• Өнөөдөр 2024-04-20

МАН-д зангараг, АН-д дарга хэрэгтэй байна

2020-10-09,   745

Цол дагаж бяр гэж уламжлалаас урган гарсан сайхан үг бий. Зүгээр ч үг төдий бус. Түрүү бөхөө өтгөс буурлаасаа ч дээгүүр, хоймортоо залдаг. Үүнийхээ хариуд ирэх жилийн наадмын өнгөнд, ид хаваа гайхуулж, түмэн олноо баясгахыг хүлээдэг нь монголчууд бидний зан. Уламжлалт сэтгэлгээний энэ зан, ойлголт улс төрд харин буруутаад байх юм. 

Өөрөөр хэлбэл, улс төрд бол эрх мэдэл дагаж нямба байдаг ажээ. Бөхийн цолоор бол МАН аль хэдийнэ далай, даян, дархан аварга болчихоод байгаа. Зөвхөн сүүлийн хоёр сонгуульд л гэхэд өвдөг шороодолгүй угсраа түрүүлчихсэн. Гэсэн атлаа ямар ч бяргүй буюу аваргын зангараг байхгүй. Нялхайтал таргалчихсан, уран мэхийг уралдуулах гэх үг тохирохоо нэгэнт больчихсон, шинэ залуусыг хар жингээрээ дарж даваад, амьсгаа нь давхцан, гүймэр аядаад ёс төдий туг тойрч яваа улаан аварга гэчихвэл онох ч юм уу.

Засаглалын залгамж чанар алга байна. Энэ л манай улсын хөгжлийн гацаа болж байна гэж манай төрийнхөн нэгэн үед ярьдаг байв. Олонх болж засаг авсан нам нь сонгуулийн дараа “Өмнөх засгаас бид тийм өр хүлээж авлаа, тэд бидэнд ийм эдийн засаг үлдээлээ” гэж ирэх дөрвөн жилд улсаа хөгжүүлж чадахгүй бол бурууг өөрөөсөө бултуулах нүхээ ухаж эхэлдэг байсан. Харин ард түмэн үүнийг залруулахын тулд, басхүү үнэхээр тийм зовлон байдаг бол дахин битгий амсаасай гэсэндээ өнгөрсөн хоёр сонгуульд МАН-д бүх итгэлээ хүлээлгэж, байж болох бүхий л эрх мэдлийг атгууллаа. Харамсалтай нь юу ч өөрчлөгдсөнгүй. Эрх мэдлийн оргилд гарчихсан хэрнээ эрх баригч намын зангараг гаргаж чадахгүй өдийг хүрлээ. 

Эрх баригч намаас наанадаж дараах гурван асуудалд зангараг нэхмээр байна

1. МАН сүүлийн 10 гаруй жил нийслэлчүүдийн толгойны өвчин байсан утааг бууруулах нэг том алхам хийсэн нь сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлсэн явдал. Гэхдээ өнгөрсөн өвөлжин утаа буурсан, буураагүй, сайжруулсан түлш хортой, хоргүй гэсэн оньсого иргэдээр таалгасаар урин дулаантай золгосон. 20 хүн хортой, хоргүй гэдэг МАН-ын оньсогыг буруу таагаад амиа өргөсөн. Удаачгүй сонгууль болсон. Угаартаж амиа алдагсдыг бид мартсан. Утааг бууруулсан гэж тэд ялсан. Энэ жил дахиад л энэ оньсогоо таалгаж эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр долоо хоногт буруу таасан тав, найман настай хоёр хүүхэд, 64 настай эмэгтэй хорвоог орхиод байна. МАН-ын хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлш нь хортой байгаад байна уу, эсвэл гэр хорооллын иргэд гэнэт галаа түлж чадахаа больчихсон уу. Энэ төөрөгдлийг нэг мөр арилгах, эхлүүлсэн ажлаа нэр төртэй хариуцах зангараг МАН-д алга. Утаагүй агаараар амьсгалахын тулд нэг өвөлд л 20, 30 иргэнээ угаартуулж алах ёстой юм бол сайжруулсан түлш хэрэглэх хэрэг байна уу?

