• Өнөөдөр 2024-04-24

УЛСТӨРЧИД НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГАРТАА АТГАЖ БАЙХАД ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ГАРГАНА ГЭЖ ГОРЬДООД Ч ХЭРЭГГҮЙ

2017-10-12,   312

Улстөрчид нүүрсний талаар мөн ч сайхан зүйлс ярьдаг байв. одоо ч гэсэн ярьсаар байна. “Монголчууд газрын баялаг болсон нүүрсээ “идээд” хэдэн зуун жил болж чадна. Дэлхийд гайхагдсан сайн чанарын нүүрсний орд баялаг хаа сайгүй байна. Ёстой хүрз бариад ухсан газар болгоноос нүүрс гарч байна. Бид нүүрсээ хятадуудад зарна. Маш том зах зээл биднийг хүлээж байна. Нүүрсээ л олигтой зарж чадвал иргэн бүр баяжина” хэмээн ярьдаг байсан.

Бүр уриа лоозон болгож байсан даа. Гэтэл өнөөдөр монголчууд нүүрс тойрсон хэрүүлээ хийж, дэлхийн зах зээлд хамгийн хямд үнээр борлуулж байна. Бас болоогүй ээ, яст мэлхий шиг тээврээр нүүрсээ хилээр гаргаж байна. Хэдэн ч жил нүүрсээ төмөр замаар гаргана гаргахгүй гэж хэрэлдэв. Нарийн цариг, бүдүүн цариг гээд л бие биенийхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэж , ажлыг нь зогсоосоор байгаа. Гэтэл цаана чинь Монголыг тэжээх газрын баялаг нүүрсээ хэдэн улстөрчийн компанийн автомашинаар л зөөж байна. Монголын нэр нөлөө бүхий улстөрчид нүүрс тээврийн салбарт гар хөлөө оруулж, дундаас нь их хэмжээний ашиг хүртэж байна. Үүний золионд хэдэн зуун залуус автотээврийн ослоор амь насаа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэндээрээ хохирч байна. Мөн өмнийн шаргал говьд үнсэн саарал тоос газар тэнгэртэй нийлж, байгаль орчин сүйдэж байна. Нүүрсний зам энд тэндгүй утсан хэрээс шиг болж, ан амьтан, хүн малгүй дайжиж буй.

УЛСТӨРЧИД, ХЯТАДУУД МОНГОЛЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГАРТАА АТГАЖ БАЙНА

Таван толгойгоос Гашуун сухайт хүртэлх 239 километр замд нүүрс ачсан машины цуваа өчигдрийн байдлаар хэдэн километрт хүрээд байгаа талаар жолооч С.Сүххуягаас утсаар тодрууллаа.


-Тавантолгойгоос хэдэн километр яваад нүүрсний зам түгжирч байна вэ. Та яг одоо гашуунсухайтын хилээс хэдэн километрийн зайд байна вэ?

-Би Гашуунсухайтын хилийн боомтоос 20 гаруй километрийн наана зогсож байна. Тав хоног түгжирч зогссоор энд ирээд байна. Хоёр юм уу гурав хоногийн дараа хил гарах байх. Хятадын хил дээр хоёр хоног найдвартай зогсоно. Би Тавантолгойн уурхайгаас гараад 100 километр яваад зогсчихсон. Түгжрэл 130 гаруй километрээс эхэлж байна. Хэдэн мянган жолооч замын түгжрэлд ороод хэцүүдэж байна. Хоолтой, хоолгүй, нойртой нойргүй л зам дээр өдөр шөнийг өнгөрөөж байна.

-Яагаад ингэж түгжрэл үүсээд байгаа юм бэ. Хятадууд нүүрс багаар худалдаж аваад байгаа юм уу?

