• Өнөөдөр 2024-04-19

УГТААЛЦАЙДАМ СУМЫН КВАРЦЫН ЧУЛУУН ОРДЫГ АШИГЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГА, ИТХ-ЫН ДАРГА Р.БАТБАЯР НАР ХУУЛЬ ЗӨРЧИН ОЛГОСОН УУ

2017-09-23,   646

Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр уулын өвөр бэлээс кварцын чулууны орд илэрсэн. Кварцын чулуу нь дэлхийн зах зээлд маш их эрэлттэй, өндөр үнээр худалдаалагддаг байна. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр “Бор өндрийн хишиг” гэх нэртэй бичил уурхайн нөхөрлөл дээрх орд газрыг ухаж эхэлсэн аж. Үүнийг Угтаалцайдам сумын иргэд эсэргүүцээд байгаа. Иргэд тус сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль бус шийдвэр гаргаж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байгаа талаар мэдэгдсэн.

Угтаалцайдам сумын удирдлагууд болон иргэдийн дунд үл ойлголцох байдал бий болж, холбогдох хууль хяналтын байгууллагууд хяналт, шалгалтын ажлууд хийж эхэлжээ. Дэлхийд нэн ховор чулуу гэгдэх кварцын чулуун орд газрыг ухах зөвшөөрлийг сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин олгосон гэх мэдээллийн мөрөөр манай сонины сурвалжлах баг Угтаалцайдам сумыг энэ сарын 11-нд зорилоо. Угтаалцайдам сумын иргэд хоёр талцсан байдалтай байна лээ. “Манай сумын дарга нар газар нутгаа худалдаж, авлига авч байна. Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар манай сумын хүүхдүүд. Гэтэл мөнгөний төлөө газар нутгаа ухаж сэндийчин, овоолсон шороо болгож, зэргэлдээх Заамар сумын эмгэнэлийг давтаж байна.

Тэр чулууны орд газрын доор Заамар сумын их алтны судал таарч байгаа гэнэ. Алтны судлыг ухах гэж л улайрч байна” гээд л сумынхаа дарга нарыг муу хэлж байна. Харин нөгөө хэсэг нь “Манай сумынхан сүржигнээд байгаа болохоос гурван га газрыг ухах юм байна лээ. Бүр ил уурхай ч биш далд уурхай. Төв аймгийн Баянчандмань сумын далд уурхай шиг л уурхай юм гэсэн. Кварцын чулууг ухаад Европын улс орнуудад худалдаалах юм бол маш их хэмжээний ашиг олох аж. “Бор өндрийн хишиг” нөхөрлөл манай суманд сургууль, эмнэлэг, Засаг даргын тамгын газрын их засвар хийж, шинээр гурилын үйлдвэр, цэцэрлэг, Баянцогт сумтай 45 километр зам тавих гээд улсын шийдэж өгөлгүй өдий хүрч байгаа зүйлсийг хоёр жилийн дотор шийдэж өгөх гэрээ хийсэн.

Бидний хэт их сүржигнэж хийрхэж байгаагаас болоод сум орон нутаг хөгжихгүй байгаа юм” хэмээн ярьцгааж байв. Намрын их ажил өрнөсөн Угтаалцайдам суманд “Уурхайг ухуулах нь зөв, ухуулахгүй байсан нь дээр” гэсэн зүйлс хүн бүрийн ярианы гол сэдэв болжээ

