• Өнөөдөр 2024-04-25

Сонгуулийн ерөнхий хороог татан буулгая

2020-10-20,   678

     Орон нутгийн сонгууль болоод тав хонож байна. Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр нийслэлийн сонгуулийн дүнг НИТХ-ын даргад өргөн барьж, 45 төлөөлөгчдөд үнэмлэхийг нь гардуулж өгснийг эс тооцвол одоог хүртэл Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн албан ёсны дүн мэдээг танилцуулаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэр дэвшигчид, иргэд өөрийн сайндаа сонгуулийн дүнг олж мэдсэн гэвэл хилсдүүлсэн болохгүй.

    Сонгуулийн ерөнхий хороо 28 жилийн түүхтэй. Монгол Улс ардчилалд шилжиж, төр засгаа өөрсдөө сонгож, санал өгдөг болсон тэр цаг үеэс хойш үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг хүлээдэг байнгын ажиллагаатай төрийн байгууллага юм. Гэтэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа хамгийн гол ажил болох сонгуулийн дүнгээ мэдээлэхгүй байна гэдэг бол энэ байгууллага ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл.

     28 жилийн хугацаанд тус байгууллагыг сайн, муу олон мэдээ дагадаг. Ялагдсан нам нь “Сонгуулийн ерөнхий хороог шударга бус ажиллалаа, ялсан намын талд ажилласан, хар машин буруу тооллоо” гэх мэдээлэл байнга шахуу хөвөрч, харин ялсан тал нь үг дуугүй дүнг нь хүлээн зөвшөөрдөгт бид бараг дадал болсон. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн хар машиныг хакердаж болдог гэх нууц бичлэг ил болж, үүний эсрэг Сонгуулийн ерөнхий хороо, хууль хяналтын байгууллагынхан ээлж дараалан хэвлэлийн хурал зарлан байж энэ мэдээллийг “дарсан”. Гэтэл булавч бултайна гэдгийн үлгэрээр сонгуулийн үеэр хар машин гацаж, тусгай тэмдэгтэй машинаар сонгогчдыг санал авах байранд зөөсөн, хэн нэгэн нь тэдгээр машиныг тэмдэглэж, хэн хэн чухам хэнд санал өгч байгааг баталгаажуулсан сурагтай.

    Сонгууль бүрээр нэр дэвшигчид архи, тамхи, мөнгө тарааж, сонгогчдын регистрийн дугаарыг жирийтэл бичдэг, царцаа нар хаа сайгүй үүрлэчихсэн байдаг зэрэг энгийн иргэдийн мэдэх баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороо, манай хууль хяналтын байгууллага л мэддэггүй гэвэл итгэхэд бэрх.

   Сонгуулийн ерөнхий хорооны дарга болоод гишүүд ямар нэгэн нам, эвслээс ангид үйл ажиллагаа явуулах, эрх баригчийн талд бус, ард түмний талд ажиллах үүрэгтэй. Сонгуулийн ерөнхий хорооны дүн эргэлзээгүй, үнэн байх, тэгээд ийм итгэл найдварыг иргэдэд төрүүлэх учиртай. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-ний хамгийн том буруутан нь үнэндээ Сонгуулийн ерөнхий хороо байсан. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд төв талбайдаа жагсаж, таван эрдэнэт хүний амь сүйдсэн. Эргэлзэх хэмжээнд байна гэдэг бол тус байгууллага ажлаа хийж чадахгүй байна аа гэсэн үг.

   Тодорхойгүй байдал үргэлж эргэлзэхэд хүргэдэг. Харин азаар энэ уаагийн сонгуулиар ямар нэгэн үймээн самуун болсонгүй, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх маргаан гарсангүй. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо энэ байдлаар цаашид ажиллавал дараа дараагийн сонгуулиар юу болохыг тааж хэлэхийн аргагүй. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийвэл хийсэн шиг хиймээр байна. Хийж чадахгүй бол юу ч хийгээгүй байж цалин хүртдэг, төрийн байгууллагын түнтийсэн бүтцийг нэгээр ч атугай цөөлж, тус байгууллагыг эртхэн татан буулгая.

 


Сонгуулийн ерөнхий хороог татан буулгая
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188