-Энэ түгжрэл хятадуудаас болоод байгаа юм. Ялихгүй шалтгаан хэлээд л өдөрт 500 машин хилээрээ оруулж байна. Бас манай жолооч нарын буруу байгаа. Ганц модны хилийн боомтоор өдөрт 1500-2000 орчихдог байсан. Хятадын хил дөрвөн хаалгаар нүүрсний машинуудыг оруулдаг байлаа. Нэг машиныг хоёр минут хүрэхгүй хугацаанд шалгаад нэвтрэх эрх олгож, штамп дарчихдаг байсан юм. Тэгсэн одоо нэг машиныг 15 минут шалгаж байна. Гурван хаалгаа бариад нэг л хаалгаар оруулж байна. Үүнийгээ Монголын жолооч нар хууль бус зүйлс их хэмжээгээр хилээр нэвтрүүлж байгаатай холбон тайлбарлаад байгаа, Хятадын тал. Үүнээс болоод түгжрэл үүссэн. Манай хоёр жолооч хятадын хил рүү буу зэвсэг машиндаа нуугаад орчихсон юм билээ. Тэгээд хил дээр баригдчихсан гэсэн. Түүнээс хятадын хил үнэт чулуу, амьтны эд эрхтэн гээд мөнгө болгож болох бүх зүйлсийг ямар ч асуудалгүйгээр хил нэвтрүүлчихдэг юм. Хятадуудад нүүрс авах сонирхол байсан бол хилээ хааж олон мянган жолоочийг зовоохгүй байсан. Нүүрснийхээ үнийг буулгах гээд л ингээд байна гэж хардаж байгаа.

-Төмөр замаар нүүрс гаргана гэж яригдаж байна уу. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна шүү дээ?

-Хятадын тал хэдэн жилийн өмнө төмөр зам бариад Монголын хилд тулгачихсан. Манай талаас төмөр зам барьчих юм бол төмөр зам шууд ажилд орно гэсэн үг. Хэдэн жилийн өмнө нүүрс анх тээвэрлэж эхлэх үед дандаа БНХАУ-ын машин, хятад жолооч нар явдаг байсан. Засмал зам тавигдаагүй байсан болохоор шороон замаар явдаг байлаа. Тэгсэн гурван жилийн өмнө Зам тээврийн сайд тушаал гаргаж, “Монголын газар нутагт хятад номертой машин явуулахгүй. Хятадын компаниар нүүрсээ зөөлгөхгүй” гэсэн шийдвэр гарсан. Ингээд Монголын компаниуд нүүрс тээвэрлэж ашиг олох боломж гарч ирсэн.

Хамгийн түрүүнд мөнгөтэй гэх улстөрчид нүүрс тээврийн зах зээл рүү ороод ирсэн. Гэтэл Хятадын нүүрс тээврийн компаниудад мөнгө өгөөд өөрсдийнхөө машиныг явуулах болсон. Өөрөөр хэлбэл, монгол эзэнтэй, хятадын эрх мэдлийн машин нүүрс тээвэрлэж эхэлсэн. Компанийнх нь нэр дээр байгаа машин нь хятадуудын эд хөрөнгө байдаг. Тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй компанийн захирал сард нүүрс тээврээс бага хэмжээний ашиг хүртээд сууж байдаг. Машины жинхэнэ эзэд болох хятадууд монгол жолооч нарыг хөлсөлж тээвэртээ явуулж байна.

-Зам нарийхан байгаагаас болж осол аваар гараад байдаг гэсэн үнэн үү?

-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар тус авто замаар зорчдог тээвэр хийх эрх авсан 92 аж ахуйн нэгжийн 5877 тээврийн хэрэгсэл байна гэсэн бүртгэл бий. Тогтмол явж байгаа нь 82 аж ахуйн нэгжийн 5600 гаруй тээврийн хэрэгсэл байна. Нэг бүр нь 85-95 тонны жинтэй, ийм олон тээврийн хэрэгсэл тэр зам дээр 24 цагаар явдаг. Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан энэ зам үнэхээр нарийхан. Хоёр том машин энэ замаар 50 сантиметр буюу дэлэм хүрэхгүй зайтай зөрдөг. Нэг нь замаа шахах юм бол эсрэг урсгалын машинаа шууд мөргөнө. Хурдтай явах үед машины тал шүргэлцээд л өнгөрдөг гэв.