  ОРОСУУД АНХ КВАРЦЫН ЧУЛУУН ОРД ГАЗРЫГ ИЛРҮҮЛСЭН ГЭНЭ

Кварцын чулуун орд илрээд байгаа Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд очлоо. “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн нутгийн иргэдийн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарч, хөрс хуулалтаа эхлүүлээд ажлаа зогсоосон байдалтай байв. Техник, тоног төхөөрөмжүүдээ эргүүлэн Улаанбаатар хот руу татжээ. Хамгаалалтын албаны хоёр залуу дөрвөн гэр манаж байв. Тэд “Бид ажлаа хийж байна. Энэ газрыг ухах үгүйг мэдэхгүй байна. Нутгийн иргэд эсэргүүцснээс болоод үйл ажиллагааг нь зогсоочихсон юм билээ. Бид дөрвөн гэр харах ажилтай сууцгааж байна” гэхээс өөр зүйл ярьсангүй. Бор өндөр гэх хад ихтэй уулын орой хэсгийг эмтэлж ухжээ. Уулын оройг ухаж хуулсан шороогоор зам зассан байв. Кварцын чулуун орд нь ухсан газраас 20 гаруй метрийн гүнд байгаа гэнэ. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Оросын геологичид дээрх газарт болор, кварцын чулууны орд газар байгааг олж илрүүлсэн гэнэ. Ингэхдээ энэ уул доошоо 100 метр хүртэл бүхэлдээ кварцын орд чулуу байна. Маш их баялаг орд газар хэмээн тогтоосон байдаг аж. Бор өндөр уул бүхэлдээ өөхөн цагаан чулуутай аж. Нутгийн иргэд цагаан чулууг дундуур нь хага цохиж үзэхээр гялтганасан шаргал судал байдаг гэж нутгийнхан ярьж байв.

Дээрх орд газрыг цаашид ухах үгүйг Төв аймгийн Засаг дарга, ИТХ-ын хурлаар шийдэхээр болжээ. Хурлын шийдвэр гартал “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн ажлыг зогсоосон байна. Хэрэв дээрх газрыг ухуулахгүй гэх шийдвэр гарвал, нөхөн сэргээлтийн ажлыг хийгдэх асуудал яригдах ажээ. Тус сумын иргэдийн төлөөлөл нийслэлд очиж “Дарга нараа хууль зөрчиж байгаа талаар болон тус орд газарт алт олборлох гэж байна гэх мэдээлэл хийсэн. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Улаанбаатар хотоос алтны нинжа нар ирцгээсэн байна. Нинжа нар хүрз, лоом, жоотуугаар энд тэнд газар ухах гэж оролдсон байна. Алт гарсан газар байхгүй болохоор нинжа нар хоёр өдөр зогсож байгаад явцгаажээ.

Г.АЛТАНГЭРЭЛ: “БОР ӨНДРИЙН ХИШИГ” НӨХӨРЛӨЛД ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГЫН ҮЕЭЛ, ИТХ-ЫН ДАРГА Р.БАТБАЯРЫН ЭХНЭРИЙН ДҮҮ НЬ БАЙГАА

Угтаалцайдам сумын иргэдийн төлөөлөл “Эх нутгаа хамгаалъя” гэх нэртэй төрийн бус байгууллага байгуулжээ. Дээрх төрийн бус байгууллагын тэргүүнээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Алтангэрэлийг сонгожээ. “Эх нутгаа хамгаалъя” гэх нэртэй төрийн бус байгууллагын гишүүд Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарын хууль зөрчсөн. “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн дарга нарт авлига өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ, Ашигт малтмалын ерөнхий газар, Төв аймгийн Засаг даргын тамгын газарт өргөдөл гомдол гаргасан байна.

Энэ талаар “Эх нутгаа хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Та бүхэн ямар шалтгаанаар Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд кварцын чулуу олборлож байгааг эсэргүүцэж байгаа юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Угтаалцайдам сумын иргэдийн зүгээс кварцын чулуун орд газарт олборлолт хийж байгаа “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа нь тодорхой хэдхэн шалтгаан бий. Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарт дургүйдээ ингэж ярьж байгаа юм биш. Хууль зөрчсөн асуудал байгаа болохоор бид эсэргүүцэж байгаа юм. Нутгийн иргэд яагаад кварцын чулуун орд газрыг ашиглах гэж байгаа “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн уурхайг эсэргүүцээд байгаа талаар тодорхой мэдээлэл өгч болно. “Бор өндрийн хишиг” нөхөрлөл манай сумын нутаг дэвсгэрт бичил уурхай эрхлэх гэж байгааг хэн ч мэдээгүй байсан. Гэтэл манай сумын Засаг дарга Н.Гантулга ИХТ-дийг огт хуралдуулахгүйгээр тогтоол гаргасан байдаг. Нутгийн иргэдэд бичил уурхай эрхлэх гэж байгаа талаар огт танилцуулаагүй. Тэгсэн мөртлөө ИТХ-ыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, бичил уурхай явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан мэтээр тогтоол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ИТХ-аар огт яригдаагүй зүйлсийг ярьж, хэлэлцэн зөвшөөрч, дэмжсэн гэх утга бүхий 02 дугаартай хуурамч тогтоол үйлдэж гаргасан байдаг. Хуурамч тогтоолоо Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн байдаг.

