• Өнөөдөр 2024-04-19

“Тэнгэр нүхлэгч Гүррэн Лаганн” тэмдэглэл

2020-09-22,   651

Бид энэ амьдралдаа юу эсийг хийх билээ. “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг шүү дээ. Одоо хийж буй зүйлээ зөв эсэхэд эргэлздэг бол уг анимэг үзэхийг зөвлөж байна. “Хараас ч харанхуй”, “Гилгамеш” зэрэг зохиол, бүтээлээрээ Япондоо хэдий нь нэрд гараад байсан зохиолч Күрасүми Сүнаяамагийн уг бүтээлийг “Зөвхөн бага насныхан үзэхэд тохиромжтой”, “Байдаг л нэгэн хэвийн роботтой зохиол” гэж шүүмжлэх нь элбэг.

Зохиолын эхлэл хэсэгт амрах завгүй, амьдарч буй газар доорх хотоо томсгох ажилд идэвхтэй оролцох Шимон хүүгийн талаар гардаг. Үзэгчийн зүгээс энэ тал дээр надад “харанхуйлал” үүссэн. Өдөр бүрийн зогсолтгүй ажил, хөдөлмөр гэдэг хүн бүрт тааламжтай санагдаад байдаггүй л болов уу.

Бидний дэлхий дээрх хүмүүсийн ихэнх хувийг ажилчин анги эзлэх бөгөөд тэр хүн юу боддог талаар бодоход их амархан. Бүгд л өөрийн хувийн орон зай, гэр бүл, үр хойч, нийгэмдээ зориулан ажиллах бөгөөд ажлын явц, бүтэмж нь сайн байхын хэрээр өөртөө ч сайн сайхныг хураадаг шиг санагдана. Харин уг анимэн эхлэлд тийм зүйлийг ч эс харах аж.

Ажлаа хийхэд нь түлхэц өгч, урамшуулж буй зүйл зөвхөн “Сайн ажилласан нэгэн нь хүртэх үмх мах” байв. Энэ үеийг харвал тухайн зохиол дээр гарч буй хүн төрөлхтөн нь хүй нэгдлийн үеийн сэтгэлгээнээсээ нэг их холдоогүй. Харин ч бүр түүнээсээ илүүтэй ухарч байж магадгүй юм.

Францын зохиолч, философич Альбер Камюгийн “Сизифийн тухай домог”-ийг үзэж буйгаар бол Сизиф шиг жаргалтай хүн энэ орчлон ертөнцөд байхгүй гэдэг. Үүнтэй ижлээр Шимон хүү ч өөрийн тавилантайгаа эвлэрч, магад түүнээсээ аз жаргалыг олдог.

Хэн нэгэн гар хийцийн зөвхөн гараар ашиглах зориулалттай өрмийг ашиглаж, тэнгэр нүхэлнэ гэдэг ихэд гаж санагдах юм. Шимоны хуурай ах болох Камина нь түүнийг тэнгэрийг нүхэлж чадна гэдэгт итгэдэг. Түүнд ч үргэлжид сануулж, хэлэх аж. Бидний төсөөллөөр “Байж боломгүй” ч тэдний хувьд боломжтой. Тэдний тэнгэр чинь дээдэх тааз нь буюу газрын гадаргын хөрс юм шүү дээ.

Улмаар Шимон хүү эцэс төгсгөлгүй өрөмдлөг дундаа нэгэн үл мэдэгдэх төмөр биет олсон нь Лаганн буюу хоёр метр орчим эзэлхүүнтэй жижиг робот юм. Лаганныг олсноос хойш тэдний адал явдал төсөөлөмгүй байдлаар үргэлжилнэ.

Газар доор хэдэн зуун жил оршин тогтносон хүн төрөлхтний гадарга дээрх суурин төвлөрөл, эрх чөлөөний тэмцэл болоод шаналал хагацлын талаар уг анимэ дээр өгүүлнэ.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ямар үнэ цэнтэй вэ гэдгийг манай орны иргэн бүр их бага хэмжээгээр мэдэх болов уу. Харин тэнгэр нүхлэгч гүррэн лаганнтай хамт бусад хүн төрөлхтний тэмцэл хэрхэхийг уг анимэг үзэж, өөрийн өөрийнхөөрөө мэдрэх нь зүйтэй байх.


“Тэнгэр нүхлэгч Гүррэн Лаганн” тэмдэглэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-23 00:42:06
    odko : animax deer anh uzej bailaa, uram zorigiig yostoi neg ugnu shu de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 17:19:57
    Simon: <3 <3 <3
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188