• Өнөөдөр 2024-04-25

НИЙСЛЭЛИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛИЙН ЗАХИРАЛ Г.ТӨМӨРБААТАР 20 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ СЭЛБЭГИЙГ 49 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВДАГ БАЙЖЭЭ

2017-09-29,   276

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар төрийн албан тушаалыг урамшуулал нэрээр наймаалцдаг, хямд үнэтэй сэлбэгийг хэд дахин өндөр үнээр худалдан авч, дундаас нь ашиг хүртэж байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. Г.Төмөрбаатар захирлын хууль бус үйлдлийн талаарх ноцтой баримтын зах зухаас Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийж, олон нийтэд хүргэсэн. НЗТН-ийн II баазын Үйлдвэрчний Холбооны тэргүүлэгч Г.Болорсүх хэвлэлийн бага хурлын үеэр Контактын шунт 100 айл барилгын материалын захад 35 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг. Гэтэл дээрх сэлбэгийг Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл 280 мянган төгрөгөөр худалдан авч байна. Мөн БНХАУ-аас 2.5 сая төгрөгөөр худалдаалагддаг цахилгаан аккумуляторыг 6.8 сая төгрөгөөр худалдан авч байгаа талаар мэдэгдсэн. Энэ талаар бид нэхэн сурвалжиллаа. Үнэхээр төрийн өмчит компанийн захирал улсын төсвийн мөнгийг хувьдаа завшиж, 20 сая төгрөгөөр худалдаж авах сэлбэгийг 49 сая төгрөгөөр худалдаж авсан уу гэх асуултын хариултыг олохыг зорьсон юм.

МӨНГӨН ТЭТГЭМЖ НЭРИЙДЛЭЭР ТӨРИЙН АЛБЫГ НАЙМААЛЦСАН УУ

Г.Төмөрбаатар гэгч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирлаар томилогдож ирсэн даруйдаа өөрийнхөө багийг бүрдүүлж эхэлсэн байна. Дэд захирал, ерөнхий нягтлан, баазын дарга, хангамжийн албаны дарга, албаны дарга зэрэг удирдах алба тушаалд өөрийнхөө хүмүүсийг тавьж чадсан гэнэ. Г.Төмөрбаатар дээрх албан тушаалд өөрийнхөө ойр дотны хүмүүсийг тавихын тулд төрийн албыг наймаалцсан байж болзошгүй байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, Г.Төмөрбаатар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирлаар томилогдож ирээд хоёр сар болоход дэд захирлаасаа эхлээд бүх удирдах албаны дарга өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдөлөө өгсөн байх юм. Өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгч байна гэх утга бүхий зүйлсийг бичсэн байжээ. Тэгвэл Г.Төмөрбаатар өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан дэд захирал М.ЦэвээнОчирт 14 сая төгрөгийн тэтгэмж олгосон аж. Ерөнхий нягтлан Д.Юнгэрт дөрвөн жил ажиллаад халагдах өргөдөл өгсөн даруйд нь 13 сая төгрөг өгсөн байна. Хангамжийн албаны дарга Г.Насанбат нэг жил ажиллаад гарахдаа 7.8 сая төгрөгийн тэтгэмж аваад гарчээ.

Гэтэл 20 гаруй жил ажилласан гурван хүн өндөр насны тэтгэвэрт гарцгаажээ. Тэдэнд тус бүр таван сая төгрөгийн тэтгэмж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, нэг жил ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан хэлтсийн дарга 7.8 сая төгрөг авч байхад 20 жил ажилласан хүнд таван сая төгрөгийн тэтгэлэг олгох нь зүйд нийцэх болов уу. Энэ талаар автобус баазын ажилчид дунд дарга нар ажлаасаа гарч байгаа шалтгаан нь Г.Төмөрбаатар “Өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарах юм бол чамд өндөр хувьтай тэтгэлэг олгоно. Чи ажлаа өгчих” гэсэн санал тавьсан юм гэнэ лээ. Тэгээд л ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдаад байгаа юм” гэх яриа гарсан гэнэ. Энэ нь ч олон зүйлсээр нотлогдож байгаа аж. Ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа хүмүүст мөнгөн тэтгэмж олгох ямар нэгэн хууль, тогтоол, захирамж байдаггүй аж. Хэрэв ямар нэгэн мөнгөн тэтгэмж олгох бол үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр олгох ёстой байдаг гэнэ. Гэтэл Г.Төмөрбаатар захирал шууд тэтгэмж олгоод эхэлжээ.ТАВАН МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ СЭЛБЭГ 280 ТӨГРӨГ БОЛСОН НЬ

