• Өнөөдөр 2020-10-22

С.Ганбаатар: Ерөнхий сайд ажлаа олигтой хий

2020-09-09,   210

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Гишүүнээр сонгогдсоноос хойш ямар хуулийн төслүүд дээр анхаарч ажиллаж байна вэ?
-Иргэдийн санааг зовоож байгаа газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудалтай холбоотой Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад анхаарал хандуулж байна. Үүнтэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл санаачлан, УИХ-ын даргад өргөн барьсан. Тусгаар тогтнолын баталгаа болсон энэ заалтыг нэг ч гишүүн авч үзэхгүй, тайлбар хийхгүй, анхаарахгүй байгаа нь УИХ өөрөө барьцаанд орсон гэсэн үг.
 
Тиймээс би ард иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэж, хуулийн төсөл өргөн барьсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт орсон байгаа. Одоогийн Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн насны олон хүний эрх ашиг хөндөгдөж байна. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Бэлчээрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн бэлтгэлийг хангахаар холбогдох эрдэмтэн,  судлаачидтай уулзаж байна.
 
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь хэсэгт “Төрийн нийтийн өмч” гэж заасан нь гаднын иргэдэд газар, түүний хэвлийн баялгаа өмчлүүлэх боломж олгосон гэх маргаан сүүлийн хэдэн сар үргэлжиллээ. Хууль санаачлагчдын зүгээс уг хуулийн заалтыг өөрөөр тайлбарлаж байгаа. Яагаад ийм маргаантай асуудал үүсэх болов?
-Эрх баригчид 755 хуулиар ард түмнийг хуульчилдаг. Харин ард түмэн Үндсэн хуулиар эрх баригчдыг хуульчлах ёстой. Ард түмэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, “6.2 дах заалт зөрчилтэй байна. Нийтийн өмч гэснээрээ бидний газар нутгийг дэлхий нийтийн болгох гэж байна” хэмээн надад хандсан. Энэ асуудлыг ил болгож, парламентын  түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх нь  гишүүн миний үүрэг.
 
Тиймээс иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргүүлж, шийдүүлэхээр ажиллаж байна. Үүнээс болж маргаан гарсан. Асуудал ард түмний талд шийдэгдэх ёстой. Эрх баригчид “Төр, нийтийн өмч гэдэг нь ард түмний дундын өмч  гэдэгтэй адилхан” гэж тайлбарлаад байгаа. Адилхан юм бол ард иргэдийг амраагаад, “Улсын өмч бол ард түмний дундын өмч” гэдэг иргэдийн хүсээд байгаа томьёоллоор нь  болгоод өгөөч гэж би хүсэж, бас гуйж байгаа юм.
 
-Та Оюутолгой, Дубайн гэрээ зэрэг уул уурхайн баялгийг тэгш хуваарилах асуудлаар байр сууриа олон жил илэрхийлж ирсэн. Энэ ажлаа бодитой үр дүнтэй байлгах чиглэлээр цаашид хэрхэн ажиллах бол?
-Оюутолгой, Дубайн гэрээг  бодитой, үр дүнтэй байлгахын тулд Монголын тал гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед Ерөнхий сайд асан С.Баяр улсаа төлөөлж гарын үсэг зурсан ч үүнийг нь залгамж халаа болгон үргэлжлүүлэх хэрэгтэй. Иймд үе үеийн Ерөнхий сайд нар анхаарал хандуулж, УИХ-ын гишүүд нь хяналт тавьдаг баймаар байна.
 
Тэд ард түмнийхээ дуу хоолой болж, гэрээг ашигтай байлгахын тулд шахаж, шаарддаг байх хэрэгтэй. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва зэрэг олон хүний хүч, хөдөлмөрөөр Оюутолгой, Дубайн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Энэ шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэдгийг би шахаж, шаардаж ажиллаж байна.
 
Гэрээ хийснээс хойших хугацаанд Оюутолгойгоос  2014 онд 17.5 , 2015 онд 23 , 2016 онд 11, 2017 онд 3.5 ,  2018 онд найм,  2019 онд 8.5 тонн алт гарсан байгаа юм. 2019 он хүртэлх зөвхөн алтны хэмжээг тооцоход 71 тонн алт гарчээ. Зэсийг алтанд шилжүүлбэл нийт 250 тонн алттай тэнцэх баялаг болно. Тиймээс Оюутолгойн гэрээг Монголд илүү үр ашигтай байлгахын тулд гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.
 
-Анхдугаар чуулганы үеэр та Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай байлгахын тул гол асуудал руугаа орж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулж байсан. Гол асуудлыг нь та юу гэж харж байгаа юм бэ?
-Оюутолгой компанийн  34 хувийг Монгол Улс эзэмшиж байгаа гэдэг ч үүнд хяналт тавьж байгаа хүн алга.  Манай талд эрх мэдэл ч байхгүй. Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл дэх есөн хүний гурав нь Монголын тал. Манай талаас төлөөлж байгаа энэ гурван хүн ажлаа хийхгүй байна.
 
