• Өнөөдөр 2024-04-19

Ч.Ундрам: Бид ирээдүйн иргэдээ бэлдэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг болсон

2020-09-17,   2617

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа. 

-Та гишүүнээр сонгогдсон даруйдаа боловсролын салбарт шинэчлэл хийнэ гэж байсан. Энэ ажилдаа шуурхайлан оржээ. Шинээр бүрдсэн парламентын гишүүд ч энэ асуудалд анхаарал хандуулж байна. Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх лобби бүлэг хүртэл байгуулсан. Боловсролын салбарын өнөөгийн байдал ямар байна гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Би өөрөө багшийн ширээнээс УИХ-д сонгогдсон. Сүүлийн 10 гаруй жил МУИС-д багшаас нь эхлээд дэд захирал хүртэл албан тушаалыг хашсан. Салбарынхаа жаргал, зовлонг мэддэг учраас энэ салбарын дуу хоолой болж ажиллахыг зорьж байна. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр нэр бүхий гишүүд Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх лобби бүлэг байгуулснаа зарласан. Харин миний хувьд Үндэсний боловсролын тогтолцоогоо бэхжүүлэх нь чухал хэмээн үзэж байгаа. Кембриджийн хөтөлбөр нь олон улсын түвшний хөтөлбөрийн нэг. Манай улсад хэрэгжээд арваад жил болж байгаа.

Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гээд заагаад өгчихсөн. Харин Кембриджийн хөтөлбөр нь хуульд нийцэхгүй, татвар төлөгчдийн мөнгийг цөөн хэдэн сургуульд чиглүүлж байна гэж үзээд эсрэг байр суурьтай байна.

-Боловсролын салбарт өөрчлөлт хийхэд үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийг дэмжих гэсэн хоёр саналд хуваагдаад байна. Энэ ажлаа цаг алдалгүй хийх хэрэгтэй биш үү?

-Эрүүл мэтгэлцээн байх ёстой. Хоёр тал зарчмын асуудлаа хэлэлцэж, мэтгэлцээд ард түмнийхээ төлөө зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Бүх зүйл дээр санал нийлээд байна гэж байхгүй. Бидний одоогийн хэрэглэж байгаа боловсролын тогтолцоо үүсээд 99 жил болж байна. Ирэх жил анхны бага сургууль байгуулагдсаны 100 жилийн ой болно. Энэ боловсролын тогтолцоог тухайн үеийн ЗХУ-ын туслалцаатай Монголд нутагшуулсан. Бид цаашид байнга суралцагч орон байх уу. Гаднын хөтөлбөрөөр сургалтаа явуулж байх ёстой юу гэх  асуулт байгаа юм. Уг нь бид чинь тусгаар тогтносон улсад амьдарч байгаа. Тиймээс өөрсдийн зорилго, хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, ирээдүйд ямар иргэн бэлдэх вэ гэдгээ боловсролын салбараараа чиглүүлэх хэрэгтэй.

Ирээдүйн иргэдээ бэлдэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг болсон. Хүчин чадал, туршлага бидэнд бий. Гол нь иргэдэд тэгш боломж, тэгш гарааг олгох. Нэг хэсэг нь анхнаасаа чанаргүй сургуульд сураад нөгөө хэсэг нь сайн багш нарыг нь шигшээд авчихсан өндөр төлбөртэй сургуульд сурч болохгүй.

ХЭЛ ГЭДЭГ АМЬТАЙ. ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭГ ДАГАЖ ХӨГЖИЖ БАЙДАГ

-Кембриджийн хөтөлбөр цоо шинэ зүйл биш. Манайд хэрэгжиж байгаа хөтөлбөр гэж гишүүд тайлбарлаад байгаа шүү дээ?

-Энэ хөтөлбөр манайд 10-аад жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн өртөг өндөртэй хөтөлбөр. Уг хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг гурван сургууль бий. Нэг нь байрны асуудлаа шийдээгүй, булаалгачихсан байна. Бидний төлж буй татвар бүх хүүхдэд тэгш хуваарилагдах ёстой. Гэтэл гуравхан сургуульд өндөр зардал гаргаж болохгүй. Энэ гурван сургууль олон хүүхэд бүртгээд өндөр оноотой хүүхдүүдийг сонгож авдаг. Ингээд гаднын улсад суралцах боломж нь тэдэнд илүү нээгддэг гэсэн үг. Бүх хүүхдэд чанартай боловсрол олгох хэрэгтэй. Ингэснээр бид Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг алдахгүй.