Цахилгаан тээвэр буюу троллейбусны сэлбэгийг манай улс ОХУаас худалдан авдаг байсан аж. Гэхдээ ОХУ-аас авч буй сэлбэг нэлээд өндөр үнэтэй. Мөн олдоц муутай, яаралтай сэлбэг хэрэгтэй болоход хэдэн сар хүлээгдэж байж ирдэг байсан аж. Харин урд хөршийн компаниудын үйлдвэрлэж байгаа троллейбусны сэлбэг хямд үнэтэй, захиалга өгөхөд түргэн шуурхай ирдэг байна. Ингээд “Смест” гэх нэртэй компаниас троллейбусны сэлбэг худалдан авдаг болжээ. Цахилгаан тээврийнхэн олон жилийн турш “Смест” компаниас худалдан авч байгаа аж. Өөр компанийн үйлдвэрлэж байгаа сэлбэг, монголд зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа троллейбусанд таардаггүй байна. Зөвхөн “Смест” компанийнх таардаг гэдгийг эх сурвалж онцолж байв. “Смест” компанийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэж байгаа сэлбэгнийхээ үнийг нэмж байгаагүй аж. Валютын үнэ ханшны зөрүүгээс үүдэн үнэ нь бага зэргийн дээш доошоо хэлбэлзэл байдаг гэнэ. Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлд үе үеийн захирал ирдэг. Захирлууд өөр өөрийнхөө танил тал компаниудаар сэлбэг нийлүүлдэг. Ингэхдээ БНХАУын “Смест” компаниас худалдан авдаг байна. Гэтэл Г.Төмөрбаатар томилогдож ирсэн цагаасаа хэт өндөр үнэтэй сэлбэг худалдан авдаг болжээ. Тухайлбал, троллейбусны чоперыг 2013 онд 20 сая төгрөгөөр худалдан авдаг байжээ. Энэ оны эхэн сард 19.6 сая төгрөгөөр “Смест” компани худалдаалдаг байсан гэнэ. Гэтэл Г.Төмөрбаатар захирлын үед 19 сая төгрөгийн үнэтэй чоперийг 49.5 сая төгрөгөөр худалдан авах болжээ.

Гэтэл 30 мянган төгрөгийн үнэ бүхий мөнгөн контакт 150 мянга, хэдхэн сарын өмнө цахилгаан аккумлятор 2.6 сая төгрөгөөр худалдаж авдаг байсан бол 6.8 сая төгрөг болон нэмэгджээ. Уг нь таван мянган төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Цахилгаан тээврийнхэн таван мянган төгрөгөөр 100 айл барилгын материалын зах дээрээс худалдаж аваад троллейбусандаа тавьдаг байсан аж. Гэтэл таван мянган төгрөгийн үнэтэй сэлбэгийг 280 мянган төгрөгөөр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн худалдан авчээ. Энэ мэт 20 гаруй сэлбэг, тоног төхөөрөмжийг хэд дахин өндөр үнээр худалдан авсан байх юм.

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийсэн шалгалтын тайлан

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ХИЙСЭН ШАЛГАЛТААР ХУУЛЬ ЗӨРЧСӨН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

Г.Төмөрбаатар захирал троллейбусны сэлбэгийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авсан гэх нэрийдлээр төрийн мөнгийг хэдэн компаниудын дансаар дамжуулан авч, хувьдаа завшиж байсан уу. Эсвэл БНХАУын “Смест” гэх компани сэлбэгийн үнээ хэд дахин нэмэгдүүлсэн үү гэдгийг олж тогтоох ёстой болжээ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллийг та бүхэндээ хүргэе. Троллейбусны сэлбэг үйлдвэрлэдэг “Смест” компани үнээ нэмсэн гэдгийг олж тогтоожээ. Гэтэл тус компанийн албан ёсны цахим хуудаст сэлбэгийн үнийн дүн огт өөрчлөгдөөгүй байсан гэнэ. Мөн тус компанийн захиралтай манай улсын зорчигч тээврийн нэгэн компанийн захирал уулзаж, Монголын троллейбусанд ашиглагдаж байгаа сэлбэгийн үнийн талаарх тамга тэмдэг бүхий саналыг гаргуулан авчээ. Мөн л хэдэн жилийн өмнөх үнээрээ зарагдаж байсан гэнэ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж шалгахад Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн газарт шалгалтаар ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Санхүүгийн шалгалтаар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн цахилгаан тээвэрт сэлбэг нийлүүлсэн “Хул хүж”, “Тэнүүн цацрал”, Их орд финанс”, “Их орд” эко лайн, “Намуун мандал”, “Зууны булаг” компаниуд зах зээлийн ханшнаас хэт их өндөр үнээр сэлбэг нийлүүлсэн нь тогтоогджээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн болохыг ажлын хэсгийнхэн тогтоожээ. Г.Төмөрбаатар захирал ингэж л төрийн мөнгөөр “туйлж” байгааг олон баримт нотолж байгааг эх сурвалж онцолж байв.


НИЙСЛЭЛИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛИЙН ЗАХИРАЛ Г.ТӨМӨРБААТАР 20 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ СЭЛБЭГИЙГ 49 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВДАГ БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188