• Өнөөдөр 2024-04-20

БИЧИГТИЙН БООМТ ДЭЭР ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЧУУДЫН ГАРТ АДУУН СҮРЭГ МААНЬ ӨЛДӨЖ, ХӨЛДӨЖ ТАРЧИЛСААР ҮХЭЖ БАЙНА

2022-03-19,   900

Бичигтийн боомт дээр 1200 гаруй адуу 24 хоног өвс, тэжээл, ус, цас идэж уулгүй хоригдсон юм байна. 700 орчим нь хашаанд, 500 гаруй нь ачааны машины тэвшин дээр байсан гэнэ. Машины хөлдүү тэвшин дээр байсан адууны ихэнх нь хөлдөж үхжээ. Огт хөдөлгөөнгүй 20 гаруй хоног шээс, хомоол нь барьцалдаад дош болчихсон тэвшин дээр хүлээтэй зогссон адууны хөлд нь цус буучихдаг аж. Үүний дараа туурай, сагага, нарийн шилбэ нь хөлдөж эхэлжээ. Ингээд олон хоног өвс, тэжээлгүй байсан адуу илчээ алдаж, тал нутгийн тачигнасан жаварт жиндэж, бүх бие нь битүү цагаан цан болоод хонодог байна. Өглөөний нар дөнгөж гарсны дараахь их хүйтэнд бөмбөгнөтөл чичирч байгаад л хөлдөөд үхчихдэг гэнэ.

Их хүйтэнд жолооч нар машинаа бүтээчихээд, ээлжээр гарч ирэн машинаа асааж халааж байжээ. Жолооч нар өөрийнхөө эд хөрөнгө болсон машиныг амьд амьтнаас дээрд үзэж, анхаардаг байсан гэнэ. Тэгсэн мөртлөө тэвшийг нь битүү ороох бүтээлэг байсаар байтал “Дараа нь өөр ачаа ачихаар муухай үнэр нь шингэчихдэг юм байна лээ. Цасан шуурганаар бүтээж үзсэн. Дараа нь муухай үнэртээд байсан. Адууны шээсний үнэр нэвт шингэчихдэг юм” гээд л сууцгаагаад байсан гэдгийг Бичигтийн боомт дээр амьдардаг иргэд хэлж байв. Хашаанд байсан адуунууд нэгнийхээ сүүл, дэлийг юу ч үгүй болтол нь идчихсэн байна. Мөн хашааны банзыг шүдээрээ эмтэлж хазаад идчихсэн байлаа. Мөн салхинд хийсч ирсэн гялгар цаасыг ч идчих юм. Нэгнийхээ сүүл, дэлийг идсэн адууны ходоодонд үс хялгас бөөгнөрч, бөөнтөж үхсэн аж. Бас өлдөж үхжээ.

Бичигтийн боомт дээр хоёр зүйлийг хилээр гаргаж болохгүй гэсэн хориг тавигдсан байна. Үүний нэг нь адуу, нөгөөх нь өвс. Өнгөрсөн зуны адаг сараас эхлэн Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар өвс хадаж эхэлсэн. Хэдэн сая тонн өвс дорнын цэлгэр талаас хадсан байна. Ингээд арваннэгдүгээр сард ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өвс хилээр гаргахгүй байх шийдвэрийг гаргасан. Бичигтийн боомтын ойролцоо хэдэн сая тонн өвс нуруулдаад хураагдсан байв. Эрдэнэцагаан, Асгат сумын зааг дээр хятадууд хадсан өвсөө авалгүй орхисон нь мөн л хэдэн сая боодол өвс хэнд ч хэрэггүй хог болоод л хэвтэж байна. Хараа хяналт огт байхгүй учир хүмүүс ачааны том оврын машинаар өдөр шөнөгүй нийслэл рүү зөөж байна лээ. Ааг нь ханхалсан ногоон өвс хэдэн сая тонноороо боомт тойроод нуруулдсан хэвтэж байхад наана нь мянга гаруй адуу өвсгүй өлдөж үхэж байжээ. Мөн хилийн боомтын орчимд сүүлийн жилүүдэд огт түймэр гараагүй. Багсарсан их өвс найган ганхаж, бодын хар туруу цастай байна. Ёстой л адуу өвөлжиж баймаар сайхан байна лээ. Ийм л газар 1200 монгол адуу 20 гаруй хоног өлгүй хоосон байжээ.

