• Өнөөдөр 2024-04-20

хорих ял эдэлж байгаа хүмүүс “цахим гав” зүүх боломжгүй

2020-09-17,   1009

Авилгачид ордонд, хүчирхийлэгч нар гэртээ цахим гаваар гангарах уу, Х.Нямбаатар сайд аа

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болох нь. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч нар өдөржин архи ууж, шөнөжин эхнэр, үр хүүхдээ тамлаж, танхайрахыг “зөвшөөрсөн” хуулийн заалтыг хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Тухайлбал, гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхөр цахим гав зүүгээд хүчирхийллээ үргэлжлүүлэх бололтой.

Тодруулбал, Хуульзүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр “Монгол Улсын Эрүүгийн хуулинд заасан 2021 оны нэгдүгээр 1-ээс хэрэгжиж эхлэх зорчих эрхийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийн тогтоолыг баталлаа. Хорихоос өөрөөр ял эдэлж байгаа иргэд ялыг яаж эдлэх нь тодорхой боллоо. Энэ ял хэрэгжсэнээр тухайн иргэн гэр бүлтэйгээ байж, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна. Уг ялыг хүний амь хөнөөсөн, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүнд гэмт хэргээс бусад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн иргэдэд ногдуулна. Тухайлбал, зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэт хүмүүс эдлэх юм . Ингэхдээ цахим бугуйвчийг тухайн иргэний гарт, эсвэл хөлд зүүж, хянах болно. Гав нь кодоор лацадсан учир таслах, тайлах боломжгүй. БНХАУ-аас хамгийн хямдаар цахим гав худалдаж авах санал гарсан. Гав камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө. Энэ гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажиллах боломжтой. Ирэх оны байдлаар 1080 хүнд энэ ялыг ногдуулна гэсэн судалгаа гарсан. Энэ ял хэрэгжсэнээр хориход ял эдэлж байгаа хүмүүсээс 60 хувийн бага өртөг гарах буюу жилд гурван тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн ч энэ ялаар шийтгэгдэх боломжтой. Анх удаа хөнгөн гэмт хэрэг, болгомжгүй үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд энэ ялыг онооно” хэмээн мэдээллэв.

Тэгэхээр улсын төсвөөс хумсалж, хувийн хэвшлийн компаниа тендэрт ялуулж, ЖДҮЭС-г цөлмөсөн “том”-чууд цахим гав нэрийдлээр ялаас мултрах боломжтой боллоо. Хэнд зориулсан Эрүүгийн хуулийн өөрчлөлт юм бэ. Хэнийг эрхлүүлсэн сэтгэл юм бэ. Гавтай гавшгай “хулгайч” нар улс орныг минь зарж, иргэдийн татварын мөнгөөрөө дураараа дургих болчихлоо. Учир нь, тэд анх удаа бусдыг хохироосон нэрийдлээр хөнгөн ял авч, цахим гав зүүгээд дулаахан гэртээ хэвтэх нь. Төрийн суудал наймаалцаж, энд, тэндгүй ажлын байрны авилгал цэцэглэх нь. Учир нь, тэд хахууль өгсөн, авсан нь баригдсан ч хөнгөн нэрийдлээр бас л суллагдах нь. Гэхдээ хорих ял эдэлж байгаа хүмүүс “цахим гав” зүүх боломжгүй.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нэгэн цахим гав зүүгээд хүний аминд хүрвэл хэн хариуцах вэ. Зорчих эрхийг нь хязгаарласан ч хүчирхийлэл үйлдэх үйлдлийг нь хязгаарлаж чадахгүй бололтой. Тэнд, энд гишгэж, тэнтэр, тунтар өсөж байгаа үрс чинь ялтнуудын гарын шүүс болсоор л байх юм уу.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хөнгөн ял авсан этгээдүүд энэ ялыг эдлэнэ. Тэгэхээр ирэх жилийн сонгууль хүртэл ордноор дүүрэн цахим бугуйвчаар “гангарсан” “хулгар”-ууд айсуй.


хорих ял эдэлж байгаа хүмүүс “цахим гав” зүүх боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 17:25:45
    А: Өөрийн үзлээр буруу ухуулга явуулах хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 17:25:14
    Иргэн : Хүчирхийлэгчийг гэр бүлд ойртуулахгүй заалттай гсэн. Энэ талаар бодоогүй биш бодолцсоныг бод
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 17:24:06
    Лиза: Хээл хахууль авилгал авсан хүмүүсийг цахимаар хянахгүй хөнгөн ялд оруулахгүй гсэн. Хүний ярьсныг зөв ойлгооч
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188