• Өнөөдөр 2024-04-23

Б.Мөнхбаатар: Зургаан хувийн зээл авахад урьдчилгаа 30 хувь хэвээр, орлогын эх үүсвэрийн босго буурч байгаа

2020-10-19,   654

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ “Нэгдүгээрт, МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулсан 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих, зорилтод бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцлээ. Хоёрдугаарт арав арваннэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг ярилцаж, гишүүдийн саналыг сонслоо. Ялангуяа, ойрын үед хэлэлцэх Банкны тухай хууль, Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын  тухай  зэрэг тулгамдаж байгаа том хуулийн төслүүдийг хэрхэн хурдан явуулах талаар ярьсан” гэв.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Зорилтод бүлгийн тэр дундаа хөдөө орон нутаг, 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаан төрлөөр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшиж байгаа газар дээр орон сууц бариулах, ашиглалтын шаардлага хангахгүй газрыг орон сууцжуулах, гэр хорооллыг орон сууцжуулах, түрээсийн орон сууц зэрэг зургаан чиглэлд хэрэгжүүлнэ. Өнгөрсөн баасан гарагаас зургаан хувийн зээлийг гаргаж эхэлсэн. Өнөө өглөөний авсан мэдээллээр 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн зургаан хувийн зээл авсан байна. Түрээсийн орон сууцны асуудалд төр зайлшгүй оролцох шаардлагатай болчихоод байна. Орлого нь ипотекийн найм болон зургаан хувьдаа ч хүрэхгүй хүмүүс их бий. Өнөөдрийн байдлаар төрд 3000 орчим түрээсийн орон сууцны санд байгаагаас 1500 орчим нь Улаанбаатар хотод байна. Өнгөрсөн онд 972 айлын түрээсийн орон сууцны төслийг Буянт-Ухаад хэрэгжүүлэхэд 35 мянган хүн бүртгүүлж байсан. Ипотекэд хамрагдаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүс их байна. Ялангуяа хөдөө орон нутагт. Аймгийн төвд 40, 80, 120 айлын зорилтот бүлгийн орон сууцны схемийг яаж хийж болох асуудлыг танилцуулсан. Тухайлбал орон нутгийг хөгжүүлэх сангийн тодорхой хувийг зарцуулах шугамаар зураг болон инженерийн шугам сүлжээг тавьж өгөх боломжтой гэх асуудлыг танилцуулсан” гэв.

Энэ үеэр  тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зургаан хувийн зээлийн урьдчилгаа бас 30 хувь уу. Үүнийг багасгах боломж бий юу?

-Судалгаагаар найм хувьд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийн ихэнх нь 30 хувиа төлж чадахгүй, орлогын эх үүсвэрээ баталж чадахгүй, орон сууцны төлбөр өндөр байна гэж гарсан. Зургаан хувийн зээл авахад урьдчилгаа адилхан 30 хувь байна. Харин орлогын эх үүсвэрийн босго л буурч байгаа.

-2021 оны төсөвт ипотекийн зээлийн эх үүсвэр тусгагдаагүй байна. Уг нь төсвөөс дэмжлэг өгдөг байсан бол энэ жил өгөхгүй байхаар болжээ. Даан ганц Монголбанкнаас санхүүжүүлээд эх үүсвэр нь хангалттай болж чадах уу?

-Төсөвт мөнгө байхгүй учир тавьж чадаагүй. Сүүлийн нэг хоёр жилээс тавьж чадах уу байсан. Ипотекийн зээлийн санд хуримтлагдсан мөнгө буюу 300 тэрбум төгрөгийн л эх үүсвэр бий. Энэ мөнгөний хэмжээнд л бид ипотекийн зээл олгоно.
 


Б.Мөнхбаатар: Зургаан хувийн зээл авахад урьдчилгаа 30 хувь хэвээр, орлогын эх үүсвэрийн босго буурч байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188