Дээрх газраас хариу ирэхгүй болохоор зургадугаар сард Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргуулж өгсөн байдаг юм билээ. Зургаан сарын сүүлчээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга н.Мөнх-Очир гэдэг хүний гарын үсэг тамгатай, бичил уурхай ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ бүгдийг зөвхөн манай сумын дарга нар мэдэж байсан болохоос жирийн иргэд бид огт мэдээгүй явж байсан. Тэгсэн өнгөрсөн долдугаар сарын 17-нд сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан болсон. Дээрх хуралдааны төгсгөлд гэнэтхэн бусад асуудал хэлэлцэнэ гэсэн байдаг. Бусад гэсэн асуудалд бичил уурхайн талаар санал оруулж ирсэн гэсэн. Н.Гантулга дарга “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн манай суманд бичил уурхай эрхлэхээр шийдвэр гарсан. Аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газар зөвшөөрсөн. Та бүхэн одоо энэ хурлаар дэмжээд, зөвшөөр” гэх утгатай зүйлсийг ярьсан байдаг. Манай суманд маш олон бүтээн байгуулалтыг хийнэ гэж хэлсэн байна лээ. Таван жилийн хугацаанд олборлолт хийгдэнэ. Сум орон нутаг хөгжих гээд байна гэж хэлсэн байдаг. Ингээд сумын ИТХ-аар дэмжих шийдвэр гаргасан. Үүний дагуу Засаг дарга Н.Гантулга, “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн тэргүүн М.Төгсболд гэх хүнтэй хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн байдаг. Гэрээ хийгдсэний дараа Бор өндөр уулыг ухаж эхэлсэн. Ийм зүйл болж өнгөрсөн байдаг. Бичил уурхай ашиглах зөвшөөрөл олгохдоо хууль зөрчсөн байдаг. Яагаад зөвшөөрөл олгосон талаар лавшруулаад сонирхох юм бол ашиг сонирхлын маш тод зөрчилтэй нь тодорхой болсон.

-Ашиг сонирхлын ямар зөрчилтэй юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Уурхай эрхлэх ашигт малтмалын тухай хуулийн дөрөвдүгээр заалтын 4.1 гэх заалтыг зөрчсөн байдаг. “Бор өндрийн хишиг” бичил уурхай эрхлэх нөхөрлөл нь таван хүний бүрэлдэхүүнтэй байгууллагдсан. Бичил уурхайн нөхөрлөл гэдэг нь онгон дагшин байгаль огт ухаж, олборлолт хийдэггүй. Хуулиараа ч хориглосон байдаг. Нөхөрлөл бичил уурхайчид уурхайн ашиглаж байсан үлдэц бүхий эдийн засгийн үлдэц багатай газрыг ашиглах ёстой. Хэрэв шинэ газарт бичил уурхай ажиллуулах гэж байгаа бол Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор аймгийн удирдлага шийдвэр гаргаж уурхайн олборлолт хийж болно гэсэн заалт бий. Энэ заалтыг шууд зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Гантулга өөрийнхөө албан тушаалыг хэтрүүлэн ашиглаж хууль бус зүйл хийж байна гэж бид бүхэн үзэж байгаа. Өөр нэг ноцтой асуудал нь “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлд таван гишүүн бий. Хоёр хүн нь энэ оны долдугаар сард манай суманд шилжиж ирсэн байдаг. М.Төгсболд гээд “Бор өндрийн хишиг” бичил уурхайн дарга нь Улаанбаатар хотод амьдардаг. Манай суманд нэг ч хамаатан садан байхгүй хүн. Э.Энхбаяр гэж хүн мөн л Улаанбаатар хотынх. Гурав хүн нь Засаг дарга Н.Гантулгын үеэл Б.Ганбат гэж хүн байгаа. Харин дөрөв дэх хүн нь ИТХ-ын дарга Р.Батбаярын эхнэрийн дүү Д.Нямлхагва байна. Мөн малчин Ш.Бямбасүрэн гэж залуугийн бүрэлдэхүүнтэй нөхөрлөл. Нөхөрлөлийн гишүүдээс л бүх зүйлс тодорхой харагдаж байгаа биз дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй гээд яриад байгаа минь ч үүнтэй холбоотой.

