• Өнөөдөр 2024-04-20

Эргэлтийн тойм: Орон нутгийн төлөөлөгчдөө сонгож, хар машинаа хакердахыг завдсан долоо хоног

2020-10-17,   505

-Саарал жагсаалтаас гарах сураг дуулдаж, ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгов-

МАН ялж, АН даагаа нэхсэн сонгууль

Нийгэм, эдийн засгийн олон өөрчлөлттэй долоо хоног өнгөрлөө. Ингэж хэлэхийн учир өнгөрөгч пүрэв гарагт 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдээ төлөөлөх төлөөлөгчдөө сонгов. Ингэснээр Монгол Улсын ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох чухал үйл явдал өрнөсөн юм. Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулав. Тодруулбал, НИТХ-ын 45 суудлын 34-ийг нь МАН өвөртөлж, наймыг нь АН авч удаалав. Түүнчлэн ХҮН-аас гурван төлөөлөгч НИТХ-д суух нь. Ийн нийслэлийн сонгуульд  МАН ялсан бол хөдөө, орон нутгийн сонгуульд АН эрх баригч намтай эн тэнцүү өрсөлджээ. Ингэхдээ 21 аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн 11 аймгийг эрх баригч нам, 10 аймгийг АН төлөөлөхөөр болов.

Дүүрэг, сум, баг, хорооны сонгууль өрсөлдөөнтэй болж, МАН, АН алаглав. Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас харьцангуй дуулиан багатай болсныг тодотгох нь зүйтэй. Гэвч урьдын адил мөнгө тараалт, архидалт хавтгайрч, нэр дэвшигч амиа алдсан харамсалтай хэрэг ч гарсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч амиа алдсан хэрэг аравдугаар сарын 14-нд бүртгэгджээ. Хэргийн тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Э.Б архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийг машинаар дайрч амийг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа юм. ЦЕГ-аас “Тус сумын харьяат 40 гаруй настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ 53 настай иргэн М-ийг мөргөж амийг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн үед жолоо барьсан иргэн Б нь хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, найз нөхдүүд байсан” гэдэг мэдээллийг өгөөд байгаа. Ямартай ч бид энэ жил хоёр шатны сонгуулиа зохион байгуулж, төлөөлөгчөө сонголоо. Чухамхүү тэднийг юу хийж, юу бүтээхийг харах л үлдлээ.

Хар машин “хакердсан нь”

Сонгуулийн зохион байгуулахад гол хэргийн эзэн, булхай луйврын үүр, уурхай нь санал тоолох төхөөрөмж буюу бидний нэрлэж заншсанаар хар машин байдаг. Энэ удаагийн сонгуулиар ч хар машины асуудал тойролгүй дайраад өнгөрлөө. Өнгөрсөн даваа гарагийн орой МАН-аас ИТХ-д нэр дэвшигч Г.Ганмөрөн, Б.Сэвжидмаа нар нь “Х” хүнтэ“Хар машиныг баталгаатай хакерддаг юм бол ДАВАЙ!” гэх нууц бичлэг задарснаар асуудал үүссэн. Ингээд л хар машины булхай нь энд, тэнд байдаг гэхчлэн таамгууд явж, поп улстөрчид ч түүн дээр нь тоглолт хийгээд амжсан хэрэг. Цагдаа, Тагнуул, Шүүхийн байгууллага дээр нэмээд Сонгуулийн ерөнхий хорооныхон цөм сандралдаж, хар машинаа “өмөөрч” эхэлсэн түүхтэй.

Ингэхдээ тэд “Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал мэдэгдэнэ. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүүхэд халддаг юм биш” хэмээн томорч, хэргийн гол эздийнхээ нэрийг цэвэрлээд авав. Өөрөөр хэлбэл, мөнөөх нэр бүхий нэр дэвшигчдийг хохирогч болгож, нэр нь үл мэдэгдэх мөнөөх “нөхрийг” залилангийн гэмт хэрэг үйлдэгч болгоод хэргийг намжаалаа.

Саарал жагсаалтаас гарахад бэлэн болсон Монгол Улс

Эдийн засгийн хувьд энэ долоо хоног шинэ эргэлт авч ирсэн долоо хоног боллоо. Бүтэн жил саарал жагсаалт хэмээн шаналсан манай улс ФАТФ-ын үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, толгой өвтгөсөн асуудлаасаа салахаар болжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах шийдвэрийг ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдлээ” хэмээн мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг өнгөрсөн мягмар гарагт цахимаар хуралдаж, оролцогч орнууд Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах талаар 100 хувь санал нэгдсэн байна. Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болголоо

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээлийг зургаан хувь болгож, арилжааны банкуудаар олгож эхэлсэн тухай мэдэгдсэн. Тэрбээр  "Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан. Харин зургаан хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна. Монголбанкнаас ес, аравдугаар сарын санхүүжилтэд 50 гаруй тэрбум, арилжааны банкууд 40 орчим тэрбум төгрөг гаргаад зургаан хувийн хүүтэй зээл гаргах боломж нээгдсэн” хэмээв.


 


Эргэлтийн тойм: Орон нутгийн төлөөлөгчдөө сонгож, хар машинаа хакердахыг завдсан долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188