Кембриджийн хөтөлбөрийг нийт сургуулийн арван хувьд хүргэнэ гэвэл бидэнд тийм хэмжээний төсөв санхүү байхгүй. Манайх өнөөдөр сургуулийнхаа модон жорлонгийн асуудлыг шийдээгүй байна. Энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Мөн Кембриджийн хөтөлбөрийг оруулж ирэхэд хүний нөөц хэрэгтэй болно. Математик, физикийн хичээлийг шууд англи хэл дээр заачих багш бэлтгэгдээгүй. Байгалийн шинжлэх ухааны хичээлүүдээ гаднын хэлээр заагаад эхэлбэл Байгалийн шинжлэх ухааны монгол хэл хөгжихөө больчихно .

Хэл гэдэг амьтай. Хүний хэрэглээг дагаж хөгжиж байдаг. Шинжлэх ухааны монгол хэлээ авч үлдэж, хөгжүүлмээр байна. Нэр бүхий гишүүд гаднын улсад хүүхдүүдээ сургамаар байна гэж байгаа. Гэтэл хамаг мэдлэгтэй боловсон хүчнээ гаднын улс руу явуулаад байвал Монголд мэдлэг бүтээх үйл явц, шинжлэх ухааны хөгжил хүнд байдалд орно. Бусад улсын жишээг татвал Япон Улс дэлхийн II дайны үед хүнд нөхцөл байдалд байсан. Ингээд гаднын зарим улсын тусламжтай боловсролын тогтолцоогоо сэргээсэн байдаг. Тухайн үедээ олон хүнийг гаднын улсад суралцуулж, мөнөөх хүмүүс нь эргээд үндэсний боловсролын тогтолцоогоо хөгжүүлсэн. Өнөөдөр Япон хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд Токио, Киотогийн их сургуульд орох юм сан гэж мөрөөддөг. Харин манай хүүхдүүдийн олонх нь гадаадад суралцаж, тэндээ ажиллаж, амьдрах мөрөөдөлтэй болчихсон. Тэгэхээр Монголд хэн үлдэх юм бэ. Бидний гаргах шийдвэрээс ирээдүйн олон үр дагавар гарна. Тиймээс асуудалд нухацтай хандах хэрэгтэй.

-Боловсролын шинэчлэл хийхэд юуг анхаарах ёстой бол?

-Боловсролын шинэчлэлийг би ганцаараа хийхгүй. Салбарын бүх шатны төлөөлөл оролцож, үндэсний хэмжээний хөтөлбөр явах ёстой. Монгол хүүхдийн сэтгэл зүйг судлахаас эхлээд боловсролын тогтолцоог ямар үе шаттай олгох, ямар хүн бэлдэх, сургуулийн өмнөх боловсролоор ямар мэдлэг өгөх, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн хөтөлбөр ямар байх гээд олон асуудал гарч ирнэ.  Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн төлөвлөгөөнд үүнийг тусгачихсан.  Тэгэхээр энэ дөрвөн жилийн дотроо эхний байдлаар хэрэгжээд эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ боловсролын салбарын үр дүнг бид маш урт хугацааны дараа хүртэнэ. Өнөөдөр цэцэрлэгт явж буй хүүхэд хэдэн жилийн дараа дээд боловсрол эзэмших вэ гэдгийг тооцох хэрэгтэй.

