• Өнөөдөр 2024-04-20

М.Сүлд: Наадмаар түрүүлэхэд аав “Миний хүү хамгийн мундаг нь” гээд үнсээд л байсан

2020-09-01,   911

Монголын гэрэлт ирээдүй булангийнхаа энэ удаагийн зочноор монгол сур харвааны “Мондэ” багийн балчир харваач Мөнхтөрийн Сүлдийг урилаа. Тэрбээр Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хүүхдийн харвааны балчир насанд түрүүлж байсан билээ. М.Сүлд сумаа алдсан ч, оносон ч сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй тайван харвадаг хүүхэд. Мөн тэвчээртэй, техник сайтай, ирээдүйн дархан мэргэдийн нэг. Тэрбээр нийслэлийн 18 дугаар сургуулийн 4г ангийн сурагч.
 
-Чи долоо настай байхдаа улсын баяр наадамд түрүүлж байсан. Хэзээнээс нум сумтай нөхөрлөж эхэлсэн бэ?
-Дөрвөн жилийн өмнөөс харваж сурсан. Таван настай даа гэсэн үг. Хамгийн анх Налайхад  нээлтийн харваанд оролцож байсан. Хоёр жилийн өмнө улсын баяр наадамд түрүүлж, өнгөрсөн жил IV байрт орсон. Хүүхдийн эрэгтэй харвааны төрөлд 18-аас доош настай бол насыг нь дөрвөөр үржүүлсэнтэй тэнцэх зайд харвадаг. Би долоон настай байсан болохоор 25 метрийн зайнаас харваж, 20 сум тавьснаас 16 онож, түрүүлсэн.
...Би энэ жилийн наадмаар харвах гээд өвөл гэртээ цагаан даавуу татаж байгаад, харвааны бэлтгэл хийтэл хүүхдийн харваа болохгүй гэсэн...
Харин өнгөрсөн жил бэлтгэл бараг хийгээгүй болохоор жаахан муу харвасан. Хичээл ихтэй байсан учраас бэлтгэл хийх цаг олдоогүй. Би арван нас хүрээгүй болохоор балчир насны ангилалд харвадаг. Уг нь, би энэ жилийн наадмаар харвах гээд өвөл гэртээ цагаан даавуу татаж байгаад харвааны бэлтгэл хийсэн юм. Мөн сурын талбай руу 10 гаруй удаа бэлтгэл хийхээр гарсан. Гэтэл коронавирусийн улмаас хүүхдийн харвааны балчир насны ангилал болохгүй гэсэн. Тэгээд би бэлтгэлээ хийхээ болиод, гэртээ амарч байгаа.
 
-Улсын баяр наадамд түрүүлэхэд нь аав, ээж нь чамд юу гэж хэлсэн бэ. Чи тэр үед сандарсан уу?  
-Том тэмцээн ч гэсэн би бараг сандраагүй. Аав харвахын өмнө “Өөрийнхөөрөө тайван харваарай. Сумаа сайн харж тавина шүү” гэж захисан. Харин түрүүлсний дараа аав “Миний хүү хамгийн мундаг нь” гээд баярлаад, үнсээд л байсан. Тэгээд нэг монкарт гээд тоглоом бэлэглэсэн. Харин балчир насанд түрүүлэхэд улсаас ямар нэг цол олгодоггүй юм билээ. Арван наснаас дээш ангилалд идэр харваач гэж олгодог. Хэрэв би бэлтгэлээ сайн хийгээд дараа жилийн наадамд түрүүлэх юм бол идэр харваач цол авна.
 
-Аав нь сур харвадаг юм билээ. Чи аавыгаа дагаж сурын талбайд өдөр бүр очдог уу?
-Манай гэрийнхнээс анх аав харваж сурсан. Дараа нь би, тэгээд ээж, дүү хоёр харваж сурсан. Харин эгч маань харваж чаддаг ч өөрөө сонирхолгүй болохоор харвахгүй байгаа. Манай аав сур харвааны “Мондэ” багийн ахлагч болохоор би хамт сурын талбайд очиж бэлтгэл хийдэг. Гэхдээ аавыг зөвшөөрсөн үед л очдог юм. Нэг удаадаа  3-4 цагийн бэлтгэл хийдэг. Аав биднийг чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, харваагаар хичээллэ гэж хэлсэн.
 