Тэгвэл нүүрс тээврийн салбарыг гартаа атгасан улстөрч, эрх мэдэлтнүүд байгаа цагт Монголын нүүрс хэзээ ч төмөр замаар гарахгүй юм байна гэдгийг олж мэдсэн юм. Хэн хэн гэгч эрх мэдэлтнүүд монголын нүүрс тээвэрлэлтийн салбарыг гартаа атгасан байдаг вэ гэдгийг уншигч та бүхэнд хүргэж байна. Галт тэргээр бус 120 тоннын даацтай автомашинаар нүүрсээ өдөр шөнөгүй зөөж байна. Тээврийн бизнес дээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Хурд" компани хүчтэй гэнэ. Түүний эрх мэдлийн хэдэн зуун машин нүүрс тээвэрлэж байгааг эх сурвалж онцолж байв. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн "Таван толгой транс" хэмээх хоёр ч охин компани бий. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрс тээврийг гартаа атгасан хамгийн том улстөрч гэнэ. Таван мянга гаруй машины 30 гаруй хувийг Д.Бат-Эрдэнийн том даацын машин эзэлж байгаа аж. Түүний дараа "Монгол шуудан" банкны ТУЗ-ийн дарга асан УИХ-ын гишүүн Д.Зоригт нүүрс тээвэрлэх компанитай аж. Эдгээр нөхдөөс гадна "Монгол банк"-ны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал ч энэ төрлийн бизнест хүч үздэг гэсэн яриа бий. Нүүрс тээвэрлэх бизнест гурван машинтай ч хүн байна. Гурван зуун машинтай компани ч бий. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн л гэхэд 170 гаруй машинтай. Голдуу Увс аймгийн гаралтай залуус ажиллаж байдаг гэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 300 гаруй машинтай, “Модун” группын захирал Д.Хишигжаргал нэлээд машин эзэмшдэг гэх мэт нэр нөлөө бүхий хүмүүс Монголын нүүрс тээврийг гартаа атгажээ. Гэхдээ эдгээр хүмүүс Монголын нүүрс тээвэрлэлтийг эзэгнэж байхад хэзээ ч төмөр зам тавигдахгүй нь тодорхой. Төмөр замын талаар ямар нэгэн шийдэл яригдахаар өөрсдөө болон өөр хүмүүсээр хамгийн их эсэргүүцэл үзүүлдэг.

Мөн гаргалгаатай, боломжгүй мэт зүйлсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж, нарийн бүдүүн цариг, үндэсний аюулгүй байдал яриад эхэлдэг. Ингээд л хэдэн тийшээ талцан хуваагдаж, эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан болдог.Хоорондоо хэрэлдсэний сөрөг үр дагавраар дэлхийд монголчууд бид л хүнд даацын машинаар нүүрсээ яст мэлхий шиг удаан зөөж байна. Хэрүүл гаргаж байгаа улстөрчид нүүрс тээврээс жилдээ хамгийн багадаа 60 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог юм байна лээ. Тиймээс өөрийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавьж, улс эх орны эрх ашгийг сүүлд нь тавьж байна. Гарын арван хуруунд багтахаар улс төрчид нүүрс тээврийг гартаа атгаж байгаа цагт хэзээ ч төмөр замаар бид нүүрсээ зарж чадахгүй. Хэдэн зуун километр түгжирч зогсох нь гарцаагүй үнэн юм.


УЛСТӨРЧИД НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГАРТАА АТГАЖ БАЙХАД ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ГАРГАНА ГЭЖ ГОРЬДООД Ч ХЭРЭГГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188