-“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах” нь сэдэвт хэлэлцүүлгийг та бусад гишүүний хамт зохион байгуулсан. Эрдэмтдээс гарсан санал, хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ хэлэлцүүлгээс бид Монголын үндэсний боловсролын тогтолцоог бэхжүүлэх ёстой вэ, Кембрижийн хөтөлбөр дээр юу нь болоод, юу нь болохгүй байна вэ гэдэг асуудлаар салбарынхан, иргэний нийгмийн төлөөлөлтэй ярилцсан. Эндээс Үндэсний аюулгүй байдлын асуудлаа бодсон ч тэр үндэсний боловсролын тогтолцоогоо сайжруулах ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Одоо бид дараагийн асуудал буюу хөтөлбөр нь ямар байх вэ гэдэг асуудлаа ярих гэж байна

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ 2023 ОН ГЭХЭД ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 12 ХУВЬ БУУРУУЛНА

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын төслийн ажлын хэсэгт ажиллаж, батлуулсан. Зээлийн хүүг бууруулах нь иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна?

-Намрын ээлжит чуулганы хуралдаанаар 120 гаруй багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал,  Боловсролын тухай багц хууль болон Шинжлэх ухаан, оюуны өмчтэй холбоотой хуулиуд бий. Мөн ээлжит бус чуулганы хуралдаанаар батлуулсан Зээлийн хүүг бууруулах стратегийн тухай хуулийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Бидний боловсруулсан стратеги төлөвлөгөөний дагуу 2023 он гэхэд зээлийн хүүг жилийн 12 хувь буюу сарын нэг хувиар буруулна. Үүний тулд ганц, хоёр хууль батлуулаад болчих асуудал биш. Олон талаас нь харж, захиргааны бус эрүүл аргаар зээлийн хүүг бууруулахаар төлөвлөж байна.

-Зээлийн хүүг бууруулахдаа хадгаламжийн хүүг багасгах хэрэгтэй гэж байгаа. Хадгаламж эзэмшигчид хүү нь буурвал мөнгөө татах зэрэг эрсдэл үүсэхгүй юү?

-Өнгөрсөн жил хадгаламжийн хүү буурсан. Зээлийн хүү жигнэсэн дундаж нь дөрвөн нэгжээр буурч, 16.3 хувьд хүрсэн. Одоо бид дахин дөрвөн нэгжээр бууруулна гэж төлөвлөөд байгаа. Стратеги төлөвлөгөөнд тусгасны дагуу тусгай нөхцөлтэй хадгаламжийн хүүг байхгүй болгоно. Тодруулбал, их хэмжээний хадгаламж эзэмшигч нар бидэнд зарлагдсан хадгаламжийн хүү биш арилжааны банктайгаа хэлэлцээр хийж, тусгай нөхцөлөөр мөнгөө хадгалуулдаг. Өндөр хүүтэй хадгаламж байдаг. Үүнийг болиулна. Мөн хугацаагүй хадгаламжид хүү бодохгүй. Түүнчлэн хадгаламжид байгаа мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс хөрөнгийн зах зээлийн хөгжүүлэх бодлого баримтална. Мөн өндөр хүүтэй өдрийн зээлийг хориглож, мөнгө хүүлэлтийг зогсооно.

-Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд нэг асуулт байна. Өнгөрсөн мягмар гарагт Ж.Эрдэнэбат гишүүний давж заалдах шатны шүүх хурал болж, зургаан жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. Шүүхийн байгууллагын шийдвэрийг юу гэж харж байгаа вэ?

-Би хуульч өмгөөлөгч хүн биш. Гэхдээ өөрийн гэсэн байр суурьтай. Ж.Эрдэнэбат гишүүнийг УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр саатуулсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж би харж байна. Хуульд тухайн нэр дэвшигч гэмт хэрэг үйлдэж, газар дээрээ баригдсан бол баривчилж болно гэсэн заалт бий. Мөн тухайн үед Ж.Эрдэнэбат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байсан. Тэгэхээр Улсын Их Хурлын тухай хуулийг зөрчсөн гэж бодож байна. Харин цаад нарийн учрыг нь мэдэж, ямар хэргээр цагдан хорьж байгааг нь сайн мэдэхгүй. Одоо дээд шатны шүүх хурал бий. Би Шүүх засаглалд итгэж байна. Зөв шийдвэр гаргах байх.


Ч.Ундрам: Бид ирээдүйн иргэдээ бэлдэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-27 11:19:11
    Янжаа: Боловсролын салбарт ажиллаж бсан, хөрсөн дээрхийг тодорхой мэддэг гишүүнтэй болсондоо баяртай бга шүү. Ажлын амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188