• Өнөөдөр 2024-04-20

ОТГОНТЭНГЭРИЙН ОСЛООС АМЬД ҮЛДСЭН УУЛЧИД ОДОО ХҮРТЭЛ “ШОК”-НООСОО ГАРААГҮЙ БАЙНА

2017-12-20,   286

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирсан 17 уулчин осолдож, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ оны аравдугаар сарын 21-нд гарсан билээ. Тухайн үед нийт 27 уулчин Отгонтэнгэр уул руу авирсан байдаг. Үүнээс арван уулчин ослоос эсэн мэнд үлдсэн юм. Амьд үлдсэн арван уулчин одоог хүртэл ослын талаар ямар нэгэн зүйл яриагүй байгаа. Хэргийг улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 17 уулчин харамсалтайгаар амь насаа алдсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон гэнэ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид “Мөсөн хавтангийн нуралт үүссэнээс болж 17 уулчин амь насаа алдсан. Уулчид Отгонтэнгэр уулын орой дээрээс буухдаа хадтай хавцалын ирмэг хэсгээр явсан нь осолдох гол шалтгаан болсон байна. Талийгаач нар хавцал руу шидэгдэж амь насаа алдсан. Ослоос хүн амьд гарах ямар ч боломж байхгүй” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ.

Амьд үлдсэн арван уулчныг Улаанбаатар хотод авчирсны дараа шууд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэл сэргээн засах эмчилгээ хийлгэсэн байдаг. Одоогоор тэд бүгд тус тусынхаа ажлыг хийж байгаа аж. СЭМҮТ-ийн эмч нарын хэлж байгаагаар “Манай эмнэлгээр эмчлүүлсэн уулчид сэтгэл санааны гүн хямралд орсон байсан. Бид сэтгэл санааны сэргээн засах эмчилгээ хийсэн. Гэхдээ эмчлүүлэгчид шөнө нойргүйдэх, хар дарж зүүдлэх, өдөр нь сэтгэл санаагаар унаж, ослын талаар байнга бодох гээд маш хүнд байсан.Эмнэлгийн зүгээс шаардлагатай эмчилгээг хийсэн. цаашид арван уулчны сэтгэл хямралын асуудал өөрсдөөс нь шалтгаална” хэмээн хэлж байна лээ. Бид Отгонтэнгэр ууланд гарсан ослын талаар амьд үлдсэн уулчидтай уулзаж, заримтай нь холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байв. Мөн “Сэтгэл санааны хувьд одоо ч хүнд байгаа. Энэ талаар ярьмааргүй байна”гэх хариулт өгч байв. Амьд үлдсэн уулчдаас ослын талаар асуух үед царай нь хувирч, гар хөл нь салгалж байсан юм. Мөн тайвшруулах эм бэлдмэл ч ууж байгаа гэдгээ бидэнд хэлж байлаа. Уулчдын ар гэрийнхэн “Бидэнд ослын талаар одоо хүртэл ярихгүй байгаа. Юунаас болж осол гарсан гэдгээ ярихыг хүсдэггүй. Эмч нар ч энэ талаар битгий асууж шалгаагаарай гэж хэлсэн. Отгонтэнгэрт явж байх үеийн зургийг хүртэл үзүүлэхгүй байгаа” хэмээн ярьсан юм. өөрөөр хэлбэл, уулчид шокноосоо одоо хүртэл гараагүй байна лээ. Амьд үлдсэн арван уулчныг Отгон сумаас Улаанбаатар хотод авчирч арав гаруй хоног эмчилгээ хийсэн гэдгийг дээр дурдсан. Тэд эмнэлгээс гараад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг уншаад мөн л “шок”-нд орсон гэх мэдээлэл байсан юм. Мөн талийгаачдын ар гэрийнхэн амьд гарсан уулчид руу утсаар ярих, мессэж бичиж “Чамаас болж миний хань амиа алдсан. Та нар яах гэж ууланд авирах гэж явсан юм бэ. болж би хайртай хань, хүүхдээ алдчихлаа. Та нар яагаад сэтгэл гаргахгүй байгаа юм бэ” гэх зүйлсийг бичсэн тохиолдол ч цөөнгүй гэнэ.

“БИД ОТГОНТЭНГЭР УУЛАН ДЭЭР ГАРЧИХААД МАШ ИХ БАЯРЛАЖ ХӨӨРСӨН”