-Та бүхэн АТГ-т Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарыг ямар үндэслэлээр шалгуулж байгаа юм бэ?

-Угтаалцайдам сумын иргэдийн дунд Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлөөс маш их хэмжээний мөнгө авсан гэх яриа гараад байгаа. Үүнийг бид шалгуулах хүсэлтээ өгсөн. Мөн бичил уурхай манай сумыг хөгжүүлж маш их бүтээн байгуулалт хийнэ гэдэгт иргэд бид эргэлзэж байгаа. Монголын топ компаниуд уул уурхай олборлолт хийж байгаа сумандаа “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлийн амлаад байгаа зүйлсийг хийж өгөөгүй байдаг. Гэтэл жижигхэн бичил уурхайн нөхөрлөл 45 километр зам тавьж, цэцэрлэг барьж, гурилын үйлдвэр барьж өгнө гээд байгаа нь худлаа гэж үзэж байна. Нутгийн иргэдийг хуурч мэхлэн хамаг баялгийг нь цөлмөж аваад зугтаах гэж байна гэв.

Төв аймгийн Угтаалцайдам суманд гараад байгаа кварцын чулуун ордын нөөцийн судалгааг гаргасан байдаг аж. Одоогоор 20 орчим мянган тонн кварцын чулуу олборлох боломжтой байгаа гэнэ. Тэгвэл кварцын чулууг дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалдаг аж. Кварцыг радио, хэт богино дууны техник, гоёлд өргөн хэрэглэдэг байна. Тонн кварц дэлхийн зах зээл дээр 2000-2500 ам.долларын үнэд хүрдэг байна. Тэгвэл Угтаалцайдам сумын Бор өндрийн уулын бэлээс гарч байгаа кварц нь тунгалаг кварц аж. Тунгалаг кварц ховор чулуунд тооцогддог. “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлийн нутгийн иргэдэд өгсөн мэдээллээр кварцын болор чулууг газар дээр нь 3-3.5 сая төгрөгөөр худалдаалах юм. 20 мянган тонн чулуу олборлоход нэлээд ашиг хүртэх боломж байна. Тиймээс манай нөхөрлөл өөрсдөө ашиг хүртэхээс гадна нийт орлогынхоо 60 хувийг Угтаалцайдам сумын хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж, иргэдэд хувь хүртээнэ хэмээн мэдэгджээ.

Р.БАТБАЯР: БИД СУМАА ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ БИЧИЛ УУРХАЙГ ДЭМЖСЭН. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ

“Бор өндрийн хишиг” бичил уурхайд кварцын чулуу олборлох зөвшөөрлийг Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөгчид олгож байгаа. Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон уу гэдгийг тус сумын ИТХ-ын дарга Р.Батбаяраас тодрууллаа.

-Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин “Бор өндрийн хишиг” бичил уурхайг дэмжсэн гэх асуудал яригдаад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Сүүлийн үед манай сумын нэр бүхий иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл өгч байна. Ор үндэсгүй худлаа мэдээлэлд бид бүхэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан ёсны хариулт өгөөгүй. Учир нь хууль хяналтын байгууллага үнэн зөвийг олж тогтоосны дараа албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй болов уу гэж үзсэн юм. Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд кварцын чулууны орд хэрхэн илэрсэн, “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлд олборлолт хийх зөвшөөрлийг ямар шалтгаанаар олгосон бэ гэдгийг одоо хэлмээр байна. Манай сумын ИТХ-ын ээлжит хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болсон. Хуралдаанаар “Бор өндрийн хишиг” бичил уурхай манай суманд үйл ажиллагаа явуулснаар 2017 онд сумын Засаг даргын Тамгын газрын барилгын засвар, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл барих, Ерөнхий боловсролын сургуульд их засвар хийж, ахмадын өргөө барьж өгнө гэсэн. Мөн 2018-2020 онд Гурилын үйлдвэр барих, шинээр цэцэрлэг, малчдад зориулж баг бүрт жилд нэг худаг гаргаж өгөх, хуучин 12 айлын орон сууцыг засварлах, спорт цогцолбор барьж өгөх, Баянхангай сумаас Угтаалцайдам хүртэл 45 километр хатуу хучилттай зам тавих, цэвэр, бохир, усны нэгдсэн шугамтай болгох гээд маш олон бүтээн байгуулалт хийж өгье. Дээрээс нь нийт орлогынхоо 25 хувийг нутгийн иргэдэд хишиг болгон жилдээ иргэн бүрт 500 мянган төгрөг, ашиг хүртээд эхлэхээр сая төгрөг бэлэн тарааж байх эдийн засгийн үндэслэл бүхий судалгаа, шинжилгээг танилцуулсан. Энэ бүгдийг ИТХ-аар хэлэлцээд улсын төсвөөр хийгдэж чадахгүй байгаа томоохон ажлуудыг хийж өгнө гэдэг зүйл дээр тогтож хуралдсан. Ингээд бичил уурхайг сум орон нутгийн зүгээс дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Биднийг хуралдаан огт хийгээгүй. Бүр хуурамч тогтоол үйлдэж хууль зөрчсөн гэж яриад байгаа. Энэ асуудалд албан ёсоор хариулт өгөхөд хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн гэдгийг хэлмээр байна. Хуралдаанаар төлөөлөгчид холбогдох хүмүүсээс кварцын чулууны үнэ ханш, хэдэн га газарт уул уурхайн олборлолт хийх гэж байгааг нэн түрүүнд асууж тодруулсан. 3.5 га газарт эзэмшил талбайгаар авч, 0.5 га газарт олборлолт хийж, ухах юм байна. Газар ухах хэмжээ бага байсан учир эргээд нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой юм байна гэж үзээд бид дэмжсэн. Ерөөсөө л болж өнгөрсөн асуудал ийм. Өнгөрсөн долдугаар сарын 17-нд сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан болсон. Энэ хуралдаан дээр мөн л “Бор өндрийн хишиг” бичил уурхайн асуудал яригдсан. Засгийн газрын 151 дүгээр тогтоолтой холбоотойгоор гаргасан шийдвэрээ дахин нягталж харсан. Бидний зүгээс сум орон нутгийг хөгжүүлж, иргэдээ амар тайван амьдруулахын төлөө иргэдээсээ санал авч сонгогдсон хүмүүс. Тиймээс нутгаа хөгжүүлэх гарцыг үргэлж хайж эрэлхийлж байгаа. Энэ үндсэн дээр бид бүхэн зөвшилцөлд хүрч чадсан. Энэ шийдвэрээ буруу зүйл гэж огт бодохгүй байна. Гол нь нутгийн иргэд буруу мэдээлэлтэй байгаагаас үүдэн үл ойлголцох байдал бий болоод байна.

-Иргэд бичил уурхай суманд хэзээ ч ийм их хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэж үзээд байгаа. Өмнө нь бичил уурхай суманд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдол байхгүй юм билээ?