Тэд Оюутолгой, “Рио Тинто”-гоос цалин авч байгаагаасаа ичих хэрэгтэй. Дээр нь “Рио Тинто” компани  Монголын газар нутгийг үнэлэхгүй байж экватор, техник барилга, байшингаа асар өндөр үнэлсэн. Үүний 34 хувийг нь бид зээлээр худалдан авч ажиллуулж байгаа. Газрын хөрсөн дор байгаа олон тэрбум ам.долларын баялгийг яагаад огт үнэлдэггүй юм бэ. Тиймээс л би газар нутгаа үнэлж, 50 хувийн үнэгүй авах ёстой гэж олон жил ярьсан.
 
-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, баталлаа. Нэлээд хэмжээний алдагдалтай төсөв баталсан. Энэ талаарх таныг байр суурийг сонирхоё?
-Монгол Улс 2020 оны төсөвт тодотгол хийхдээ 4.8 их наядын алдагдалтай баталсан. Үндсэндээ бид улсын төсвийг 50 хувийн алдагдалтай баталлаа.  Энэ алдагдлаа яаж нөхөх вэ гэдэг  асуулт гарч ирнэ. Мэдээж өр, зээл тавьж олно. Засгийн газар бонд гаргана гэж мэдэгдсэн.
 
Энэ нь өр тавина гэсэн үг. Хойч үедээ үлдээх хөрөнгийг бид өнөөдөр зөвшөөрөлгүй хулгай хийж байна. Бид одоо хүүхдийн хоолны мөнгө, багш, эмч нарынхаа цалинг өр тавьж өгч байна. Ингээд  улс орныхоо төсвийг зээлээр бүрдүүлж байна. Тиймээс улстөрчид хэтийдсэн шуналаа багасгах цаг болсон.
 
-Ирэх жилээс бондуудын өр төлнө. Манайх өрийг өрөөр төлөхөөс өөр аргагүй гэдгийг та дурдлаа...?
-Өрийг өрөөр төлөхөөс өөр гарцгүй байдалд өөрсдөө орсон. Гаргасан бондоо үр ашигтай зөв зарцуулж чадахгүй байна. Энэ нь ч аудитаар нотлогдсон. Ам.доллараар авсан гадаад зээл гаргасан бондын эргэн төлөлтийн үед төгрөгийн ханшийн уналт ихээхэн дарамт болж байна.
 
Гадаадын эх үүсвэрээс хүү бага, урт хугацааны зээл ашиглаж, хүүгийн зардал хэмнэж байгаа боловч сүүлийн долоон жилд гадаад бонд, зээлийн ханшийн зөрүүнээс нийт 5.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.
 
-Эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван гарах боломж бидэнд байна уу. Засгийн газраас эдийн засгаа сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хэр бодитой арга хэмжээ авсан бэ?
-Зэс, нүүрсний үнэ нэмэгдээд орлого  орж ирэхээр бид төсөвт тодотгол хийдэг. Эсвэл түүхий эдийн үнэ унаад, олно гэсэн орлого нь орж ирэхгүй бол төсвийн тодотгол хийдэг уламжлал тогтчихсон. Уул уурхайн баялгаасаа Монголын ард түмэн ашиг хүртэж чадахгүй байна.
 
Мөнөөх олигарх бүлэглэлүүд нь ашиг хүртээд үүнээс болж төсвийн тодотгол хийдгээ болих хэрэгтэй. Оюутолгойн гэрээний хэлэлцээрт яаралтай орж шинэ шатанд гарга, орлогоо нэм. Уул уурхайн баялгийг хулгайч нараас өмгөөлж, хамгаалдаг Ерөнхий сайд нь олигтойхон шиг ажлаа хий. Улстөрчид нь онцгой дэглэм гэсэн нэрийн дор гадаадын кампаниудад ямар ч тендергүйгээр бараа бүтээгдэхүүн шахаж байна Энэ увиагүй үйлдлийг зогсоож байж эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай давна.
 
-Иргэдийн дунд шударга ёс тогтоох тэдний дуу хоолой болж ажиллах жинхэнэ улс төрч хэрэгтэй байна. Та энэ хүлээлтийг бүрэн эрхийнхээ хугацаанд хэр хангаж ажиллах вэ?
-Маш сайн хангаж ажиллана. Миний эсрэг сөрөг PR, гүтгэлэг, доромжлолын кампанит ажил явж байвал иргэдийнхээ төлөө, шударга ёсны төлөө, олигарх бүлэглэлийн эсрэг цогтой дуу хоолойгоо гаргаж байна гэж үзэж болно. Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд Эрдэнэт хотод амины орон сууц олноор бариулж, олон хүнийг ажилтай болгохын төлөө зүтгэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Оюутолгой, Дубайн гэрээг ард түмэнд ашигтайгаар шийдүүлэхийн төлөө ажиллана.
 

С.Ганбаатар: Ерөнхий сайд ажлаа олигтой хий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414
ergelt.mn@gmail.com