-Сур харвахад хэцүү зүйл байдаг уу?
-Анх харваж байхад хэцүү байсан. Одоо бага зэрэг л хэцүү байгаа. Гэхдээ намайг наадамд түрүүлэхэд “Мондэ” багийн харваач ах одоо миний харвадаг нумыг хийж, бэлэглэсэн. Тэрнээс хойш харвахад урамтай болсон. Миний анхны шар өнгөтэй нум, сумаар олон хүн харвасаар байгаад зөөлхөн болгочихсон юм. Зөөлхөн байхаар сум сайн явдаггүй. Тэгээд одоо шинэ, чанга нумтай болсон болохоор харвахад гоё байгаа. Надад харвахад хэцүү санагддаггүй. Нум, сумаа сайн хамгаалж байхгүй хөвч нь тасарчих гээд байдаг. Мөн нар, салхи, агаар гуравт тохируулж, тооцоолж харвах хэрэгтэй. Салхитай үед сум хийсдэг учраас салхиныхаа эсрэг тал руу чиглүүлж харвана гэж аав зааж өгсөн. Нээрээ, харвахаар хүчтэй болж байгаа юм шиг санагддаг.
...Би аав шигээ сайн харваач болно. Харин том болоод ямар мэргэжилтэй болох талаар бодож эхлээгүй байгаа.Би дүрслэх урлагийн хичээлдээ дуртай. Тэгэхээр зураач болж болох юм байна...
-Тавьсан бүх сумаа оноход гоё байдаг уу?  
-Тийм ээ. Би уг нь бэлтгэлээ хийхдээ зарим үед бүх сум байгаа оноод байдаг. Харин тэмцээний үеэр бүх сумаараа онож үзээгүй. Би хасаагаа онох л дуртай. Харин хасаагаа онохгүй болохоор жаахан муухай байдаг. Халх харваа баяр наадмын үндсэн төрөл, хамгийн олон хүн оролцдог. Том тэмцээнд сумаа тавиад оноход хүмүүс хасаагаа онолоо гээд уухайлах нь сайхан байсан.
 
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Би аав шигээ сайн харваач болно. Харин том болоод ямар мэргэжилтэй болох талаар бодож эхлээгүй байгаа. Манай эгч одоо 13 настай. Эгч 12 настайгаасаа эхэлж, ямар мэргэжилтэй болохоо бодож эхэлсэн. Би харин одооноос бодож эхэлдэг юм бил үү. Би дүрслэх урлагийн хичээлдээ дуртай. Тэгэхээр зураач болж болох юм байна.
 
-Чи өөр спортоор хичээллэдэг үү. Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлж байна?
-Би сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглохдоо сайн. Харин гар бөмбөг жаахан муу тоглодог юм. Өмнө нь байрныхаа найзуудтай хамт гадаа тоглодог байсан. Гэтэл энэ жил аав, ээж гадаа гаргахгүй байгаа. Тэгээд ихэнхдээ утсаар оролдож, өдрийг өнгөрүүлж байна. Утсаар байнга оролдоод байхаар нүд маань өвдөөд, ээж миний утсыг нуучихсан. Тэгээд би найман хоног утсаа олоогүй. Тэгсэн чинь миний нүд өвдөхөө больчихсон. Одоо удахгүй Баян-Өлгий аймгийн Буянт сум руу явна.  
 
-Энэ жил хичээл нь ороогүй ангийнхантайгаа уулзахгүй муухай байна уу?
-Жаахан л муухай байна. Би энэ жил дуу хөгжмийн хичээлдээ 80 үнэлгээ аваад, бусад хичээлийнхээ дүнг 90-ээс дээш гаргасан. Манай найзуудыг Бадрал, Хангай, Төгсмөрөн гэдэг. Хичээл удаан ороогүй болохоор нэг найзынхаа нэрийг мартчихлаа (инээв).
 
Дөлгөөхөн харцтай, намуухан яриатай хүү надтай ийн ярилцаж дуусаад “Эгчээ би одоо ингээд сонинд гарчихсан уу. Би нээрээ зуны амралтаар “Дүрсгүй жаал” гээд найман цуврал ном уншсан шүү. Аав, ээж өөр ном авч өгвөл дахиад уншина” гэв.

М.Сүлд: Наадмаар түрүүлэхэд аав “Миний хүү хамгийн мундаг нь” гээд үнсээд л байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188