-Гол нь тооцоо судалгаа чухал шүү дээ. Угтаалцайдам суманд нийт орлогынхоо 60 хувийг өгдөг жишиг уурхай бий болгохыг зорьж байгаа юм. Энэ дагуу ч Засаг дарга Н.Гантулга, ““Бор өндрийн хишиг” бичил уурхайн захирал М.Төгсболд нар хамтран ажиллах гэрээ хийсэн байдаг. Ашигт малтмалын газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас олборлолт хийхийг зөвшөөрсөн. Ингээд л үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Гэтэл нутгийн иргэд олборлолт хийж эхлэх үед эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Нутгийн зөвлөл албан шаардлага өгсний дагуу сумын Засаг дарга Н.Гантулга “Бор өндрийн хишиг” бичил уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Ийм л зүйл болсон. Миний бие төрж өссөн нутгаа, байгалийн баялгаа зарж, борлуулсан зүйл огт байхгүй. Зөвхөн нутгаа хөгжүүлэхийн төлөө ийм шийдвэр гаргасан гэв.                                             ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГА ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар сумын Засаг даргын орлогч Б.Мөнхбаяр “Засаг дарга Н.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байгаа. Тэрбээр ажлаа өгөх шалтгаанаа 2016 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл сумынхаа төвийн сайжруулсан замыг хусч индүүдэж, засварлах, үйлчилгээний төвүүд дунд 400 метр урт бетонон зам, БНСУ-ын Сөүл хотын Сүншил их сургуулийн оюутнууд хоёр жил дарааллан нарны эрчим хүчээр асдаг гэрэлтүүлгийг үнэ төлбөргүй тавьж суурилуулсан, Соёлын төвийн өргөтгөлийг сэргээн засварлах, 75 хүүхдийн “Сонинхангайн багачууд” цэцэрлэгийг ашиглалтад оруулж 80 гаруй хүүхэд хүлээн авч байгаа. “Элсэн цагаан” ХХК хувьдаа хууль бусаар дур мэдэн ашиглаж байсан төрийн өмчийн барилгыг эргүүлэн авч халуун ус, саун, үсчний зориулалтаар орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн ашиглалтад оруулсан. Мөн 2017 онд газрын дуудлага худалдаа зохион байгуулж 130 гаруй сая төгрөг төвлөрүүлж сумын төвийн бүрэн гэрэлтүүлэг, нийтэд үйлчилдэг ковш 920 трактор, 30x60 харьцаатай хөл бөмбөгийн талбай, 400м2 гүйлтийн зам талбай, Соёлын төвийн худалдааны зах лангуу, эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, УИХ-ын гишүүнтэй хамтран Талын уул баг дээр 0-тоЫ1е-ийн сүлжээ станцыг тавьж сумын иргэдийг бүхэлд нь үүрэн телефоноор хангах ажлыг хийж байна мөн хувийн хэвшилтэй хамтран шинээр шатахуун түгээх станц барьсан зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. Гэтэл миний хийсэн ажлуудыг үгүйсгэж намайг харлуулах үйл ажиллагаа удаа дараа явагдаж байна. Урьд нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр мөн 2016 орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хаах өдөр ингэж миний нэр төрд халдах, гүтгэх доромжлох ажлуудыг зохион байгуулалттай хийж байгаад харамсаж байна. Энэ удаад ч мөн давтагдаж байна. Энэ болгоныг хууль хяналтын байгууллагаар өөрийн хүсэлтээр шалгуулан үнэн зөвийг тогтоолгон нэр төрөө сэргээлгэх ажлыг явуулах болно. Иймд өнөөдрөөс эхлэн албан ёсоор үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэж мэдэгдээд ажлаа өгсөн. Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газраас бичил уурхайд ямар нэгэн хувийн эрх ашгийн үүднээс чулуу олборлох зөвшөөрөл олгосон зүйл байхгүй” гэв.

Төв аймгийн Угтаалцайдам суманд намрын их ажил ундарсан өдрүүдэд ийм л асуудал босч ирээд байна. Нутгийн иргэд кварцын чулуу ухуулах нь зөв буруу, орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх худал амлалтаар иргэдийг төөрөгдүүлж, байгалийн баялгийг цөлмөх гэж байна хэмээн хоорондоо талцаж, сумынхаа дарга нарыг хууль хяналтын байгууллагад шалгуулж эхлээд байна. Хууль хяналтын байгууллага Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг удахгүй эцэслэн тогтоох биз ээ.

 

 


УГТААЛЦАЙДАМ СУМЫН КВАРЦЫН ЧУЛУУН ОРДЫГ АШИГЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГА, ИТХ-ЫН ДАРГА Р.БАТБАЯР НАР ХУУЛЬ ЗӨРЧИН ОЛГОСОН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188