нийт Таван толгойгоо үнэд оруулахын тулд бүхэлд нь л бодлого хэрэгжүүлэх ёстой. 


Б.Энхбаатар: Уул уурхайн салбараа дэмжээд эдийн засгийн хямралыг сааруулах боломж бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188