Хэргийг шалгаж байгаа Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нарт ослоос амьд үлдсэн арван уулчид хэргийн талаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ талаар бид сурвалжилснаа эргэн сануулахад “Оргил өөд”, “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “DCI hiking” уулын клубынхан хоорондоо ярилцаж байгаад Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр болжээ. Тэд жил бүрийн намар Монгол орны өндөрлөг ууланд бөөнөөрөө авирч байхаар тохиролцсон гэнэ. Мөн тус тусдаа ууланд авирч байхаар олуулаа явж ууланд авирах нь илүү үр дүнтэй хэмээн үзжээ. Ингээд аравдугаар сарын 17-ны өглөө Сүхбаатарын талбайгаас хөдөлцгөөсөн байна. Тэд Баянхонгор аймагт хоноглоод Завхан аймгийн Отгон сумын нутаг байгаль хамгаалагчийн гэрт аравдугаар сарын 2-ны орой ирцгээжээ. Байгаль хамгаалагчийн гэрт зарим нь хоноглож, гэрийнх нь гадаа майхан, машиндаа үлдсэн нь унтаад өглөө 07:00 цагт Бадархундага нуурын эхэнд машин, жолооч нараа үлдээгээд уул руу авирсан байна. Тэд орой 16:00 цагийн орчимд уулын орой дээр гарч зураг хөргөө авахуулжээ. Энэ талаар уулчид “Бид уулын орой дээр гараад маш их баярлаж хөөрсөн. Үнэхээр сайхан хайрхан юм аа. Ёстой сайхан байна. Алив миний зургийг дараарай. Ажлынхаа туг далбаатай зургаа авахуулна шүү. Бөөнөөрөө зургаа авахуулъя” гээд л аз жаргалаар дүүрэн байсан. Зорьсон хэргээ бүтээгээд үнэхээр гайхамшигтай сайхан мэдрэмж төрж байлаа. Бүр зарим нь уулан дээр гараад уйлсан шүү. ингээд бид цаг гаруй болсны дараа гурван олсонд ороод буухаар болсон. Ахлагч Сүрэнжавын ахалсан багийнхан эхлээд буусан. Араас нь найман хүний бүрэлдэхүүнтэй баг уулын уруу цасан дээгүүр буусан. Бид ч араас нь буусан. Манай багийн ахлагч аппаратаа далд хийх гээд хэдхэн секунд зогссон. Гэнэт л тэнгэр нүргэлж байгаа юм шиг дуу чимээ гараад тас хийгээд л явчихсан. цагаан манан татаад л хүмүүсийн хашгирах дуу сонсогдсон. Хоёр олсны 17 хүн бүгд нүдний өмнө цас мөстэй хамт хашгиралдаад л уулын хавцал руу унасан. Хүмүүсийн хашгирч орилж байгаа дуу одоо хүртэл надад сонсогдох шиг болдог. Тэр дундаа талийгаач Б гэх эмэгтэйн ээжээ гээд маш чангаар хашгирсан дуу дандаа бодогдоод зүрх зүсэгдэх шиг болдог юм. Хэдхэн секунд “шок”-нд орсон. Яг үнэндээ бүгд хавцал руу нисэж хашгирч байгаад чив чимээгүй болсон. Хашгирах дуу дахиж ерөөсөө сонсогдоогүй. Бидний урд явсан хүн урагшаа аажуухан алхаад хавцал руу тонгойж харсан. Гэтэл дахиад мөс цөмөрч хавцал руу унасан. Хавцал руу хүчтэй татагдаж бүгдээрээ унах шахсан. “Хавцал руу унасан хүн хашгираад бид ч дагаж хашгираад хойшоо зүтгэсэн. Ёстой л өөрт байгаа бүх хүчээ шавхаад л зүтгэсэн. Хэн нэг нь л буруу хөдөлбөл бүгд хадан хавцал руу нисэх аюул байсан. Бага багаар арагшаа цахалж татсаар арай гэж унасан нэгнээ гаргаж ирсэн. Бид маш их айж сандарсан. Шөнөжин зогсоогоороо хоносон. “Амьд л гардаг юм шүү. Тэсээрэй” гэж бие биенийгээ зоригжуулж байсан. Гар, хөл эхнээсээ хөшиж, хайрагдсан. арай гэж л үүр цайлгасан. Амьд үлдсэн уулчид гар, нүүрнээсээ эхлээд маш олон газраа хайрагдаж, бэртэл гэмтэл авсан. Амьд гарахын төлөө, амьдрахын төлөө тэмцэлдэж үүр цайлгасан даа. Арай гэж уулнаас буусан. өгсөж ирсэн замаараа бууцгаасан. тусламж дуудаж, хоёр туршлагатай уулчин маань эргээд Отгонтэнгэр рүү явсан. цасан нурангинд нэг ч хүн амьд үлдээгүй гэдгийг бид анхнаасаа мэдэж байсан. Хайран сайхан хүмүүс харамсалтайгаар амь насаа алдсан. Тэд амь насаа алдахаас хэдхэн минутын өмнө бүгд инээлдээд л аз жаргалтай байсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна лээ. Тэд мөн “Байгаль орчны байцаагч биднийг уул руу битгий гар гэж хориглосон. Дөрвөн эмэгтэйгээ машинд нуусан байсан” гэх зэргээр худлаа ярьсан байна лээ. Биднийг уул руу гарахад хэн ч хориглоогүй гэж цагдаа нарт мэдүүлсэн аж.

Отгонтэнгэр ууланд гарсан ослоос амьд гарсан арван уулчин хэзээ нэгэн цагт ослын талаар ярих биз ээ. Олон асуултын хариултыг тэд хэлж, тухайн үед болсон зүйлсийг нарийвчлан олон нийтэд ярих байх. Одоогоор сэтгэл санааны гүн хямрал нь гараагүй, өдөр хоногуудыг хар дарсан зүүд шиг л өнгөрүүлж байгаа гэсэн. цасан шуурганы дараа тэнгэр цэлмэдэг шиг удахгүй бүх зүйл сайхан болох биз ээ. Сэтгэлд үлдсэн гүн шархыг цаг хугацаа л анагаадаг билээ.


ОТГОНТЭНГЭРИЙН ОСЛООС АМЬД ҮЛДСЭН УУЛЧИД ОДОО ХҮРТЭЛ “ШОК”-НООСОО ГАРААГҮЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188