• Өнөөдөр 2024-04-25

Э.Ариунболд: Одоогоор улсын хэмжээнд 360 гаруй усны ордын нөөцийг тодорхойлон ашиглаж байна

2020-09-30,   694

Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, усны нөөцийг хамгаалах чиглэлээр “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг БОАЖЯ, ЦЕГ Экологийн Цагдаагийн алба, ЗГ хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран зохион байгуулж байна. Улс орон даяар энэ сарын 4-нөөс ирэх сарын 5-ныг хүртэл өрнүүлэх тус арга хэмжээний хүрээнд усны бохирдол, ойн нөөцийн хомстлын учир шалтгааныг олон нийтэд тайлбарлаж, иргэдийн оролцоотойгоор байгаль орчноо хамгаалах боломжийг таниулан сурталчлах контент бүтээх зэрэг нөлөөллийн ажлыг хийж байгаа бөгөөд усны бохирдлыг бууруулах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.


Өнгөрсөн найман сарын байдлаар улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг 1189 гомдол мэдээллийг Экологийн цагдаагийн алба хүлээн авч шалгажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэсэн 56, ой хээрийн түймэр тавьсан гурав, байгаль орчныг бохирдуулсан дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 


Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон усны нөөцийн талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны мэргэжилтэн Э.Ариунболдоос тодруулахад "Судалгаанаас харахад алт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын нөлөөгөөр голын голдирол тутмын 200 га талбай эвдрэлд орсон байна. Мөн сүүлийн таван жилийн байдлаар усан сан бүхий газрыг бохирдуулсан 1578 гэмт хэрэг бүртгэгдсэн. Монгол орны усны нөөц нийт нутаг дэвсгэрийн хувьд жигд биш тархалттай тул нөөцөд тулгуурласан ашиглалт хийх шаардлагатай болдог. Одоогоор улсын хэмжээнд 360 гаруй усны ордын нөөцийг тодорхойлон ашиглаж байна. Улсын хэмжээнд нийт усны хэрэглээнийхээ 80 хувийг газрын гүний, 20 хувийг гадаргын усаар хангаж байгаа бөгөөд ашиглалт хэрэглээг ангилж харвал, хүн амын унд ахуйн хэрэглээнд 40 гаруй хувь, хөдөө аж ахуй, уул уурхайд 44 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлд арван хувийг нь зарцуулдаг. Энэ хүрээнд томоохон 12 голын 33 байршилд далан барьж, бороо, цасны болон үерийн усыг хуримтлуулж ашиглах, цаашлаад гадаргын ус муутай говийн бүс рүү татах төслийн судалгааг хийж байгаа” гэв. Мөн Экологийн цагдаагийн алба болон Усны газар хамтран ус бохирдуулсан төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байна гэсэн зарчмыг барьж Усны газар, Экологийн цагдаагийн алба хамтарсан ажил зохион явуулахаар төлөвлөжээ. 


 


Э.Ариунболд: Одоогоор улсын хэмжээнд 360 гаруй усны ордын нөөцийг тодорхойлон ашиглаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188