2. 220 километр засмал зам тавьж чадахгүй, тийм зангараггүй юм бол эрх баригч нам гэх нэр зүүх эрх байна уу.  Сүүлийн дөрвөн жил Дарханы замд 300 гаруй осол гарч, 80 гаруй хүн амиа алдлаа. Хүлцэнгүй ард түмэн тулдаа Дарханы зам бус Үхлийн зам гэх нэр хүртэл өгчихсөн, зам тавиад өгчих зангараггүй төртэйдөө гомдоод хорвоогоос одож байна. Гэтэл төр нь “Тендерт шалгарсан замын компанийн 200 хятад ажилчин орж ирж чадахгүй байгаа учраас ажил зогссон” гэх тайлбар хэлж,  80 иргэнийхээ алтан амийг үнэгүйдүүлээд сууж байдаг. Дэлхийн бусад оронд төр нь өөрийн хөрөнгөөр, өөрийн ажилчдаар далай доогуур зам тавьж, элсэн цөлд хот босгож байх жишээтэй. Тэд тийм зангарагтай. 

3. Хүүхэд хамгаалалд хамгийн зангараггүй нам. Хойд эцэгтээ зодуулж амиа алдлаа, төрсөн эцэгтээ хүчиндүүлж амиа алдлаа, замын гарцан дээр машинд мөргүүлж амиа алдлаа, тоглоомын талбай дээр хүнд төмөрт даруулж амиа алдлаа. Алинд нь ч төр чимээгүй байсаар. Хүүхэд хамгааллын 96 зүйл заалт бүхий хуулиудтай гэдэг хэрнээ жилд хоёр дахин их хүүхэд цаг бусаар, зүй бусаар амиа алдаж байна. Гэсэн ч хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоодог, хүүхэд аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг тийм зангараг байхгүй. 

АН-д шинэ хараацай хэрэгтэй

Нэгэн цаг үед босоо явсан хөх аварга АН одоо сульдаатай, оюун санааны олдмол доголдолд орсон нэгэн шиг л болж. 30 жилийн түүхтэй, улс төрийн хоёр том хүчний нэг гэдэг атлаа дарга байхгүй. Даргагүй учраас дотроо нэгэндээ даам гарагсад тус намд олон. Ардчилсан улсын ардчилсан нам нь даргагүй, дампуурчихсан гэвэл улс орнууд биднийг шоолох вий. Ардчиллын алтан хараацай гэгддэг үе үеийн дарга нар нь өөрсдийн ангаахайнуудаа намынхаа шат шатны удирдлагад гаргаж орхиод өөрсдөө үүрээ хаяад нисчихсэн. Ядаж сүүлчийн дарга С.Эрдэнэ нь “Шилэн нам” нэрийн дор санхүүжилтээ ил болгож “гэнэнтээд”, “Шонхор” фракцаа намаасаа илүүд тавьж “буруудаад” намынхаа нэр хүндийг шавартай хутгаж орхимогцоо өөрөө цэвэрхэн гараад явчихсан. Одоо даргагүй тус нам шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг дотроо учир зүйгээ олохгүй, сөрөг хүчин гэдгээ ч огоорохгүй явна. Одоо энэ намд дарга л хэрэгтэй. Гэхдээ хуучин биш шинэ хараацай хэрэгтэй. Гэтэл АН-ын даргын сунгаа яригдаж эхэлмэгц Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, О.Амартүвшин тэргүүтнүүд нэр дэвшихээр горьлож буйгаа илэрхийлсэн. Зоригтой, шийдвэртэй даргын үнэр алинаас ч ханхлахгүй байна гэвэл буруудахгүй болов уу.  

Тус намын 180 мянган гишүүн ч мөн шинэ салхи, шинэ хараацай, шинэ хонхны дуу хүсэж буй юм. Тэгж гэмээнэ ирэх сонгуульд хуучин цагийн босоо хөх аварга ид хаваа гайхуулж дэвж зогсох магадлал бий.  

Өөрөөр хэлбэл, МАН-д зангараг, АН-д дарга дутагдаж байна. 
 


МАН-д зангараг, АН-д дарга хэрэгтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-09 12:31:21
    Зочин: Ан д юу ч хэрэггүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188