• Өнөөдөр 2024-04-24

Дэлхийд өнөөдөр

2020-09-14,   331

Австрид коронавирус дахин дэгдлээ 

Австрид коронавирусийн тархалт дахин эрчимжиж байгааг Канцлер Себастьян Курцмэдэгдлээ. Энэ сарын 13-ны байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 850 тохиолдлоор нэмэгдсэн агаад тэдний тал хувь нь Вена хотын оршин суугчид байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлын үүднээс тусгаарлалтыг дагаж, зай барих, таваас дээш хүн нэг дор цуглахгүй байхыг тэрбээр санууллаа. 

“ТикТок”-ийн америк хувилбарыг “Оракл” эзэмшинэ

“ТикТок” сүлжээг эзэмшигч Хятадын “БайтДэнс” компани олон нийтийн сүлжээнийхээ америк хувилбарын эзэмшигчийг  сонгожээ. АНУ-ын “Оракл” компани “ТикТок”-ийн америк хувилбарын технологийн хамтрагч болж, мэдээлэл боловсруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх асуудлыг хариуцан ажиллах болсон тухай “Ройтерс” мэдээллээ. Хоёр компани хамтран ажиллахдаа бүтээгдэхүүнийг худалдан авах бус, харин бүтцийн өөрчлөлт хийх зарчмаар хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна. Ташрамд дурдахад өнгөрсөн сарын 23-нд “БайтДэнс” компани АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн билээ. Дональд Трамп иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, тагнуулын үйл ажиллагаанаас сэргийлэхийн тулд “ТикТок” болон Вичат сүлжээтэй ямар нэгэн байдлаар гэрээ хийх, хамтран ажиллахыг хориглосон юм. 

Минскт 400 гаруй хүнийг баривчилжээ 

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаж буй иргэдэд хүч хэрэглэж, баривчилж, шоронд хорьж буй талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр байна. Беларусийн Дотоод хэргийн яам Минскт баривчлагдсан хүний тоо, болж буй үйл явдлын талаар мэдэгдэл хийлээ. Нийслэлд зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийсэн 400 гаруй хүнийг баривчлан саатуулснаа хууль сахиулагчид онцлоод мөн олон нийтийн хэв журам зөрчсөн тул анхааруулга болгон хийн буугаар буудсан гэж Дотоод хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ. Одоогоор нийслэлээс бусад хот, мужид эсэргүүцлийн жагсаал намжаад байгаа гэж тэд мэдэгдсэн байна. 

ОХУ-ын орон нутгийн сонгуулийн санал хураалт өндөрлөв 

ОХУ-ын орон нутгийн сонгуулийн санал хураалт гурван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Саналын хуудсыг тоолж эхэлсэн байдлаас харвал эрх баригч “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшигчид олонхын санал авч байна. Гэвч санал хураалтын үеэр эмх замбараагүй байдал гарсан, будлиан үүссэн байж магадгүй тухай ажиглагчид онцолж байна. 


Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188