• Өнөөдөр 2024-04-26

Залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ХҮН академи манлайллын хөтөлбөр хэрэгжүүлж байна

2020-09-15,   520

ХҮН-аас залуу манлайлагчдыг бэлтгэх, тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор улс төрийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. “ХҮН академи 2020” хөтөлбөрт 50 гаруй залуу хамрагдаж, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүний гарц гаргалгааг шийдэх зэрэгт суралцсан байна. Хөтөлбөрт хамрагдсан залуусын төлөөлөл өнгөрсөн амралтын өдрүүдэд, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдэх арга замыг тодорхойлох талаар ярилцлаа.

Энэ талаар ХҮН-ын нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ “ХҮН академи 2020 хөтөлбөрийг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд хуульч, эдийн засагч, инженер зэрэг мэргэжлийн зочин багш нараар хичээл заалгаж,  дадлага ажлаа иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсох зэргээр практикт суурилсан байдлаар хийж байна. Хөтөлбөрт хамрагдсан суралцагчид улс орны хөгжилд гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй, нийгмийн идэвх санаачилгатай залуу манлайлагчид байгаа. Улс төрд орж буй залуу үеийнхэн хэн нэг албан тушаалтны хамаатан садан биш, нийгмийн захиалгаар сонгогддог, гүйцэтгэж буй ажил үүргээ мэддэг байх нь чухал. Бид өнөөдөр иргэдээс гаргасан санал, санаачилгыг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгах болно. Мөн цаашид амьдарч буй орчноо өөрчлөх хүсэлтэй, залуучуудаа дэмжиж ажиллана” гэлээ.

Д.Батцэцэг “Би хоёр жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор хөтөч гүйгчээр ажиллаж эхэлсэн. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажил хийх хүсэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг нэн тэргүүний асуудал нь налуу зам, ногоон байгууламж. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхэд миний оролцоо чухал юм байна гэж үзээд хөтөлбөрт хамрагдсан. ХҮН академийн сургалтын дадлага ажлын хүрээнд Дүнжингарав, Нарантуул худалдааны төвүүдээр орж, иргэдийн саналыг сонслоо. Иргэдээс ирж буй нийтлэг асуудал нь зээл, зээлийг буруулахтай холбоотой байна. Дээр нь амьдрах орчноо сайжруулж, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал илэрхийллээ. Бидний саналыг уламжил өгөөрэй гэж тэд захиж байна. Иргэдийн дунд маш их хүлээлт үүссэн  байгааг харлаа. Хүмүүс улс төр гэхээр төвөгшөөдөг. Харин иргэдтэй уулзаж байхад энэ талаар илүү мэдээлэлтэй болж, анхаарал хандуулдаг болсон байна” гэлээ.

ХҮН-ийн гишүүн Т.Отгонбаатар “Залуучуудын төлөөлөл болж тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж боддог. Би өөрөө Баянзүрх дүүргийн иргэн. Манай хороонд тулгамдаж буй гол асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн байдал. Нийт 22 мянга гаруй хүн амтай нэг хороонд улсын цэцэрлэг огт байхгүй. Ингээд 5000 орчим хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй  байна. Тиймээс өөрт тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд миний оролцоо чухал гэж үзсэн. Түүнээс гарах гарц гаргалгааг хамтдаа хайж байна” гэв.


Залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ХҮН академи манлайллын хөтөлбөр хэрэгжүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188