• Өнөөдөр 2024-03-29

Саналаа бүү худалд

2020-10-15,   662

Нам, танил талаа харж бус, ажил хийж чадах хүнийг сонгоорой

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилсэн энэ 15 хоногт нэр дэвшигчид ажил горилогч, харин бид захирлын дүрд чамгүй сайн “тоглолоо”. Зарим нь бүр гол дүрд тоглох гэж байдгаа барав. Угтаа жүжиглэх шаардлагагүй бид ажил олгогч, тэд ажилтан байх ёстой. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн эсрэгээрээ эргэснийг сонгуулийн өмнө аманд хоол халбагадаж өгөх нь холгүй долигонож, айл бүрийн хаалгыг тогшиж, асуудал бүрийг шийдэхээ зарлаж байсан хүмүүс сонгогдсоны маргаашнаас сураг алдарсан олон жишээ батална.

Монголчууд бид дөрвөн сар хүрэхгүй хугацааны өмнө төрийн эрх барих эрхэм гишүүдээ сонгосон бол өнөөдөр сум, дүүрэг, аймаг, нийслэлд биднийг төлөөлөх эрхмүүдийг сонгоно. Өнөөдөр бид ирэх дөрвөн жилд таны төлөө, орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах ажилтнуудаа сонгоно. Ажлаа тасалдаггүй, үүргээ мэддэг, хариуцлагатай, чадвартай, туршлагатай, хамгийн гол нь сэтгэлтэй сайн ажилтан авах нь юу юунаас илүү чухал. Иймээс хүн бүр сонголтоо зөв хийж, хувийн эрх ашиг, өөрийн тойрон хүрээлэл, намынхаа төлөө ажилладаг бус, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, орон нутгийнхаа өнгө зүсийг сайжруулж, алдаа гажуудлыг засаж чадах хүнийг сонгох учиртай.

Орон нутгийн сонгуульд 12 нам, эвслээс болон бие даан нийт 17149 хүн өрсөлдөж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчид өөр өөрийнхөө хэмжээнд сурталчилгаагаа өрнүүлсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн нэг онцлог нь цахим орчинг тултал нь ашигласан явдал байв. Нэр дэвшигчид фэйсбүүк, твиттер зэргээр өөрийгөө сурталчлахаас гадна өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож, олон төрлийн амлалт өгч байлаа. Зарим нэр дэвшигч мөнгө, архи тарааж, ажил, албан тушаал ч амлаж байгаа сурагтай. Сонгууль бүрээр мөнгө тараасан, мөнгө авсан гэх мэдээлэл хөвөрдөг ч барин тавин нотолсон нь ховор.

Ирэх дөрвөн жилийн хугацаанд таныг төлөөлж, төрийн анхан шатны нэгж, байгууллагад ажиллаж, таны үг хэлэх индэр, үзэл бодлоо илэрхийлэх дуу хоолой болох учиртай хүмүүсийг сонгохдоо саналаа хэн нэгэн танил тал, нам харж, эсвэл албан тушаал, мөнгө төгрөгөөр битгий арилжаарай. Таны ах, дүү, хамаатан садан байсан ч, алтан зоос, албан тушаал, эрх мэдэл амласан ч ажил хийж чадахгүй, таныг аймаг, нийслэл, орон нутагт төлөөлөх хэмжээний чадваргүй, сэтгэлгүй, мэдлэггүй, мэдрэмжгүй бол битгий сонгоорой. Ер нь таны саналыг гуйж, саналаа өөрт нь өгнө гэвэл сөгдөх нь холгүй байгаа нэр дэвшигчдийн өгснийг нь авч болох ч саналаа заавал тэр хүнд өгөх шаардлагагүйг ч мартваа.  

            Орон нутгийн сонгууль бол УИХ-ын сонгуулиас ч илүү чухал. Учир нь УИХ-ын гишүүдийн гол үүрэг хууль батлах бол сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид таны амьдарч байгаа нутаг дэвсгэрийг өнгөтэй, өөдтэй байлгах эсэхийг шийдэх хамгийн гол хүмүүс. Тэд Засаг даргаа томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах эсэх талаар санал гаргаж, түүний мөрийн хөтөлбөрийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих гээд олон үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн тухайн орон нутгийн төсвийг батлахад хүртэл оролцож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллах үүрэгтэй.

            Орон нутгийн сонгууль ирэх дөрвөн жилд Монголын нүүр царай ямар байхыг шийдэх чухал сонголт. Та, би, бид зөв сонголт хийж байж, ирэх дөрвөн жилд Монгол Улс урагш алхах уу, ухрах уу гэдгийг тодорхойлно. Аль нэг нам, хэн нэгэн танилаа бус, туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийг дэмжиж, бас шалгаруулж саналаа өгөхийг эрхэм сонгогч таниас хүсье. Саналаа бүү худалд.

             

 


Саналаа бүү худалд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-15 15:03:53
    Zochin: Ooroor helbel ihenh humuus muu zorilgo teej yavdag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-15 15:02:58
    Zochin: Kopernik onoogiin songuul hotsrogdson. Erdemted songoj zasgiin gazriig baiguuldag
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188