• Өнөөдөр 2024-04-19

Улсад өртэй улстөрчид

2020-10-09,   973

УИХ-ын гишүүн асан эрхмүүд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа  эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний мөнгөн хохирол учруулсан олон улстөрч ял эдэлж байна. Тэднийг ял эдлэхээс гадна улсын төсөв, хөрөнгийн хохирлыг гүйцэд барагдуулах ёстой гэж олон нийт үздэг. Тэгвэл бодит байдал дээр улсын хохирлыг нэр бүхий улстөрчид хэрхэн барагдуулж байгааг хүргэе.

Ерөнхий сайд асан М. Энхсайхан улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэжээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханыг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан. Тодруулбал, түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд мөнгөн мөнгөн хохирол учруулсан гэж үзжээ. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн  тусгай ангийн 19.6.1, 22.1, 22.2 заасны дагуу М.Энхсайханы нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 4.6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Ерөнхий сайд асан С.Баяр улсад 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын  “Петровис трейдинг” компанид шатах, тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Мөн С.Баярын том охин Б.Нандин, Ч.Давааням нар хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэрээр 2010-2014 оны хооронд АНУ-д дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь С.Баярын болон эхнэр Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 443 мянган төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэм буруутайд тооцсон юм. С.Баярт албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээс хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргажээ.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр улсад 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл өгсөн нь шүүхээр тогтоогдсон. Түүний үйлдсэн гэмд шүүх нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 5.5 жил хорих ял оноосон. Тэрбээр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж, байхдаа хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн зорилтод төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан байна. 

УИХ-ын гишүүн асан Г. Солтан улсад 950 сая төгрөгийн хохирол учруулсан

Г.Солтан гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” компанидаа давуу байдал бий болгож, 950 сая төгрөгийн урт хугацаатай, хөнгөлттэй зээл олгох шийдвэр гаргуулжээ. Энэ хэрэгтээ гурван жилийн ял авч, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилийн хугацаагаар хасуулсан ч улсад учруулсан энгийн үйлдвэрлэгчдэд очих ёстой байсан 950 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байна.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зургаан жилийн ял  авсан

Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хассан. Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбилцлыг баталсан. Шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж. Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанид шилжүүлжээ. Үүний дараа тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийн “Бэст лэнд майнинг” гэх шинээр байгуулсан компанид зарсан гэдэг үндэслэлээр ял авсан юм. Түүнийг улсын ашигт малтмалын баялгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан завшсан хэрэгт буруутгаж байгаа билээ.

УИХ-ын гишүүн асан С. Баярцогт улсад 63 тэрбум 961 сая төгрөгийн хохирол учруулжээ

С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гурван жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хорих ялаар шийтгэсэн.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан гурван жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ялыг нэмэж 10 жилийн ял, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна.
 


Улсад өртэй улстөрчид
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188