• Өнөөдөр 2024-03-29

Д.Маргад: Би дэлхийн аварга болохын тулд өдөрт дөрвөн цаг бэлтгэл хийдэг

2020-10-01,   2208

Ургац тариа арвинтай, тариачдын хөдөлмөр буцалсан нутаг болохоор ч тэр үү Угтаалцайдамд намар эрт ирдэг мэт санагддаг. Хад асга хосолсон сүрлэг хайрхны бэлээр сүүдэр хүүшилж, малчин түмний сүрэг тогтуун идээшлэх нь сайхан. Цайдам нутгийн зон олны хөдөлмөрч, ажилсагыг илтгэх мэт дөрвөн зүг, найман зовхисын хаашаа ч харсан тариан талбай цэлийж, трактор комбайны дуу чимээлнэ.

Миний очиж үзсэн сумын клубүүдээс Угтаалцайдамын Соёлын төв тэс өөр байлаа. Олон оны салхинд элэгдэж, цас бороонд өнгө алдсан ч тус барилга хөл хөдөлгөөн ихтэй. Соёлын төвийн нэг давхарт үсчин, гоо сайхан, оёдолчин ажиллах бол хоёр давхарт ширээний теннисний клуб хичээллэдэг аж.

Танхимд ороход 8-13 орчим насны хүүхдүүд дөрвөн ширээнд ээлжээр теннис тоглож байв. Сурагчдын дунд хамгийн жижиг биетэй ч хурдан шаламгай, сэргэлэн цовоо байсан нь Д.Маргад юм. Тэрбээр есөн настай бөгөөд дөрөвдүгээр ангийн сурагч. Хэрсүү ухаан, хэвлүүхэн яриатай түүнийг “Гэрэлт ирээдүй” буландаа урилаа.  

-Яагаад ширээний теннис сонирхох болсон бэ. Хичээллээд удаж байна уу?

-Манай хоёр ах тоглодог байсан болохоор ээж намайг ч гэсэн энэ спортоор хичээллэхийг санал болгосон. Би анх долоон настайдаа ширээний теннис сурсан.

-Хамгийн анхны тоглолтоо санаж байна уу. Тэр үед ямар санагдсан бэ?

-Гоё санагдаж байсан. Чадахгүй болохоор багш маань надад тааруулж удаан, зөөлөн тоглосон. Алдахгүй харилцаж чадаж байгаадаа гайхаад их баярласан.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Би дэлхийн аварга болно гэж мөрөөддөг. Тиймээс өдөрт дөрвөн цагийн бэлтгэл хийж байгаа. Харин том болоод илүү олон цагаар бэлтгэл хийнэ.

-Бэлтгэх хийхээр их ядрах уу?

-Нээх их ядардаггүй ээ. Яагаад гэвэл хамгийн сайн найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөж, дуртай зүйлээ хийж байгаа болохоор нэг л мэдэхэд цаг өнгөрчихдөг.

-Гаргаж байсан хамгийн том амжилт нь юу вэ?

-Хамгийн том нь гэвэл энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарсан.

-Өөрөөсөө насаар илүү, олон жил хичээллэсэн хүүхдүүдтэй тоглох ямар байдаг вэ?

-Хожихгүй байсан ч сайн сурна даа гэж бодохоор гоё байдаг.

-Хөл хорионы үед хичээллээгүй, туршлага солилцоогүй болохоор хөндийрсөн үү?

-Гэртээ байнга бие халаалт хийж, тоглож байсан болохоор зүгээр ээ. Хэн нэгэнтэй тоглохгүй болохоор телевиз болон интернэтээр бичлэг их үзсэн. Хэн яаж алдаж байна, яаж тоглох ёстой вэ гээд зөндөө зүйлийг харж болдог.

-Теннисний тэмцээнд оролцохоор гадаад яв гэвэл аль улс руу явах вэ?

-Би Солонгос Улсад очиж үзэхийг хүсдэг. Гэхдээ гадаадад очиж үзээгүй болохоор аль улс ч байсан гоё оо.

-Чиний насны хамгийн сайн тоглодог ямар хүүхэд байдаг вэ?

-н.Болор-Эгшиглэн гэдэг хотын хүүхэд байдаг.  

-Аав, ээж хоёр нь хичээлээ орхигдууллаа гэж загнадаг уу?

-Би хичээлээ сайн хийдэг болохоор загнадаггүй ээ. Заримдаа “Бөмбөгөө яагаад алдаад байгаа юм бэ” гэж хэлдэг. Гэхдээ ээж, аав хоёр дандаа намайг дэмждэг.

-Гэрийнхэн нь тэмцээнийг чинь очиж үзэхгүй бол яах вэ?

-Зүгээр, тоглодгоороо л тоглоно.

-Багш чинь юуг хамгийн их сураарай гэж захидаг вэ?

-Баруун, зүүнээсээ довтлохыг их заадаг. Бас давуулалтаа маш сайн хийж сурах ёстой гэж захидаг.

-Чиний авч байсан хамгийн гоё хожил хэзээ байсан бэ?

-Би оноо алдахгүйгээр хожиж үзээгүй. Хамгийн гоё нь гэвэл зургаан онооны зөрүүтэй хожиж байсан.

-Олон цаг хөлсөө урсгасан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, медаль хүртэх ямар байдаг вэ?

-Тэмцээнд явахад багш дандаа “Миний шавь медальд ойрхон байгаа шүү. Хичээгээд сайн тоглоорой. Чи чадна” гэдэг. Аав, ээж хоёр минь бүх тэмцээнд хамт явдаг болохоор медаль авчихаад үнсүүлэх гоё байдаг. Сургуульдаа буцаад ирэхээр ангийн хүүхдүүд, багш алга ташиж, баяр хүргэх нь бас сайхан байдаг.

-Гэрийнхэн нь ч юм уу, эсвэл багш нь “Одоо тоглохоо боль” гэвэл чи тоглохгүй байж чадах уу?

-Үгүй. Тогтмол хичээллээд сурчихсан болохоор тоглохгүй байж чадахгүй. Өөртөө зорилго тавьсан учраас би энэ спортоос хэзээ ч урвахгүй.

-Үеийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?

-“Хүүхдүүдээ ширээний теннисээр хичээллээрэй. Таслахгүйгээр өдөр болгон чанартай бэлтгэл хийгээрэй” гэж хэлмээр байна.


Д.Маргад: Би дэлхийн аварга болохын тулд өдөрт дөрвөн цаг бэлтгэл хийдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-06 17:08:28
    Оролзод. С: Зорилготой ухаантай дүүдээ өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-04 18:27:41
    Батаа: Мундаг ба амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-03 15:37:31
    Цэнгэл: Амжилт хусье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-01 23:08:30
    Батбаяр Пүрэвжамц: Их л итгэл хүлээлгэж найдвар тавьж байгаа шавь нарын маань нэг дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-01 17:55:59
    jawhaa: hoorhon duudee amjilt husey
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188