“НУТГИЙНХАА ЗҮГ ХАНГИНАТАЛ ЯНЦГААЖ, ҮҮРСЭЭД Л ТУНГАЛАГ ХАР НҮДНЭЭС НЬ НУЛИМС УРСААД ДААНЧ ӨРӨВДӨЛТЭЙ БАЙНА ЛЭЭ” ГЭВ

Эрдэнэцагаан сумын иргэн Г.Батсүх бидэнд цөөн асуултад хариулт өглөө.


-1200 гаруй адуу өвс тэжээлгүй олон хоносон гэдгийг та хэзээ мэдсэн бэ?

-Манайх хэдэн үеэрээ адуу маллаж өдий хүрч байна даа. Монголчууд бидний дэлхийд гайхагдсан түүх ерөөсөө л адуутай холбоотой шүү дээ. Монгол адуу байгаагүй бол бид дэлхийн талыг эзэлж чадахгүй байсан гэж бодож явдаг. Сүхбаатар аймаг тэр дундаа Эрдэнэцагаан сум хурдан адууны өлгий нутаг шүү дээ. Энэ их тал нутагт босоо төрсөн унага шандастай болж, салхинд гүйцэгдэхгүй хурдан болдог юм. Ийм л хурдан адууны өлгий нутагт мянга гаруй адуу 20 хоног өвс, усгүй хоригдсон шүү дээ. Турж үхэж байгаа адууг харахаар нүдний нулимс урсаж, гол зураад үнэхээр хэцүүдсэн. 20 хоног юу ч идээгүй мөртлөө амьд байна гэдэг монгол адуу ямар тэсвэр тэвчээртэй юм бэ гэдгийг харуулж байгаа юм. Хашаанд хоригдож байгаа адуу хүний гар дагуулж хараад л дайраад байсан. Бүгд баруун тийшээ нутгийнхаа зүг хараад л санаа алдаад зогсчихдог. Үе үе нутгийнхаа зүг хангинатал янцгааж, үүрсээд л тунгалаг хар нүднээс нь нулмис урсаад даанч өрөвдөлтэй байна лээ. Сүлдэнд мөнхөрсөн монгол адуугаа монголчууд бид ингэж тамлаж байх гэж. Ерөөсөө л энэ их хүйтэнд хөлдөөгөөд, өлсгөж, тураагаад алчихаж байна. Амьд амьтныг ингэж тамлаж, зовоож, тарчлааж байна. Хэрэв сэтгэл байвал адууг өлсгөж алахгүй байсан.

-Хилээр адуу гаргах гэж байгаа компанийн ажилтнууд, жолооч нар монгол адуу эмнэг болчихсон, ачиж буулгаж чадахгүйгээс болоод л хориод байсан гэж байна лээ?

-Энэ бол зүгээр л бусдын амыг таглах гэсэн худлаа үг байна. Бид чинь монгол хүмүүс биз дээ. Хэдэн адуунаас юунаас нь айдаг юм. Эрдэнэцагаан суманд адуунд эрэмгий олон залуу байгаа. ихэнх нь сумын төв дээр ажилгүй хэвтэж байна. Манай энд тариа ногоо тарих биш. Адуутай л ноцолдох ажил бий. Тэднийг цалинжуулаад л адуугаа харуулаад байж болно. Машины тэвшин дээр өдий цагийн ядарсан битгий хэл зуны өвсөндөө бүрэн цадаад махалчихсан эмнэг хангалыг нь номхруулаад ачиж болдог юм. Ачаатай адуугаа ингээд л машинаас буулгачихна. Манай энд цас байна. Өвс өндөр ургасан, адуу оторлож байхаар сайхан нутаг шүү дээ. У.Хүрэлсүх сайдын тушаал гартал энэ хэдэн адуунд хүний ёсоор хандаж, бэлчээрт гаргачих боломж бүрэн байсан. Боомт дээр том цэлгэр хашаатай олон айл бий. Тэнд шөнө нь хашиж хоноод өдөр нь эргүүлээд бэлчээрт гаргаад байж болно.

-Хилийн ойр бүсэд адуу мал байлгаж болохгүй гэдэг биз дээ?

-Харин ч эсрэгээрээ шүү. Энд адуу өлдөж үхэж байна гэдгийг Хилийн цэргийнхэн сонсоод адууны эздэд хэлсэн байсан. Адууг ингэж өлсгөж алж байхаар хил орчмын бүс нутагт хариулаад байж болно. Энд өвс их ургасан байгаа. Хилээр цаашаа гарах энэ тэр асуудлыг бид хариуцна. Та нар энэ хавьд хариулаад байж болно шүү. Бидний зүгээс татгалзаад байх зүйл байхгүй гээд хэлсэн байсан. Даанч тэдний үгийг огт тоогоогүй. Хэдэн үдээр үхэж байгаа нь чамд ямар хамаа байна гэж хэлсэн гэсэн. Хятадуудын өвс энд сая сая тонноороо байна. Өвс харж байгаа манаач залуу хятадууд өвсөө бүрэн бүртгэж аваагүй байгаа. Хэдэн шил архиар өвс солино шүү гээд л ханхалзаад л яваад байсан. Хилээр гаргахгүй болсон өвсийг улсын орлого болгож, онцгой комисс авах шийдвэр гарсан гэдгийг сонсоод хятадууд яваад өгсөн. Тэндээс сумын Засаг даргад хэлээд хямд үнээр худалдаж авах боломж хүртэл байсан. Гэвч тэд амьтныг хамгийн зэрлэгээр тамлах замыг сонгосон. Монгол хүний буян заяа, сүлд хийморь гэж байдаг шүү. Амьтан тамлаж алж байгаа эдгээр хүмүүсийн ажил амьдрал яаж өөдтэй байх вэ гэв.

“БИД АДУУ АЛААГҮЙ. У.ХҮРЭЛСҮХЗУУ ГАРУЙ АДУУНЫ АМИНД ХҮРЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН”

Биднийг бичигтийн боомт дээр сурвалжлага хийгээд явж байтал хар өнгийн “Ланд круйсер 200” маркийн автомашин давхиад ирлээ. БНХАУ-ын Шилийн гол аймаг, Улиастай хотоос ирсэн хятадууд гэнэ. Тэд адуу худалдаж авдаг юм байна. Адуу худалдаж авсан ченжүүдтэй уулзаад явцгаажээ. Адуу хилээр гаргаж өндөр үнээр хятадуудад худалдаалдаг ченжүүд Шадар сайд У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрийг хэлсэн байна. Харин хятадууд Монголын ченжүүдэд нэг л шаардлага тавьжээ. “Та нар биднээс авсан урьдчилгаа мөнгөө эргүүлж өгөөрэй” гэж хэлчихээд яваад өгч. Өнгөрсөн намар ченжүүд зүүн гурван аймаг, Дундговь, Дорноговийн нутгаар явж соёолонгоос дээш насны адууг 500 мянган төгрөгөөр малчдаас худалдаж авсан юм байна. Ингээд хилээр гаргаж эхэлжээ. Хятадууд амьд адууг монгол мөнгөөр 1.4 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Адууг жолооч нар БНХАУ-ын Улиастай хот хүртэл тээвэрлээд нэг адуу тутмаас 70 мянган төгрөг авдаг байжээ. Хятадууд адууны махыг үйлдвэрийн аргаар боловсруулаад дулааны бүс нутгийн иргэдэд өндөр үнээр худалдаалдаг сүлжээ бүхий шинэ зах зээл нээгдсэн байна. Хайнан, Нанжин, Гуанжоу гээд халуун уур амьсгалтай бүс нутагт адууны махыг булаацалдаад л авдаг гэсэн. Адууны эзэд, жолооч нар “Засгийн газраас монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргана. Эрүүл монгол мал гээд л төрөөс хэдэн тэрбум төгрөг гаргаж төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд адуу БНХАУ руу гаргаад эхлэхээр бөөн асуудал яриад эсэргүүцээд байх юм. Адууны мах Монголдоо хамгийн эргэлт багатай байдаг. Адууны мах иддэг хүн цөөхөн. Өвлийн улиралд л иддэг. Адууны мах удаан хадгалахаар урь идээд хуршчихдаг биз дээ. У.Хүрэлсүх ямар ч мэдээлэл судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр, юугаа ч мэдэхгүй байж адуу гаргахыг хориглох шийдвэр гаргачихсан. Тэрнээс болоод бид төлж дийлэхгүй бөөн өрөнд орчихлоо. Тураалдаа орж, яс нь горзойчихсон хэдэн адууг Улаанбаатар хотод хэн авах юм бэ. Бид энэ хэдэн адууг өлсгөж алсан юм биш. У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр алсан юм. Малчид бид гээд олон хүний амьдралд гай болж байна, У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр” гээд л ярьцгаах ажээ.

НУТГИЙН ЗҮГ ҮҮРСЭЖ, НУЛИМС ДУСЛУУЛАХ АДУУН СҮРЭГ

Нар баруун тийш хэвийжээ. Хашаатай байгаа 400 гаруй адуу нутгийнхаа зүг хараад л хангинатал янцгаах юм. Мөн хээр алаг гүү газар тэрийгээд хэвтчихсэн байв. Адуу харж байгаа залуус үхэж амжаагүй байгаа хээр алаг гүүг дэл, сүүлнээс нь чирээд л хашаанаас гаргачих юм. Хээр алаг гүүний нүднээс тасралтгүй том том нулимс бөн бөн урсаад байх нь өр өвтгөж, сэтгэл сэмлэх аж. Шороо пургитал урт урт амьсгаа авч, толгойгоо баруун тийш арай гэж өндийлгөж үүрсэж байгаад л амьсгаагаа татчихав. Байгалийн давшгүй хүчин зүйл болсон зуданд биш хүмүүсийн буянт малаа хайрлахаа байсан хүйтэн хөндий цэвдэг сэтгэлийн гайгаар адуун сүрэг хэдэн зуугаараа ингэж тарчилж үхэж байна лээ, Бичигтийн боомт дээр. Хээр алаг гүү үхээд удаагүй байтал сурвалжлага хийхээр ирэх үед таарсан нөгөө зээрд морь чинь 1.50 гаруй метр өндөртэй хашаан дээгүүр харайгаад гарчихлаа. Энэ удаад хойд хоёр хөлөө зөөж авч чадалгүй хашааны банз хуу татаж гараад л нутгийнхаа зүг бөг бөг хийн шогшууллаа. Хашаанд байсан адуунууд бүгд л зээрд морины араас хангинатал янцгааж хоцорлоо.

“Муу п.....-гийн нугасанд нь хутга шаана даа. Яасан зэвүүн үдээр вэ” гээд хараалаа урсгасаар Эрдэнэмөнх гэж өөрийгөө танилцуулсан өндөр бор залуу мотоциклио пар хийтэл асаагаад зээрд морины араас давхилаа.


БИЧИГТИЙН БООМТ ДЭЭР ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЧУУДЫН ГАРТ АДУУН СҮРЭГ МААНЬ ӨЛДӨЖ, ХӨЛДӨЖ ТАРЧИЛСААР ҮХЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 16:37:52
    хужаагийн мөнгөний боол: 100 гаруй адуугаа тэгээд хятад руу гаргаагүй нь зөв юм биш үү. Гаргахгүй гэхээр нутаг руу нь буцаахгүй яасын. Эргүү төлөг шиг юмнууд. Аль 2019 онд адууг амьдаар нь хилээр гаргахаа больсон . Үүнээс илүү эрхэм шийдвэр байхгүй шүү муу хужаагийн тавиулууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 16:37:50
    хужаагийн мөнгөний боол: 100 гаруй адуугаа тэгээд хятад руу гаргаагүй нь зөв юм биш үү. Гаргахгүй гэхээр нутаг руу нь буцаахгүй яасын. Эргүү төлөг шиг юмнууд. Аль 2019 онд адууг амьдаар нь хилээр гаргахаа больсон . Үүнээс илүү эрхэм шийдвэр байхгүй шүү муу хужаагийн тавиулууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 14:55:43
    Нэр: Энэ Хүрэлсүхийг ерөнхий сайд байх үеийн мэдээ биш үү .Хүрэлсүх адууг амьдаар нь гаргахыг болиулчихсан шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 16:33:24
    Зочин: Ийм аймшигт гэмт хэргийг олон улсын шүүхээр шийдүүлэх хэрэгтэй. Энэ бол монголчууд зэрлэг араатнаас дор болсоныг байгаль дэлхийн алуурчин дайсан болсоныг баталж байна. Монголчууд эд мөнгөний шуналаараа энэ дэлхийн ан амьтан байгал соёл сайхан бүгдийг устгадаг дайсанууд болсоноо олон талаар харуулж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 12:47:54
    Oooo: Buzaruud. Ene Mongold er ni hun chanartai Mongol hun bna uuuu??? Bi haana amidraad bnaa. Onoodor 2022 on 1722 on bish bizdee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188